Хоёр бугыг “Гоомарал” төвд аваачжээ

2016 оны 03 сарын 10

Хөдөөгүүр цас их унаж, амьтад идэш тэжээлгүй болсноор нийслэлд орж ирэх явдал гарч буй. Саяхны жишээ гэхэд л Сонгинохайрхан дүүрэг дэх Эмээлт өртөөний орчим хоёр халиун буга ирээд сар гаруй боллоо.

Халиун буга нь Монгол орны хөхтөн амьтны улаан дансанд устаж болзошгүй гэсэн ангилалд багтсан, ховор амьтан тул зайлшгүй харуул хамгаалалтад байлгах шаардлагатай. Иргэдийн мэдээллийн дагуу байгаль орчны салбарын холбогдох байгууллагууд уг асуудлыг анхааралдаа авч, шийдэхээр ажиллаж байсан.

Тэгвэл нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрынхан болон “Амьтан асралт” компанийн ажилтнууд хоёр бугыг энэ сарын 7-нд Нарийны аманд орших “Гоомарал” төвийн бугын аж ахуйд аваачжээ. Уг төвд буга нутагшуулан үржүүлж буй гэнэ.

Хоёр буга өнгөрсөн хугацаанд Эмээлт өртөөний төмөр замын торон хашаагаар нэвтрэн, бэлчээрлэж байхдаа өргөст торонд хөлөө гэмтээжээ.

Тухайн газар барилгажсан, суурьшлын бүс учраас ховор амьтад байлгахад эрсдэлтэй тул өнгөрсөн сарын 26-нд Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд шилжүүлэх хүсэлт тавьсан ч хүлээн аваагүй аж.

Мөн Ар Гүнтийн ам руу туухаар оролдоход нэг нь явж чадахгүй болжээ. Ингээд Баруун турууны ам орчимд оршин суугч иргэн Доржгялбаагийн өвсний хашаанд байлгаж байжээ. Бугыг тэжээн тэнхрүүлэхээр нийслэлийн Мал эмнэлгийн газраас дусал, тариа хийж, цаашид хэрэглэх эм тариа, өвс тэжээл авах хөрөнгийг гаргаж байв.

“Хөдөөнөөс хот руу ирж байгаа зэрлэг амьтдыг хэрхэх талаар цаашид сайтар зөвлөлдөж, мэргэжлийн байгууллага, иргэдийг оролцуулсан тусгай бага бүрдүүлэх хэрэгтэй байна.

Мөн асуудлыг тухай бүрт нь нэн даруй шийдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, биотехникийн арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг төсөвт тусгах шаардлагатай нь харагдлаа” гэж холбогдох албаныхан онцолж байсан юм.

Ч.МӨНХ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Bogd han uuliin darhan tsaazat gazar yamar shaltgaanaar huselt huleen abahgui baigaa yum be.Harin ch iim tohioldold ted nar iluu hariutslagatai baimaar yum.