”Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадамд оролцох уран бүтээлчдийг шалгаруулна

2016 оны 03 сарын 07

 

Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс санаачлан Ази-Европын Сангийн дэмжлэгтэйгээр соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг зургаадугаар сарын 9-нөөс долоодугаар сарын 9-ний хооронд анх удаа зохион байгуулах гэж байна.

Наадмын хүрээнд “Уламжлал ба шинэчлэл” сэдэвтэй Ази-Европын шилдэг 4 уран бүтээлчийг танилцуулсан үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд зохион байгуулах ба уран бүтээлчид та бүхнийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулах шалгуур:

•Уран бүтээлч нь видео, фото артмедиа урлагийн бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд туурвиж ирсэн туршлагатай байх
• Уран бүтээлч нь “Уламжлал ба шинэчлэл” сэдвийн хүрээнд бүтээл туурвих
• Санал болгож буй бүтээл нь утга агуулга, зохиомж, ашигласан материал, гүйцэтгэлийн хувьд өөрийн гэсэн хэллэг, онцлох төрхтэй, давтагдашгүй шинэлэг байх

Сонгон шалгаруулалт:

Уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмын зохион байгуулагчид болон наадмын куратор Герман улсын Колоне хотын Медиа урлагийн академич, Азийн урлагийн театрын куратор Ю Ми нараас бүрдсэн сонгон шалгаруулах баг гүйцэтгэнэ.

Бүрдүүлэх материал:

1. Уран бүтээлчийн намтар
2. Санал болгож буй бүтээлийн утга агуулга, ашиглах материал, гүйцэтгэлийн тайлбар (250 үгэнд багтаах)
3. Бүтээлийн төсөв
4. Уран бүтээлчийн чадварыг илтгэсэн 5 бүтээлийн фото зураг болон тайлбарын хамт (Хэрэв уран бүтээлийнх нь талаар дотоод гадаадын куратор, урлаг судлаачид шүүмж, нийтлэл бичиж байсан бол хавсаргах)

Эдгээр материалыг бүрдүүлэн гуравдугаар сарын 21-ний өдрийн 00:00 цаг хүртэл redger@artscouncil.mn хаягаар ирүүлнэ. 
“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадамд оролцох 2 уран бүтээлчийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор сонгон шалгаруулж олон нийтэд мэдээлнэ.

Наадамд шалгарсан 2 уран бүтээлч дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын 1-ний хооронд наадмын зохион байгуулагчид болон куратортай хамтран ажиллах ба бүтээлүүд нь “Улаанбаатар” медиа урлагийн наадмын “Уламжлал ба шинэчлэл” үзэсгэлэнд тавигдах юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) Дельта төв 402 тоот Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг, 

Утас/Факс : 976-11-319015, 319017
redger@artscouncil.mn

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД