Д.Үүрийнтуяа: Хүмүүс миний бүтээлийг таалдаг ч худалдаж авъя гэж хэлдэггүй

2016 оны 03 сарын 21

Австралийн Күинсленд хотод болж буй Ази, Номхон далайн орнуудын наймдугаар триеннальд эх орноо төлөөлөн анх удаа оролцсон авьяаслаг уран бүтээлчдийг уншигчидтайгаа танилцуулсан аялал сүүлчийн зочинтойгоо золгов. Түүнийг Д.Үүрийнтуяа гэдэг.

Дэлхийн 30 гаруй орны 80 зураачийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн тус үзэсгэлэнг зохион байгуулагчид энэ эмэгтэйн бүтээлийг онцлон, нүүр хуудастаа байршуулж байсан түүхтэй. “Сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрчихсөн. Нялх хүүхэдтэй болохоор цаг зав гарахгүй юм” гэсээр намайг угтсан тэрбээр урланд нь байх бүтээлүүдээс өөрийнхийгөө олох даалгавар өгч, сорьсон.

Учир нь түүний нөхөр нь мөн л зураач бөгөөд урлан тэдний дундын эзэмшлийнх аж. Зөн билгийн тулаанд орж буй мэт л сэтгэгдэл төрж, сандарсан ч би түүний бүтээлийг таньчихсан.

Монгол зургийн төрлөөр дагнан зурдгийг нь уулзахаас өмнө судалсан нь нэмэр болсон байж мэдэх ч түүний бүтээлээс эмэгтэй хүний дотоод ертөнц, хүсэл тэмүүлэл мэдрэгдэж байв. Түүнийгээ илэрхийлэхдээ цэцэгс, шувууд, эмэгтэй хүний дүр төрх ашигласан нь цөөнгүй.

2002 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн Монгол зургийн ангийг төгссөн түүний мэргэжлийн багш нь Төрийн шагналт, Ардын зураач Цүлтэмийн хүү Наранмандах юм байна. Триеннальд оролцож буй зураачид цөм нэг багшийн шавь гэдгийг тэрбээр онцолсон. Мөн уран зураг болоод монгол зургийн ялгааг тайлбарлахдаа “Нөхөр маань уран зургийн төрлөөр дагнадаг.

Бидний бүтээл орон зай, дүрслэгдэхүүнээс гадна арга ажиллагааны хувьд ялгардаг. Уран зурагт аливаа зүйлийг ерөнхий дүрсэлдэг бол монгол зурагт эсрэгээрээ. Деталь бүрийг нь тодорхой гаргах хэрэгтэй болохоор зураачаас нарийн ажиллагаа шаарддаг.

Зарим зураач будаг цацаж, нялаад асар богино хугацаанд бүтээл хийчихдэг бол монгол зураг тийм биш. Удаан хугацаанд бодож бясалгах шаардлагатай” хэмээв.

“Зураач, хөгжмийн зохиолч, яруу найрагчид хамгаас азтай. Учир нь тэд сэтгэлд буй бүхнээ уудалж, уран бүтээлээрээ хөглөгдөж чаддаг улс” хэмээн уншиж байсан юм. Өөрөөр хэлбэл, тэдэнд бусдаас давуу эрх бий гэх. Харин зарим уран бүтээлч бусдыг даган дуурайж, хуулбарлах нь бий.

Зураач бүсгүйн үзэн яддаг зүйл энэ аж. Тэр “Би аливаа урсгал, чиглэлд баригдах дургүй, эрх чөлөөтэй гээд л юм бүхэн рүү үсчиж, хэн нэгнээс хуулбарлах нь элбэг болж. Тэгж хийсэн бүтээлийг нь хүнтэй зүйрлэвэл өөрийн гэсэн үзэл бодолгүй, дархлаагүй гэсэн үг.

Уг нь миний бүтээлийг хэн ч, хаанаас ч хараад таньж байх ёстой шүү дээ. Яагаад гэвэл би өөрийгөө л бүтээж буй. Тэндээс өөр хүн харагдах ёсгүй. Манайхан энэ тал дээр их дутмаг юм шиг санагддаг” гэв.


“Зүүдний чөлөөнд-1”

-Гэр бүлээрээ уран бүтээлч байхын сайхан хийгээд хэцүү нь юу вэ?

-Хоёулаа уран бүтээлч болохоор “Ар гэртээ хэрхэн цаг зав гаргаж, амьдралаа авч явдаг байна” гээд хүмүүс гайхдаг л юм. Гэхдээ бид бүхнийг амжуулдаг. Нэгнээ ойлгож, дэмждэг. Уран бүтээлч хүний нүдээр алдаа дутагдлыг нь харж, зөвлөнө. Надад зураач эмэгтэй найз олон бий.

Гэтэл заримынх нь нөхөр уран бүтээлийнх нь ажлыг ойлгохгүйгээс болоод тусдаа амьдрах шийдвэр гаргахад хүрч байна. Харин бидэнд ийм хүндрэл гардаггүй. Нөхөр маань бүтээлээ хийхийн хажуугаар СУИС-ийн Радио, телевизийн сургуульд багшилдаг.

Харин би Хонконгийн нэгэн галерейтэй гэрээтэй ажиллаад дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Миний бүтээлүүдийг борлуулах, сурталчлах, үзэсгэлэнд оролцуулах ажлыг тэд хариуцдаг.

-Тус галерейтэй хэрхэн холбогдов. Таны бүтээл эх орондоо биш, харийн улсад “шингэж” буй нь хайран санагддаггүй гэж үү?

-Монголд үнэлж чадахгүй байна шүү дээ. 2009 онд нөхөртэйгээ хамтарсан үзэсгэлэн гаргах үеэр тус галерейн эзэн нь Монголд ирж, олон уран бүтээлчийн галерейгаар зочлон, үзэсгэлэн сонирхсон юм билээ. Тэр үед миний бүтээл нүдэнд нь өртчихөж. Тэгээд л хамтран ажиллах болсон.

-Гэр бүлийн хүмүүс уран бүтээлийн хувьд нэгэндээ нөлөөлдөг болов уу?

-Нөлөөлдөг юм билээ. Триеннальд оролцож буй зураач Б.Номин, Б.Баатарзориг хоёр мөн л гэр бүлийнх, хоёулаа монгол зургийн чиглэлээр зурдаг. Тэдний бүтээлийг ажихад сүүлийн үед улам адилхан болоод буй нь анзаарагддаг.

Бидний хувьд хоёр өөр төрлөөр зурдаг учраас л биендээ уусахгүй байгаа болов уу гэж боддог юм. Гэхдээ үзэл бодол, зан чанартай холбоотой болоод ч тэр үү, өнгө сонголтын хувьд нэлээд төстэй шүү.

-Та захиалгаар зурдаг уу?

-Надад тийм санал ирдэггүй. Би ч хүсдэггүй юм. Хүний санаанд нийцүүлж зурах хэцүү. Чамайг ямар нэгэн нийтлэл бичих гэж байтал хэн нэгэн оролцоод, зааварчлаад байвал хэцүү биз дээ. Яг л үүнтэй ижил. Хүмүүс миний бүтээлийг таалдаг ч худалдаж авъя гэж хэлдэггүй.

-Зүрхэлдэггүй юм болов уу. Хүн таалагдсан зүйлээ авахыг хүсдэг биз дээ, уг нь.

-Мэдэхгүй. Хол санагддаг юм байлгүй.

-Та бүтээлээрээ хүмүүст юу өгөхийг, мэдрүүлэхийг зорьдог вэ?

-Урлаг хүнд олон зүйл өгөх чадалтай ч түүнийг нь хүн бүр хүртдэггүй. Учир нь бидний урлагийг таашаах, ойлгох мэдрэмж харилцан адилгүй. Математикийн бодлого шиг ойлгомжтой, тодорхой зүйлс урлагт байдаггүй.

Дундад зууны үеийн урлагийн бүтээлүүд гоо зүйтэй байсан болохоор хүмүүс түүнийг нь биширч, таашаадаг байв. Өнөөдрийн урлагт харин гоо зүй алга.

-Австралийн томоохон галерейд бүтээл нь заларчихлаа. Дараагийн удаа таны бүтээл хаанахын галерей, музейд зочлоосой гэж хүсэж байна?

-Олонх уран бүтээлч дэлхийд танигдахыг, алдартан болохыг хүсдэг. Би тийм биш. Ээж маань “Охиныгоо алдартай хүн болоосой гээд залбираад, сүү өргөчихлөө” гэхэд нь “Яах юм бэ ээж минь. Хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарч байвал боллоо.

Хүссэн зүйлээ хийгээд явж буй минь л хангалттай” гэж хэлдэг. “Дэлхий ертөнц атаархагчдаар дүүрэн. Аз жаргалаа чимээгүй эдэл” гэж Күнз хэлсэн байдаг даа.


“Зүүдний чөлөөнд-2”

-Та энэ үгийг амьдралдаа мөрддөг хэрэг үү?

-Саяхан сонсчихоод “Яасан үнэн үг вэ” гэж л бодсон. Би үзэсгэлэн болгоны нээлтэд оролцож, хүмүүсийн нүдэнд өртөх дургүй. Оюутан байхдаа ч гэр, сургуулиас хазайдаггүй байлаа. Бужигнаан, шуугианд дургүй, түвэгтэй санагддаг юм.

-Зурах авьяас тань юунаас эхтэй вэ. Танай удамд гарын дүйтэй хүн бий юү?

-Ээжийн маань ээж их уран гартай, оёдолчин хүн байсан гэдэг. Харин аавын аав нь дархан. Бурхан хүртэл урлаж байсан юм билээ. Энэ хоёр хүний авьяас, мэдрэмжийг би өвлөсөн байх.

-Ямар төрлийн хөгжим сонсох дуртай вэ?

-Ихэвчлэн амьд хөгжим сонсдог.

-Та ном их уншдаг юм аа даа. Хамгийн сүүлд ямар бүтээл амтлав?

-Ф.М.Достоевскийн “Гэм зэм”-ийг уншсан юм байна. Саяхан “Солиот”-ыг нь авсан ч унших зав гарахгүй л байна.

-Уран бүтээлийн гараагаа эхэлж байх үеийн Үүрийтуяаг одоогийнхтой харьцуулбал хэр их өөрчлөгдсөн бэ. Энэ нь уран бүтээлд чинь хэрхэн нөлөөлдөг бол?

-Үзэл санааны хувьд төлөвшсөн юм болов уу. Насанд хүрсэн хүн бүхэн төлөвшсөн байдаггүй шүү дээ. Уран бүтээлээ туурвих арга барилаа олсон. Хүн өөрийгөө олох, тэр тусмаа уран бүтээлч хүн өөрийгөө таних их хэцүү. Өнөөдөр, чиний өмнө сууж буй зураач Үүрийнтуяаг бий болгохын тулд би 10 гаруй жил хөдөлмөрлөсөн.

-Уран бүтээлч, бүтээл хоёрыг хүнтэй адилтгавал эх үрийн нандин холбоотой. Эх хүн хүүхдээ бүхий л насаараа хайрлан халамжилж, анхаарал тавьдаг. Та бүтээлийнхээ хувь заяанд хэр их анхаардаг вэ?

-“Энэ л ёстой сайхан боллоо” гэж бодсон, сэтгэлд хүрсэн зургаа хараад л баймаар. Ийш тийш нь явуулна гэхээр хайран санагддаг шүү.

-Сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулсан зураг нь хэн нэгэнд таалагдахгүй байх, тааруухан болчихлоо гэж бодсон бүтээл нь өндрөөр үнэлэгдэж, магтаал сонсох үе байдаг уу?

-Олон бий. Санасан хэмжээндээ зурж чадаагүйдээ сэтгэл гонсойж, “голж” байсан бүтээл хүмүүсийн сэтгэлд хүрч, гайхашруулах явдал тохиож байсан. Тухайлбал, би дээхнэ үед нэг бүтээлээ зурах гэж их зүдэрсэн юм. Нэг л болж өгөхгүй байсан болохоор ч тэр үү, сэтгэл дундуур байсан.

Гэтэл хүмүүс тэр зургийг үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдээс онцолж байсан. Урлаг судлалын ухааны доктор Болдбаатар гуай надад баяр хүргээд, “Зураас бүхэн нь амьтай болжээ” гэж хэлж байсан шүү.

-Зурахад хамгийн хэцүү зүйл юу вэ?

-Мэдэхгүй юм.

-“Хүний мөс чанар сульдан доройтсон, хэцүү цаг үе” хэмээн өнөөгийн нийгмийг шүүмжлэн, бараан өнгөөр харах хүн их болжээ. Таны хувьд энэ цаг үеийг ямар өнгөөр дүрслэх вэ?

-Хэцүү тэгсэн атлаа маш сонирхолтой үед бид амьдарч байна. Үүнийг өнгөөр илэрхийлбэл саарал байх болов уу. Олон сайхан өнгө дотор нь бий ч харагдахгүй л байна.

-Та дуу цөөтэй, дотогшоо чимээлсэн хүн юм. Ер нь мундагчууд чимээгүй, даруу байхыг эрхэмлэдэг бололтой. Ингэснээрээ зарим зүйлийг алддаг юм биш биз.

-Би олонхын нэг баймааргүй байна шүү дээ.

Ж.СУВДМАА

"Хөрөг"

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
138.77.205.113 Мундаг бнаа, Амжилт шүү
1.245.161.55 Bagshiinh n neriig zuv bicheechee.tegeed ch emegtei hvn she.Tsvltemiin Narmandah bagshiin shavi.
103.57.93.25 Holboo barih hayag utas n bnu?
103.57.93.25 Goyo yumaa, urlangaar ni orj zurag sonirhmoor bn, utas n bnu? 77097685 ruu zalgaarai.
202.55.183.106 Уран бүтээлчдээ улам их амжилт, аз жаргалыг хүсье.
203.91.115.36 Amjilt husie
43.242.243.181 gaihaltai uran buteelch urlagiin burhan iveeh boltugai
24.209.241.155 sain baina. ulam saihan buteeluud gargaarai. gaihaltai zursan bna. amjilt!
59.29.77.44 Baharhaj bna