ТУСГАЙ ЭЛЧ

2016 оны 03 сарын 10

Стаффан Доминго де Мистура олон жилийн туршлагатай, Итали-Шведийн дипломатч бөгөөд Италийн Зсагийн газрын гишүүнээр ажиллаж байв. НҮБ-ын янз бүрийн агентлагуудад 40 жил ажиллаж ир нь ханасан хойноо Марио Монтигийн тэргүүлсэн Италийн сайд нарын танхимд Гадаад харилцаа эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор томилогдож байжээ.

Тэрбээр одоо НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал эрхэлсэн тусгай элчээр ажиллажээ. НҮБ-д байхдаа ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгчөөр Иракт (2007-2009), Афганистанд (2010-2011), Өмнөд Ливанд хувийн нь төлөөлөгчөөр (2001-2004), Ром дахь НҮБ-ын Мэдээллийн төвийн захирлаар (2000-2001) тус тус ажиллаж.

НҮБ-ын үе үеийн ерөнхий нарийн бичгийн дарга халуун цэгүүдэд түүнийг томилж ирсэн гэж хэлж болно. Стаффан де Мистура мөн Руанда, Судан, Югославт илбэн тохинуулах үүрэг гүйцэтгэж байсан аж.

Де Мистура 1947 оны эхээр Шведийн Стокгольм хотод төрсөн, нас сүүдэр нь 70 шүргэх гэж яваа хүн. Түүний эцэг нь итали, эх нь швед. Өөрөө Итали, Шведийн давхар харьяалалтай юм. Де Мистура Ром хотын Ли Сапиенцын их сургууль төгсөөд л НҮБ-д ажилласан байна.

1971 онд НҮБ-ын Хүнсний хөтөлбөрөөс Суданд хэрэгжүүлж байсан хөтөлбөрийн удирдагчаар ажиллаж, хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Нэгэн учрал түүнд их нөлөөлсөн гэж өөрөө ярьсан байдаг.

1970-аад оны дундуур Кипрт ажиллаж байхдаа Кипр, Туркийг заагласан хилийн зурваст бяцхан хүү мэргэн буучийн суманд өртөж, амиа алдахыг өөрийн нүдээр үзсэнээс хойш хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, аливаа зөрчил тэмцлийг энхийн замаар шийдвэрлэх үйлсэд энэ биеэ зориулахаар шийдсэн аж.

НҮБ-ын төслийн ажилтны хувиар анх 1971 онд Суданд очив. 1973 оноос Чад улсад онцгой тусламж үзүүлж явахдаа нисэх онгоцноос ачаа хаяж өгөх анхны ажиллагааг зохион байгуулсан байна. 1976 оноос НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад очиж 1985 он хүртэл ажиллав.

Энэ хугацаанд Дубровник, Сараево, Судан, Этиоп, Вьетнам, Лаост хүмүүнлэгийн тусгай үүрэг гүйцэтгэхээр томилогдож байжээ. 1987 онд Суданд эргэн ирж, Хүнсний хөтөлбөрийн захирлаар ажиллав. 1988-1991 онд Афганистанд зохицуулагчийн алба эрхэлсэн байна. Дараа нь хэсэг хугацаанд НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-гийн төлөөлөгчөөр Сомалид ажиллав.

1997 онд Иракт НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулагчаар ажиллаж үзэв. Энэ албыг гурваас наймдугаар сард хашсан аж. Иракт дараа нь 1999 онд эргэж ирсэн байдаг. 2001 он хүртэл Италийн нийслэлд НҮБ-ын Мэдээллийн төвийн захирал хийж байлаа. Удалгүй НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувийн төлөөлөгчөөр Өмнөд Ливан руу илгээгдэв.

Энэ албыг 2004 он хүртэл гүйцэтгэхдээ дэлбэрэх төхөөрөмжийг аюулгүй болгох үйл хэргийг чадварлаг зохион байгуулсан нь түүний хийсэн томоохон ажлын нэг байсан гэж үздэг.

Дараа нь мөнөөх Ирактаа эргэн ирж, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгчөөр 2005 оны нэгдүгээр сараас эхлэн 15 сар ажиллахдаа тус улсыг бусдын нүдэнд олигтой харагдуулах, хүн амыг нь эрүүлжүүлэх, амьдралынх нь түвшинг дээшлүүлэхэд ихээхэн анхаарсан байна.

Де Мистураг хувь тавилан нь Ирактай олон удаа учруулж байлаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн түүнийг Иракт тусгай төлөөлөгчөөрөө томилтол буюу 2007 оны есдүгээр сар гартал Италийн Турин хотод НҮБ-ын ажилтнуудыг бэлтгэдэг коллежийн захирлаар ажилласан байна.

Тархи гашилгасан нөгөө л Сирийн асуудал...

Де Мустура НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн гадаад харилцаа эрхэлсэн гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллах болсон тул 2009 оны долдугаар сард Иракаас явж Итадид очлоо. Афганистан, Пакистаныг хариуцаж байсан Америкийн тусгай төлөөлөгч Ричард Холбрук Афганистан дахь НҮБ-ын тусгай төлөөлөгчөөр Де Мистураг ажиллуулахыг 2010 оны нэгдүгээр сард санал болгожээ.

Энэ үед НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ албанд томилохоор Франц, Их Британийн хоёр иргэнийг төлөвлөөд чухам хэнийг нь тийш явуулахаа хараахан шийдээгүй байв. Тэгээд Де Мистураг уг албанд томилж буйгаа Бан Ги Мүн 2010 оны нэгдүгээр сарын эцсээр зарлаж, гуравдугаар сараас нь Де Мистура Афганистанд НҮБ-ын гол элчээр ажиллав.

Тэр тус улсад тусгай төлөөлөгч, НҮБ-ын Тусламжийн байгууллагын удирдагчаар давхар ажилласан байна. Мазари-Шарифт НҮБ-ын ажилтнуудыг алж хядсаны бурууг Америкийн Ерөнхийлөнч Барак Обама афганчуудад тохох гэхэд Стаффан де Мистура “Үүнд ямар нэг афган хүнийг бид буруутгах ёстой гэж би бодохгүй байна.

Бид “Коран” судар шатаасан хүнийг л буруутгах ёстой”гэж хэлж байжээ. Де Мистураг 2011 оны арваннэгдүгээр сарын эцсээр Марио Монтигийн тэргүүлсэн Италийн Засгийн газарт Гадаад хэргийн орлогч сайдаар томиллоо.

Энэтхэгийн хоёр загасчныг буудаж хороосны улмаас 2012 оны хоёрдугаар сараас тэнд баригдан хоригдож байсан Италийн тэнгисийн явган цэргийн хоёр алба хаагчийн асуудлыг шийдэх Италийн Ерөнхий сайдын онцгой даалгаварт элчээр түүнийг 2013 оны тавдугаар сард томилов.

Энэ явдлаас болж тус хоёр улсын дипломат харилцаа түвэгтэй байдалд ороод байлаа. Де Мистура чухам л дипломатч хүний асар их туршлага, ур чадвараа ашиглан Энэтхэгийн шүүх эрх мэдлийнхнээр “шударга, хүлээж авч болохуйц, нааштай” шийдвэр гаргуулан Массимилиано Латорре, Сальваторе Жироне нарыг Итали эх оронд нь эрүүл саруул авчирч чадсан байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн 2014 оны долдугаар сарын 10-нд шийдвэр гаргаж Стаффан де Мистураг Сирийн хямралыг шийдвэрлэх арга замыг олох онцгой даалгаварт элчээр томилсон юм. Түүний зуучлалаар Женев хотод Сирийн одоогийн Засгийн газар болон сөрөг хүчнийхэн нь хэл амаа ололцох гэж энэ оны нэгдүгээр сард оролдоод бүтэлтэй юм бололгүй завсарлаад байгаа.

Гадаадын хэвлэлд бичиж буйгаас үзвэл уг уулзалтыг сэргээх оролдлого саяхан эхэлсэн. Энэ үйл явцыг лавтайяа хагас жил үргэлжлэх болов уу хэмээн таамаглаж буй.

Де Мистура швед, итали, англи, франц, герман, испани, араб хэлтэй. Намтарт нь бичсэнээр хоёр охинтой юм билээ.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД