ТҮМЭН АМЬТАЙ ТҮМЭН НАСТ

2016 оны 03 сарын 25

Огторгуйн уудмаар аялсан “сансрын нисэгчид” эх дэлхийдээ эргэн иржээ. Гэвч тэд ийм ер бусын аялалд оролцсоноо мэдсэнгүй, хөлгийн бүхээг дотор тухайлан байрлуулсан хоргон дотор бөх гэгч нь унтаж байлаа. Аяллыг зохион байгуулагчид хэвтрийг нь засаж, зөөвөрлөөгүй бол тэд тэндээ 10 мянган жил ч унтаж чадахаар байв. Яахын аргагүй жир биш амьтад юм. Дээрх аяллаас хоёр долоо хоногийн дараа тэд мөнөөх хоргоноосоо, дараа нь биеийг нь бүрхсэн хальсан бүрхүүлээсээ гарч, яргай загас шиг ягаан зүстэй, гурван нүдтэй, 11 хос буюу 22 хөлтэй бие гүйцсэн усны “араатан”-д хувирчээ.

Энэ бол 1972 онд болсон бодит явдал бөгөөд тэдгээр зорчигч нь тэнгисийн сармагчин гэгддэг давст усны сам хорхойнууд юм. Сансрын соронзон орон болон гэнэтийн хурц туяа сансрын нисэгчдийн биед хэрхэн нөлөөлдгийг судлах “Biostack I” хэмээх туршилтын ажлын хүрээнд “Аполлон-16” хөлгийнхөн тэднийг сар луу авч явсан нь тэр байж. Эл ярвигтай туршилтыг тэнгисийн сармагчингууд ажиггүй давж, ердөө дараахан нь юу ч болоогүй мэт урьдын адил өсөж үржжээ. Ерөөс энэ амьтны тэсвэр тэвчээр, ямар ч нөхцөлд амьд үлдэх онцгой чадварыг гайхаад барамгүй.

Хатааж, шатааж, цэвэр спиртэнд уусгах гээд ч, хүчилтөрөгчгүй орчинд байлгаж, хэт ягаан туяагаар шарж, цельсийн 105 градуст буцалгаж, атом ч хөдлөхөө больдог тэсгим хүйтэнд хорилоо ч давст усны сам хорхой тэсээд гарна. Энэ амьтныг мөн хүний ясыг задалж орхидог үлэмж хэмжээний pH, 50 хувийн давстай ус, шавьж устгах уусмал ч хөнөөж хүчрэхгүй. Тэнгисийн сармагчин сансрын вакуум орчинд, далайн түвшнээс 6000 метрийн доорх даралт ихтэй орон зайд хүртэл амьд байж чадна.

Орчин цагийн шинжлэх ухаан ердөө саяхнаас л энэ амьтны тэсэж үлдэхүйн нууцыг тайлж эхлээд байна.

Сансар огторгуй нь сансрын туяа хэмээх их хэмжээний эрчим хүч агуулдаг “эс ширхэг”-ээс бүтдэг. Энэ нь хүний эд эрхтэн болоод сансрын хөлгийн хөнгөн цагаан ханыг ч нэвтлэх хүчтэй. Тиймээс сансрын туяаны нөлөөг хор холбогдол багатайхан судлах хамгийн боломжит газар нь сар юм. “Biostack I” туршилтын багийнхан чухам ийм судалгааны хүрээнд давст усны сам хорхойн өндгийг сансрын хөлөгтөө авч явсан агаад түүнтэй хамт элдэв зүйлийн ургамлын үр, үндэс, бичил хөвөгчид зэргийг сансрын туяа мэдрэгч нийлэг материал болон тусгай аргаар хийсэн шилэн хоргонд хийн сар луу аялуулжээ. Тэрхүү бүрхүүлд нь сансрын туяаны ул мөр үлдэж хоцорсон бөгөөд НАСА-гийн эрдэмтэд аяллын дараа түүнийг судалж байж чухам аль амьд организмууд гадаад сансрын нөлөөнд автсаныг тогтоосон байна.

Тэгэхэд огторгуйд аялсан давст усны сам хорхойн 110 өндөгнөөс олонх нь сансрын туяагаар шарагдсан хэрнээ ямар нэг хувиралгүй, ердийн байдлаар хагарч, цөөн зарим нь эд эрхтэний гаж хөгжилтэй болсон хэдий ч бараг бүгд бусдаасаа огт ялгаагүй сам хорхойн амьдралаар амьдарчээ. Дээрх туршилтын дараагийн шат буюу 1972 оны сүүлчээр явагдсан “Biostack II” аялалд ч тэнгисийн сармагчин оролцсон бөгөөд сансарт нисээд ирснийхээ дараа мөн л урьдын адил юу ч болоогүй мэт өндөгнөөсөө гарч, өсөж торнисон байх юм.

Хамгийн хачирхалтай нь юу гэвэл давст усны сам хорхой хүчтэй тэнхлүүн харагддаггүй. Харин ч урт нарийхан тэмтрүүлийг нь үл тооцвол нүдэнд торох зүйлгүй, жижиг богинохон хөл нь үс ноос шиг үзэгдэх, хариугүй дорой амьтан юм. Тэгэхээр түүний тэсэж үлдсэн нууц нь юу вэ?

Юуны өмнө энэ амьтантай илүү сайн танилцъя. Тэнгисийн сармагчин гэгддэг ч давст усны сам хорхой нь задгай тэнгис далайд амьдардаггүй. Харин Ютагийн Их давст нуураас эхлээд Каспийн тэнгис хүртэлх өргөн уудам нутагт байх давсархаг нуур, цөөрмүүдээр сүүлийн 100-гаад сая жил нутаглаж байна. Мөн сам хорхой нэртэй ч сайтар зүйлчлэн үзвэл ердийн сам хорхойноос огт өөр юм. Гэхдээ сам хорхойтой нэгэн бүлд буюу холтсон хорхойн ангилалд багтдаг. Тэнгисийн сармагчин хатуулаг бүрхүүлтэй хорхой атлаа тун жижигхэн. Биеийн урт нь ихэвчлэн 15 мм-ээс хэтэрдэггүй. Тэд уснаас өөрсдийн шүүж гаргадаг замаг, ногоохноор идэшлэнэ. Сэлэхдээ буруу буюу ар нуруугаараа хөвнө, хөлөөрөө амьсгална. Эм нь эсрэг хүйстнийхээ тусламжгүйгээр, өөрөөр бол ганцаараа байхдаа ч өндөглөх чадвартай, эрээсээ илүү өл даана.

Гэхдээ энэ бүхнээс илүү уг амьтны хамгийн содон онцлог нь давсанд тэсвэртэй шинж юм. Давст усны сам хорхой бараг хатуу төлөвт шилжихийн наахна буй усан дахь 50 хүртэлх хувийн давсыг ч тоодоггүй бөгөөд энэ нь ердөө 3.5 хувийн давсжилттай далайн усанд туйлын эмзэг дорой болдог олон амьтны сул талтай харьцуулахад бараг л ид шид гэсэн үг. Гэхдээ давстай цөөрөмд амьдарна гэдэг байнга амь өрссөн орчинд байхын нэр. Давсархаг нуур, цөөрөм үргэлж хатахын даваан дээр байдаг бөгөөд нэгэнт хатаж ширгэлээ гэхэд тэнгисийн сармагчин олон сараар, заримдаа бүр олон жилээр тогтсон нутаг оронгүй болдог. Энэ нь бусад амьтны хувьд шуудхан үхэл мөхөл гэсэн үг бол давст усны сам хорхой нуур, цөөрөмтэйгөө хамт хатаж, дөнгөж амьтай голтой төдий хагас үхдэлд хувирна. Харин орчин нөхцөл дээрдмэгц эм нь түрүүлж сэрээд маш нимгэн хальстай, хэдхэн өдрийн дараа хэний ч туслалцаагүйгээр хагарах хэдэн арван өндөг гаргадаг. Гэхдээ хоол хүнс хомс юм уу, давсжилт ихсэх үед давст усны сам хорхой Б төлөвлөгөөндөө шилжинэ. Тэр нь өндөгний оронд дотроо бие гүйцсэн авгалдайтай “уйланхай” гаргах юм. Мөнхүү цэлцгэнэсэн зүйл нь ямар ч хуурай орчинд янзаараа байх бөгөөд доторх шингэнийх нь 97 хувь алдагдсан ч авгалдай нь амьд байна. Энэ нь үхэл, амьдралын зааг дахь тун хачирхалтай байдал юм.

Тэнгисийн сармагчин тэжээдэг ямар ч хүн энэ амьтны хатсан “цэлцгэнүүр” өндгийг амь оруулахын тулд бага зэрэг ус нэмэх ёстойг мэднэ. Жаахан усалж өгөхөд л уйланхай доторх авгалдай нь 24-хөн цагийн дотор бараг хоёр дахин томорч, хүүхэлдэй болно. Мөн нэг нүд нь дорхноо гарч ирэх бөгөөд нөгөө хоёр нүд нь төд удалгүй, ойролцоогоор 3-4 өдөрт бүрэлддэг.

Энэ нь эрс тэс орчинд тэсэж үлдэх гэсэн маш хатуу хахир арга юм. Тиймдээ ч үр дүнтэй байдаг аж. 1990-ээд онд Их давст нуурын ойролцоо газрын тос олборлож байсан ажилчидчулуужсан давсан давхарга дундаас давст усны сам хорхойн уйланхай шиг харагдах хэд хэдэн эгнээ өндөг олжээ. Тэднийг хагарах үгүйд, дотроос нь амьд амьтан гарах, эсэхэд эргэлзэж байсан өнөөх ажилчид бүх өндгийг усанд хийтэл зарим нь хэдхэн өдрийн дотор авгалдай, хүүхэлдэй болон хувирчээ. Тэднийг бүрэн бүтэн хадгалж байсан газрын хөрсийг судлахад тэр бүх өндөг бараг 10 мянган жил тэнд хэвтсэн нь тогтоогдсон байна. Энэ нь давснаас гадна устай холбоотой “илбэ” юм.

Ус бол амьтай бүхний эд эс дэх молекулыг хөдөлгөөнд оршоож, тэр бүхний амь амьдрал тэтгэгч эрдэс бодисыг идэвхжүүлдэг. Тиймээс амьд организм усгүйднэ гэдэг бүхий л молекул үхжихийн эхлэл юм. Хүн биеийн шингэнийхээ ердөө 15 хувийг алдахад л амьдрах чадваргүй болдог бол 50 хүртэлх хувийн усаа алдаад амьтай голтой байдаг маш цөөхөн амьтан бий. Харин түүнээс цааш амьдрал гэгч ямар ч төлөвт боломжгүй зүйл болж хувирна. Усгүйдэх үед молекул гурван талт хэлбэрээ алдаж уураг, чихэр, хромосом нь хугарч, гэмтдэг. Тиймээс яаж ч хатсан молекулын хэлбэрийг тэр чигээр нь хадгалах нь аливаа амьд организмд амин чухал юм. Гэвч энэ нь бараг бүх амьтны хувьд боломжгүй зүйл. Харин давст усны сам хорхой хахир хуурай орчинд молекулаа гэмтээлгүйгээр эсүүдээ хатуулаг чихэр болгох онцгой чадвартай байдаг аж. Тэдний хагас боловсруулсан цэлцгэнэсэн өндөг дотор трихалоз гэгддэг тунгалаг чихэрлэг эд бий нь чухамдаа хатсан эсүүд нь юм. Трихалозыг тэнгисийн сармагчны мөнхийн ус гэж болно. Үүнээс үзэхэд усгүйднэ гэдэг цөөхөн ч гэсэн давуу талтай аж.

Уур амьсгал дулаан, таатай үед ус бүхнийг тэтгэгч байдаг бол хөлдсөн, хэт халсан үедээ усны бүтэц, найрлага өөрчлөгдөн, заримдаа үхэлд хүргэх аюултай бодис болох нь бий. Харин огт усгүй болох нь энэ бүх эрсдэлийг үгүй хийдэг.Мөн хорт туяаг шингээхгүй байх давуу талтай. Сансрын туяа гэхэд л усны молекулд нэвчсэнээс биед шингэдэг. Тэгэхээр давст усны сам хорхойн хатаж, хувирсан өндөг энэ аюулаас ч гэсэн ангижирдаг гэсэн үг. Гэхдээ хатаж хуурайших нь ДНХ-ийг хамгаалдаггүй, уургийн хувирлыг зогсоохгүй. Эрдэмтэд тэнгисийн сармагчин эдгээрт ямар хариу үйлдэл үзүүлдгийг мөн судалж үзжээ. Тэгтэл уг амьтан ДНХ-ийн молекулаа өөрөө нөхөн сэргээхээс гадна анхнаасаа хувирамтгай бүтэцтэй уурагтай болох нь тогтоогджээ.

Эдгээр онцлогоос гадна давст усны сам хорхойн гол тархац нутаг болох давс ихтэй нуур, цөөрөмд ердөө хэдхэн амьд организм тэсэж үлдэх чадвартай тул энэ амьтанд байгалийн ангууч, дайсагнагч үгүй юм. Энэ нь тэнгисийн сармагчны хувьд нас нэмэх бас нэгэн шалтгаан. Түмэн жилийн настай энэ амьтны идэш тэжээлд мөн их учир бий. Гол идэш нь болох хортой замаг нь их хэмжээний нян агуулдаг бөгөөд түүнийг шүүж ялган хүртэх нь давст усны сам хорхойд идэш тэжээлээ шингээхэд нь тусалдаг нэн чухал амин дэм болдог байна. Зарим судлаач давст усны сам хорхойн биеийнх нь онцлогт бус, харин давс болон мөнөөх замагны ашигтай нянд л энэ амьтны урт нас, тэсэж үлдэхүйн нууц бий гэж үздэг нь үүнтэй холбоотой. Давсархаг нуур, цөөрмийн хортой замганд ургаж төлжихөд нь давс хэрэгтэй тул тэнгисийн сармагчинд давстай ханьсах шаардлага гардаг аж.

Ютагийн Их давст нууранд хэдэн тэрбумаар тоологдох тэнгисийн сармагчин бий. Зун бүр эм нь өндөглөж, нуурын мандал болон эрэг хөвөө нь эл жигтэй амьтны дөнгөж гарсан болон хагас боловсорсон цулцан өндөгний улцан ягаан өнгөөр бүрхэгдэнэ. Харин дараа жилийнх нь хавар дөхмөгц тэдгээр нь хагарч, авгалдайнууд гарч ирдэг. Арваас нэгдүгээр сар хүртэлх хугацаанд тэдгээр нь нас бие гүйцэх бөгөөд нутгийн иргэдэд арвин их ашиг орлого авчирна. Сам хорхойн агнуурчид энэ хугацаанд Их давст нуураас ойролцоогоор 9000 тонн тэнгисийн сармагчны өндөг хураадаг нь багцаагаар бие гүйцсэн 45 цэнхэр халимны жинтэй тэнцэх юм. Агнуурчид ямар ч орчин нөхцөлд ажирдаггүй эл шидэт амьтны өндгийг эдүгээ дэлхий даяар худалддаг болжээ. Ялангуяа цэлцгэнүүр өндгийг нь шахаж савлан, томоохон загас тэжээдэг арилжааны фермүүдэд нийлүүлдэг байна.

Тэнгисийн сармагчны өндгийг хүн хүртэл шууд идэж болно. Америкийн уугуул индианчууд сам хорхойн өндгийг нас уртасгадаг, олон цагийн өл даадаг шидэт хүнс гэж үздэг байж. Өдгөө тэнгисийн сармагчны уйланхай шиг харагдах хагас боловсорсон өндгийг сансрын нисэгчдийн хүнс болгохоор, мөн шинэ эм бэлдмэл гаргаж авахаар туршиж байна. Эрдэмтэд дээр дурдсан шил шиг тунгалаг, чихэрлэг эдийг нь усгүй, хэт хуурай нөхцөлд вакцин, эм тариа зэргийг ямар нэг хувирал, өөрчлөлтгүйгээр хадгалахад тусална гэж найдаж буй аж. Тэнгисийн сармагчны трихалоз чихрээр бүрсэн хэд хэдэн эм бэлдмэлийг томоохон лабораториудад хэдийнэ туршиж эхэлжээ. 2009 онд чухам энэ хатуулаг чихрийг ашиглан хүний эсийг хөлдүү дээр нь хатаах туршилтыг анх удаа амжилттай явуулсан бөгөөд хожмын нэг өдөр хүний өндгийг хүртэл мөн ийм аргаар урт удаан хугацаанд хадгалах боломж гарахыг үгүйсгэх аргагүй юм.

Г.ЛХАГВА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.10.23.166 Saihan niitlel bn bayrallaa
78.112.138.34 Бурхны бутээл бол гайхамшиг хун туунийг нээж олоод ашиглах нь бас гайхамшиг
103.9.88.211 гайхалтай