С.Хосбаяр: “НИСВАНИС”-ын тав дахь цомог бол “Сэтгэл мэдрэлийн өвчтөн”

2016 оны 04 сарын 05

...Амьдрал яг утас шиг хөвөрмүй

Аашийг нь бид үл ойлгомуй

Унаж тусаад, санаж сэрээд

Өгсөж уруудаад цааш одмуй... “Нисванис” хамтлагийн хэвлэлийн бага хурал эхлэхийг хүлээх зуур эгшиглэж байсан тэдний “Цаг хугацаа бүгдийг эмчилнэ” дууны эдгээр мөртийг сонсох төдий зүрх ёгхийж, нурууны үс босох шиг болов. Дууны үг, аялгуу, хөгжимчин, дуучны чадвар төгс хосолно гэдэг л энэ бололтой. 1996 оны дөрөвдүгээр сарын 9-ний үд дунд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн өрөөнд бэлтгэл хийснээр түүхээ бичиж эхэлжээ, “Нисванис”-ынхан.

Үүнээс хойш хамтлаг байгуулагдсаны баяраа жил бүрийн дөрөвдүгээр сарын 9-нд тэмдэглэж байгаад 2007 оноос “Нис нис” рок наадам болгон өргөжүүлэн зохион байгуулдаг болсон билээ. Тэгвэл энэ жил тус хамтлагийн 20 насны ой тохиож буйгаараа онцлог. Тиймээс “Уан ивент халл”-д болох энэ удаагийн наадамд “Хурд”, “Харанга”, “Лемонс”, “Булсара”, “Моханик” тэргүүтэй 20 хамтлаг оролцох юм.

Ойн хүрээнд тэд “Гар хангалга” нэртэй дөрөв дэх цомгоо гаргаж, өчигдөр нээлтээ хийлээ. Модернист яруу найрагч Б.Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөгөө” номноос түүний зөвшөөрлөөр таван шүлэг авч дуу болгосны нэгээр нь цомгоо нэрлэсэн нь энэ. Пост панк, альтернатив металл дуунуудтай цомгийнхоо талаар хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан “Манайх анхнаасаа л өвөрмөц байсан. Бид шийдэмгий, хурц сэдэв хөндөх дуртай. Үүнээсээ ч таашаал авдаг.

Биднийг дэмжих, эсэргүүцэх хүмүүсийн аль, алийг нь хүлээн зөвшөөрнө. Хүнд рок цомог дахин нэгийг гаргасныхаа дараа зөөлөн өнгө аястай дуунууд хийнэ гэж бодож байгаа” гэв. Тус хамтлаг үе, үе өөр хөгжимчдөөр цус сэлбэдэг билээ. “Нисванис”-т 2012 оноос гоцлол гитарчин болсон С.Хосбаярыг энэ дашрамд “Дебют” буландаа урилаа.

-“Нисванис” хамтлагт хэн дуртай нь хөгжимчнөөр орохгүй. Тэдний босго өндөр байв уу?

-Урьд нь “Харанга”-ын Ц.Чулуунбат ахын “Ап мюзик” продакшны дэргэдэх “Пайлотс” хамтлагт гитарчин байсан юм. Тухайн үед “Нисванис”-ын гоцлол гитарчин Б.Цацрал ахыг сайн таньдаг байлаа. Хамтлагаасаа түр завсарлага авах хэрэг түүнд гарч, 2009 онд намайг өөрийнхөө оронд түр тоглооч гэсэн.

“Нисванис”-т гурван сар тоглосны дараа Цацаа ах ч хамтлагтаа буцаж ирсэн. Үүнээс хойш түүнд хувийн ажил гарахад би орлодог байсан юм. Ингээд 2012 оноос үндсэн гишүүн нь болсон. Тэд насны зөрүүтэй гэж ахархаж хандалгүй намайг найз шиг хүлээн авч байлаа.

-“Нисванис”-т орохоосоо өмнө тэдний талаар юу гэж боддог байсан бэ?

-Би 1960-1980-аад оны буюу классик чиглэлийн амьд хөгжим сонсдог, орчин үеийн рок дуу нэг их сонирхдоггүй байсан. Өөрөөр хэлбэл, миний сонирхол өөр учир альтернатив, гранж стилиэр уран бүтээл гаргадаг “Нисванис”-ыг нэг их сонсдоггүй байсан юм. Одоо бол “Нисванис”-ыг илүү ойлгодог болсон.

-Хөгжимтэй хэрхэн холбогдсон бэ?

-Миний ээж, аав хөгжимд их дуртай. Намайг бага байхад “Күин”, “Пинк Флойд” хамтлагийн дуу сонсгож унтуулдаг байсан гэсэн. Ер нь миний санахын манай гэрт үргэлж амьд хөгжим эгшиглэж байдаг сан. Хөгжимчин болоход “Күин”, “Пинк Флойд” их нөлөөлсөн. Одоо ч тэд миний хамгийн дуртай хамтлаг.

-“Нисванис” хамтлагийн гишүүн болоод анх ямар уран бүтээлд оролцсон бэ?

-Өнөөдөр (өчигдөр) нээлтээ хийж буй цомгийн ажилд шууд орсон. Энэ цомгоо 2012 оноос л хийж эхэлсэн гэсэн үг. Уг цомгоос миний хамгийн дуртай дуу болох “Аабам бээбэм” дууг анх бичүүлсэн.

-Мэдээж урьдын гурван цомгийн дуунуудаас та бас тоглодог. Ур чадвар хамгийн их шалгадаг, таныг илүү илэрхийлж чадсан бүтээл аль вэ?

-Шинэ цомгийн дуунуудаараа өөрийгөө сайн илэрхийлж чаддаг. “Нисванис”-ын хуучны дуунуудыг өмнөх гишүүд дотроо юу төсөөлж зохиосныг би мэдэхгүй. Эздээс нь илүү тоглоно гэж байхгүй шүү дээ.

-Таны бодлоор 10-аад жилийн өмнөх “Нисванис” одоо өөрчлөгдсөн үү?

-Анхны ноён нуруу нь хэвээрээ л дээ. Гэхдээ өмнө нь илүү гранж стильтэй байсан бол одоо металл чиглэлийн уран бүтээл түлхүү хийдэг болсон. Би жаахан удаан темптэй, баллад дуунд дуртай болохоор “Нисванис”-ын хэв маяг өөрчлөгдөхөд миний нөлөө ч бас байгаа.

-Д.Төрмөнхийн санаачилсан “Цонхон дээр суусан ялаа” төслийн хүрээнд гаргасан цомогт та ажилласан. Өөр ямар уран бүтээлд оролцсон бэ?

-“Баянмонгол” чуулгын “Жааз биг бэнд” хамтлагт 2012 оноос гитарчнаар ажиллаж байна. “Гёте” институтээс зохион байгуулдаг жааз хөгжмийн сургалтад хоёр дахь жилдээ хамрагдаж байгаа. Гитар хөгжимд илүү мэргэшихэд жааз хөгжим их нөлөөтэй. Жааз хөгжмийг Монголд илүү хөгжүүлэхийн зэрэгцээ гитараа мэргэжлийн түвшинд сурахаар хичээж байна.

-“Нисванис” бол Монголын урдаа барьдаг амьд хөгжмийн хамтлагуудын нэг. Гадаадад уран бүтээлээ толилуулах талаар төлөвлөж байгаа болов уу?

-Зургадугаар сард шинэ цомгийн дуунуудаараа тоглолт хийнэ. “Нисванис”-ын тав дахь цомгийн нэр “Сэтгэл мэдрэлийн өвчтөн”. Ирэх аравдугаар сард гаргахаар төлөвлөж, үүнд багтсан “Ужиг бодлын синдром”, “Агуу ихийн дэмийрэл” дуунуудаа бичүүлсэн байгаа. 20 жилийн ойгоо үдсэний дараа Европоор аялан тоглох, тэндхийн амьд хөгжмийн наадмуудад оролцох талаар хоорондоо ярилцсан.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД