Шилдэг ЮНДЭН, НАНСАЛМАА, ХОРОЛМАА, БАЛГАН тодров

2016 оны 04 сарын 01

Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дvр шалгаруулах Улсын долдугаар уралдаан өчигдөр өндөрлөлөө. Мэргэжлийн дуучдын их сорилго болдог эл уралдаанд энэ удаа 60 гаруй дуучин оролцож, гурван шатанд авьяасаа сорьжээ.

Тэдний дундаас тэргүүн байрыг Юндэнгийн дүрээр Э.Бумхүү, Нансалмаагийн дүрээр Б.Энхнаран, Балганы дүрээр О.Хүрэлбаатар, Хоролмаагийн дүрээр С.Батчимэг хүртлээ. Тэд бүгд ДБЭТ-ын гоцлоочид юм. Харин дэд байрыг “Universe best songs” уралдааны гран при шагналт дуучин Б.Жавхлантөгс Юндэнгийн дүрээр, Дорнод аймгийн Хөгжимд драмын театрын дуучин О.Оюунцэцэг Нансалмаагийн дүрээр, ДБЭТ-ын гоцлооч С.Бат-Эрдэнэ Балганы дүрээр, СУИС-ийн оюутан Ц.Шинэбаяр Хоролмаагийн дүрээр хүртжээ.

1053 удаа Юндэнгийн дүрд дуулж, энэ дүрээр амьдралаа мөнхөлсөн гавьяат жүжигчин Ц.Дагванамдалын үр хүүхдүүд нь энэ уралдааны шилдэг Юндэнг тодруулж, сангийнхаа нэрэмжит шагналыг хүртээдэг бөгөөд энэ удаа Б.Жавхлантөгст энэ шагналыг олгожээ.

“Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах уралдааны ерөнхий шүүгчээр Монголын урлагийн ажилтны холбооны Дуулаачийн нийгэмлэгийн тэргүүн, ДБЭТ-ын гоцлооч Б.Эрдэнэтуяа, шүүгчээр ДБЭТ-ын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын дуучин, гавьяат жүжигчин Л.Нарантуяа, ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин М.Болд, хөгжим судлаач, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг нар ажиллажээ.

Уралдааны шагналтнууд өнөө орой Төв аймгийн “Монгол туургатан” театрт нэгдсэн тоглолт хийх аж. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.25 SAIHAN YUM AA. MONGOLD BAISAN BOL UZEH BAISAN YUM DAA.