ТУРКТ “ЦУС ДААВАРЛАЖ” байна

2016 оны 03 сарын 24

Турк улс яг одоо маш түвэгтэй байдалд байна. Нийгмийн улс төрийн туйлшрал нь гүнзгийрч, эдийн засгийн өсөлтийн хурдац нь удааширан, дотоод, гадаад түгшүүртэй байдал нь нэмэгдэж буй байдалтай Анкара тулгарлаа. 1970, 1990-ээд оны улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлаас ялгаатай нь Туркийн өнөөгийн дотоод хямрал олон талаар Анкарагийн дотоод, гадаад бодлогын прагматизм болон тэргүүлэх үүргийн хойноос хөөцөлдсөнөөс бий болсон одоогийн байдал хоёрын зөрчлийн үр дүн юм.

Энэ хямралын нөхцөлд дараах гол шинж тэмдгүүд илэрч байна. Юуны урьд Туркийн нийгэм-улс төрийн амьдрал, түүний төрийн бүх институцийг хамарсан олон түвшний ноцтой бэрхшээл юм. Нийгмийн дотор ирээдүйдээ үл итгэх байдал газар авч, нийгэм, улс төрийн загвар нь хүчээ шавхаад илт сульдаж эхэлж байна.

Армийнх нь нөлөө байнга өсөж, цэргийн ээлжит эргэлт гарах аюул нүүрлэх болов. Курдийн асуудал шинэ түвшинд хүрч, тус улсын зүүн өмнөд нутагт одоо курдийн зэвсэгт бүлэглэлүүдтэй үндсэндээ сулавтар ч гэлээ иргэний дайн болж байна.

Анкарагийн гадаад, дотоод бодлогод Сирийн дайн нөлөөлж буйг үгүйсгэх аргагүй боллоо. Бий болсон нөхцөл байдалд эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам болон түүний албан ёсны бус удирдагч, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны улс төрийн байр суурь тодорхой бус байна.

Туркийн цэргийн дээд хэсгийнхэн улсынхаа улс төрийн амьдралд эргэж ирэх магадлал хэр бодитой байна вэ? Улс төрийн үйл явцад арми идэвхтэй оролцож ирсэн нь Туркийн саяхны түүхийн онцлогийн нэг байсан юм. Цэрэг, иргэний харилцааг өөрчлөн зохион байгуулахаа өнгөрсөн арван жилд Эрдоан ил цагаан тунхаглаж, цэргүүд нь хуарандаа байж, иргэний эрх баригчдад зүтгэхээс биш, улс төрийн бодлогыг тулгахгүй байхаар бодлого, үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

Дотоод улс төрийн хямрал нь хүчтэй, гаднын аюул занал нэмэгдэх, курдийн асуудал хурцдах ийм гурван нөхцөл давхацсан тохиолдолд Туркт цэргийн эргэлт гарч болзошгүй. Тэгвэл энэ хүчин зүйлүүд одоо илт байна. Гэхдээ Туркийн курдүүдийн удирдагчидтай эхлүүлсэн энхийн үйл явц нь бүтэлгүйтсэнээс Эрдоан 2007-2008 онд ихэд хяхаж, хавчиж байсан армийн удирдлагатай тактикийн хэлхээ холбоо тогтоохоос аргагүй болсон юм.

Курдүүд ихэвчлэн оршин суудаг тус улсын зүүн өмнөд бүс нутгуудад цэвэрлэгээ хийсэн 2015 оны намар ийм хандлага онцгой илэрч, цэргийн ажиллагаа явуулах үед командлалд нь Засгийн газар онцгой эрх олгосон билээ. Армийн дээд хэсэгтэй түр зуурын хэлхээ холбоо тогтоохын тулд Туркийн улс төрийн амьдралаас цэргийнхнийг шахаж байсан урьдын бодлогын алдаагаа хүлээн зөвшөөрсөн байна. Цэргийнхэнд ийн хандаж байсны буруутнаар Пенсильванид аж төрдөг Туркийн нэртэй номлогч Фетхулах Гюленийг тодруулсан аж.

Туркийн арми одоо ч улсынхаа улс төрийн хамгийн нөлөө бүхий институцийн статусаа хадгалсаар байсан ч 1960, 1971, 1980 оных шиг цэргийн эргэлт одоо хийхээр шийдэх нь юу л бол. Туркийн нийгмийн дэмжлэг хүлээнэ гэх дүүрэн итгэл цэргийнхэнд байхгүй байна. Одоогийн онцгой осолтой нөхцөлд Туркийн армийн дээд удирдлага Эрдоаны эрсдэлтэй гадаад бодлогод сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж буй нь юу юунаас чухал юм. 2015 оны хавар Сири рүү дайрч орох гэхэд нь Эрдоаныг цэргийнхэн арай гэж зогсоосон, энэ байдал 2016 оны хоёрдугаар сард давтагдсан байна.

Курдийн асуудал одоогийн цус дааварласан байдалд хүрээд гуч гаруй жил болж байна. Туркт ойролцоогоор 15-20 сая курд байдаг нь нийт хүн амынх нь 15 орчим хувийг эзэлдэг гэсэн үг. Тэглээ ч курдийн цөөнх салангид тасархай байдлаараа эртнээс онцгойрч ирсэн байдаг.

Туркийн курдүүдийг улс төрийн талаас гурван хэсэгт хувааж болох бөгөөд эхнийх нь Туркийн Засгийн газартай зэвсэгт тэмцэл хийдэг, үндсэрхэг үзэлтэй Курдистаны ажилчны намын талыг баримтлагчид юм. Хоёр дахь нь зүүнтэн, социал демократ үзлийг дэмжигч, сонгуульд Ардын бүгд найрамдах намын төлөө саналаа өгдөг курд-алавитууд.

Эцэст нь Туркийн курдийн 50 гаруй хувийг эзэлдэг шашин-хуучинсаг үзэлт олонх. Эд Эрдоан болон түүний Шударга ёс, хөгжлийн намыг дэмжиж байсан явдал бий. Энэ намын үзлийг курд хүн амын үлэмж хэсэг дэмжиж байсан нь Туркийн эрх баригчдад маш таатай явдал болж, энэ олонхыг курдийн асуудлын хүрээнээс гаргаж, тухайн үеийнхээ нийгэм, улс төрийн тогтолцоо руу тэднийг оруулж хүртэл байв.

Гэвч Сирид дайн эхэлж, энд “Исламын улс” гээч бий болсноор бүх юм өөрчлөгдөж, курдүүд үндэсний улс төрийн эвлэрэлд нэгдэх чадалтайгаа харуулж, бүхний гайхлыг төрүүлсэн юм.

Сири, Туркийн хил дээр орших курдийн Кобани хот “Исламын улс”-д бүслэгдээд байхад Анкара тусламж үзүүлэх шийдвэр гаргаагүйгээс болж курдийн энэ олонхын сэтгэл хөрч, Эрдоан болон түүний намд хүйтэн хандах болжээ. Сүүлийн жилүүдэд Туркийн Засгийн газар хийгээд Курдүүдийн хооронд ойлголцол бий болж мэдэхээр байтал Курдийн асуудлыг шийдвэрлэхдээ цэргийн хүч хэрэглэх аргад шилжсэн нь тэдний урмыг улам хугалж орхилоо.

Туркийн байдал тогтворгүй болоход Сирид иргэний дайнаар зад татуулсан 822 км урт залгаа хил ихээхэн нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Ариун дайнчид Турк рүү хөрш улсаас нь зөвхөн эмчлүүлэх, хүч чадлаа сэлбэх гэж (Эрдоаныг шүүмжлэгчид чухам ийм зорилготой ирдэг гэж хэлэх нь олонтаа) ирэхгүй, улс орных нь дотоод аюулгүй байдлыг сүйтгэх, алан хядах ажиллагаа үйлдэхээр ирэх нь цөөнгүй.

Үндэсний аюулгүй байдалд нь заналхийлэх энэ аюул өсөн нэмэгдэх хэрнээ Туркийн одоогийн нийгмийг нэгдэж нягтрахад нь түлхэц болдоггүй нь хачирхалтай, харин ч түүний дотоодод хагарал, улс төрийн туйлшрал улам хүчтэй болж байдаг юм. Урдах цаг үеэс ялгаатай нь тус улсын зүүн өмнөд нутагт курдүүдтэй цэргийн сөргөлдөөнд орох нь одоо Туркийн хүн амын зүгээс нэг мөр дэмжлэг авахаа больж байна.

Сири дэх үйл явдал 2015 онд Туркт тун таагүй чиглэлд өрнөж, арваннэгдүгээр сард Оросын бөмбөгдөгч Су-24 онгоцыг устгаснаас хойш өмнөд бөөрөнд нь байгаа хөрш орныхоо байдалд нөлөөлөх боломжоо Анкара эргэлтгүй алдсаар байгаа юм. Сирийн зөрчилдөөнд хөндлөнгөөс оролцох илүү аятай цаг үе ирж буй хэмээн Туркийн Засгийн газрыг дэмждэг мэдээллийн хэрэгслүүд сүүлийн саруудад ихээхэн ярьж байна.

Тэгэхдээ эдгээр нийтлэл үндсэндээ хагаралд ороод байгаа Туркийн нийгмийг шавхан дайчлах дотоод хэрэглээнд зориулагдаж байгаа нь нууц биш. Сири рүү Турк халдан довтолж үл зүрхлэх хэд хэдэн шалтгаан байгаа юм. Нэгдүгээрт, ядаж цэвэр техникийн талаас нь аваад үзэхэд орчин цагийн цэргийн ажиллагаа агаараас халхавчлахыг шаардаж буй. Туркийн арми Сирийн курдүүдийн эсрэг хэрэглэж буй их буу нь нисэх хүчин шиг давамгай байдал бий болгож чадахгүй.

Тэгээд ч одоо Сирийн тэнгэрийг Орос бүрэн хянаж буй учир Туркийн нисэх хүчнийг түүн рүү оруулна гэж үү. Хоёрдугаарт, Сири рүү дайрвал Анкарад дипломат ноцтой байдал бий болно. Туркийн довтолгооныг Саудын Араб болон Персийн булангийн бусад орон дэмжих нь гарцаагүй ч Оросыг тооцолгүй орхино гэхэд АНУ хийгээд Өрнөдтэй зөрчилдөх нь зайлшгүй. Түүнээс гадна Туркийн арми Сири рүү дайрч ороод Башар Асадын Засгийн газрын цэргүүд, “Исламын улс”, зэвсэглэсэн сөрөг хүчин нь түүгээр ч барахгүй курдүүдтэй нь тулалдах шаардлагатай болно.

Өөрөөр хэлбэл, хэд хэдэн фронт дээр дайтна. Эрдоан ийм эрсдэлтэй алхам хийхэд бэлэн гэдэгт итгэхэд хэцүү. Гуравдугаарт, Анкара Сирийн иргэний дайнд орооцолдвол улсынхаа нутгийн зүүн өмнөд хэсгийн курдийн районуудад буюу өөрийн ар талд фронт нээх нь гарцаагүй. Энэ нутаг дэвсгэрт дэгдсэн турк-курдийн зэвсэглэсэн тэмцлийн түймэр Турк даяарыг хамарч болохыг сүүлийн алан хядах ажиллагаа бэлхнээ харууллаа.

Ардчиллыг турших гэсэн Туркийн бүх оролдлого этгээд хэлбэртэй болсоор ирэв. Эрх барих болсон эхний жилүүддээ Эрдоан Европын холбоотой ойртоход чиглэсэн улс төр, эдийн засгийн олон өөрчлөлт эхлүүлсэн. 2007 оноос өмнө улс орондоо түүний хэрэгжүүлсэн бүхнийг Туркийн нийгэм өөрчлөлт гэж үзэж хүлээн авсан юм. Гэтэл сүүл рүүгээ, ялангуяа 2010 оны Үндсэн хуулийн далайцтай өөрчлөлтөөс хойш өмнөх жилүүдийн бүх ололт амжилт нь өөлөгдөж, ямагт хойш нь чангаах болов.

Турк одоо Эрдоаны удирдлагаар Ерөнхийлөгчийн засаглалтай БНУ-ын зүг рүү явах уу, өөрийн онцлогтой Европ маягийн либерал-ардчилсан парламентын тогтолцоогоо үргэлжлүүлэн хөгжүүлэх үү гэсэн салаа замын уулзвар дээр ирээд байна. Турк ямар зам сонгох нь түүний удирдагчийн хувийн зан чанараас олон талаар шалтгаалсаар ирсэн уламжлалтай.

Одоо мөрдөж буй Үндсэн хуулиар Ерөнхий сайд, эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын албан ёсны бус удирдагч Ахмет Давутоглу Төрийн тэргүүн гэгдэж буй ч үнэн хэрэгтээ бүх эрх мэдэл Эрдоаны гарт төвлөрч байгаа. Давутоглу нь Эрдоаны гарын хүн бөгөөд улс төрийн хувьд нэлээд сул хүн учир бий болсон нөхцөл байдалтай эвлэрэхээс буцахгүй. Хэрэв тэрбээр улс төрийн эр зориг гаргаад намын нөхдийнхөө дэмжлэгийг авч, Эрдоаныг Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд байхыг эелдгээр хүсэж чадах юм бол Турк улс Европын либерал замаар хөгжих магадлал эрс нэмэгдэнэ.

Оросын бөмбөгдөгч Су-24 онгоцыг 2015 оны арваннэгдүгээр сард устгаснаас хойш Орос, Туркийн харилцаа муудсан төдийгүй илт дайсагнасан байдалтай болсон. Ойрын үед олигтой сайжрах төлөв ч байхгүй гэж хэлж болохоор байна. Нөхцөл байдал хэрхэн өрнөх тухайд гурван хувилбар байж болох мэт. Ямааны мах халуун дээрээ гэдэгчилэн шууд эвлэрч болох юм.

Эсвэл 2015 оны арваннэгдүгээр сарын 24-ний явдлын буруутнаар улс төрийн нөлөө бүхий нэг хүнийг зарлаж золиос болгохыг Турк зөвшөөрч, Оростой сайн хөршийн харилцаагаа сэргээх боломж байж магадгүй. Эцэст нь аль аль талаасаа буулт хийлгүй байсаар цагийг элээж байж шарх аних эвлэрлийн урт удаан зам сонгож мэднэ.

Үйл явдлын өрнөл гурав дахь хувилбараар явбал Орос, Туркийн хоорондын зөрчил ужгирч, одоогийн гол баатрууд улс төрийн тавцангаас буусны дараа л аяндаа намжих болов уу.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД