НУГАРШГҮЙ ЗҮТГЭЛ, НУУЦ НЬ ТАЙЛАГДДАГГҮЙ АВЬЯАСТАН

2016 оны 04 сарын 07

Монголын циркийн урлагийн түүхэнд түүн шиг хүнд гэмтсэн хүн өмнө нь байсангүй. Аппарат хэрэгслээ өндөрт гаргалгүй, нам дор сургуулилалж байсан учраас тэр өдөр хамгаалалтын тор татаж, дор нь гудас тавьж ч сэрэмжилсэнгүй. Үсрээд эргэхэд минь бариад авна гэсэн итгэлээр 25-хан настай бүсгүй хамтрагчтайгаа бэлтгэл хийнэ. Энэ бол 1982 оны арванхоёрдугаар сарын 10-ны үйл явдал.

Хэдхэн хоногийн дараа Шинэ жилийн баярт зориулсан тоглолт эхлэх гэж байсан үе. Гэвч команд андуурсан хамтрагч гараас нь биш, хөлөөс нь барина гэж будилснаар бүсгүй унаж бэртэв. Циркчид бэртэж, гэмтэж л байдаг болохоор хагалгаанд ороод эргээд манежиндаа гарна гэсэн итгэл түүнд байсаар л байсан гэдэг.

Нурууны хоёр үе хугарч, нугас нь тасарсан түүнд ямар ч эмчилгээ байхгүй нь тодорхой болсны дараа ч энэ эмэгтэй бууж өгөөгүй. Түүнийг Монгол Улсын Гавьяат жүжигчин Ширнэнгийн Цогцэцэг гэдэг. Унаж бэртсэнээсээ хойш долоон жилийн дараа цоо шинэ үзүүлбэртэйгээр манежинд гараад ирнэ гэж хэн ч төсөөлөөгүй байх. Гэвч тэр чадсан. ОХУ-ад эмчилгээ хийлгэнгээ шинэ үзүүлбэрийн санаагаа олж, агаарын гимнастикч мэргэжлээ амьтан сургагч болгон өөрчлөөд тэр эргэж ирсэн. Хөгжилтэй нохдын үзүүлбэрээрээ холын улсуудад Монголын нэрийг гаргаж чадсан.

Бахархах түүх үүгээр дуусахгүй. Циркчин бүсгүй шавь нараа “хоолонд нь хүргэчихсэн” болохоор өөртөө цаг гаргаж буудлагын спортоор хичээллэх болж. Туркт болсон Дэлхийн цомд оролцож шинэ амжилт тогтоогоод, дараа нь Инчоны наадмын аравдугаар байрт шалгарч чадсан байна.


АРДЫН ЖҮЖИГЧДИЙН ХАЙЖ ОЛСОН “ЭРДЭНЭ”

Москвад циркийн жүжигчин бэлтгэхээр шийдвэрлэж, маш олон хүүхэд шалгаж сонгосон тэр жил буюу 1972 онд Ш.Цогцэцэг ч бас тэдний дунд байжээ. Тухайн шалгуурт хараахан тэнцээгүй болохоор ЗХУ руу явсангүй. Зуны амралт ч болж, нийтийн жишгээр зусландаа гарсан гэнэ.

Гэтэл зуны үдэш, ажил тарсны дараа Сэлбийн зусланд УАЗ-469 машин уухилсаар ирж зогслоо. Дотроос нь Ардын жүжигчин, Монголын циркийн урлагийг үндэслэгчдийн нэг Ламзавын Нацаг, Төрийн шагналт, Ардын жүжигчин, уран нугараач Тогоончулууны Цэнд-Аюуш нар гарч иржээ. Алдартай циркчдийг хүүхдүүд андахгүй сайн таньж байв. Гэтэл ардын жүжигчдийн хайж, зорьж ирсэн айл нь Ширнэн гуайнх байж таарав. Тэдний охиныг Циркийн сургуульд элсүүлэхээр ирсэн нь энэ.

Гадаад руу явуулаагүй хэрнээ дотоодынхоо Циркийн сургуульд охиныг нь авна гээд ирэхэд Ширнэн гуай дуугүй өнгөрүүлсэнгүй, “Гадаад сургуульд гарынх нь тохой гологдсон гэчихээд дотоодынход болдог л юм байх даа” гэж хэлээд амжсан гэдэг. Ямартай ч, ирсэн улс зорилгоо хэлж, циркт дурласан Ш.Цогцэцэг охин ч бөөн баяр болон тэднийг үдсэн байна. Өмнөх шалгаруулалтад хамт оролцож байсан хүүхдүүдээсээ танидаг бол эргэж холбож өгөөч гэсэн хүсэлтийнх нь дагуу тэр маргааш нь аавтайгаа хамт Төмөр зам руу очиж, Д.Шүрэнтуяа, П.Даваахүү нарт хэл дуулгасан байна.

Ийнхүү 15 хүүхэд бүрдэж, Монголын Циркийн сургуулийн 1972 оны элсэгчид бүрдэв. Агуулах болгож үлдээсэн хуучин циркээ тэд өөрсдөө засварлаж, Улсын баяр наадмаас хойш тасралтгүй цэвэрлэгээ хийсээр есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлсэн түүхтэй. Тэдний дундаас хожим нь, Монгол Улсын Гавьяат жүжигчин, циркийн алиалагч Дамбын Батсүх, шидэх банзнаас гурван удаа эргэсэн анхны эмэгтэй жүжигчин Д.Шүрэнтуяа, эмэгтэй илбэчин П.Даваахүү нарын алдартан төрөн гарсан юм.


ШУУГИАН ТАРЬСАН “ЗАЛУУСЫН ЗОЛБОО”

Москвад ГУЦЭИ (Государственное училище циркового и эстрадного искусства) төгссөн 22 жүжигчин, Монголд Циркийн сургууль дүүргэсэн 11 жүжигчин нийлж 1976 онд Улсын циркт “Залуусын золбоо” хэмээх шинэ хөтөлбөр тоглосон нь тухайн цагтаа жинхэнэ шуугиан тарьжээ. Шинэ жил, Улсын баяраар жилд хоёр удаа шинэ хөтөлбөр гаргаж, хөдөө орон нутагт байнга тоглолт хийдэг тухайн цаг үед Улсын циркт уран бүтээл ундарч, үзэгчдийн хөл тасардаггүй байсан гэдэг.

Тэр ч бүү хэл, Инээдмийн баяр, Наадмын үеэр шилэн хаалгаа эвдүүлж, тасалбар нь олдохоо байх ч энүүхэнд. Энэ үед л Ш.Цогцэцэг эгч манежинд дүүлэн нисэж байв. Сургууль төгссөнөөсөө хойш “Олсон дээрх гимнастик”, “Олноор жонглёр”, “Цуваа гурван тюрник”, “Сансрын зөгнөл” агаарын нисэлт, “Агаарын цагариган дээрх гимнастик”, “Акробат-4”, “Чанга утсан дээрх бүжиг” зэрэг үзүүлбэр тоглосон байна. Гэвч “Агаарын рамка”, “Эмэгтэйчүүдийн канат” үзүүлбэр бэлэн болгочихоод, тоглолт эхлэхээс 20 хоногийн өмнө гэмтжээ.

Дунд сургуульд байхаасаа спортын гимнастикаар хичээллэж байсан түүний хүсэл, тэмүүллийг хамгийн их татсан урлаг нь цирк. Авхаалж, самбаа, гоо сайхны дээд илэрхийлэл болсон энэ урлагтай тэр хувь заяагаа холбож, хүний хийж чадахгүйг хийж, алмайруулж, гайхуулж явснаараа бахархдаг. “Аваар, осол ихтэй ч циркийн манежинд гарахаараа сэтгэлийн гал, дөл бадарч нэг их зоригтой болчихдог юм” гэж тэр өөрийнхөө тухай ярьсан.


Ш.ЦОГЦЭЦЭГ: ХАГАЛГААНД ОРООД ЭДГЭЧИХНЭ Л ГЭЖ БОДСОН

-Унаж, бэртсэн тэр өдөр яг юу болсон бэ. Хамтрагч тань команд андуурсан гэдэг юм билээ.

-“Агаарын рамка” хэмээх хоёр хүний үзүүлбэр бэлтгэж байсан юм. Агаарын үзүүлбэрийг эхлээд нам дор бэлдэж байгаад дараа нь аппаратаа дээш өргөдөг. Долоо хоногийн дараа аппаратаа дээш нь татаж, өндөрт гаргана гэж байсан тэр өдөр би гэмтсэн. Намхан газар бэлдэж байгаа болохоор хамгаалалт хийгээгүй, бас хэн ч анзаараагүй байх.

Хамтрагч маань намайг шидээд хөл, гараас ээлжлэн барьж, гимнастикийн трюк хийж бэлтгэж байлаа. Гэтэл командаа андуурч гараас минь барих ёстой байтал хөл рүү зангаснаас болж би унасан. Яг нуруугаараа ойчсон болохоор шууд л мэдээгүй болж, гурван цагийн дараа хагалгаанд орсон ч эдгээгүй.

-Барьж авна гэсэн итгэлээр л та үсэрсэн, гэвч... харамсалтай юм аа.

-Шидэлттэй акробат болон бусад үсрэлттэй үзүүлбэр, агаарын нисэлт үргэлж итгэлцэл дээр тулгуурладаг. Ганболд ах тэгэхэд команд л андуурчихсан даа.

-Гомдсон уу?

-Бэлтгэл хийж байхдаа бишгүй олон удаа унаж байсан болохоор тэгж айхтар гэмтлээ гэж огт бодоогүй. Надаас өмнө тэгж хүнд гэмтсэн хүн ч байгаагүй болохоор хагалгаа хийлгээд босоод ирнэ, манежиндаа гарна л гэж бодож явсан. Польш, ЗХУ-д хэд хэдэн хагалгаанд ороод найдваргүйг нь мэдсэн. Гэхдээ хөл гараа хатаачихгүй, тайруулчихгүйн тулд дасгал хийж, хөдөлгөөнтэй байх хэрэгтэйг ойлгосон.

Москвагийн циркт тэр үед суумгай, тэргэнцэртэй хүмүүст зориулсан эмчилгээний хичээл ордог байсан юм. Гурван жилийн турш 4-5 сарын хугацаатайгаар тэнд очиж ЗХУ-ын Гавьяат жүжичгин Валентин Иванович Дикулиэр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэдэг байлаа. Тэр хүн 1969 онд нуруугаа бэртээж суумгай болсон ч өөрийгөө эмнэж, мэдээ орсон юм билээ.

Ер нь оросууд их сайхан. Циркт өвчтэй хүн байлгахгүй гэж хажиглалгүй, тэргэнцэртэй хүмүүст тусалж, эмчилж байсан. Гаднаас нь харсан хүнд Гэмтлийн эмнэлэг шиг санагдахаар орчин тэнд бий болсон байсан ч циркийн бүх л жүжигчин бидэнд тусалж буйдаа үнэхээр баяртай байсан.


В.И.ДИКУЛИЙН ЗААСАН ЗАМААР УРАГШАА

Гавьяат жүжигчин В.И.Дикуль “Цогцэцэг ээ, чи эргээд манежиндаа гарч болно шүү дээ. Чи чадна” гэж хэлэхэд нь тэр эхлээд итгээгүй гэсэн. Сэтгэл санааг нь өргөх гэж урмын үг хэлж байна гэж бодсон ч янз бүрийн шинэ санаа уралдуулж, түүнд олон зүйл зөвлөсөөр л байж. Эмчилгээ дуусаж, гэртээ харихдаа түүний ярьсныг таг мартсан гэхэд болно. 1988 онд дахиад л эмчилгээгээ хийлгэхээр Ш.Цогцэцэг Москвад очлоо. “Чи үзүүлбэртэйгээ ирсэн үү” хэмээн асуусаар баяр хөөр болон угтсан В.И.Дикуль түүнийг гар хоосон ирсэнд гомдож, тэр өдөржин дуугараагүй гэсэн. Яг энэ үед л эмчлэгч багш нь түүнд наргиа болгож энэ бүхнийг яриагүй, чин сэтгэлээсээ хэлсэнд нь итгэсэн байна.

Аварга могойн үзүүлбэр хийлгэх төлөвлөгөө боловсруулаад танилцуулахад нь сэтгэл хөдөлж, Улсын цирк рүү утас цохиж найруулагчдаа хэлсэн ч “Могой тайван хэдий ч уурлахаараа суумгай битгий хэл, эрүүл хүнд ч дийлдэхгүй хүчтэй. Шууд биеийг чинь ороогоод чангалчихаар тайлах аргагүй байдаг” гэж сэрэмжлүүлснээр Цогоо эгч үүнээс татгалзав. Москвагийн циркт тоглолт хийхээр очсон Гавьяат жүжигчин Д.Ягаанцэцэг ч Дикулийн яриаг дэмжин, Цогоогоо үзүүлбэртэй болгочихсон гэж хичээж эхэллээ.

Дараа нь шатрын хөлөг шиг дэвсгэр дээр сүйх тэрэгтэй шидэт дагина зогсож, таван хар, таван цагаан нохойг шидэт саваагаараа удирдан тоглуулах шинэ үзүүлбэрийн санаа бас л танилцуулав. Жүжигчин бүсгүйчүүд ЗХУ дахь Монголын соёлын атташегаар дамжуулан Урлагийн ажилтны холбооны удирдлагатай холбогдоход “Монгол хүний төлөө гадаад хүн ингэж их анхаарч байхад бид дэмжилгүй яах вэ” гээд 1000 рублийн эрх өгчээ.

Урлагийн ажилтны холбооноос өгсөн 1000 рубль тэр үедээ их мөнгө байсан болохоор Ш.Цогцэцэг эгчид хийж чадна гэсэн итгэлийг улам баттай бий болгожээ. Москвагийн циркт нохой тоглуулж байсан гэр бүлийн хоёр жүжигчин тэдэнд тусалж, амралтын өдрүүдэд амьтны зах онгойход өглөө эртлэн явж, өдөрт нэг нэгээр нь бяцхан гөлөгнүүд авсаар зургаа болгож амжив.

Эхээсээ салсан гөлөгнүүд, шөнөжин гийнаж зочид буудалд байрласан хүмүүсийг амраахгүй байсан учраас монгол оюутнуудыг нутаг буцахад нэг нэгээр нь дайсаар энд авчирчээ. Эхлээд Цогоо эгчийн ээж гөлөгнүүдийг асарч байсан ч зургаан гөлөг нэгэн зэрэг гэрт байхаар ханын цаасыг хуулж, хамаг юмыг нь бужигнуулаад байсан учраас Улсын циркт аваачиж, тусгай өрөө гаргуулан Ш.Цогцэцэгийн бага дүүд хариуцуулжээ.

Өөрөө дураараа босоод явчихаж чадахгүй, өмнө нь амьтан сургаж байгаагүй хүн 10 нохойтой “зууралдаж”, тэднийг ухаан суулгана гэдэг амаргүй. Өнгөрсөн цаг хугацааны түүхийг нэхэн ярьж байгаа болохоор Цогоо эгч инээж, нүүрэндээ баясал тодруулж байсан ч “Больё, би чадахгүй юм байна” гэж шантрах тохиолдол байсныг нуугаагүй. Бүтэн жил өдөр, шөнөгүй бэлтгэл хийсээр 1989 онд Дикулийн зөгнөн ярьсан “Шидэт дагина” манежинд эргэн гарсан юм. Үзэгчдийн алга ташилт, үеийн нөхдийнх нь хүндлэл түүнийг дахин сэрээж, манежиндаа эргэн гарах мөрөөдөл нь ийнхүү биелсэн байна.

Зовлон, бэрхшээл түүнийг сорьсоор байсан ч бууж өгөлгүй тэмцсээр Монгол Улсын Гавьяат жүжигчин болжээ. 2010 онд Монголын үндэсний цирк жүжигчдээ цалинжуулж чадахгүй болж, тэднийг чөлөөлөх хүртэл Ш.Цогцэцэг эгч цирктээ ажилласаар л байсан. Төрсөн дүүгээ циркчин болгож, шинэлэг олон үзүүлбэр дэглэж, ганц хүүгээ гуравхан настай байхаас нь дагуулж, гадаад, дотоодод тоглож яваад түүндээ нохойны үзүүлбэрээ өвлүүлэн дунд сургууль төгстөл нь тоглуулжээ.

1989 оноос хойш Цогоо эгч нохойны дөрвөн үе үзсэн ч “Амьтанд ээлтэй цирк” нь жүжигчин амьтдаа гудамжинд гаргахдаа тулахад арга буюу үлдсэн хэдэн нохойгоо Улаан-Үдийн цирк рүү явуулсан байна.

ПАРА БУУДЛАГЫН ТАМИРЧИН

-Буудлагаараа хичээллэж байгаа юу?

-Өнгөрсөн жил Атлантад болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноосоо хойш болихоор шийдсэн. Зардал ихтэй юм аа. Бэлтгэл хийж байна гээд өдөржин л мөнгөөр буудаж байгаа юм.

-Та хэдэн оноос буудлагаар хичээллэсэн бэ?

-2012 оны гуравдугаар сараас 2015 оны арванхоёрдугаар сар хүртэл гурван жил хичээллэсэн. Польш, Туркт болсон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болон Инчоны Азийн наадамд оролцсон. Гадаад руу явахдаа зардлаа өөрсдөө олж, буу, сумаа хувийнхаа зардлаар бэлддэг болохоор амаргүй л дээ. Циркийн жүжигчний мэргэжлээс тэс өөр. Сэтгэл хөдлөл гаргаж болохгүй. Тэгэх л юм бол гар салгалж, байгаа онож чадахгүй. Би 2012 онд пара шинэ жилийн цэнгүүнд оролцож байхдаа Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбаттай таарч, түүнээс буудлагаар хичээллэх санал хүлээн авсан.

Насны хязгаар заадаггүй спорт болохоор хичээллэсэн. Гэхдээ богино хугацаанд амжилт гардаггүй юм билээ. Туркт болсон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний үеэр Азийн эмэгтэйчүүдийн хэмжээнд шинэ амжилт тогтоож, Инчоны наадамд оролцож, аравдугаар байрт шалгарсан. Залуу байхаасаа л гэртээ зүгээр сууж үзээгүй, өглөө гараад орой орж ирдэг байсан болохоор одоо юу хийдэг юм билээ л гэж бодож сууна шүү. Зүгээр сууж чадахгүй юм билээ.

Нэгэн үе Монголын циркийн урлагийн амьтны үзүүлбэрийг төлөөлөн гадаадын бүх л тоглолтод оролцож байсан эгдүүтэй хөөрхөн гөлөгнүүдийг хүмүүс санаж байгаа байх. Ш.Цогцэцэг эгчийн хүү бүр жаахан байхаасаа нохдоо удирдан тоглуулж, үзэгчдийн хайрыг ч булааж байсан. Одоо хүү нь том болсон. Их сургуулиа дүүргэж, хуулийн чиглэлээр амжилттай ажиллаж яваа. Харин Ш.Цогцэцэг эгч зорьсноо бүтээж, салхи сөрдөг эрчээрээ дараагийнхаа авьяасыг тодруулахаар эрэл хийсээр явна.

Ж.СОЛОНГО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.181.184.101 Танийг болон Цэцгээ эгчийг хүндэлж явдаг Хандаатай хаяа холбогддог
59.153.85.111 Хөөрхий шидэт дагина, ийм тийм авъяастан гэж гоё үгээр сэтгэлий нь засах л ухаантай юм байх даа. Цирк, уулын тамирчид гээд шал хэрэггүй ажил их байнаа. Гэмтэж бэртэж үхэж үрэгддэг. Заяа төөрөг л байхдаа зайлуул
122.201.22.92 Хатан зоригтон ...мятрашгүй авъяастан... ардын баатар... кккк
49.0.162.105 ХУГАРААГҮЙ ХАТАН НУРУУ - гэж нэрлэмээр санагдлаа. Хоолой зангирч уншлаа. Ийм сайхан мятрашгүй хүсэл тэмүүлэлийг олон залууст хүргэж урам өгөөрэй. Мөнхнаран
150.129.141.90 Mundag tevcheertei shuu manai Tcogoo hicheel zutgel saihan setgel ni buhniig yalj chadsandaa. Tcogoogiinhoo gavyatiig engert ni zuulgehed buh jujigchid mini l gavyat jujigchin bolson yum shig bododogdoj baisandaa.
75.56.59.51 Minii hairtai Egch unheer mundag Hun.
59.153.113.57 Агуу гандан бууршгүй эмэгтэй Биширмээр дайчин
122.150.238.54 Бөөн эрч хүчийг авлаа. Амьдрал баян гэдгийг ойлгуулахаар ярилцлага болжээ
103.26.194.98 Ymar goe yriltslaga gegeen dursamjuud be. Tsogtsetseg egchdee eruul enkh az jargaliig husen eruue.
122.201.21.183 Гайхамшигтай сайхан эмэгтэй