Баяртай мэдээ: Э.Амартүвшин гавьяатын авчирсан бэлэг

2016 оны 03 сарын 27

 

Олон улсын театрын өдөртэй давхцан нэгэн баярт мэдээг тээсээр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлооч Э.Амартүвшин эх орондоо ирлээ. Олон улсын дуурийн дуулаач, мэргэжлийн хөгжимчдийн дунд зохион байгуулдаг Сөүлийн уралдаан энэ жил дуулаачийн төрөлд шилдгүүдээ тодрууллаа. 1996 оноос эхтэй энэ уралдаан нэг жил нь төгөлдөр хуурч, дараа жил нь хийлч, дуулаач гэсэн дарааллаар жил бүр өөр өөр мэргэжлийн уран бүтээлчдийг өрсөлдүүлдэг бөгөөд дуулаачийн уралдаан нь гурван жилд нэг удаа болдог юм.

Э.Амартүвшин гавьяат 11 орны 128 дуучин оролцсон эл уралдааны гуравдугаар байрын шагналыг хүртжээ. Ихэвчлэн солонгос дуучид нь тэргүүн шагнал хүртдэг уламжлал энэ удаа ч алдагдсангүй. Гадаадын ажиглагчид болон хамтарч ажилласан концертмейстер нь хүртэл манай дуучны чадварыг биширч гран при хүртэхээр байсан хэмээн онцолсон байна.

П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны гран при, “BBC Cardiff Singer of the World 2015”-ын үзэгчдийн таашаалд нийцсэн шагналыг хүртэж байсан  түүний хувьд Сөүлд үүнээс ч илүү амжилт үзүүлэх боломжтой байсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байсан юм.

Амжилтад ханаж, хойш суулгүй, жил бүр өөрийгөө “сойж”, уралдаанаас уралдаанд амжилтын буухиа аялдуулдаг Гавьяат жүжигчин Э.Амартүвшин болон Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театр болон орон нутгийн бүх театрын уран бүтээлчиддээ Олон улсын театрын өдрийн мэнд хүргэе. 


Ж.Солонго

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.112.223 so bol delhiid terguuleh baruuni surgaltig buren ezemshsen mundag duuchidtai gazar tend ochij iim tom shagnal hurteh ner turiin hereg tegeedch shagnalin san hamgiin undurtei uraldaan zuv shuu delhiin untsug bulan burt uraldaj huchee sorij bj chadaltai duuchin gedgee batlana mundag bn ulam ih amjilt
220.191.168.25 Yah gej teneg Soeo yavj baidag bainaa. Neree gutaasan yum.