СЭТГЭЛИЙН ШУУДАН

2016 оны 03 сарын 08

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Тиймээс энэ өдөр эмэгтэйчүүдээр “амьсгалдаг” бичигдээгүй хууль бий болоод хэдэн арван жилийг үджээ. Нэг талаар арай л туйлширч байж мэдэх ч, нөгөө өнцгөөс харвал эхчүүд, эмэгтэйчүүд, охидоо ганц өдөр орой дээрээ залсан бурхан мэт дээдлэн, магтаж, эрхлүүлж, бүр давруулах нь тийм ч муу зүйл биш шүү дээ.

Хуулиараа эрчүүдтэй тэгш эрхтэй байж чаддаг орнуудын эмэгтэйчүүд энэ өдөр цэцэг, амттанаар бялуурч, сайхан үгээр “булуулдаг” ч, тэгж чадахгүй сая сая бүсгүй заяа байгааг мартах учиргүй.

Тэд хэзээ нэгэн цагт бидэнтэй адил баярладаг, эрхийнхээ төлөө дуугардаг болоосой. Энэ өдрийн ач холбогдол, зорилго чухамхүү үүнд оршдог билээ. Дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр монгол эрчүүд маань сэтгэлийн сайхан үгээ бүсгүй та бүхэнд хэлснийг уламжилъя, болгооно уу.

ГОО ҮЗЭСГЭЛЭНГҮЙ ЭМЭГТЭЙ ГЭЖ ЭНЭ ХОРВООД ҮГҮЙ

Ч.ГАНЖАВХЛАН (“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн, үүсгэн байгуулагч, хүний наймааны эсрэг тууштай тэмцэгч):

-Өөрийн үнэ цэнээ мэддэг эмэгтэй хүн эрэгтэй хүнийг сул дорой, хүүхэд шиг, заримдаа бүр хэн ч биш болгож чаддаг, тэдэнд эрэгтэйчүүд биднээс хавьгүй их хүч чадал байдаг. Гэтэл тийм үнэ цэнэгүй, гоо үзэсгэлэнгүй эмэгтэй хүн гэж энэ хорвоод үгүй. Гагцхүү түүнийг олж хараагүй, эсвэл хараахан амжаагүй залуу л гэж бий байх. Хорвоод давтагдашгүй заяагдсан сайхан монгол бүсгүйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! Эрчүүд маань зөвхөн баяраар биш, хааяа нэг орой ажлаа тараад гартаа сарнай бариад ордог байгаасай, үргэлж эмэгтэйчүүдээ хүндэтгэн хамгаалж яваасай.

МАРГАЛДАХ ҮЕДЭЭ ЗҮРХ РҮҮ НЬ БҮҮ ДОВТОЛ

А.ЧИМЭД-ОЧИР (“Монлайн” ХХК-ийн захирал)

Олон жилийн өмнө гуравдугаар сарын 8-нд ажил руугаа орох гээд явж байтал нэг машин араас түг гээд мөргөлөө. “Юу билээ” гээд гараад ирсэн чинь жаахан хонхойчихож, сүртэй ч юм биш.  Тэр хар бенз жийпийг эхнэр нь барьж явсан бололтой, хажуугаас нь нөхөр нь гэх нэг бүдүүн залуу улаан галзуу гарч ирээд л эхнэрээ “П мээ” гэж хараагаад л, мөнгө яриад л, хашгичаад л, хүүхэн нь надаас айчихсан, нүд нь нулимстай,  аймаар өрөвдөлтэй харагдсан. Дуугарч ч чадахгүй байхаар нь би “Юун сүртэй хог вэ, чи. Амьдралд энэ битгий хэл юм тохиолддог.  Ханьд чинь ийм л үед нөхрийн ноён нуруу, түшиг тулгуур хэрэгтэй байдаг юм.  Үхлээ юү, чи.  Баярынх нь өдөр уйлуулаад. За за тайвшир, угаасаа миний машины энэ тал сэвтэй байсан юм. Нэг мөсөн засуулчихна, мэдээтэй яваарай, сайхан баярлаарай” гэсэн чинь эхнэрийх нь баргар царай гэрэлтээд инээхдээ ямар үзэсгэлэнтэй болсон гэж санана. Инээмсэглэл бол ид шид юм. “Баярлалаа” гээд санаа алдаад, нөхрөө орхиод яваад өгсөн.  Нөхөр нь “Өө өө” гээд үлдсэн.  Тэгснээ би бас өрөвдлөө “Эр хүн байна даа, дэмий ч юм болчихов уу” гээд дараа нь гэмшиж билээ. Зайлуул зам дагаад л алхсан, хэцүү ч юм даа. Манайханд авгайгаа магтвал адгийн тэнэг болно гэж үг байдаг, би санал нийлдэггүй юм. Хажуу дахь ханиа л магтаж,  урам хайрлаж, инээмсэглэл өгч, хайрлаж хүндэлж байж хайр хүндлэлийг нь авна.  Гэрийн уур амьсгал ч сайхан болж,  хүүхдийн хүмүүжилд ч сайнаар нөлөөлнө шүү дээ. Бүх хүн таниас нүүрээ буруулж байхад, тэд минь байж л байна. Өвдөж зовоход байж л байна. Насан туршид чинь хамт жаргал зовлонг туулж, чиний төлөө чин сэтгэлээсээ уйлж баярлах хүмүүс шүү дээ. Бид ч хамгийн ойр дотны хүндээ хамгийн таагүй зан гаргах юм даа.  Тэгсэн хэрнээ, танихгүй хүнд нэг их соёлтой царайлна.  Магтаалын үгээ ганц л хүнд гамналгүй урсга. Oхин хүүхэд цагаан зээр хоёр нутаггүй гэдэг юм. Тэд чинь чамд л итгэж, найдаж, хамаг амьдралаа даатгаж, хатуу үг үйлдэлд чинь яахаа мэдэхгүй янзага шиг цочиж, цурхиртал уйлдаг юм. Харин дулаахан үгийг чинь сонсохоороо уйлснаа мартаад инээмсэглэн, тэнгэрт хөөрч, дүүлэн нисдэг юм. Ямар ч хүнд хэцүүг эрчүүдээс илүү давах хүчтэй хэрнээ ханийхаа хэлсэн ганц олиггүй үг, үйлдэлд хүч нь суларч гунддаг юм. Тэднийг гомдоож болдоггүй юм, сөгдүүлж болдоггүй юм, тэд амар амгалан амьдрал, итгэл найдвар, хайр халамж, дулаан үгс, энэрэл хүндлэлээр тэжээгддэг юм . Гэртээ инээмсэглэж ороод, инээмсэглээд гардаг бол та аз жаргалтай байна.  Залуус аа, бие биедээ битгий хатуу үг хэлж хүний хажууд загнаж, үглэж, хатуурхаж байгаарай. Чи л хайрлахгүй бол өөр хүн хайрлахгүй шүү дээ.

Маргалдаж уурлах үедээ зүрх рүү нь бүү довтол, эргээд орно гэж бодоод хаалгаа зөөлөн хааж байгаарай.

Хамгийн сайхан эмэгтэй гэж сэтгэлээсээ инээмсэглэдэг, харцанд нь жаргал хурсан сэтгэл тэнэгэр эмэгтэйг хэлнэ. Хамгийн сайхан эмэгтэйг хармаар байвал зүгээр л хайрла. Цэцгийг услахад дэлбээлдэг шиг эмэгтэй хүнийг хайрла тэгвэл чиний өмнө хамгийн сайхан эмэгтэй зогсож байх болно. Хамгийн сайхан эмэгтэй бол хайрлагдсан эмэгтэй.

 

ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БУЙ ИРГЭДИЙН ОЛОНХ НЬ ЭМЭГТЭЙ БАЙНА

Г.БАЯРСАЙХАН (УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд):

-Эрчүүд минь битгий гомдоорой. Үнэнийг хэлэхэд, энэ улс орныг эмэгтэйчүүд авч явж байна. Монгол эмэгтэйчүүдийг би нэг талаас өр нинжин сэтгэлтэй, уужуу холч ухаантай, нөгөө талаас асар их тэвчээр хатуужилтай, хүчирхэг хүмүүс юм даа гэж боддог.

Энэ бүх чанараараа манай бүсгүйчүүд бусдаас онцгой учраас өнөөдөр аль ч салбарт ачааны хүндийг үүрч байна. Манай салбарын статистик тоо баримтуудаас харахад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлсээр ирсэн байдаг.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал нь зөвхөн нэг гэр бүл, тухайн салбарт хамаатай асуудал бус. Монгол эмэгтэйчүүд улс төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд илүү олуулаа сонгогдож, нийгэмд дуу хоолойгоо улам хүчтэй хүргэх хэрэгтэй байна.

Үүний тулд зоригтой өөрчлөлт хийх ёстой гэж би хувьдаа боддог. Монголынхоо бүх сайхан бүсгүйчүүдийг би ижий, ханьтайгаа зүйрлэн хүндэтгэж явдаг.

Үзэсгэлэнт эх орныхоо сайхныг өвчиж төрсөн хацар гоо бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье. Та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, эрүүл энх,

аз жаргал, инээд хөөрөөр цалгин, гоо сайхан нь үргэлж гэрэлтэж явахын ерөөл өргөе.

ЭР ХҮНИЙ АМЖИЛТЫН АРД САЙН ЭЭЖ, САЙН ЭХНЭРИЙН

ҮНЭЛЭГДЭЭГҮЙ ХӨДӨЛМӨР БИЙ

А.АРМАН (Зохиолч, продюсер)

-Эмэгтэй хүн-Эрчүүд бидний итгэл найдвар гэдгийг тэд ч, бид ч мэддэггүй. Зөвхөн эмэгтэй хүний гоо сайхны төлөө л эрчүүд үхэн хатан зүтгэдэг, өөр хоорондоо тулалддаг гэж эндүүрдэг.

Уг нь тэд өөрийнхөө итгэл найдварыг олж авах гэж л тэмцэлддэг. Ямар ч хүн өөрийн гэсэн үнэ цэнэтэй зүйлстэй байхыг хүсдэг. Тэр үнэ цэнэтэй зүйлээ өмчилж байж өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг.

Ер нь эрийн сайндаа эр хүн амжилт бүтээл дүүрэн явдаггүй. Түүний ард дандаа сайн ээж, сайн эхнэрийн үнэлэгдээгүй хөдөлмөр, өгөгдөөгүй шагнал нуугддаг. Мундаг зоригтой тулдаа эр хүн дайсны өөдөөс давхидаггүй.

Би өөрийн хань ижил, хайртай бүсгүйгээ эдэнд өгөхгүй гэсэн итгэл ямар ч хулчгар эрийг хүчирхэг баатар болгон хувиргадаг. Дээр нь үхсэн ч намайг залгах үр минь бий, түүнийг хань минь өсгөн хүмүүжүүлнэ гэсэн найдвар хүч нэмдэг.

Тийм ээ, эмэгтэйчүүд биднийг зоригжуулж, бас хатуужуулж, эрч хүч, хор шарыг хөдөлгөхийн сацуу хүнийг, амьдралыг хайрлах тэр урлагийг зааж өгдөг. Цэцэг тастаж бэлэглэхээс өгсүүлээд, цэцгийн дэлбээг хэрхэн таалдгийг хүртэл.

Уул шиг эр араг шиг ижийдээ сөгдөж уйлдгийн учир энэ. Уучилшгүй нүгэл хийсэн эр ч уучлал гуйн сөхөрдгийн учир энэ. Хайрлана гэдэг бол ухаарна гэсэн үг. Гэвч...

Эхийн хэвлийгээс дэлхийн хэвлийд шингэтлээ эрчүүд эмэгтэй хүний хайр халамж, хамгаалал, өмгөөлөл дор нуугдаж амьдардгаа анзаарахгүй энэ ертөнцийг өөрсдөө л бүтээдэг юм шиг эндүүрдэг.

Дэлхий эргэдэг учраас тэдний толгой ч эргэдэг байж магад. Тэгээд ч тэдэнд тэгж бодох тийм их итгэл найдвар байдаг. Тэр бол ердөө л эмэгтэй хүн юм.

ЭХНЭРИЙН ХАЙР ХАЛАМЖГҮЙГЭЭР БИД АМЖИЛТАД ХҮРЭХГҮЙ

Ч.ГАНБОЛД (Хасбанкны ТУЗ-ийн дарга)

-Энэ ховор, хосгүй баярыг тохиолдуулан бүх бүсгүйчүүддээ сайн сайхныг юуны түрүүнд хүсье. Тэнэг хүн эхнэрээ магтдаг гэж манайхан ярьдаг.

Бас хадам ээжийн тухай тийм тааламжтай бус онигоог хүмүүс ярьж л байдаг. Би ийм зүйлстэй санал нийлдэггүй, эсрэг бодолтой байдаг хүн. Ямар ч эр хүний ард ухаалаг, чадалтай эмэгтэй байдаг. Бид сайн яваа бол, ямар нэгэн амжилтад хүрч л байгаа юм бол энэ бүхэнтэй гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, гэргий нарын чин сэтгэл салшгүй холбоотой.

Тэдний хайр халамжгүйгээр бид юунд ч хүрэхгүй. Нэмж хэлэхэд, өнөөдөр монгол бүсгүйчүүдийн нуруун дээр их ачаа байгаа шүү. Ачаанаас нь хуваалцаж бид чадахгүй л байна. Тийм болохоор эрчүүд минь “Мартын 8”, “Валентиний өдөр”-ийг жилд ганц удаа тэмдэглэх биш, 365 өдөр л тийм баяр болж байгаа юм шиг бүсгүйчүүддээ хандах ёстой.

Тэгж чадвал их л олон асуудал шийдэгдэнэ. Ганц өдөр л эмэгтэйчүүдээ санаж, бужигначихаад бусад өдөр мартаад байж болохгүй ээ.

ЭРЧҮҮД ЭЭ, ХАЙРАНД “ЗА” ГЭЖ ХЭЛЦГЭЭЕ

Г.НАРАНБААТАР (“Сэтгэлийн өнгө” гэр бүл, сэтгэл судлалын төвийн сэтгэлзүйч, доктор):

-Бүсгүй хүн бүрийн зүрх сэтгэл өөр өөрсдийн гэсэн

удирдамжтай. Энэ нь түүний нүд, инээмсэглэл, үйлдэл, нулимсаар нь дамжуулан бичигддэг. Тиймээс бүсгүй хүн эдгээрт анхаарал тавин уншиж чадах эр хүнд дурладаг. Бүсгүй хүн өөрийн залуугаа заавал өөрчлөхийг хүсдэг үү гэвэл үгүй. Учир нь түүнийг байгаагаар нь хайрладаг тул.

Харин төлөвшсөн эр хүн өөрийн бүсгүйдээ хайртай учир түүний төлөө өөрийгөө эергээр өөрчилдөг. Эрчүүд ээ, aрхинд “Үгүй”, харин хайранд “За” гэж хэлцгээе. Учир нь архи таны болон таны эхнэр, үр хүүхдийн зүрх сэтгэлд хэзээ ч арилахгүй хар мөр үлдээдэг.

Хайр таны эхнэр, үр хүүхдүүдийн зүрх сэтгэлд хэзээ ч мартагдахааргүй аз жаргалын дурсамж, мөрийг үлдээдэг. Харин бүсгүйчүүд ээ, эр хүн ч гэсэн сайхан үг сонсохыг, сайн хийж байгаа зүйлстээ талархлын үг сонсохыг, магтуулахыг, хайрлагдахыг, амар тайван байхыг хүсдэг.

Эрэгтэй хүний хичээл чармайлтад талархаж байгаарай. Тэр таныг аз жаргалтай болгохын тулд заримдаа ямар бэрхшээл, өндөр босгыг даван туулсныг та мэдэхгүй өнгөрдөг.

НЭГНЭЭ ХҮНДЭЛЖ, ХАРИЛЦАН БУУЛТ ХИЙЖ, ТЭВЧИЖ 

СУРАХ НЬ ЧУХАЛ

Л.ЦАНДЭЛЭГ (Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны ерөнхийлөгч):

-Өнөөдөр ээжүүдийн өдөр, хань, ирээдүйн ээж болох охины минь баяр. Намайг бага байхад Мартын 8-наар аав хоол хийж, бид сургууль дээрээ ээжүүддээ зориулж шүлэг зохион, зураг зурж ээждээ бэлэглэдэг байлаа.

Залуустаа хандаж хэлэхэд амьдралд нэгнээ хүндэлж, харилцан буулт хийж, тэвчиж сурах нь чухал. Ялангуяа уурласан үедээ үгээ бодож хэлэх хэрэгтэй. Хүний санаанд сайхан, бас гонсойлгомоор үг л үлддэг шүү дээ. Хайрла, хайрла, биесээ эцэс төгсгөлгүй хайрлацгаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
104.228.142.233 uursduu bodit amidral tiim bj chaddag gej naidabaas daa lol