Хүүхдүүд байгалиа танин мэдэхээр ӨРТӨӨЧЛӨН АЯЛЖ БАЙНА

2016 оны 03 сарын 15

Бидний өнөөгийн амьдрал дэвшилт технологигүйгээр нэг алхам ч урагшлахаа больсон. Хүн төрөлхтний зохион бүтээсэн техник, технологиуд нь бидэнд цаг хугацааг хэмнэж, хол зайг товчлох, дэлхийн хаанаас ч бие биетэйгээ холбогдох зэрэг олон боломж олгодог ч аливаа зүйл сайн, муу хоёр талтай билээ.

Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн ан амьтан, байгалиасаа холдсоор байна. Манай орны иргэдийн тэн хагас нь хотод суурьшиж, байгаль эх, монгол ахуйгаа мартахад хүрээд байгаа гэхэд хилсдэхгүй.

Суурин иргэншилд амьдарч буй хүүхэд, залууст экологийн боловсрол чухал байдгийг олон хүн ярьдаг ч энэ талаар дорвитой хийсэн зүйл хомс. Харин МУИС-ийн Экологийн боловсролын төвийнхөн ан амьтан, байгаль дэлхийн тухай олон нийтэд ойлгуулж, мэдлэг олгох зорилго бүхий сонирхолтой хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Тус төвийнхөн 15-100 хүн хүлээн авч, аялуулдаг 40 өртөө байгуулжээ. “Ажилсаг чийгийн улаан”, “Байгалийн массаж”, “Чимээгүйн чимээ” зэргээр нэрлэсэн өртөөнүүдээс хүмүүс насныхаа онцлогт тохируулан тавыг нь сонгож, хоёр цаг орчим аялах боломжтой юм байна. Өртөөнүүдийн зарим нь танхимд, үлдсэн нь байгальд байдаг аж.

Өвлийн улиралд тус төвийн ажилтнууд дотор байрлах музей, хүлэмжээ хүмүүст танилцуулж, танхимын бусад үзүүлэн, материалтай уялдуулан танин мэдэхүйн хичээл заадаг бол урин дулаан цагт 26 зүйлийн 500 гаруй модлог ургамалтай цэцэрлэгт хүрээлэнгээрээ аялуулж, уул хад, ой мод, гол шугуйд очиж, экологийн боловсрол олгох үйл ажиллагаа зохион байгуулдаг гэсэн.

МУИС-ийн Экологийн боловсролын төвийг 1957 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Залуу байгальчдын төв станц нэртэйгээр байгуулжээ. Олон нийтэд экологийн боловсрол олгох зорилгоор 1998 оноос МУИС-ийн харьяа байгууллага болгосон аж. Тус төвийнхөн энэхүү өртөөчилсөн аяллаа 2014 оноос эхлүүлсэн бөгөөд үргэлж шинэчилж олон сонирхолтой өртөө нээсээр байгаа юм билээ.

Сонирхсон хүмүүс 3000-4000 төгрөгөөр аялах эрхтэй гэнэ. Насны онцлогоос шалтгаалж, сонирхох өртөө нь ч өөр аж. Бага насныхан музей, хүлэмжийг илүү сонирхдог бол оюутан залуус дэлхийн түүхийн тухай өгүүлэх “Цагийн урсгал”, үр жимсний талаарх “Үрийн аялал” зэрэг танин мэдэхүйн өртөөнд зочлох нь элбэг гэнэ лээ.

Хүүхдүүд өртөөчилсөн аялалд хэрхэн оролцож, амьтан, ургамалтай танилцаж буйг сурвалжиллаа. Биднийг очиход “Дэлхийн зөн” олон улсын байгууллага болон 48 дугаар сургуулийн эцэг, эхийн зөвлөл хамтарч дөрөвдүгээр ангийн 80 хүүхдийг таван бүлэгт хувааж, “Жилийн цагариг”, “Ойн оршин суугчид”, “Үрийн аялал”, “Хүлэмж”, “Музей” өртөөгөөр аялуулахаар зэхсэн байв.


“ҮРИЙН АЯЛАЛ”

Эхний өртөө нь “Үрийн аялал”. Энэ өртөөг Р.Сүнжидмаа багш хариуцаж байв. Тэрбээр шивээ, зангуу, буурцаг зэрэг олон төрлийн үр цуглуулсан хайрцаг дэлгээд, аливаа мод, ургамал үрээ хэрхэн тараадаг тухай хүүхдүүдэд тайлбарлав.

Дэггүйтэж зүггүйтдэг насан дээрээ яваа 16 сурагч тойрог хэлбэрээр томоотой сууж, багшийн яриаг анхааралтай сонсох нь уг өртөө сонирхолтойг илтгэнэ. Багш “Зун болоход хаа сайгүй хийсдэг хөвөн шиг зүйл хаанаас гардаг вэ. Энэ чухам юу юм бол?” гэж хүүхдүүдээс асуухад, зарим нь амандаа ямар нэг зүйл бувтнахад нөгөө хэсэг нь “Багш аа, тэр хөвөн чинь модноос, цэцэгнээс гардаг” хэмээн ам уралдан шуугилдана.

Р.Сүнжидмаа багш бүх ургамал, жимс өөр өөрийн онцлогтой бөгөөд үрээ түгээж, тараахдаа ч олон янзын “заль” хэрэглэдэг тухай ярилаа. Хайлаас, улиас, агч модны үр салхиар дамждаг бол моцгоно, шар хуайсны үр амьтны үс, ноос, өдөнд шигдэж, наалдан “хүссэн” газартаа хүрдгийг энгийн, сонирхолтойгоор сурагчдад ойлгуулав.


Үүний дараа Ц.Бямбацэцэг багшийн “Ойн оршин суугчид” өртөөгөөр зочилсон юм. Энэ өртөөнд ойн амьтад мод, ургамлын аль хэсэгт аж төрдөг талаар танин мэдэхүйн сонирхолтой хичээл заалаа. Ан амьтад, жигүүртэн шувууд хөвдөн болон хөрсний үе, өвслөг, сөөглөг, модлог ургамлын үе дээр амьдарч, идэш тэжээлээ олдог гэнэ.

Хүүхдүүдэд ойлгомжтой болгохын тулд ургамлын эдгээр үеийг байшинтай зүйрлэж, харьцуулсан самбар хийжээ. Жишээлбэл, байшингийн дээврийг модны оройтой зүйрлэж, энэ хэсгийг модлог ургамлын үе гэдгийг заасан бол модны оройгоос доош буюу байшингийн цонх байрлах хэсгийг сөөглөг ургамлын үе гэдэг аж.

Мөн хөвдөн болон хөрсний үеийг байшингийн суурьтай зүйрлэжээ. Энэ талаар багачууд байтугай томчууд ч сайн мэддэггүй бололтой. Хүүхдүүдээ хариуцаж яваа эцэг эхийн зөвлөл, багш нар ч сонирхож, зарим зүйлийг лавлаж байв. 48 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Дулмаа “Анх удаа ирлээ. Өртөөчилсөн аялал сонирхолтой юм байна. Хүүхдүүд гэлтгүй бүх насныхан ирж, экологийн мэдлэгтэй болох хэрэгтэй байх” гэж хэлсэн юм.

Модлог ургамлын үед шувууд, сөөглөг ургамлын үед аалз, эрвээхийн хүрэнцэр зэрэг шавьж амьдардаг гэнэ. Харин өвслөг ургамлын үед бодон гахай, бор гөрөөс, зурам гэх мэт өвсөн тэжээлтэн амьтад аж төрдөг байна. Хамгийн доод давхарга буюу хөвдөн болон хөрсний үед олон төрлийн мөөг болон шавьж, хорхой тархан амьдардаг тухай Ц.Бямбацэцэг багшийн өртөөгөөр аялахдаа мэдэж аваад, цааш хөдөлсөн юм.


“ХҮЛЭМЖ”

Гурав дахь өртөө нь “Хүлэмж” байв. 1983 онд байгуулсан 320 ам метр хэмжээтэй уг хүлэмжийг ХБНГУ-ын санхүүжилтээр өнгөрсөн онд бүрэн засжээ. Хүлэмжинд дөрвөн өнгийн сарнай, хайтан цэцэг, царс мод болон тасалгааны бүх ургамал байх учир ойд явж буй мэт үнэр сэнгэнэж, чийглэг байх нь хүмүүст ихэд таалагдаж байсан. Уг өртөөг Д.Гандармаа багш хариуцдаг юм билээ.

Энд хүмүүсийн сонирхлыг татах хэд хэдэн зүйл бий. Хүлэмжээр ормогц баруун гар талд ургасан хоёр метр орчим өндөр мод хүмүүсийн харцыг булаана. Том, өнгөлөг навчистай уг модны мөчирт нь ургасан жижигхэн булцууг харахад жимс боловсорч буй бололтой. Харин ямар мод гэдгийг нь мэдсэнгүй. Модны хажууд багш очоод нэг навчийг бага зэрэг үрж, шүүс гаргаад хүүхдүүдэд үнэрлүүлэв.

Тэрбээр “Юу үнэртэж байна” гэж асуугаад “гадил, гүзээлзгэнэ” гэсэн хариулт авлаа. Гэхдээ бусдаасаа өндөр нэг охин “Нимбэг үнэртэж байна” гэсэн нь зөв хариулт байв. Нимбэгний мод аж. Энэ бол Монголд байгаа хамгийн том бас хүмүүс үзэж, сонирхох боломжтой цор ганц нимбэгний мод гэнэ. Хүүхдүүд олон төрлийн ургамал, цэцэгтэй танилцаж, элдвийг ярилцан, нааш цаашаа гүйлдэнэ.


Охид хараахан дэлбээлж амжаагүй улаан, ягаан, цагаан сарнайг сонирхож байхад хөвгүүд мод, кактусын дэргэд очиж, ургаж буй хөрсийг нь “судалж” байлаа. Тус хүлэмжинд олон салаа ургасан, урт бүдүүн өргөстэй кактус байсан нь бас л Монголдоо хамгийн том нь гэнэ.

Бараг 30 жил ургаж буй аршийн нударга гэх кактус нь хоёр метр орчим өндөр. Түүний дэргэд олон төрлийн жижигхэн кактус ч тарьсан байна. Дөрвийн “Д” бүлгийн сурагч О.Марал “Би цэцгийн голоос ургасан, гоё хэлбэртэй зүйлийг тасалдаг байсан. Гэтэл тэр нь үр байсныг өнөөдөр ойлгосон.

Тэгээд цэцгүүд хүн, амьтнаар туслуулж үрээ тараагаад, ургахын тулд хичээдэг гэдгийг мэдлээ. Манай ээж цэцэг тарьдаг болохоор олон кактус харж байсан. Гэхдээ анх удаа ийм том кактус үзлээ” гээд, сарнай үзэхээр найзтайгаа хамт гүйв. “Хүлэмж” өртөөнд сонирхох зүйл их тул нэлээд хугацаанд хүүхдүүдийг чөлөөтэй орхилоо.

Бүгдийг үзэж сонирхсоны дараа Д.Гандармаа багш хөрсний үржил шимд юу сайнаар нөлөөлж, бордоо болдог тухай заасан юм. Гурван алхмын хэмжээтэй бор шороон хөрсийг цагаан өнгийн намхан хаалтаар хашжээ.

Хашлагын хоёр талаар хүүхдүүдийг эгнүүлж зогсоогоод “Ургамал, цэцэг сайн ургах нь хөрснөөс хамаарна. Муу хөрсөнд цэцэг навч ургахгүй тул хэрхэн сайжруулж, үржил шимтэй болгохыг ярилцъя. Та нар аав ээждээ төмс, сонгино, лууван, манжин арилгаж өгдөг үү” гэхэд бүгд “Тийм” гэлээ. Багш тэдэнд хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг хүнсний ногооны хальс, жимсний хаягдал, унасан навч, хагдарсан ургамлыг хөрстэй хольж, усаар чийглэхэд тухайн хөрс үржил шимээр баяждаг гэдгийг тайлбарлав.

Чийгийн улаан хорхой болон төрөл бүрийн шавьжнууд эдгээр хаягдлыг идэж, задлаад хөрсний үржил шимийг нэмэгдүүлдэг гэнэ. Хүүхдүүдээр хашлагатай хөрсөө ухуулж, чийгийн улаан хорхойг ч сонирхууллаа.

Зарим сурагч үүнээс айж хашгирахад ганц, хоёр нь айдаггүйгээ баталж, гартаа барьчихаад бусдадаа “гайхуулна”. Тэд энэ өртөөнд нэлээд саатаж, нэг ширхэг өт, хорхой ч байгальд чухал нөлөөлдгийг мэдсэнээр дараагийнх руу хөдлөв.

“ЖИЛИЙН ЦАГАРИГ”

Дараагийн буудаллах газар “Жилийн цагариг” өртөө. Багш Э.Насанбаяр гартаа нэлээд том хэмжээтэй модны хэрчим барьжээ. Уг мод 576 жилийн настай аж. Тэрбээр “Хүүхдүүд модыг урт насалдаг гэж боддоггүй юм билээ. Цэцэг, навчтай адил богинохон настай гэж ойлгодог.

Энэ мод ойд 576 жил амьдарсныг хэлэхэд их гайхдаг юм. Манай өртөөний онцлог нь бидэнд хүчилтөрөгч, цэвэр агаар бэлэглэдэг модоо хайрлаж, хамгаалах, ургуулах хэрэгтэйг хүүхдүүдэд ойлгуулах.

Мөн модны цагаригаар насыг нь тогтоохоос гадна тухайн жил цаг агаар ямар байсан, түймэр гарсан, эсэхийг ч мэдэж болдог. Жишээлбэл, цагариг нь тод, өргөн, бусдаасаа зайтай байх нь тухайн жил хур бороо сайтай, ургац арвин байсныг нотолдог. Харин гантай жил модны цагариг нарийхан, бүдэг байдаг юм. Цагариг нь харласан бол тэр жил түймэр болсныг илэрхийлдэг” гэсэн юм.

“МУЗЕЙ”

Хүүхдүүд хамгийн сүүлд “Музей” өртөөгөөр аялсан юм. Тус төвийнхөн уг өртөөндөө зориулж, өнгөрсөн оны сүүлчээр “EEC museum guide” нэртэй аппликэйшн бүтээлгэжээ. Үүнийг интернэтгүй орчинд ч ашиглаж болох аж. Бүх амьтны тухай мэдээлэл авч болохоос гадна тэд ямар дуу авиа гаргадгийг ч сонсох боломжтой уг аппликэйшныг өдгөө баяжуулж, дэлгэрүүлж буй гэсэн.

Энэ музейг профессор, загас судлаач А.Дашдорж агсан байгуулжээ. Ойт хээрийн, говь цөлийн, тал хээрийн болон ус намганд амьдардаг 300 гаруй амьтны үзмэр болон үүсгэн байгуулагчийн эдэлж, хэрэглэж байсан ном, бичиг хэргийн зүйлс, судалж байсан загаснуудын дээж тус музейд байлаа.

Мөн музейд зочилсон гадаад эрдэмтдийн дурсгасан үзмэрүүд ч байв. Матар, далайн хав, тогос, яст мэлхий болон үлээсэн зараа шиг боловч гурав салаалсан сэлүүртэй загас зэрэг Монголд байдаггүй амьтад байсан нь илүү сонирхол татсан. Сурагчид өмнө нь харж байгаагүй олон амьтан харж буйгаа багшдаа хэлж, амьтны тухай сонирхолтой яриа өрнүүлж байсан юм.

Сурагч М.Хонгорхүү “Надад энэ өртөө хамгийн гоё санагдаж байна. Яагаад гэвэл дэлхий дээр ямар амьтад байдгийг харж байгаа болохоор. Шилүүс илүү таалагдсан. Яагаад гэвэл би муур барих дуртай. Шилүүс бол муурын нэг төрөл. Гэхдээ муурнаас арай том” гэхэд М.Дэлгэр “Идлэг шонхор анх удаа харж байна. Сонин нэртэй юм. Тахь, зээр нь хөөрхөн юм аа” гээд үзмэрүүдэд анхаарлаа хандууллаа.

Хэсэг хугацааны дараа тус өртөөний багш П.Дэжидмаа жижигхэн дэлгэцтэй зурагтын өмнө хүүхдүүдийг цуглуулаад, дээр дурдсан аппликэйшнээ ашиглан шувуудын дууг тэдэнд сонсгож, ямар шувуу болохыг нь таалгаж эхлэв. Хүүхдүүд шар шувуу, хөхөөний дууг тэр дор нь таньсан. Харин их хөх бух, энхэт бялзуухайг мэдэхгүй байв.

48 дугаар сургуулийн Эцэг эхийн зөвлөлийн дарга Н.Мөнхзориг “Өртөөчилсөн аялал бодож байснаас сонирхолтой юм. Манай зөвлөлийнхөн “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтраад найман ангийн 300 гаруй сурагчийг энэ аялалд хамруулж байгаа. Хүүхдүүд ч сэтгэл өндөр байна.

Би ч тэдний адил экологийн мэдлэг, мэдээлэлтэй боллоо. Хүүхдүүд өртөө бүр дээр зочлохдоо шинэ мэдээлэл сонсож, түүнийгээ найз нөхөдтэйгөө хуваалцаж байна. Чийгийн улаан хорхой хөрсөнд хэрэгтэйг мэдчихээд, дахиж алж, зовоохгүй гэж ярьж байх жишээтэй. Зөвхөн хүүхдүүд ч биш, бүх насныхан үзэж сонирхоорой” гэж уриаллаа.

Э.НАМУУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.181.160.112 Дөнгөж сая л үзлээ маш их таалагдлаа, бас их сонирхолтой болжээ.