Найз, бас “МААЗ”

2016 оны 03 сарын 24

Дуулсан дуунууд нь өсвөр насныхны дунд хит болж байгаа шинэхэн хамтлагийг энэ удаа танилцуулахыг хүслээ. Г.Жанчив, Ч.Төмөрхуяг, Р.Сүхболд нар гурван жилийн өмнө “Мааз” хамтлагаа байгуулжээ. Тэд СУИС-д жүжигчний мэргэжил эзэмшсэн боловч дуулах хүсэлдээ автсан гэнэ.

-Та гурав СУИС-ийг хамт төгссөн юм билээ. Хамтлаг байгуулах санааг хэн анх гаргасан бэ?

-Р.С: Төмөрхуяг бид хоёр дунд сургуулийн нэг анги төгссөн. Харин Жанчивтай 2009 онд МҮОНТ-ийн “Хэцүү анги” олон ангит киноны дүрийн сонгон шалгаруулалтын үеэр анх танилцсан юм. Гурвуулаа уг кинонд тоглохоор сонгогдож, гурван сар нэг дор байрлаж зургаа авахуулсан.

Эндээс л найз нөхдийн сайхан харилцаатай болсон доо. Ингээд СУИС-д элсэж, 2015 онд төгссөн. Ардын жүжигчин Лхамхүү, Мөрдорж, найруулагч Энхбаяр зэрэг багшийн шавь нар. “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин А.Төгсбаяр ах хамтлаг байгуулах санаа гаргаж, бид ч дуртайяа дэмжсэн.

2012 оны аравдугаар сарын 19-нд Төмөрхуягийнхаа төрсөн өдрөөр хамтлагаа байгуулсан даа. Энэ өдөр анхны дуугаа сонсогчдод хүргэж байлаа.

-Эмэгтэй гишүүнтэй байсан байх аа.

-Ч.Т: Тийм ээ. Олон охин шалгаж үзсэний эцэст нөгөө ангийнхаа Нинжинг сонгож байлаа. Харамсалтай нь тэр гишүүн маань жилийн өмнө хувийн шалтгаанаар хамтлагаасаа гарсан. Одоо “Х ТҮЦ” продакшнд ажиллаж байгаа.

-Хамтлагаа яагаад “Мааз” гэж нэрлэсэн юм бэ. Маазраад л, алиалаад л байна гэсэн үг үү?

-Г.Ж: Хүмүүст инээд, баяр баясал бэлэглэж, зугаатай байлгая гэсэн утгаар л энэ нэрийг сонгосон юм. “Магнитафон”, “Zoom” гэх мэтчлэн олон нэрнээс сонгосон. Бид гурав тийм ч царайлаг хүмүүс биш шүү дээ. Бас гурвуулаа намхан. Тэгэхээр дутагдлаа давуу тал болгож ашиглан, хүмүүсийг инээлгэж яагаад болохгүй гэж.

-Танай хамтлагийн зарим дуунаас “Guys” хамтлагийнх шиг хөгжилтэй өнгө аяс сонсогддог. Энэ нь тэдний нэг гишүүн танай продюсерээр ажилладагтай холбоотой юу?

-Г.Ж: Аргагүй шүү дээ, манай дуунууд “Guys”-ынхтай ижил стилтэй юм чинь. Гэхдээ дууныхаа шүлгийн санааг бид өөрсдөө гаргадаг.

-Дуунуудынхаа санааг өөрсдөө гаргадаг гэхээр гурвуулаа шүлэг бичдэг гэсэн үг үү?

-Р.С: Үгүй ээ, санаагаа хэлээд, захиалж бичүүлдэг юм. Сүүлд гаргасан “Бүтэлгүйтээд” дууны үгийг гэхэд рэппер Gee бичсэн.

-Бас дуунууд чинь хоорондоо холбоотой, үйл явдлыг нь холбоод үргэлжлүүлж болохоор санагддаг.

-Ч.Т: “Би дурламаар байна”, “Синдром”, “Би дурлачихжээ”, “Бүтэлгүйтээд” гээд л үү. Дурлахыг хүсээд, дурлаад, бүтэлгүйтсэн байх нь. Бид жүжигчин мэргэжилтэй шүү дээ. Яагаад дуунуудаараа мюзикл тоглож болохгүй гэж. Өөрсдийгөө сорьж үзмээр л байна. Гэхдээ цаг нь болоогүй ээ, хаа байсан юм.

-Нэлээд олон киноны туслах дүрд тоглочихлоо. Гурвуулаа гол дүрд нь тоглож, хамтлагийнхаа тухай, кино хийе гэж боддог уу?

-Р.С: Байлгүй яах вэ. Ах нарынхаа жишгээр үзээд алдъя гэж бодож байгаа. “Фантастик” продакшныхан хэчнээн мундаг байгаа билээ. Кинонуудын арын албанд ажиллаж, туршлага сууж байна. Жүжигчний гараагаа эхлэх, гурвуулаа гол дүрд тоглох киноны санаа бий.

-Хамтлагийн тань өнгө аясаас болоод ихэвчлэн инээдмийн кино, хошин дүрд тоглуулах санал ирдэг үү?

-Р.С: Тийм шүү. Гэхдээ аль болох л ингэж хайрцаглагдахаас зайлсхийхийг хичээдэг.

-“Камертон”, “Хар сарнай” гээд л хөвгүүдийн ихэнх хамтлаг байгуулагдсаныхаа дараахан хамтдаа амьдарч байсан гэдэг. Та гурав хамт амьдарч үзсэн үү?

-Г.Ж: Хэсэгхэн хугацаанд хамт амьдарсан. Нөгөө хоёр маань найз бүсгүйтэй болохоор одоо хамт амьдраад яах вэ. Гэхдээ гэр гэртээ харьж унтдаг л болохоос биш, бусад үед байнга хамт.

-Одоо аль нэг студи, продакшнд харьяалагддаг уу?

-Ч.Т: Анх байгуулагдахдаа л “Rec” студи, “Imagenation” фильмд харьяалагдсан. Одоо ч хэвээрээ. Өнгөрсөн зун манай фильм “Улаанбаатар, би чамд хайртай” олон ангит кино хийсэн. Тэр кинонд хамтлагаараа тоглосон.

-Нэгэнт л тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулан ажиллах юм бол тусдаа продакшн байгуулчихвал яасан юм бэ?

-Р.С: Тэгэхийн тулд л ажиллаж, зүтгэж байгаа. Гэхдээ одоохондоо бидний туршлага нимгэн байна.

-Нэлээд дуутай болчихлоо. Яагаад цомгоо гаргахгүй байгаа юм бэ?

-Г.Ж: Анхны цомгоо энэ онд багтааж гаргахаар төлөвлөсөн. Цомогт орох дуунууд бүрдэж, бичлэгээ хийчихсэн. Найм юм уу, есөн дуутай цомог гаргана.

-Уран бүтээл хийхэд авьяас, сэтгэлээс гадна хөрөнгө санхүү их хэрэгтэй. Танай хамтлаг хуримтлалтай болж амжив уу. “Сүнс” хамтлаг гэхэд 1993 онд анхны тоглолтын орлогоосоо хуримтлал үүсгэж эхэлсэн гэдэг.

-Р.С: Мэдээж. Авьяастай, сүйхээтэй байж л уран бүтээл хийнэ. Дуу бичүүлэх, клип хийлгэхэд ямар үнэтэй байдаг билээ дээ. Энд тэнд дуулж, кинонд тоглож олсон мөнгөнөөсөө хамтлагийн хуримтлал үүсгэж, уран бүтээлдээ зарцуулдаг. Бас манай уран бүтээлийг “Арвайн үндэс” компани дэмждэг.

-20 жилийн дараа танай хамтлаг ямар түвшинд хүрсэн байх бол?

-Ч.Т: Өнөөдрийнх шигээ дуугаа дуулж, кинондоо тоглоод л явж байхыг хүсэж байна. Энэ л бидний зорилго.

А.ХАЛИУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД