Далай дахь “ТОРГОНЫ ЗАМ”

2016 оны 03 сарын 10

Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлуудаас үүдэлтэй зөрчил нэлээд өргөн цар хүрээтэй болж буйг Сингапурт болсон “Яриа хэлэлцээ: Шангри-Ла” чуулга уулзалт харуулсан байдаг.

Энэ бол Хятад хийгээд түүний хөрш улсуудын харилцааны асуудал төдий биш олон улсын бодлогын нөлөө бүхий орнууд, тухайлбал АНУ-ын ч анхаарлыг татсан үйл явдал юм.

Харин Орос энэ асуудалд бараг анхаарал хандуулахгүй байгаа. Гэтэл Өмнөд Хятадын тэнгис нь Персийн булангийн адил түгшүүртэй байдлын нэг чухал цэг болж буйг 2015 оны тавдугаар сарын 29-31-нд Сингапурт болсон дээрх уулзалт бэлхнээ нотолсон.

Энэ бүс нутагт бий болсон нөхцөл байдал АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер, Хятадын төлөөлөгчдийн тэргүүн, Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын орлогч дарга, адмирал Сунь Цянго нарын хэлсэн үгэнд чухал байр эзэлсэн байна.

Зүүн өмнөд Азийн орнуудын төлөөлөгчид ч энэ асуудлыг олонтоо ярьж байгаа төдийгүй уг асуудлыг шийдэхэд оролцоход бэлнээ Европын дипломат бодлогын тэргүүн Федерика Могерини ч хэлээд авчээ.

Ази руу АНУ эргэн ирэх, АНУ-ын үүрэг бол олон улсын энхтайван, тогтвортой байдлын баталгаа болохыг нотлох гэж оролдох, Спратли арлын ойролцоо хиймэл арал байгуулж буй Хятадын алхмыг шүүмжлэхэд Эштон Картерын хэлсэн үг чиглэж байлаа.

Өмнөд Хятадын тэнгист Хятадын явуулж буй үйл ажиллагаа Бага хурлын завсарлагааны үеэр ч хүмүүсийн ярианд гол байр эзэлж байв.

Өмнөд Хятадын тэнгисийн асуудал, эзэнгүй жижигхэн арлын эргэн тойронд болж буй тэмцэл яагаад ийнхүү анхаарал татах болов? Энд нефть, хийн нэлээд нөөцтэй гэж үздэгтэй холбогдож газар нутгийн харьяаллын талаарх маргаан үүсдэг аж.

Тэгэхдээ дуулиан нь л газар авчихсан болохоос маргаан тариад байгаа энэ район авч ашиглах нөөцөөр тийм ч баян биш юм байна. Ашигт малтмалын үндсэн нөөц нь “хэрүүлийн алим” болоод байгаа арлуудаас хол, тэнгисийн эрэг орчимд ойр байгаа бөгөөд Параселийн арлууд нь нөөц баялаггүй, Спратли аралд багахан байдаг гэнэ.

Өмнөд Хятадын тэнгисийн чухам жинхэнэ ач холбогдол нь дэлхийн худалдааны сүлжээнд гол үүрэг гүйцэтгэдэгтэй нь холбоотой юм байна. Гаднаас авах Азийн эрчим хүчний эх үүсвэрийн үндсэн хэсгийг, Европтой хийх худалдааны экспортын ачааны ихээхэн хэсгийг үүгээр тээвэрлэдэг аж.

Нэг ёсондоо энэ бүс нутгийн “Торгоны зам” гэсэн үг. Түүнчлэн Энэтхэг болон Номхон далайн хооронд цэргийн флотуудыг богино хугацаанд шуурхай нүүлгэн шилжүүлэхэд Өмнөд Хятадын тэнгисийн сав газар чухал ач холбогдолтой юм. Ийм маягаар аль ч улс гүрний хувьд энэ бүс нутагт цэрэг дайны давуу байдал бий болгох нь онцгой үр дагавартай байж таарах нь.

Хятад болон Зүүн өмнөд Азийн Вьетнам, Филиппин, Малайз тэргүүтэй түүний өрсөлдөгчид арлуудын төлөөх тэмцэлдээ нэгдүгээрт, дэд бүтцийн объектууд байрлуулах тохиромжтой цэгүүдийг эзэлж авах, хоёрдугаарт түүний эргэн тойрны 12 миль талбайн ус, 200 миль талбай бүхий эдийн засгийн бүсэд нь эзэмшлийн эрх олж авахыг хичээдэг аж.

Энэ бүсэд хөлөг онгоц зорчихыг хязгаарладаггүй ч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр тэнд гадаадын улс гүрнүүд цэргийн ажиллагаагаа идэвхжүүлэхийг хориглоно гэсэн утгаар НҮБ-ын конвенцыг Хятад тайлбарладаг. Ийм байр суурьтай байдаг зарим улс, тухайлбал Бразилийг АНУ эрс эсэргүүцдэг юм.

АНУ болохоор үүнийг хөлөг онгоц зорчих эрхийг зөрчиж байна гэж үздэг. Хятадын үзэл бодлыг хэрэгжүүлэх юм бол онолын хувьд АНУ-ын флот Ойрхи Дорнод болон Номхон далайн баруун хэсгийн хооронд явах боломжгүйд хүрч тэнгисийн сав газар хаалттай болно гэсэн үг. Ингэх юм бол тус бүс нутаг дахь хүчний харьцаа БНХАУ-д асар их ашигтайгаар эргэлт буцалтгүй өөрчлөгдөх юм.

Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудын стратегийн үнэ цэнэ нь хэмжээлшгүй их бөгөөд тэднийг булаалдсан тэмцлийн төгсгөл нь маш өргөн цар хүрээтэй үр дагавартай байх юм. Улс төр, эдийн засгийн тухайн үр дагавар нь энэ бүс нутагт цэргийн ямар ч хямрал үүсгэж болох аюултай.

Энэ нь олон улсын ачааны асар их урсгалыг эвдэх, түүний дотор эрчим хүчний эх үүсвэрийн хөдөлгөөн зөрчилдөхийг хэлж буй хэрэг. Байдал иймдээ хүрэх юм бол Персийн булан, Улаан тэнгисээр хөлөг онгоцнууд зорчихыг болиулсантай дүйхүйц байдал бий болно.

Энэ районд хүчний байдалд гарсан сүүлчийн өөрчлөлт нь өөрт харьяалагддаг арлуудыг өргөтгөх ажлыг Хятадын тал сүүлчийн хоёр жил орчмын хугацаанд идэвхтэй хийсэнтэй холбоотой юм.

Үүний дүнд Спратлийн бүлэг аралд Хятад улс дөрвөн ам километр гаруй талбай бүхий хиймэл аралтай болсноор энд нисэх онгоцны буудал, флотоо байрлуулах бүхэл бүтэн дэд бүтэц бий болгох боломж анх удаа олж авлаа.

Өөрийн харьяанд байдаг арлаа өргөжүүлсэн нь хуулийн хүрээнд хийсэн ажил гэж Хятад үүнийгээ үзэж буй. Олон улсын тэнгисийн эрх зүйгээр бол хиймэл арлуудын эргэн тойронд нутаг дэвсгэрийн ус болон эдийн засгийн бүс бий болдоггүй аж.

Энэ хавиар Америкийн онгоцнууд байн байн нисэж, хөлөг онгоцнууд нь ч явж өнгөрч буй нь Хятадын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл юм.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ердөө саяхан хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ тэндэх “бүтээн байгуулалт” дуусахаар Өмнөд Хятадын тэнгисийн Наньша арал руу гадаадын сэтгүүлчдийг аваачих боломжийг эрэлхийлнэ гэж хэллээ.

Түүний хэлснээр бол Хятад улс тэнд зайлшгүй шаардлагатай, иргэний зориулалттай дэд бүтэц бий болгож буй аж. Энэ бол Хятадын үндэсний эрх ашигтай холбоотой ажил үйлс бөгөөд олон улсын практикт нийцэж буй гэж үздэгээ илэрхийллээ.

Тэрбээр хэлэхдээ Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутагт энхтайван, тогтвортой байдал бий болгоход Хятад улс хүчин чармайлт гаргаж буй гэв. Түүгээр ч барахгүй тэнгис дэх Хятад, АСЕАН-ы хамтын ажиллагааны сан бий болгож, 40 гаруй төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ.

Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Арбитрын шүүхийн маргаан үүсгэвэл Хятад улс оролцохгүй гэж Ван И сайд хэлсэн байна.

Хятадын сайдын үгний хариуд Америк яаж дуугүй байх вэ дээ. Маргаантай арлуудыг өөрийн болгохоор Хятадын хэрэгжүүлж буй төслүүд санааг нь зовоож буйг Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нууж тэвчсэнгүй.

Тэрбээр Ван И сайдыг дээрх мэдэгдлүүдээ хийж байхад хажууд нь байжээ. Америкийн талын баримтаар бол Спратлийн бүлэг арал дээр Хятад улс 810 га газартай болоод байгаа аж.

“Америк, Хятадын харилцаа бат бэх байхын нэг шинж чанар нь санал, шүүмжлэлээ биенээсээ зоволгүй, шулуухан хэлдэг байх явдал” хэмээн Жон Керри энд хэлсэн байна. Хариуд нь Ван И “Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах Хятадын байр суурь гуйвалтгүй, хад мэт хатуу” гэлээ.

“Санал зөрөлдөхөөс Хятад, Америкийн нийтлэг эрх ашиг хавьгүй илүү. Тиймээс санал нийлэх цэгээ хайж, зөрөлдөх асуудлыг хойш тавьж, биенээ харилцан хүндэтгэж ажиллая” гэж Ван нэмж хэлсэн байна.

Эштон Картерын өмнө Батлан хамгаалахын сайд байсан Чак Хейгел Өмнөд Хятадын тэнгисийн районд байдлыг тогтворгүй болгож байна гэж Хятадын эрх баригчдыг зэмлэж, энэ бүс нутгийг удаан хугацаагаар хөгжүүлэхэд Бээжин аюул учруулж байна гэж хэлж байжээ.

Түүний хэлснээс үзвэл улс орнууд олон улсын эрхийг зөрчиж буйг АНУ хайхрахгүй байж чадахгүй аж. Тэрбээр Сингапурт гурав хоног айлчлах үеэрээ ийн хэлсэн байна.

Р.ЖАРГАЛАНТ 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД