“ТЭР ЖИЛИЙН ТЭР ӨДӨР”

2016 оны 03 сарын 07

70 жилийн өмнөх түүхийн тухай тийм ч ихийг мэдэхгүй, гагцхүү саяхан тохиосон уй гашуугаа даран байж өвөөгийнхөө захиасыг биелүүлэх зорилготой нэгэн япон залуу арлын улсаас Монголыг зорьж явна. Түүнийг тосоод угтах хэн ч байхгүй. Гэхдээ “Монгол бол миний хоёр дахь эх орон. Миний ээж намайг төрүүлсэн.

Монгол бүсгүй надад хоёр дахь амьдралыг бэлэглэсэн” гэсэн өвөөгийнхөө үгийг бодон, бодон чандрыг нь барьж ирсэн нь энэ. Цайлган сэтгэлтэй, найрсаг ард түмний тухай арлын орны иргэд эдүгээ ихийг мэддэг болжээ.

Өнгөрсөн зууны бараан бүхнийг түүх болгон үлдээж, өнөөдрийнхөөрөө найрсаг, сайхан харилцаатай аж төрөхийг чухалчилсан наран улсын хүү амь үрэгдсэн дайснууддаа хөшөө босгож, хүндэтгэл үзүүлсэн монголчуудын сэтгэлээр бахархаж, өршөөл үзүүлсэнд нь талархах шиг болж, өвөөгийнхөө захиасаар далимдуулж, энд ирсэндээ баярлана.

Энэ бол найруулагч Б.Нагнайдоржийн “Тэр жилийн тэр өдөр” уран сайхны киноны эхлэл. Чөлөөлөх дайны ялалтын ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн хэдий ч тухайн цаг үеийн төрхийг кино хальснаа буулгасан бүтээл тийм ч олон төрсөнгүй.

Баримтат гэхээс илүүтэй уран сайхны аргаар тухайн үеийн бодит амьдралыг харуулсан, түүндээ түүх шингээсэн шинэ уран бүтээлийн нээлт гуравдугаар сарын 15-нд “Хүннү” кино театрт болж, гурав хоногийн турш нийслэлийн бүх кино театрт нэгэн зэрэг гарах юм билээ.

Монголын үндэсний кино урлагийн 80 жилийн ойд зориулан телевизийн 10-аад цуврал нэвтрүүлэг хийж завгүй ажилласан хэдий ч, 70 настай найруулагч маань 70 жилийн өмнөх түүхийг уран сайхны кинонд мөнхлөхөөр шийдэж Төв аймгийн Баян-Өнжүүлийн Молцог элсэн дээр зуссан юм билээ.

“Тэр жилийн тэр өдөр” уран сайхны кино дайнд оролцсон ахмадууд, тэр дундаа баатарлаг эрсийнхээ эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн сувилагч бүсгүй Дамбын Нордаваа, түүнтэй ижил хүсэл зорилготой бусад зоригт бүсгүйчүүдэд мөнхийн хөшөө босгосон бүтээл юм.

Киноны зохиол бичих санааг Хэнтий аймгийн Галшар сумын уугуул, 1939, 1945 оны дайнд оролцож, олон улсын сувилахуйн ухааны Флоренс Найтингейлийн хүндэт одон гардсан түүхт сувилагч Дамбын Нордаваагийн охин Б.Батчулуун гаргажээ.

Тэрбээр ээжийнхээ үйл хэргийн тухай жижиг ном бэлтгэснээ найруулагч Б.Нагнайдоржид үзүүлснээр тэд хамтран ажиллах эхлэл тавигдсан байна.

Бүх зүйл хөрөнгө мөнгөнөөс шалтгаалдаг учраас хийхийг хүссэн киногоо “Болохгүй нь” гэж хойш тавьж байхад нь Б.Батчулуун хөөцөлдсөөр нутгийн зөвлөлийнхөө тэргүүн, “Хасу мегаватт” ХХК-ийн захирал, аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуштай найруулагчийг уулзуулжээ.

Тэрбээр нутгийнхаа түүхт сувилагчийг алдаршуулах, энэ далимаар сувилагч мэргэжилтэй ээждээ “мөргөх”, басхүү Монголын кино урлаг, түүхэнд хүндтэй бэлэг барихаар зориглон энэ киноны ерөнхий продюсерээр ажиллажээ.

1945 оны чөлөөлөх дайны тухай өгүүлэхийн тулд Б.Батчулууны хэвлүүлсэн номноос сэдэвлэн Соёлын гавьяат зүтгэлтэн Санжийн Пүрэв кино зохиол бичжээ. Энэ хүн “Суварган цэнхэр уулс”, “Мартагдсан дууль” зэрэг алдартай кинонуудаараа дэлгэцийн урлагтай холбогддог.

Найруулагч Б.Нагнайдорж бол “Хүний сайхан сэтгэл”, “Байлдааны даалгавар”, “Мандухай цэцэн хатан” киног найруулан ажилласан хуучны туршлагатай уран бүтээлчийн нэг билээ. Ахмад, залуу үеийн төлөөллийн хамтарсан уран бүтээл энэ болсон гэж хэлж болно.

Тухайлбал, “Бүсгүй завилгаа”, “Хойд эцэг”, “Нянгар хаданд гарсан нь”, “Цахлай нисэх гэж төрдөг” зэрэг киноны ерөнхий зураглаач Г.Батнягт, залуу хөгжмийн зохиолч, дууны найруулагч Б.Ганхөлөг нар гар нийлэн хамтран ажилласныг дурдаж болох юм.

Энэ киноны гол дүр болох Норжин сувилагчийн дүрд Б.Батсумъяа тогложээ. Түүнийг “Богд хаан” кинонд Эх дагинын дүрд тоглосноор нь үзэгчид таних буй биз ээ. Найруулагч Б.Нагнайдорж түүнийг “Буу даах хүн” гэж онцолж сонгосон гэсэн.

Дашрамд дуулгахад, өнөөдөр “Тэр жилийн тэр өдөр” киноны уран бүтээлчид “Хүннү молл”-д хэвлэлийн бага хурал хийх юм билээ.

Б.НАГНАЙДОРЖ: Би хийхгүй бол хэн хийх вэ, одоо хийхгүй бол хэзээ хийх вэ

-Та ямар сонирхолтой сэдэв олж кино хийгээ вэ. Яг үнэндээ дурлалын гурвалжин, бүтэлгүйтлийн паян үзсээр залхаж байна. Өдөр дараалан шинэ кино дэлгэцэнд гарч байгаа ч чанартай нь цөөн юм. Ялангуяа ийм түүхэн зохиол барьж аваад бүтээл хийх зоригтой хүн ч ховор болжээ.

-Хүүхдүүд та нар нэг зүйл ойлгох хэрэгтэй. 1945 он өнөөдрийн биднээс их алс болжээ. 70 жилийн өмнөх түүхийг кинонд шигтгэхээр зорихдоо нэлээд баримт цуглууллаа. Тухайн үед дайнд оролцож байсан ахмадуудынхаа дүрсийг тэр чигээр нь кинондоо оруулсан.

Ямар цаг үе байв, ЗХУ болон Монголын талаас хэн командлав гэдгийг харуулсан. Ж.Лхагвасүрэн жанжны түүхийг их бүдгэрүүлсэн байдаг шүү дээ. Өмнө нь кинонд оруулж байгаагүй юм байна. Энэ алдааг залруулахыг хичээлээ. Үнэхээр тод мөртэй хүн шүү дээ.

-Молцог элсэн дээр халуун зуныг өнгөрүүлэх амаргүй байсан байх. Дайны талбарыг тэнд бий болгов уу?

-2015 оны есдүгээр сард киногоо дэлгэцэнд гаргана гэж бодож байсан ч тухайн цаг үед хэрэглэж байсан цэргийн аяга, дашмаг, буу, их буу, сэлэм зэрэг зүйлс ховор болчихжээ. Тоотой хэдхэн л юм олдох юм. Энэ мэт зүйлсээ хайж явсаар оройтчихсон.

Гэхдээ би үнэхээр азтай хувь заяагаар “Хасу мегаватт” ХХК-ийн захирал Ж.Түмэн-Аюуштай учирчээ. Энэ хүн манай киног продюсерлэсэн. Төмөрлөг, электроникийн маш том үйлдвэртэй, баялаг туршлагатай учраас тэд кинонд шаардлагатай бүхнийг хийж өгсөн.

Морин цэргийн сэлэм, дашмаг, аяга, тэр ч бүү хэл хуягт, их буу, винтов, ЗИС-5 машин хийсэн шүү дээ.

Харамгүй сэтгэлээр Монголын кино урлагт хувь нэмэр оруулсанд нь талархаж байна. Энэ бүх зүйлийг киноны нээлтэд зочлон ирэх хүмүүс харах боломжтой. Бид “Хүннү молл”-ын үүдэнд бүгдийг нь дэлгэж харуулна.

Дараа нь манай продюсер энэ бүхнээ Монгол цэргийн музейд дурсгана гэсэн. Монголын кино урлагт дараа нь ийм түүхэн кино хийнэ, хийхээр зориглоход эдгээр зүйлс хэрэгтэй болно шүү дээ.

-Кино хийснийхээ дараа хамгийн чухал үнэлгээг хэнээс сонсохыг хүсдэг вэ?

-Үзэгчдээс. Би өчигдөрхөн БХИС-ийн удирдах зөвлөл болон сонсогчдод киногоо үзүүлсэн. Тэд цэргийн түүх, хэрэглэдэг зэвсгийг нь сайн мэднэ. Зарим хэсэгт үзэгчид шархирч ч байна лээ. Тэдэнд үзүүлчихээд сэтгэл өөдрөг яваа шүү.

Уран бүтээлч бид чинь кино хийж байхдаа хөөрнө, баярлана, сайхан юм хийчихлээ гэж омогшино. Гэхдээ үзэгчид л дүн тавина шүү дээ.

-Ийм гайхалтай түүхтэй сувилагч байсныг олж мэдсэн нь бас аз юм аа.

-Тийм ээ. Гайхалтай, баялаг түүхтэй хүмүүс олон бий. Тэр дундаа сувилагч хүн, тангараг өргөсөн цэргийн эмэгтэй дайчин энэ кинонд тусгалаа оллоо. Кинонд Норжин сувилагч япон цэргийн амийг өршөөчихөж байгаа юм.

Өнгөрсөн зуунд ийм түүхийг дэлгэцэнд гаргах боломжгүй байсан. Хэрэв үнэхээр ийм зүйл болсон бол тэр сувилагчийг эх орноосоо урвасанд тооцох байлаа. Гэтэл өнөө цагт бол найрсаг харилцаатай болсон хоёр улсын иргэд энэ бүхнийг ойлгоно.

Тэр япон залуу анх тэр сувилагчийг баривчилсан хэрнээ хороосонгүй. Эх хүн, эмэгтэй хүн учраас өршөөсөн. Харин тэгж яваад япон цэргийг цус алдаад үхэх гэж байхад нь Норжин өөрөө цусаа өгч, амийг нь аварч байгаа юм.

-Гол дүрийн жүжигчдээ хэрхэн сонгосон бэ?

-Батсумъяагийн дүр төрх нь санаанд нийцэж сонгосон. Бас ч гэж буу даах хүн ийм дүрд тоглох хэрэгтэй. Харин япон жүжигчин уривал энэ кинонд тоглохгүй байх гэж бодсон учраас монгол залуусаа тоглуулсан. Япончууд ялагдсан түүх шүү дээ.

Харин өвөөгийнхөө захиасыг биелүүлэхээр Монголд ирсэн залуугийн дүрд “Их засаг” их сургуульд уригдан ажиллаж байгаа Мацүбара гэдэг залууг тоглуулсан. Ж.Лхагвасүрэн жанжны дүрд Г.Золбоот тоглосон байгаа.

Ж.СОЛОНГО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.195.106 Норовдаваа гэдэг сувилагч ОУ-ын УЗН энэрэнгүй үйлстэн шагнал авсан. Нэрийг нь буруу бичсэн