ХУЯГТ “БААТРУУД”

2016 оны 03 сарын 29

Ж.СУВДМАА

Дунд сургуулийн сурагч байхдаа хавар мал төллөх үеэр өвөө, эмээдээ тусалдаг баатар болж очоод хачиг гэгч айхтар амьтны балгаар долоо ч хонолгүй буцсанаа ер мартдаггүй юм. Толгойд минь шигдсэн тэр гайхлыг анзааралгүй явсаар халуурч бүлээрэхдээ тулж, өвөө, эмээгээ сандаргасаар гэр лүүгээ буцсан сан. Хүнд хамгийн их аюул авчирдаг хусны хачиг гэгчийн “халдлагад” анх өртсөн минь тэр. Тэр үеэс л хачиг гэх амьтныг шимж, сорохоос өөр шидгүй мэтээр боддог байлаа. Гэтэл тэдгээрийн сайн нь саараасаа олон байдгийг олж мэдсэн юм. Өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг өөртөө агуулж, мал амьтдын цусыг сорохдоо түүнийгээ дамжуулж, хүнд 10 гаруй төрлийн өвчин халдаадаг нь цөөн төрлийн хачигны хийдэг ажил гэнэ. Тэд л бусдыгаа хэлмэгдүүлчихсэн хэрэг.

Хүн, амьтанд хор хөнөөлгүй, байгальд ээлтэй нэгэн төрлийн хачгийг уншигчдадаа танилцуулъя. Тэр бол хөрсний хачиг. Биеийнхээ гадна талаар хуяг мэт хатуу бүрхүүлтэй учраас түүнийг хуягт хачиг ч гэж нэрлэдэг байна. Дэлхий дээр 20 мянгаад төрлийн хачиг байдгийг эрдэмтэн судлаачид тогтоожээ. Тэдгээрийн 15 мянга орчим төрөл нь хөрсөнд амьдардаг аж.

Хуягт хачиг нь ургамлын үлдэгдлээр хооллодог. Зарим хүн түүнийг ургамлын эрхтэнд шимэгчлэн амьдардаг “цус сорогч”-той эндүүрдэг гэнэ. Хуягт хачиг ургаж, нахиалж буй амьд ургамлыг хэзээ ч иддэггүй сайн талтай. Тэд хөрсөнд шингэсэн ургамлын үлдэгдлээр хооллохдоо энгийн нэгдэл болгон задлаад, ялгадсаараа гадагшлуулж, хөрсний үржил шимийг тэтгэх ялзмаг бий болгодог юм байна. Өөрөөр хэлбэл, ургамлын үлдэгдлийг эрдэс бо дисоор баяжуулан, энгийн нэгдэл болгож хувиргадаг шидтэй аж. Аливаа амьтны үлдэгдлийг ч энгийн нэгдэл болгож задалдаг. Тийм ч учраас түүнийг хөрс цэвэрлэгч гэж нэрлэдэг.

Хор хөнөөл, амьдрах орчин зэргээс нь хамаараад хачгийг дотор нь хамуу, шимэгч, аалз хэлбэртэн гэж ангилдаг. Хуягт хачгууд үет хөлт буюу аалзан хэлбэртний ангид хамаардаг. Тэдгээр нь дөрвөн хос, найман хөлтэй. Хөрсний хачигнуудын ихэнх нь нүдэнд харагдахгүй өчүүхэн жижиг байдаг учраас хүмүүс түүнийг микроскопын тусламжтайгаар “тольддог” байна. Хамгийн том нь л гэхэд 300-400 микрометр хүрдэг. Энэ нь нэг милметрийг гурав, дөрөв хуваасантай тэнцэх хэмжээ. Хэдий тийм боловч хуягт “баатрууд” бага талбайд мянга мянгаараа амьдардаг учраас хөрс цэвэрлэх үндсэн ажлаа гаргууд сайн гүйцэтгэдэг аж. Бие нь жижиг ч бэлчээр том гэдэг үг хөрсний хачигт тохирох мэт.

Хөрсний хачиг шалгуур өндөртэй. Амьдрах орчин буюу хөрсөө сонгохдоо хэд хэдэн зүйлийг чухалчилдаг юм байна. Нэгдүгээрт, хөрсний механик бүтэц буюу төлөв байдлыг нь хардаг. Тэд аль болох зөөлөн, сийрэг хөрсөнд тухлахыг хичээдэг гэнэ. Хоёрдугаарт, хөрсөнд агуулагдаж буй ус чийгийн хэмжээ. Амьтдын хувьд ч биднийхтэй адил биеийнх нь ихэнх хэсгийг ус эзэлдэг учраас чийг дутагдалтай, хуурай орчинд амьдрах боломжгүй юм. Удаах нь тухайн газрын хөрсөнд ургаж буй ургамал, ногооны төрлөөс хамаарна. Тухайлбал, хөрсний хачгийн зарим төрөл нь модлог, бутлаг ургамлыг зооглож чаддаггүй. Эдгээр хүчин зүйлээс хамаараад хуягт хачигны хөрсөн дэх тархалт нь харилцан адилгүй байдаг аж.

Манай орны ой модтой бүс нутгуудын хөрс нь хуягт хачиг амьдрах таатай орчин болдог. Ойд явахад бамбалзсан зөөлөн хөрс бий болчихсон байдаг даа. Нэмүү хөрс гэж ч хэлдэг. Энэ нь тухайн хэсгийн хөрсөнд ургамлын үлдэгдэл их хэмжээгээр хуримтлагдаж буйг илтгэдэг юм байна. Хуягт хачигнууд ийм газрыг хайж олохдоо гарамгай бөгөөд тэндээ бөөнөөрөө аж төрдөг. Тухайлбал, нэмүү хөрстэй газрын нэг ам метр талбайд хамгийн багадаа хөрсний 30-40 мянган хачиг амьдардаг болохыг судлаачид тогтоожээ. Хуурай уур амьсгалтай, ургамал болоод хөрсний үржил шим багатай, элсэрхэг газар буюу говь цөлийн нутагт бол тоо нь цөөн, төрөл зүйл нь хумигдмал ажээ.

Хөрсний хачгуудыг зарим эрдэмтэн судалгааны ажилдаа өргөн ашигладаг тухай шинжлэх ухааны доктор Б.Баяртогтох онцолсон. Тэрбээр “Хуягт хачгуудыг био индикатор гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, тэдгээр нь амьд оношлуур болдог юм. Үйлдвэржилт, агаарын бохирдол, хог хаягдал зэрэг олон зүйлийн нөлөөгөөр хөрсний унаган бүтэц алдагдаж, ургамлын төрөл зүйл ч цөөрөх нь бий. Эдгээр амьтан хөрсний өөрчлөлтөд маш мэдрэмтгий учраас амьдарч чадахаа болиод тоо толгой нь хорогддог. Хөрсний бохирдлоос болоод тоо толгой, төрөл зүйл нь цөөрч, тархалт нь ч өөрчлөгддөг. Хөрсний элэгдэл, бохирдлыг судлахын тулд биологичид тэднийг ашигладаг байна. 1986 онд Чернобилийн атомын цахилгаан станц дэлбэрэхэд цацраг туяа нь 120 км радиуст тарсан. Үүнээс болж олон хүн, амьтан хордож нас барсан. Оросын эрдэмтэд станцаас алслагдсан зайд био индикаторын судалгаа хийхдээ хэд хэдэн амьтан ашигласны нэг нь хөрсний хачиг” гэв.

Аалз, хавч, хачиг, жаран хөлт зэрэг үет хөлтэй шавьж хоёр төрлийн аргаар амьсгалдаг. Зарим нь өчүүхэн жижиг хэмжээтэй, хүнийхтэй адилхан уушгитай байдаг бол нөгөө хэсэг нь амьсгалын гуурс хэмээх өвөрмөц эрхтэнтэй. Энэ нь маш нарийхан хялгасан гуурс бөгөөд биеийнх нь гадна талд буюу суга, цавиных нь орчимд байдаг сүвнүүдийн дотор талд нь байрладаг аж. Үүгээрээ дамжуулж бие махбодио хүчилтөрөгчөөр хангадаг. Амьсгалын гуурстай амьтдын давуу тал нь богино хугацаанд бие эрхтэнээ хүчилтөрөгчөөр хангаж чаддаг учраас хүчилтөрөгчийн дутагдалд орж, эцэж цуцна гэсэн ойлголт байдаггүй.

Хачигнууд нь өнгөний хувьд харилцан адилгүй боловч хөрсөнд амьдардаг хачигнуудын олонх нь бор шар, хүрэн байдаг аж.

Тэдний хамгийн сайн хамгаалагч бол хуяг нь. Хөрсөн дотор байнга хөдөлж явдаг учраас чулуу, шороо, хурц ирмэгтэй зүйлсэд биеэ гэмтээх тохиолдол цөөнгүй гардаг тул байгаль эх түүнд хуяг “бэлэглэжээ”. Байгалийн шалгарал буюу амьдралын төлөөх тэмцэл ямар ч амьд организмын хувьд явагддаг. Хөрсний хачгууд ч зарим махчин амьтдын дайралтад өртөх үе бий. Хэрэв гаднын халдлагад өртөх аюул ирж, дайсантай тулгарах үед хуягт “баатрууд” бүх биеэ хумиад зараа шиг болчихдог аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД