Амжиж заавал үзээрэй: “ДӨРВӨН ӨНГӨ”

2016 оны 04 сарын 02

 

Сэтгэл гижигдэж, суудлаас өндөлзүүлсэн сайхан тоглолтоос  гэртээ буцах замдаа нүдний өмнө өрнөсөн дөрвөн улирлын өнгө төрх, энерги бэлэглэсэн этгээд хөдөлгөөн, олонтаа сонссон хэрнээ үйл хөдлөлтэй хоршсноороо чихэнд жингэнэх сайхан хөгжмийн тухай бодсоор явлаа.


Хүмүүст хэлэхсэн, олон хүн үзчихээсэй, янзтай сайхан мэдрэмжийг тэндээс олно доо гэж бодсоор та бүхэнд энэ мэдээллийг яаравчлан хүргэж байна.

Өнгө өнгийн гэрэл, өвөрмөц засалттай тайзан дээр өрнөсөн үйл явдал болгон анхаарал татав. ДБЭТ-ын залуу бүжиг дэглээчид болох Б.Жаргал, Г.Батчимэг, Э.Эрдэнэжаргал, Н.Чинзориг нарын урласан бүжиг бүр өөр хоорондоо адилгүй хэрнээ хоёр цагийн турш тайзнаас хараа салгахын аргагүй байх нэг цогц бүтээл болон хүрлээ.

Хорвоогийн түмэн өнгө, тэр дотроос ялгарах тод өнгөтэй бөмбөлөгүүд. Өмнө нь анзаарч харж байгаагүй олон бүжигчинтэйгээ шинээр танилцаж, тэдний ур чадварыг магтмаар санагдсан тийм л тоглолт боллоо. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-ны 17.00 цагт дахин ганц л удаа тоглох учраас сонгодгийг өөр нүдээр сонжиж, неоклассикийг тольдож, модернийг балетчид хэрхэн хийхийг үзэхийг хүсвэл театрт амжиж очоорой.

Зун... Николас Жаар “Мэдрэмжээр”

Соёлын тэргүүний ажилтан балетмейстер Э.Эрдэнэжаргал: Хөгжмийн аль нэг төрөл, урсгалд баригддаггүй залуу хөгжмийн зохиолчийн дан мэдрэмжээрээ шууд зохиосон түүвэр уран бүтээлд тулгуурлан бүжгийн нэг төрлий урсгалд баригдалгүй, модерн болон контемпорари урсгалыг өөр бусад төрлүүдтэй холбосон бүжгийн бүтээл хийж, уран сэтгэмжээ үзэгчидтэй хуваалцахыг хичээсэн.


 

Намар... С.Рахманинов “Төгөлдөр хуурын 2-р симфони”

Балетмейстер Н.Чинзориг: Хөгжмийн зэмсгийн хаан нь болсон төгөлдөр хуурт зориулсан бүрэн хэмжээний симфони  бүтээл өөрөө хүний сэтгэлд олон өнгө мэдрүүлж чадна. Төгөлдөр хуурт зориулсан алдартай бүтээлийг неоклассик балеттай зохицуулан бүтээл туурвиснаар үзэгчдийн харах, сонсох мэдрэхүйд хүрч, хөгжим, бүжгийн төгс хослолыг харуулахыг чармайсан.


 

Өвөл... Э.Григ “Өглөө”

Соёлын тэргүүний ажилтан, балетмейстер Г.Батчимэг “Хэн бүхний мэддэг, таашаан сонсдог гайхамшигт танил аялгууг жинхэнэ сонгодог “классик” балетын хөдөлгөөнөөр дамжуулж үзэгчдэд хүргэхийг хүссэн.


Хавар... А.Вивалди “Дөрвөн улирал”

Соёлын тэргүүний ажилтан, балетмейстер Б.Жаргал “Нэрт хөгжмийн зохиолчийн байгалийг мэдэрсэн мэдрэмжээ хөгжмөөр илэрхийлсэн алдарт бүтээлийн аялгууг хүний сэтгэл дэх хаврын тухай неоклассик бүжгийн өгүүлэмжтэй хослуулан харуулахыг зорьсон.


Энэ удаагийн тоглолтын гэрэлтүүлэг, хөгжмийн дуугаралт маш өвөрмөц байлаа. Танил дотно тайзыг огт өөрөөр харуулж, гэрэлтүүлж, цас будруулж, бороо оруулж чадсан “D lights” –ынхан болон техникийн ажилтнуудад баярлалаа. Мөн Ерөнхий зураач болон хувцасны зураачаар ажилласан Гунгаасүхийн Ганбаатар, Гунгаасүхийн Оюун болон оёдолчдын нөр их хөдөлмөрийг харж, биширч сууснаа дурдах нь зүй.

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагва гуай тоглолтын дараа залуу бүжиг дэглээчид болон бүжигчдэдээ баяр хүргэн, тэднээр бахархаж буйгаа илэрхийлэн сэтгэл догдлон ярьж байхыг сонсоод жирийн үзэгч надад ч, насаараа энэ салбарт бүтээл туурвилаа зориулсан эрхэмд ч ижилхэн сэтгэлийн таашаал мэдрүүлсэн шинэлэг, гоёмсог, мэргэжлийн уран бүтээлийг Б.Жаргал, Н.Чинзориг, Г.Батчимэг, Э.Эрдэнэжаргал хүргэж чадсанд талархлаа.

Шинэ хувцас, өнгө алагласан  тайз, өвөрмөц гэрэлтүүлэг гээд энэ бүхнийг бий болгохын тулд багагүй хөрөнгө мөнгө шаардсан нь илт. Улсаас шинэ уран бүтээлийн санхүүжилт мэргэжлийн урлагийн байгууллагуудад өгч чадахгүй байгаа ийм цаг үед шинэ уран бүтээл хийхийн тулд сайн менежер, продюсерийн хөдөлмөр, зүтгэл зайлшгүй чухал. Залуу уран бүтээлчдээ шинэ туршилт хийж, өөрсдийгөө нээх бүхий л боломжоор хангасан продюсер, ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул болон уран сайхны зөвлөл, маркетингийн албаныханд ч бас алга ташин, талархал илэрхийлье. 

Маргааш ганц удаа л дахиж тоглоно, өөр мэдрэмж, өөр өнгө, оргилсон тэмүүлэл мэдрэхийг хүсвэл амжиж заавал “Дөрвөн өнгө”-ийг үзээрэй

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.126.91.90 рахманиновын симфони биш шүү дээ. концерт гэнээ
202.70.46.225 Гайхалтай сайхан тоглолт үзүүлсэн балетын жүжигчид балөтмейструудд аа баярлалаө
103.10.21.42 Mundag shuu amjilt jak