МОНГОЛД ЛАМ ГӨРӨӨС АНХ УДАА “ХӨЛ ТАВЬЖЭЭ”

2016 оны 03 сарын 25

Монголын үндэсний циркт ороход тийм гэхийн тэмдэггүй эхүүн үнэртэж, ажилчид нь үхрийн мах зөөж байлаа. Энд араатны хаан арслан, лам гөрөөс, сармагчингууд, одой болон орловский морьд морилжээ. Монголын циркийн хөгжлийн төвөөс жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд” тоглолтод оролцуулахаар гурван хоногийн өмнө тэднийг авчирсан юм байна.

Маргаашаас эхлэн долоо хоног толилуулах уг тоглолтод Америк, Их Британи, БНХАУ, Испани, Украин, ОХУ, Бельги, Вьетнам, Өмнад Африк тэргүүтэй 15 улсын 70 гаруй циркчин оролцох гэнэ. Узбекистанаас одой морьд, лам гөрөөс, сармагчингуудтайгаа ирсэн амьтан сургагч Рамис Шагаев “Би амьтан сургагчаар 20 гаруй жил ажиллаж байна. Монголд лам гөрөөс анх удаа хөл тавьж буйгаараа онцлог юм билээ.

Япон, Орос, Казахстан, Турк, Киргизэд аялан тоглож байсан. Одой морьд, лам гөрөөс нь хоёр хөл дээрээ явж, хэвтэх босох, харайх зэрэг үзүүлбэр толилуулах бол сармагчин тэднээс арай адтай, аливааг хурдан сурдаг учир жонглёрдох зэрэг сонирхолтой, хүнд тоглолт үзүүлнэ. Манай лам гөрөөсийг Чарли гэдэг, гурван настай.

Сургуулилалт хийгээд жил хагас болж байна. Бусад амьтныг бодоход лам гөрөөс аймхай болохоор зориг шаардсан, эрсдэлтэй үзүүлбэр тэдэнд заахад бэрхшээлтэй, хугацаа их шаарддаг” гэсэн.

Астанагийн циркийн амьтан сургагч, буриад гаралтай Өселбаева Тунгалагтай цөөн хором ярилцлаа.

-Монголд урьд нь ирж байсан уу?

Анх удаа ирлээ. Миний төрсөн нутаг Буриадыг санагдуулж байна.

-Яагаад амьтан сургагч болсон бэ?

-Би уг нь агаарын гимнастикчин. 2005 онд Астанад шинэ цирк нээгдэж, нөхөр бид хоёрыг амьтан сургагчаар ажиллаач гэж урьсан юм. Казахстанд надаас өөр эмэгтэй амьтан сургагч байдаггүй.

-Танай арслангууд ямар үзүүлбэр толилуулах вэ?

-Така, Яр хоёр 12 настай. Тэднийг нэг нас зургаан сартайд нь Гуанжоугийн амьтан үржүүлгийн газраас авснаас хойш өдий хүртэл сургаж байна. Энэ удаа хоёр метр өндөрт буй галтай цагариг дундуур харайж, хоёр хөл дээрээ цовхорч, орловский морины нуруун дээр мордож үзүүлнэ.

-Аль, аль улсад тоглож байсан бэ. Ийн аялах нь амьтдын сэтгэл зүй, үзүүлбэрт нөлөөлдөг үү?

-Орос, Дундад Азид очиж байсан. Бидний аялсан газруудаас хамгийн хол нь Монгол байлаа. Хүйтэнд хол зам туулахад амьтад их ядардаг. Морьд босоогоороо ачигдаж ирдэг болохоор тэдэнд бүр их хэцүү байсан болов уу. Бид 4500 км замыг найман өдөр туулж ирсэн шүү дээ. Мэдээж шинэ газар тэдэнд сонин, содон байгаа. Тиймээс л бэлтгэл хийж, үнэр, орчинд нь дасгаж байна.

-Та арслантай 10 гаруй жил ажиллажээ. Арслан ер нь ямар амьтан бэ. Түүнийг сургахад юугаараа онцлогтой вэ?

-Их цэцэн боловч дэндүү залхуу амьтан. Идчихээд 23 цаг ч унтаж чадна. Тэднийг хүчээр идэвхжүүлж бэлтгэл хийлгэх хэрэгтэй. Гэхдээ загнавал уурлаж, эрхлүүлбэл толгой дээр гараад суучихна. Яг л давс, хужрыг нь тааруулах ёстой.

-Танд айдас байдаг уу. Тоглолтын үеэр эвгүй байдалд орж байв уу?

-Муу зүйл тохиолдож байгаагүй. Манай арслангууд тийм ч ааштай биш. Би айдаггүй ч дандаа болгоомжилж, анхаарал сэрэмжтэй байдаг.

-Тэднийг юугаар хооллодог вэ. Өдөр бүр бэлтгэл хийдэг үү?

-Боломж гарвал өдөр бүр сургуулилдаг. Өдөрт зургаан кг үхрийн ястай мах, хагас литр сүү, 500 гр тахианы мах, өндөг, загасны тос хэрэглэдэг.

-Танай циркт ямар амьтад байдаг вэ?

-Одой болон орловский морь, баавгай сармагчин, могой, матар бий. Ирэх намар нэг том арслангаа зургаан гүегээр сольж сургаад зөвхөн арслангийн 40 гаруй минутын үзүүлбэр бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа.

-Амьтдыг тань кино, клипэнд тоглуулъя гэсэн санал ирдэг үү?

-Тийм ээ. Миний том хүү Мухтар “Казахын хаант улс” нэртэй, удахгүй нээлтээ хийх олон ангит түүхэн кинонд арслантайгаа оролцсон.

Б.ДӨЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
71.201.47.115 Lam goroos bvvr Soz ued l circus uzhed baidag baisan bodvol Ah duu Soz ornuudaas irdeg baisan baih gehdee deerh bol anh udaa irlee gedgee haaltand hiisen baina
150.129.143.170 2004 ond Garagihianii surguultai amitad Mongold toglohod ug ni lam goroos togloj l baisan daa ! SARS gedeg ovchin gardag jildee !