РОБЕРТО САЛВАЛИАО: МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫГ УДИРДАХ НЬ МИНИЙ МӨРӨӨДӨЛ БАЙЛАА

2016 оны 04 сарын 06

Монголчуудын эртний танил гээд хэлчихэд буруудахгүй нэгэн бол Италийн удирдаач Роберто Салвалиао. Дуурь бүжгийн эрдмийн театртай байнга хамтран ажиллаж, манай дуучдыг Италид тоглолт хийхэд удирдан тоглуулдаг түүний өвөг дээдэс ямар нэгэн сэжмээр монголчуудтай холбоотой байсан болов уу гэж таамагламаар.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд ДБЭТ-т урилгаар ажилласан Роберто Салвалиао саяхнаас Морин хуурын чуулгатай хамтарч буй. “Playing love” болон Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын тоглолтод урилгаар оролцож, Морин хуурын чуулгыг удирдан тоглуулсан тэрбээр өдгөө “Novel melody”-д бэлтгэж байна. Дэлхийн сонгодгуудаас эхлээд Монголын үндэсний хөгжмийн бүтээлүүдийг удирдан тоглуулж байгаа түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Монголчуудаас ирүүлсэн урилгыг хүлээн авахад юу хамгийн их нөлөөлдөг вэ?

-Би 2010 онд анх Монголд ирж байсан. Морин хуурын чуулгыг удирдаж үзэх хүсэл тэр үеэс л төрсөн. Монголоос өөр хаана ч ийм чуулга байхгүй шүү дээ. Энэ удаа тус чуулгын удирдаач надад санал тавьснаар “Playing love”-ыг дохих боломж олдсон. Тэгэхдээ ихэвчлэн Энни Мориконе, франц болон барууны бусад хөгжмийн зохиолчийн бүтээлийг тоглосон болохоор бэрхшээл тулгараагүй.

-Монголоос ирсэн урилгыг хүлээн авч, манай орон руу таныг урин дууддаг гол зүйл нь юу вэ?

-Өмнө нь 7-10 хоног гээд богино хугацаагаар ирдэг байсан бол энэ жил анх удаа бүтэн гурван сар ажиллалаа. Дуурь бүжгийн эрдмийн театрынхантай хамтран ажиллахдаа би үргэлж баяртай байдаг. Маш авьяаслаг уран бүтээлчидтэй, гайхалтай театр.

Хоёр том улсын дунд оршдог хэрнээ бие даасан арал шиг өөрийнхөө өвөрмөц өв соёлыг хадгалсаар үлдсэн нь монголчуудын онцлог. Дуу хөгжим, хүмүүсийнх нь мэдрэмж нь хөрш орнуудаасаа огт өөр.

Хүн бүр л хөгжмийн мэдрэмжтэй. Би өглөө болгон такси барьдаг. Тэгж явахдаа жолоочийн дуулахыг хэд хэдэн удаа сонссон. Миний бодлоор, тэд их сайхан дуулж байсан.

-Монгол зохиол удирдан тоглуулахад хэр их ялгаа мэдрэгддэг вэ?

-Би удирдаач болохоосоо өмнө хөгжмийн зохиолч байсан. Тэр үед багш минь надад “Хөгжим хоёр янз байдаг. Нэг нь сайн хөгжим, нөгөө нь сайн биш хөгжим” гэж хэлж байсан. Түүнээс биш сонгодог, жааз, үндэсний гэх мэтээр ангилж байгаагүй.

Тоглож байгаа хөгжимчид, удирдаж буй маэстро хөгжмийн зохиолчдын бүтээлийг хэрхэн хүмүүст хүргэх вэ гэдэг нь л чухал.

Би Италийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг илүү сайн мэдэрч, ойлгож чадна. Харин монгол хөгжмийн зохиолчийг ойлгохын тулд туршлага хэрэгтэй. “Playing love” тоглолтын үеэр Н.Жанцанноровын “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжмийг удирдсан. Хэцүү гэж хэлэхгүй ч мэдрэмж нь ялгаатай байсан.

Гэхдээ киноны хөгжмүүд үйл явдалтай холбогдож өрнөдөг учраас, дэлгэцэн дээр гарч байгаа дүрс их тус болсон.

-Хөгжмийн зохиолч болон удирдаач мэргэжлийн аль нь хэцүү бол?

-Нэгэн алдартай удирдаач телевизэд өгсөн ярилцлагадаа “Хэн ч байсан оркестрыг удирдаж чадна” гэсэн байдаг. Хөгжим зохионо гэдэг хэцүү. Тоглоно гэдэг бас чухал. Бас тоглож байгаа хөгжмийн зэмсэг чинь байхгүй бол хөгжимчин дангаараа юу ч хийж чадахгүй. Ингэхээр бүх зүйл уялдаа холбоотой байгаа биз.

 

...Африкийн халуун наранд төөнүүлж байхдаа ч аз жаргал мэдэрч болно шүү дээ. Миний найзуудын зарим нь тэр оронд төд хоног ажиллаад ирлээ, их ядарлаа, хэцүү байлаа л гэдэг. Гэхдээ сэтгэлдээ сайхан зүйл төсөөлж, сайхныг мэдэрвэл хаана ч байсан ялгаагүй...

-Монгол хэл сурч байна уу. Түрүүхэн та яриандаа “Дуурийн театр” гээд монголоор хэлчихсэн шүү дээ.

-Би монголоор яриад байна гэж үү? (Инээв). Үгүй дээ, өдөр тутам байнга тохиолддог цөөн үгийг л хэлдэг. Монгол хэл их хэцүү. Зарим үгийг хэлж чаддаггүй юм.

Хүмүүсийн ярианаас бага зэрэг зүйл ойлгодог. Дараачийн удаад Монголд ирэхдээ сурч магадгүй.

-Дараа хэзээ ирэх вэ?

-Одоо манай чуулга Каирт уригдсан байгаа. Би Румыны Арадын симфони найрал хөгжмийн ерөнхий удирдаач учраас баг, хамт олныхоо төлөвлөгөө, аялан тоглолттой ажлаа уялдуулдаг. Одоо хэлэхэд эрт байна л даа.

-Морин хуурын чуулга шиг таны анхаарлыг татсан урлагийн байгууллага, хамтлаг, чуулга Монголд байна уу?

-Би рок оркестр, жааз чуулга, балетын хөгжим ч дохиж байлаа. Надад хэн нэгэн санал тавибал би таатай хүлээж авна. Юуг дохихдоо биш, хэрхэн хамтран ажиллаж, ойлголцож, мэдрэхдээ л гол нь байгаа юм.

Тухайлбал, надад таатай сайхан байгаа ч хөгжимчид юу бодож буй нь бас чухал шүү дээ. Та надаас их олон зүйл асуулаа л даа. Тэгвэл Морин хуурын чуулгын хөгжимчид болон надтай хамтран ажилласан хөгжимчдөөс сэтгэгдлийг нь сонсох хэрэгтэй шүү дээ.

Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан удирдаач Роберто Салвалиаогоос туршлага судалж, мастер класс хичээл заалгасан юм шиг л болж байна хэмээн өмнө нь ярьсан юм. Харин флейт хөгжимчин Х.Хоролсүрэн түүнд орчуулга хийхийн зэрэгцээ хөгжимчнийхөө хувьд мэргэжлийн, туршлагатай удирдаачаас олон зүйл сурч буйгаа хэлсэн. Морин хуурын чуулгын бусад хөгжимчин ч тун сэтгэл хангалуун байлаа.

-Монголд ажиллах ачаалалтай байна уу. Ажлын нэг өдөр хэрхэн үргэлжилдэг вэ?

-ДБЭТ-ын урилгаар ирсэн болохоор үндсэн ажил маань энэ. Харин хажуугаар нь Морин хуурын чуулга, мөн зарим уран бүтээлчийн урилгаар тоглолт удирдаж байна.

Өнөөдөр миний амралтын өдөр хэдий ч хамтарсан бэлтгэлтэй учраас Улсын филармонид ажиллаж байна. Орой тоглолттой.

(Биднийг ярилцсан өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Говь, тал” чуулбар тоглолт Соёлын төв өргөөнд болсон юм.)


-Сар шинийн баярын үеэр таныг монгол дээл өмсөж гэрэл зураг авахуулсан байхыг фэйсбүүкээс харсан. Их сайхан зохиж байна лээ.

-Энэ наргиа байх аа.

-Үгүй дээ. Үнэхээр донжтой, сайхан зохиж байсан.

-Баярлалаа. Ази маягийн нүдтэй хүнд илүү сайхан зохих байх.

-Та хэр олон монгол найзтай вэ?

-Ажлаа л хийж яваа болохоор хувийн дотно харилцаатай болсон найз байхгүй. Ажил дээрээ өдөржин байж байгаад бараг л унтах гэж гэртээ харьдаг.

-Амьдрах орчин нөхцөл ямар санагдаж байна вэ?

-Өвөл хүйтэн өдрүүдэд хэцүү санагдсан. Гэхдээ Якутад үүнээс ч хүйтэн байсан болохоор давгүй ээ.

Ер нь, хүн аливаа зүйлийг хэрхэн хүлээж авахаас л бүх зүйл шалтгаална. Африкийн халуун наранд төөнүүлж байхдаа ч аз жаргал мэдэрч болно шүү дээ. Миний найзуудын зарим нь тэр оронд төд хоног ажиллаад ирлээ, их ядарлаа, хэцүү байлаа л гэдэг. Гэхдээ сэтгэлдээ сайхан зүйл төсөөлж, мэдэрвэл хаана ч байсан ялгаагүй.

-Та хаана ч очсон тэгж зүрхшээж байгаагүй гэж үү?

-Эргээд бодоход, Хятадад байх амаргүй санагдсан. Маш том газар нутагтай учраас тоглолт хийх танхимдаа хүртэл автобусаар 3-4 цаг явдаг байсан. Өдөр бүр өөр хотод очих хэрэг гарна.

Бас хоолны хувьд Японд байх амаргүй байсан. Огт өөр амт, мэдрэмж шүү дээ. Сүши, терияки гээд л... Гэхдээ зүгээр ээ.

Харин Монголд байх хэцүү биш. Хоол, орчин нөхцөл бүх зүйл дажгүй.

-Хорхог идэж үзсэн үү?

-Сайхан санаа байна. Дараа ирэхдээ иднэ ээ. Цагаан сарын дараа ДБЭТ-ын хормейстер намайг өрөөндөө дуудаад тарваганы боодог өгсөн. Аятайхан санагдсан шүү.

Морин хуурын чуулга, ДБЭТ-т олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итали удирдаач ажиллаж байгаа нь манай хөгжимчдөд ур чадвараа дээшлүүлэх таатай боломж юм. Гэхдээ түүнд өндөр төлбөр, цалин өгч чадаагүй байхад л биднийг гэсэн сэтгэл, сониучхан хүслээр хамтран ажиллаж байгаад нь талархмаар.

“Болдог сон бол хугацааг нь сунгуулах сан” гэж ярианы дундуур Д.Түвшинсайхан удирдаач хэлж байсан. Монголд элэгтэй удирдаачийн дараагийн тоглолт энэ сарын 16-нд Улсын филармонид болно. “Novel melody” тоглолтод зочилж, түүнийг хэрхэн монгол хөгжимчдийг удирдан тоглуулахыг сонордоорой.

Ж.СОЛОНГО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.235.138 Дуурийн хормейстер нөхрийг гэнэгүй матчихваадаа хэ хэ