К.НОМИНЖИН: Дуу хоолой бол сэтгэлийг илэрхийлэх зэмсэг

2016 оны 03 сарын 10

13-хан настайдаа Монголын орчин үеийн хөгжмийн урлагт хөл тавьж, чадалтай хоолойгоороо судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан дуучин бол К.Номинжин. Тэрбээр эх орондоо түр ирээд буй. БНСУ-ын Олон нийтийн дипломат найрамдлын элч, ая зохиогч, дуучин К.Номинжинтой ярилцлаа.

-Ярилцлагаа уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцаж эхэлье?

-Сүүлд Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Насанбуян багшийнхаа ээждээ зориулж үг, аяыг нь бичсэн “Хөвсгөл далайн чулуу миний гэрт бий” дууг дуулж, сар шинээр МҮОНР-гийн урын санд хандивлалаа.

Намайг Монголд ирсэн гэдгийг сонсоод энэ дууг бэлэглэсэн. Ээждээ зориулсан энэ гайхалтай дуугаа зөвхөн надаар дуулуулна гэж зорьсон юм билээ. Амьд домог болсон хөгжмийн энэ зохиолчийн дууг чадах ядахаараа дуулсан минь та бүхэнд таалагдана гэж найдаж байна.

Би 15 настайдаа Т.Насанбуян багшийн “Ээж шүтээн” дууг дуулж “Морин хуур” наадмаас “Шилдэг залуу дуучин” шагнал авсан түүхтэй. Бид хоёрын эдгээр дууны хөгжмийн найруулгыг миний нагац ах, гитарчин, дуучин С.Оргил хийсэн. Явахаасаа өмнө дүрс бичлэг хийлгэж амжвал телевизээр ард түмэндээ хүргэнэ дээ.

Энэ дууг дуулж байхад “Хүн ижийгээсээ хойш хэчнээн ч олон жил болсон бай, алхам тутамдаа үгүйлэн санаж, уйлж дуулж явах юм даа” гэж бодогдоод өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд байсан.

-“Монгол дуу дэлхийд” төслийн шүүгчээр ажиллалаа. Энэ төслийн тухай ярихгүй юу?

-БСШУЯ-наас санаачлан зохион байгуулсан энэхүү тэмцээн нь аялгуу тансаг монгол дуунуудыг олон улсын түвшинд хүргэх үүд хаалгыг нээж өгч байгаа юм. Зөвхөн язгуур, этник гэлгүй бүх л төрөл, урсгалын хөгжмийг дэлхийд сурталчлан борлуулахыг төрөөс дэмжиж байгаад их баярлаж байгаа.

Энэхүү тэмцээний шүүгчээр ажиллах саналыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Пентатоник” академийн ерөнхийлөгч Б.Долгион ах тавьсан юм. АНУ-ын Хөгжмийн зохиолчдын холбоо (ASCAP)-ны гишүүний шалгуур босгыг миний англи хэлээр зохиосон дуунууд давж, 2011 онд гишүүн болсон. Би 14 настайгаасаа дуу зохиож байна. 16 настайдаа гаргасан цомгийнхоо найман дууг зохиосон.

Монгол хөгжмийн зохиолчдынхоо зүрх сэтгэлээс ундарсан тансаг аялгууг биширч явдаг. Англи болон олонд ойлгогдох бусад хэл рүү орчуулбал гадаад хүмүүсийн чихэнд хоногшиж, уран бүтээлчид нь дуулах сайхан дуу Монголд олон бий. Г.Пүрэвдорж багшийн маань дуу Хятадад хит болоод арав гаруй жил өнгөрч байна шүү дээ.

-Монголд ийм уралдаан зохион байгуулах хэрэгтэй юү. Ямар ач холбогдолтой вэ?

-Нэг удаагийн арга хэмжээ гэлтгүй их ач холбогдолтой, алсын хараатай үйлсийн эхлэл гэж бодож байна. Дэлхийн бүх оронд англи хэлний өндөр боловсролтой хөгжмийн зохиолч, яруу найрагч, жүжигчин, кино найруулагч нар ажиллаж, улс орныхоо соёл, дуу хөгжмөө дэлхий нийттэй хуваалцан сурталчилж байна.

Хөгжим, кино, уран зохиол бол бүтээлч үйлдвэрлэл гэдгийг дэлхий дахин өдий олон жил харуулж ирсэн. Энэ зах зээлд манай Монгол шиг тэнгэрлэг авьяастай ард түмэн байр сууриа эртхэн эзлэх нь зүйтэй. Орчуулж л чадвал бидэнд өрсөлдөх чадвар бий.

Монголынхоо залуу зохиолчдыг дэлхийн зах зээлд гарцгаая гэж уриалмаар байна. Төр, засгаас урлагийг бүтээлч үйлдвэрлэл, оюуны өмч хөрөнгө хэмээн үзэж, дэлхийн зах зээлийн шаардлагад хүргэхийн тулд бодлогын шинжтэй, дэс дараалсан арга хэмжээ авч байгаагийн нэг нь ”Монгол дуу дэлхийд” тэмцээн юм.

-Та их багадаа урлагт хөл тавьсан. Тэр үед ямар санагдаж байв. Таны анхны мэргэжлийн багш хэн бэ?

-Миний анхны мэргэжлийн багш Рожер Лав гэж америк хүн бий. 13 настайдаа түүнд шавь орж байлаа. Рожер Лав бол Америкт “Оддын багш” гэж нэрлэгдсэн, Кристина Агулера, Гвэн Стефани, Жон Мейер, Эминем нарын дуучидтай ажиллаж байсан хүн. Аав маань тэр хүнтэй анх холбогдож, миний бичлэгийг явуулснаар хичээл заалгах болсон. Хүүхдүүдийн хоолой нарийхан, эвээ ололгүй хүчилж дуулдаг.

Тэгвэл багш маань надад 24 цаг тасралтгүй дуулсан ч цуцахгүй байх арга барил суулгах гэж оролдож байсан. Мөн дуулах гэдэг бол амьсгалын урлаг гэдгийг Гавьяат жүжигчин Г.Хонгорзул багш маань сургасан. Г.Хонгорзул багш Карнегийн их танхимд дуулсан анхны монгол дуучин байсан бол шавь нь хоёр дахь нь бөгөөд анхны поп дуучин болсон доо.


Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарыг харин анхны эрэгтэй дуучин боллоо гэж гадаадын хэвлэлд бичсэн байсан. Насанд хүрснээс минь хойш улам мэргэшихэд тусалж байгаа, Монголын дуурийн урлагийн “Сувд эрдэнэ” гэж өргөмжлөгдсөн Гавьяат жүжигчин Ж.Цэцгээ, эстрад дууны багш С.Гантулга, Поллет МкУильямс гэж алдартай жааз дуучин, Жозелин Смит нарыг дурдахгүй өнгөрч болохгүй.

Миний мөрөөдөл бол дэлхийн түвшний чансаатай уран бүтээлч болох. Үзэгчдийн чих хурц, сэтгэлээрээ дуулбал л хүлээж авдаг. Би “Хоолой бол зөвхөн сэтгэлийг илэрхийлэх зэмсэг” гэж үздэг.

Дуучин хүнд боловсрол ямар нандин, зайлшгүй зүйл байдгийг багш нараасаа харж, зогсолтгүй суралцаж байна. Хүүхэд байхдаа урлагт хөл тавьсан учраас сурах цаг, бололцоо их байсан.

-Нэлээд хэдэн жил хүний нутагт ажиллаж, амьдарч байгаад ирлээ. Тэндэх, эндхийн хөгжмийн ертөнцийн ялгаа юу байна вэ?

-Америкийн хөгжмийн ертөнц бол дэлхийн бүх улс орноос хүчээ сорих гэж ирсэн зоригтой хүмүүсийн чуулган учраас дэлхийн аварга шалгаруулах уралдаан л явагдаж байна гэсэн үг. Өрсөлдөөн ихтэй ч элдэв боломж, хүч сорих, том уран бүтээл хийх боломжтой газар.

Хоёр удаагийн Грэммийн шагнал хүртсэн, сонгодог хөгжмийн зохиолч Кристофер Тинийн тоглолтод уригдаж 2014 оны дөрөвдүгээр сард Нью-Йоркийн дэлхийд алдартай Карнеги холлын их танхимд 300 хүнтэй оркестр, 600 найрал дуучинтай хамтран, таван хэлээр гоцолж, бас хоршиж дууллаа.

Мөн энэ хөгжмийн зохиолчийн хоёр дахь цомогт уригдаж оролцохдоо, зохиосон аялгуунд нь шүлэг зохиож “Цас наранд уярна” хэмээх дуу хамтран бүтээж, дуулсан юм. Энэ дууг Их Британийн Филармонийн сонгодог найрал хөгжимтэй бичүүлж, цомог нь сонгодог төрлөөр Америкийн биллборд чартын нэгдүгээрт жагссан.

Карнеги холлын их танхимд гоцлон дуулна гэдэг бол хүн бүрт олдох завшаан биш, өндөр шалгуур, хүлээн зөвшөөрөгдөх томоохон хэмжүүр гэдгийг хүмүүс надад урьдаас хэлж байсан. Бага танхимд нь тоглох гэж зарим хамтлаг, дуучид 6-7 жил хүлээсэн байдаг юм билээ.

Нью-Йоркийн хөгжмийн шүүмжлэгчид “Монголын дуучин Номинжин дуу бүртээ хамаг зүрх сэтгэлээ зориулж дууллаа” гэж үнэлсэн нь эх орондоо барьсан бэлэг гэж боддог. Би Лос-Анжелест суурин байхдаа Холливудын алдарт “Хаус оф блюз”, “Сикада” клуб зэрэг жааз, амьд хөгжмийн мэргэжлийн өндөр түвшний уран бүтээлчид тоглодог газар урилгаар дуулдаг.

Дуучин, уран бүтээлчийн хувьд АНУ-ын мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөж, уран бүтээлчийн гараагаа амжилттай эхэлсэн гэж хэлж болно. Олон улсын том төслүүдэд боломж л олдвол монголоороо дуулахыг хичээдэг юм.

-Таныхаар манайх хөгжлийн ямар шатандаа явж байна вэ?

-Манайх бол хөгжмийн урлаг маш өндөр хөгжсөн, уламжлал сайтай орон. Хуучин цагт Оросын их мастеруудаас эрдмийг нь өвлөж авсан хөгжмийн зохиолчид, дуучид, бүжигчидтэй.

Харин социализмын үед урлагийг үзэл суртлын зэвсэг болгож байснаас бус, хэн нэгэн хүн оюуны бүтээлээ борлуулж эдийн засагт хувь нэмэр оруулж болно гэж үздэггүй, төрөөс хараат байснаас болоод одоо хүртэл энэ салбар бүх талаар туршлагагүйтсээр байна.

Хөгжмийн урлаг сүүлийн 20 гаруй жил үйлдвэрлэл болох шатандаа явж байна гэсэн үг. Зах зээлийн хуулиар үйлдвэрлэл, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа нь шалгараад л явах байх даа.

Монголын зах зээлдээ таарсан нь Монголдоо, гадаад зах зээлд таарсан нь гадааддаа уран бүтээл хийгээд эхэлсэн байна шүү.

-АНУ-д байхдаа тэндхийн алдартай продюсер, багш нартай хамтран ажиллаж байсан гэсэн. Хэрхэн хамтарч ажиллах болов?

-13 настайгаасаа шилдэг багш нарт аав ээжийнхээ буянаар шавь орсон. Тэгж л гараагаа эхэлсэн дээ. 14 настайдаа “Үлэмжийн чанар”, “All I need to know”, 15-тайдаа “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн дуу, “S&I” хамтлаг ба дуучин Д.Болд ахтай дуулсан “What’s love”, “Хэзээ”, миний анхны цомогт орсон, том Г.Жаргалсайхан ахын “Чиний эзгүйд”, “Ээж шүтээн”, “Хайр мэдрүүлсэн харц”, “Сэтгэлийн аялгуу” нь радио, телевизийн хит парадыг тэргүүлэн, эдгээрээс нэлээд хэдэн дуу “Пентатоник” наадамд нэр дэвшиж байсныг дурсахад сайхан байна.

Дээр дурдсан цомгуудыг ч бас 18 нас хүрээгүй байхдаа хийсэн. Хүүхэд байхдаа мэргэжлийн урлагт хүч үзсэн нь ээж, аав хоёр маань алсын хараатайнх. Эртхэн өөрийгөө сориод, мэргэжлээ сонгох хэрэгтэй гэж үзсэн.

Миний хувьд хүүхэд юм болохоор болно, болохгүй гэж айж эмээх юмгүй зөнгөөрөө л юмаа хийгээд явдаг байлаа. Одоо ч гэсэн хэвээрээ.

Ер нь АНУ-д хүмүүс нь хөдөлмөрийн соёл сайтай, сахилга баттай, бусдыг хүндэлдэг хүнтэй ажиллах дуртай байдаг. Биеэ тоосон, эвдэрсэн хүн өөдөлдөггүй, өрсөлдөөн ихтэй газар. Түүнээс гадна хөдөлбөл хөлс, зогсвол зоос гэдэг л газар.

-АНУ явснаас хойш таны уран бүтээлд ямар өөрчлөлт, шинэ өнгө аяс оров?

-Ер нь поп хөгжмийн продакшн гэдэг зүйлийн стандартыг ойлгодог болсон. Англи хэлээр дуу зохиох чадвар нэмэгдсэн. Сурах юм асар их байгааг ойлгосон доо.

-Та бясалгал хийгээд нэлээдгүй удаж байгаа. Бясалгал гэж яг юу вэ. Танд ямар эерэг өөрчлөлтүүд авчрав?

-Би 14 настай байхдаа Зопа ринбүүчи багшийн номноос “Энэ номыг уншсан хүн хамаг амьтны тусын тулд үтэр түргэн гэтэлгэх номын багштайгаа учрах болтугай” гэсэн ерөөл уншаад, өдөр бүр залбирч эхэлсэн.

Ингээд удалгүй төгс гэгээрсэн их багштайгаа учирсан. Чин Хай багш надад Аръяабалын бясалгалын аргаа уламжилж, энэ олон шашин суртахууны чинад дахь үнэнийг ойлгуулсан хүн. Таван сахил сахиж, чанагуух ертөнцийн тухай мэдлэгт суралцаж эхлээд 10 жил болж байна. Эмэгтэй хүн “Их багш” байх амаргүй.

-Өдөрт хэдэн цаг, хэрхэн бясалгадаг вэ?

-2-3 цаг. Хэрхэн бясалгах нь нууц шүү дээ. Дотоодын гэрэл аялгуу ажих Аръяабалын номын цогц гэгдэх нууц тарнийн бясалгал. Хүссэн хэн үнэ төлбөргүй сурч болно. Манай багш өргөл барьц авдаггүй.

-Бясалгахад тусгай өрөө байдаг уу?

-Үгүй, хаана ч хэзээ ч хийж болно.

-Уран бүтээлч, олны танил хүмүүсийн амьдрал олны нүдэнд ил байдаг. Энэ нь танд хэцүү байдаг уу?

-Надад бусдаас нууж хаах зүйл үгүй. Жишээ нь, таван сахил сахидаг гэчихээд би нууцаар амьтны мах идээд, архи тамхи хэрэглээд, хулгай хийгээд явахгүй. Монголын оддыг бодвол би хүний нүдэнд бага өртдөг. Гадаадад суурин байдаг, англи хэлээр дуу зохиож дуулаад байгаа болохоор намайг мэдэхгүй хүн зөндөө.

-Найз залуутай болсон гэж сонссон. Танилцуулж болох уу?

-Монгол хүн, их сайн залуу бий.

-Та ээжтэйгээ хамт Энэтхэгт амьдарч байсан тухайгаа саяхан фэйсбүүктээ бичсэн. Тэр үеэ эргэн дурсаач?

-Миний ээжийг Д.Алтанзаяа гэдэг. Социологич мэргэжилтэй, философич хүн. Ээжийг Энэтхэгт таван жил аспирант байхад би англи сургуульд сурсан юм.

Ээж маань орос, англи хэл төгс эзэмшсэн, олон улсын байгууллагын төсөлд хорин хэдтэйгээсээ л ажилласан ч, чимээгүй бясалгаж, орчуулга хийж, миний уран бүтээлд тусалсаар ирсэн.

Ээж минь ээж шигээ болохыг мөрөөддөг. Амьдралын философи нь өвөрмөц. Сайн муу бүхний шалтгааныг өөрөөсөө хай гэдэг.


-Хүмүүсийн дунд хойт эцэг, эх гэхээр л муугаар бодох хандлага бий. Харин энэ тал дээр та их азтай юм шиг. Хойт аавынхаа тухай яриач?

-Аавыг маань Роберт Кейтер гэдэг. Бас л хөгжиж буй орнуудад насаараа ажиллаж, хүний төлөө явсаар ирсэн. 40 гаруй оронд 40 жил ажиллаж байгаа хүн гэхээр ерөнхийдөө тодорхой байх. НҮБ, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагад олон орны Засгийн газрын зөвлөхөөр ажиллаж байсан.

-Гадаад хүмүүсийн өссөн орчин, ааш аяг манайхнаас, тэр дундаа ёс заншлаас өөр. Аавтайгаа энэ тал дээр хэр ойлголцдог вэ?

-Хүн л бол хүн. Гадаад, дотоод гэж ялгаа үнэндээ байхгүй. Хөдөө хээр, эсвэл ой дотор л өсөөгүй бол хүн бүр цементэн замаар алхаж, цементэн сургуульд очоод дөрвөн аргын тоо заалгаж л хүн болсон байдаг. Ёс заншлын хувьд гэвэл материаллаг талаараа дэлхий тэр чигтээ нэгэн хэв загварт баригдаж байгаа шүү дээ.

Байшин, машин, өмсөж зүүснээ, идэж ууж байгаагаа хар. Дэлхийн соёл аль хэдийнэ нэг болчихсон энэ цаг үед гадаад, дотоод гэж ялгахад тун бэрх болсон биш гэж үү. Монгол хувцас, машин, гар утас гэж алга. Тэр байтугай сүү, таргаа хүртэл гадаадаас оруулж ирж байгаа өнөө цагт ялгаа үнэхээр байхгүй.

Монгол хүний ёс суртахуун, зан заншил гэж яг юуг хэлэх вэ гэхээр орчин цагт маш бага ялгарах зүйл харагдаж байна. Монгол хүний жудаг гэж эрт дээр үеэс за гэвэл ёогүй, хүн ахтай, дээл захтай гэх мэтчлэн уламжилж сургасан үгс манай америк аавын амьдралын зарчимтай нийцдэг.

Олон хэлийн хүнтэй харьцаж байсны хувьд хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс гэж байдгийг баттай хэлж чадна. Хэдий олон үндэстэн, ястантай ажилласан байна, төдий хэмжээнд бусдыг ойлгож, хүлээн зөвшөөрөх, хүндлэх ухаан суудаг.

Наад зах нь ээж бид хоёрыг цагаан хоолтой болоход, өөрсдөө ч ухамсарлаагүй шинэхэн бясалгагч байхад “Уучлаарай, би хоолоо өөрөө хийх ёстой. Та хоёроор хийлгэх ёсгүй шүү дээ” гэдэг байлаа. Манай гэрт эмэгтэй хүний хийх ажил гэдэг ойлголт байдаггүй. Бүгд зав зайгаараа бие биедээ үйлчилдэг.

Ээж, аав хоёр суусан цагаасаа л хоол хийх гэж булаацалдсаар ирсэн. Тийм ч учраас “Луна бланка” веган зоогийн газрын бүх жорыг бид хамтдаа зохиосон юм.

-АНУ руу буцах уу. Буцах бол ямар ажлаар явах бол?

-Би Америкт суурьшаад удаж байна. Монголдоо ажлаар ирсэн юм.

-Та хойт ааваараа овоглох болсон. Тэгэхээр иргэншлээ солиулсан гэсэн үг үү. Яагаад төрсөн эцгээрээ овоглохоос татгалзсан юм бэ?

-Төрсөн аав намайг хоёр нас хүрэхээс өмнө салсан учраас би ээжээрээ овоглож ирсэн. Ээжтэй гэрлээд хойт аав маань намайг үрчилж авсан. Би Монгол Улсын иргэн хэвээрээ.

-Цагаан хоолтон болоод хэр удаж байгаа вэ. Биед ямар ач тустай вэ?

-Надаас “Яагаад цагаан хоол иддэг вэ” гэж хүмүүс сонирхож асуудаг л даа. Энэ бол хайр болоод зөв энергийн сонголт юм. Альберт Эйнштэйн, Леонардо да Винчи, Лев Толстой, Исаак Ньютон, Никола Тесла, Томас Эдисон нар цагаан хоолтон.

Өөр өөр цаг үед амьдарч байсан, хоорондоо хамаагүй хүмүүс яагаад цагаан хоолтон болов. Энэ аугаа хүмүүс хэлж зөвлөөд байхад бид өдгөө ч яагаад тэднийг сонсохгүй, сонсохыг ч хүсэхгүй байна вэ.

“Хүн төрөлхтөн амьтдад сайн сайхнаар ханддаг болсон цагт энэ дэлхий амар амгалан болно” гэж Лев Толстой хэлсэн. Цагаан хоол гэдгийг сүүтэй будаа, бэрээс эсвэл аарц гэж ойлгодог байсан тэртээх он жилүүдээс, би өөрөө олонд танигдаж эхэлж байх тэр үеэсээ л цагаан хоолыг сурталчилж, бусдад үлгэр жишээ үзүүлэхийг хичээж байлаа.

Хүмүүсийн зарим нь “Энэ ер нь сүрхий хүүхэд шүү” гэж магтаад, зарим нь шоолдог байсан байх (инээв). Нэрээ бодож, хүмүүсийн сонсох гэж хүссэнийг нь ярьж, дуугаа худалдах миний хувьд тийм ч чухал байгаагүй. Харин энэ бүхнийг хүмүүстэй хуваалцаж, тэдэнд бодож үзэх боломж өгөх нь л чухал байлаа.

Ногоон хоол гэдэг бол хамгийн эерэг энерги агуулсан хүнс. Ургамал ногоо гэдэг байнга урган төлжиж байдаг зүй тогтолтой. Энэтхэг, Хятадад хэдэн мянган жилийн туршид цагаан, ногоон хоол идэж байсан хүмүүс хамгийн эрүүл, урт настай, дээр нь гайхамшигт ухаантай, ур чадвартай байсаар ирснийг түүх гэрчилдэг.

Мэдээллийн технологийн эрин үеийг манлайлагч, дэлхийн хамгийн баян хүн гэгдэх ноён Билл Гейтс ногоон хоолтон болсон. Тэрээр “Хүн төрөлхтний ирээдүйн хоол бол ургамлын гаралтай уураг байх болно” гэж хэллээ. Тэгж уриалаад зогсохгүй, цагаан хоолны компаниудад хөрөнгө оруулж байгаа.

Одоо Aмерикийн дэлгүүрүүд “Beyond meat” гэдэг, Билл Гейтсийн хөрөнгө оруулсан үйлдвэрийн, ургамлын гаралтай төрөл бүрийн мах зарж байна. Холливудын олон од ч ногоон хоолтон байсан, зарим нь болцгоож байгаа. “Энх амгалан таны тавган дээрээс эхэлнэ” гэдэг үг бий.

-Монгол шиг эрс тэс уур амьсгалтай газар цагаан, ногоон хоол тохирохгүй гэх хүмүүс ч байдаг.

-Манай Монголд эдүгээ олон арван мянган хүн цагаан, ногоон хоол идээд ямар ч асуудалгүй, дархлаа сайтай, эрүүл чийрэг амьдарч байна. Малчин ч бий.

-Өдөр тутмын амьдрал, ирээдүйгээ төлөвлөдөг үү. Төлөвлөдөг бол хэрхэн төлөвлөдөг вэ?

-Уран бүтээлч хүний хувьд байнга бэлтгэл сургуулилалт хийж, дуу хоолой, бие галбираа формонд байлгахыг хичээдэг. Хүнд хэтийн зорилго заавал байх ёстой. Зорилгоо тодорхойлсон хүн юу хийхээ тодорхой төлөвлөж чадна. Миний хувьд ажлаа дандаа эртнээс төлөвлөдөг.

Заавал цаад талын хугацаагаа тодорхойлох ёстой, ийм хугацаагүй ажил хэзээ ч хийгдэхгүй. Ер нь хүмүүс бид мөнх амьдрахгүй гэдгээ маш сайн ухаарч, цаг хугацаатай уралдаж байгаа гэдгээ байнга санаж явбал амьдралаа дэмий үрэхгүй болов уу.

-Уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө хуваалцаач? Шинэ цомог гаргах, тоглолт хийх төлөвлөгөө бий юү?

-Би төлөвлөж буй зүйлээ өмнө нь ярихыг цээрлэдэг. Ер нь аливаа зүйлийг болж, бүтсэн хойно ярьсан нь дээр гэж боддог учраас шинэ уран бүтээл бэлэн болсон цагт нь л хүргэе.


-Сүүлийн үед дуучид, загвар өмсөгчдийг кинонд тоглуулах болжээ. Танд ийм урилга ирж байсан уу?

-Кинонд тоглох санал ганц, хоёр удаа ирж байсан. Тухайн үед төлөвлөсөн ажил ихтэй байсан учраас татгалзсан. Сонирхолтой, өвөрмөц зохиолтой, чадварлаг найруулагчтай кинонд тоглох саналыг бол хүлээж авна.

-Байгальд аялах дуртай юу. Монголынхоо хаагуур хаагуур аялж байв?

-Багадаа зун ээж, аавтайгаа их аялдаг байлаа. Ёлын ам, Говь гурван сайхан, Их газрын чулуу, Говь-Алтай, Баянхонгор, Амарбаясгалант хийд гээд надад үзээгүй, яваагүй газар цөөхөн. Цөлд өнгө өнгийн цэцэгс зайгүй дэлгэрснийг ч харсан.

Төв аймаг, Тэрэлжийг бол тооцохгүй биз дээ. Хамгийн сүүлд 2015 оны зун говьд очиж долоо хоног амарсан. Санаснаар болдог бол хөдөө л амьдармаар байна. Манайх Баянчандманьд зуслангийн байртай.

-Та өөрийнхөө хүрэх ёстой түвшнийхээ хаахна явж байна вэ?

-Хүн хэзээ ч одоо боллоо гэж бодож болохгүй. Амьдрал бол сургууль, бид насаараа шинэ зүйл сурч мэдсээр байх болно. Хүмүүс бидэнд ахиж, дэвших боломж үргэлж бий. Миний хувьд байнга өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ гэж, болоогүй байна л гэж боддог.

-Хэр мөрөөдөмтгий хүн бэ. Мөрөөдөл тань биелдэг үү?

-Дууны үг, ая зохиогдох мөч мөрөөдлөөс эхэлдэг гэж хэлж болно. Уран бүтээлч хүмүүс их мөрөөдөмтгий. Миний хувьд аливаа бүтээлийг дотроо төсөөлж, мөрөөдвөл биелдэг мэт санагддаг. Энэ нь мөрөөдөл биелж байгаатай л адилхан.

Надад ганц мөрөөдөл бий. Хамаг хүн, амьтан амар амгалан жаргаасай, дэлхий дээр төгс энх амгалан цогцлоосой гэж хүсдэг.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.26.99 sn ch shan ch ohin ajild ni ulam undur amjilt husiee
150.129.140.181 Амьдрал, уран бүтээлд нь амжилт хүсье.
103.229.122.211 ene ohinii duulsan horvoo ertuntsiin ungu todroh gaihamshig,hotliig giisen narnii achaa hu geed deer ueiin lenin bagshiin duug burhan bagsh geed duulchihsan neg duu baidag bsan,ter duug mun goe duulsan bn lee daana ch odoo barag sonsogdohoo bolijee,heden jiliin umnu burhanii fm-eer haa neg yavdag bsan,ai da tegj duulsan duu hooloig sonsson bi aztai,odoo ahin dahin sonsood l baimaar sanagdah yum.ter duugaa sergeej neg duulahgui yu ohin mine..