Поп хатагтай төрсөн өдрөөрөө симфони оркестртой тоглолт хийнэ

2016 оны 04 сарын 04

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа төрсөн өдрийн баяраа энэ сарын 19, 20-нд фэнүүдтэйгээ хамт тэмдэглэхээр зэхэж байна. Соёлын төв өргөөнд 19.00 цагаас хийх анплагед тоглолтынхоо ихэнх дууг тэрээр Улсын филармонийн симфони оркестртой дуулах юм. Өмнө нь ганц хоёр дуугаа симфони оркестртой дуулж байсан поп хатагтай энэ удаа бүхэл бүтэн тоглолтоо сонгодог хэлбэрээр тоглох гэж байгаа нь онцлог юм. Тэрээр энэ тухайгаа “Би симфони оркестртой тоглолт хийхийг мөрөөддөг” гэж өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр ярилаа. Энэ тоглолтын бас нэгэн онцлог нь 2000 онд “Хайрын зөрлөг” тоглолтондоо дуулсан “Төрсөн өдрийн дуу”-гаа шинэчилжээ. Мөн “Хайрын бурхан” дууныхаа 20 жилийн ойд зориулан, шинэ дуу дуулахаар бэлтгэж байна.  “Сүүлийн үед уран бүтээлчид шинэ дуу хангалттай зохиохгүй байгаа учраас Сараа дээр үеийн хуучин дуунуудаа шинэчилж байна. Энэ бол нөгөө талаас хуучны дуунууд аялгуу сайтай байсны илрэл” гэж Б.Сарантуяа энэ тухай тайлбарлалаа. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД