БОРИС НИКИШКИН: ИНЭЭГЭЭГҮЙ Ч СЭТГЭЛДЭЭ БАЯРЛАСАН БАЙЖ БОЛНО

2016 оны 04 сарын 01

Улаан хамар, арзайсан үс, том гуталтай алиалагч нарын нийтлэг төрхийг эвдсэн залуу авьяастантай ярилцлаа. Зургаан жилийн өмнөөс хүн инээлгэх ажилд шамдсан тэрбээр өөрийгөө “Циркийн хүү” гэж тодорхойлсон. Аав нь гимнастикч, ээж нь акробатчин байсан болохоор тэр энэ амьдралынхаа турш циркийн урлагтай холбоотой байсан.

Аавтайгаа хамт “Акробат этюд” үзүүлбэр хийж манежинд жүжигчин хэмээн зарлуулж анх гарсан тэрбээр циркийн акробатын төрлөөр дагнан ажилласнаас гадна тэнцвэр, батуд, жонглёрын үзүүлбэр ч хийж байжээ.

Борис Никишкин “Дэлхийн цирк Монголд 2016” тоглолтод оролцохоор ирээд байгаа юм. Долоо дахь тоглолтынх нь өмнө түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Хүн инээлгэх хэцүү юү?

-Мэдээж амар биш. Гэхдээ үзэгчид хэрхэн хүлээн авахаас л бүх зүйл шалтгаална. Монголын үзэгчид харин ч аливааг ойлгохдоо авхаалжтай юм. Тийм болохоор хэцүү биш байгаа.

-Та үзүүлбэрээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Алиалагч хийж байгаа зургаан жилийн хугацаандаа бага багаар дадлагажиж, шинэ үзүүлбэрүүд хийсээр л байна. Өөрийнхөө туршлага дээр үндэслэн хүн яавал инээдэг, юуг сонирхдог юм бол гэж оролдсоор 10 гаруй үзүүлбэртэй болжээ.

-Таны нэрийн хуудас болох хамгийн алдартай нь аль үзүүлбэр вэ?

-“Битбокс” гээд үзүүлбэр бий. Мөн тэнцвэрийн нэг үзүүлбэр байгаа. Би эдгээр үзүүлбэрээрээ 39 дэх удаагийн Монте Карлогийн олон улсын циркчдийн тэмцээнээс тусгай шагнал хүртсэн. Энэ л миний нэрийн хуудас.

-Хичээгээд байхад л инээдэггүй, ямар ч хувирал үзүүлдэггүй үзэгчтэй таарч байсан уу?

-Үзэгч болгон адилгүй. Сонирхолтой, хачин тохиолдол олон л байдаг юм. Нэг удаа Японд тоглож байхад “аймшигтай” үзэгчтэй таарсан. Манежинд гарах бүрт л тэр хүнтэй харц тулгарч байлаа. Бусад үзэгч инээж байхад тэр хүн алга ч ташихгүй, харц нь ч өөрчлөгдөхгүй, инээхгүй байсан. Алиалагч нар нэг тоглолтод 4-5 удаа манежинд гардаг шүү дээ. Сүүлдээ би гарах бүртээ нөгөө хүнийг босоод явчихсан байгаасай гэж бодох болсон. Их л эвгүй санагдаж байлаа.

Ингэсээр байгаад тоглолт дууслаа. Хувцас солих өрөөнд байж байтал орчуулагч ирээд “Тантай нэг хүн уулзъя” гэж байна гэлээ. Яваад очтол нөгөө “аймшигтай” үзэгч зогсож байв. Гэтэл тэр хүн “Танд маш их баярлалаа. Би өмнө нь ийм сайн алиалагчтай таарч байсангүй. Таны тоглолтоос үнэхээр сэтгэлийн таашаал эдэлж, их баяслаа” гэж хэлсэн. Тэгэхээр үзэгч болгон адилгүй. Инээхгүй, алга ташихгүй байсан ч таашааж байж болох юм билээ.

-Алиалагч хүн циркийн бүх төрлийн үзүүлбэрийг хийж чаддаг байх ёстой. Та ч бас чадах уу?

-Тийм ээ. Циркийн алиалагч хүн бүх үзүүлбэрт тоглоход бэлэн байх ёстой. Би циркт “төрсөн” хүүхэд болохоор аав, ээжийгээ дагаж багаасаа циркийн хүн болсон. Аавтайгаа “Акробат этюд” хийж байлаа. Дараа нь ганцаарчилсан тэнцвэр хийсэн. Батуд, жонглёр, акробат хийж үзсэн. Яг бие дааж хийгээгүй ч оролцон тоглосон нь олон.

-Ямар үзүүлбэр тогловол Монгол үзэгч илүү сайн хүлээж авах байх гэж та тооцоолсон бэ?

-Би 10 гаруй үзүүлбэртэй. Тэдгээрт ашигладаг багаж хэрэгслүүдээ аялан тоглолтууддаа бүгдийг нь авч явдаг. Тоглолт бүрийн үзэгчид ялгаатай болохоор аль болох тохирохыг нь сонгож тоглоход бэлэн байх хэрэгтэй.

-Та олон улсын ямар ямар тэмцээнээс шагнал хүртэж байв?

-Хамгийн сүүлд ОХУ-ын Ижевскт болсон тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Монголчууд энэ тэмцээний алтан медалийг авсан шүү дээ. Би Санкт-Петербургт болсон тэмцээнээс алт, БНХАУ-ын Уханиас хүрэл, Монте Карлогоос тусгай, Францад болсон тэмцээнээс хүрэл цом хүртэж байсан.

-Цаашид та циркийн ямар үзүүлбэр хийх вэ?

-Алиалагчаараа ажиллахын зэрэгцээ циркийн алиалагчдын тусгай хөтөлбөр хийхээр шийдэж, найруулгаа хийж байгаа. Телевизийн нэвтрүүлгүүдэд, инээдмийн хөтөлбөрүүдэд оролцох болно.

Мөн манай циркийнхэн ОХУ-ын хамгийн том шоу болох КВН-ий шилдэг дөрөвт шалгараад байгаа. 20 баг өрсөлдсөн. Тийм болохоор энэ шоунд амжилт гаргах нь чухал байгаа даа.

Яг одоо бол би Монголын циркт эх орноо төлөөлөн тоглож байгаадаа хамгийн их баяртай байна.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд та бүхэн гурав, гурван удаа тоглолт хийлээ. Харин маргааш, нөгөөдөр нь амарсан гэсэн. Цонжинболдог руу аялсан зургийг тань үзлээ. Танд Монголд байх таалагдаж байна уу?

-Монголчууд үнэхээр агуу юм бүтээн бий болгожээ. Үнэхээр их бахархлаа. Энэ удаагийн аялал надад гайхалтай дурсамж үлдээлээ. Намайг урьж ирүүлсэнд баярлалаа.

Борис Никишкинтэй ярилцсаныхаа дараа зориуд түүний тоглолтыг үзсэн юм. Онцлон ярьсан “Битбокс” тоглолтыг нь бичлэгээр, харин “Баавгай” болон өөр хоёр үзүүлбэрийг нь “Дэлхийн цирк Монголд 2016” тоглолтоос үзлээ. Тэр хацраа улайруулж, өөрийгөө элдэв эрээн, мяраан хувцсаар гоёогүй хэрнээ л үйлдэл, нүүрний хувирлаараа үзэгчдийг инээлгэж чадаж байлаа. Мөн техникийн дэвшил, хөгжмийн дуугаралтыг нэлээд гаргуун ашиглаж байгаа нь шинэ зуны алиалагч нарын илэрхийлэл болохоор санагдлаа.

Тэрбээр өнөөдөр 19.00 цагт тоглох хөтөлбөрөө илүү шинэлэг, сонирхолтой байлгана гэж амласан. Учир нь инээдмийн баярыг дэлхийн өнцөг булан бүрт энэ өдөр тэмдэглэж байгаа шүү дээ.  

Ж.СОЛОНГО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.11.120 инээдтэй зураг байна.