Поп хатагтай Б.Сарантуяа дуучин болсныхоо 30 жилийн ойг тоглолт хийж тэмдэглэх нь

2016 оны 04 сарын 04

Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа тайзан дээрх амьдралынхаа 30 жилийн ойгоор тоглолт хийж, фэнүүдтэйгээ хамт тэмдэглэх гэж байна. Анх 16 настайдаа эстрад урлагтай амьдралаа холбон, тайзан дээр дуулж эхэлснээс хойш 30 жилтэйгээ золгож буй поп хатагтай энэ баяраа ирэх есдүгээр сарын 20-доор тэмдэглэхээр төлөвлөжээ.

Б.Сарантуяа үүний өмнө энэ сарын 19, 20-нд төрсөн өдрийн анплагед тоглолт хийнэ. Соёлын төв өргөөнд болох тоглолтод нь гитарчин Д.Өлзий-Орших, “Баянмонгол” чуулгын гоцлол дуучин Л.Насанбуян, дуучин Э.Болор-Уянга, “Лимонс” хамтлагийн дуучин Ц.Одбаяр нар оролцоно. Хоёр хэсгээс бүрдэх тоглолтынхоо дундуурх завсарлагаанаар 30 жилийнхээ ойд зориулсан дурсгалын зурагтай шорт, фудболк худалдах юм байна. Үүнээс гадна уг тоглолтын тасалбарыг худалдаж авсан хүн бүрт “Жи мобайл”-ын дугаар бэлэглэх аж. Учир нь түүний тоглолтыг “Жи мобайл” компани 2001 оноос хойш ивээн тэтгэж, хамтран ажиллаж байгаа юм.

Тэрээр дараа нь ирэх тавдугаар сард Скандинавын орнуудаар аялан тоглоно. 2015 онд Швейцарийн Женев хотоос эхлэн, Францын Ренн, Норвегийн Осло, Австрийн Вен, Белгийн Антверпен, Туркийн Истанбул хүртэл аялан тоглож, хилийн чанадад амьдарч буй монголчуудынхаа урлагийн цангааг “Сэхүүн салхи” тоглолтоороо тайлаад ирсэн поп хатагтай энэ жил гадаадад хийх аялан тоглолтоо үргэлжлүүлэхээр зэхжээ.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД