Эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжих хэрэгтэй

2016 оны 03 сарын 31

Монголын хүн амын 52 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж буй. Гэтэл шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо бага байгааг Монголын эдийн засгийн чуулган-2016 чуулганы нэг салбар хуралдаан болох `Эмэгтэйчүүдийн манлайлал`-ын үеэр оролцогчид хэлэв. Мөн аливаа компанийн удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн хувь бага байгааг сануулж байлаа. Нөгөөтэйгүүр, эмэгтэй хүн учраас өндөр албан тушаалд томилогдох бус мэдлэг боловсрол, ур чадвартай байх ёстой гэдэгт оролцогчид санал нэгдэж байв. Филиппин улсад хэдхэн сарын дараа ерөнхийлөгчийн сонгууль болох агаад хоёр эмэгтэй хүн өрсөлдөж байгаа аж. Тус улс хүйсийн тэгш байдлаар Азидаа тэргүүлдэг байна.

Тэгвэл манай улс хэдхэн зүйл дээр анхаарахад л дээрх үзүүлэлтэд дөхөж очих боломжтой гэнэ.

Энэхүү хуралдааны нэг оролцогч санал хэлэхдээ `Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хайртай. Нэг нэгнээ дэмжих хэрэгтэй. Сонгууль болбол эмэгтэй хүнийг дэмжихгүй эрэгтэй хүнийг сонгодог шүү дээ` гэв.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк 35 гаруй оронд үйл ажиллагаа явуулж буй. Тус банкныхан жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг эмэгтэйчүүдэд зориулан зээл олгодог байна. Ийм төрлийн зээлийг манайд олгож эхлээгүй ч энэ чиглэлд анхаарч буй юм байна. Эмэгтэйчүүд хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийг голлон ажилладаг байна. Тиймээс ч барьцаа хөрөнгө дутагдалтай байдаг аж. Тус салбар хуралдааны үеэр эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжих шаардлагатайг хөндсөн юм. Гэхдээ эмэгтэй гээд дандаа дэмжлэг авах бус, бас үүрэг хүлээх нөхцөл бүрдүүлэх ёстой гэнэ. Тухайлбал, ажлын байр нэмэгдүүлбэл эхний таван жил татвараас чөлөөллөө гэхэд дараа жилээс нь татвар төлж эхлэх гэх мэт тодорхой зохицуулалт хэрэгтэй гэж байлаа.

Ц.Болор

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД