ПУТИН ХЭР УДААН ТЭСЭХ ВЭ

2016 оны 04 сарын 07

Оросын бодлогын ирээдүйг урьдчилан хэлэх гэж оролдох хүн бүрийн өмнө энэ асуулт босож ирдэг юм. Шведийн Ерөнхий сайд байсан Карл Бильдт Путинд 10 жилийн ирээдүй бий гэж үздэг. Тэгвэл Оросын зарим шинжээч Путиний дэглэм энэ оны дундаас л бүдэрч эхэлнэ гэж оношилж байна.Ямар ч байлаа гэсэн Путин төрийн эрхийг эцэс төгсгөлгүй барина гэж байхгүй.

Гэхдээ түүнийг ойрын үед “явна” гэж бас хүлээлтгүй. Шалтгааныг нь олохын тулд ганцаар захирах дэглэмд хийсэн судалгааг авч үзье. Улс төр судлаач Барбара Геддес, Жозеф Райт, Эрика Франц нар зоргоороо удирдагч эрх мэдлээ алдаж эхэлснээр дараах гурван үр дүнгийн аль нэг нь бий болдог гэж үзэж байна.

-Шинэ маягаар ажиллах, тэгэхдээ л ганцаар захирах шинэ бүлэглэл эрх мэдлийг гартаа авна.

-Хуучин дэглэм хэвээр үлдэх ч түрүүчийн удирдагчаа сольж, өмнөх удирдлагад байсан хэн нэг нь түүний халааг авна.

-Ардчилсан зарчмаар сонгогдсон огт өөр удирдагч эрх мэдлийг авдаг. Эдгээр хувилбарын аль нь ч Орост хэрэгжих магадлал бага. Гэлээ ч тэднийг тодруулж үзье.

1.Зоргоор авирлагч удирдагчдыг хувьсгалч бүлэглэл огцруулж болдгийг Иран улс хийгээд Арабын хаврын жишээн дээр бид үзлээ. Тэнд ардчилал таг чиг болж, ганцаар захирах шинэ дэглэм эрх мэдлийг авав. Хуучин дэглэмийг хүчээр унагасны эцэст ийм тогтолцоо бий болох магадлал их байдаг аж.

Гэхдээ тусгай албанд юм уу, армид олон жил ажиллаж, алба хаасны дараа улс төрд орж ирсэн Оросын хүчнийхнээс бүрдсэн нэгэн гарал үүсэлтэй өвөрмөц хүрээлэл УАХХ-ны офицер байсан Путиний орчинд бий болчихоод байгаа юм. Энэ хүчнийхний нөлөө, имиж Кремлийн улс төрийн соёлыг ч өөрчилж орхилоо. Путиний хамтран зүтгэгчид туулсан замналаасаа үл хамааран цаг хугацаа өнгөрөх тусам удирдагчийнхаа байр байдлыг даган дууриах болж байна.

Хүчнийхний эрх мэдэл аливаа тусгай албадын хүрээнээс хальж, Оросын гадаад бодлого, төсөвт нөлөөлөх боллоо. Оросын цэргийн зардал эрс нэмэгдсэн нь 2011 онд Сангийн сайд Алексей Кудринийг огцроход хүргэв. Арми, тусгай албад Путиний талд шүү гэсэн дохиог хүчнийхэн өгсөөр байна.

...Тэгэхдээ Путин 2018 онд нэрээ дэвшүүлэхгүй байх найдвар хэр байна вэ? Улс орондоо нэр хүндээ өргөхийн тулд тэрбээр маш их юм хийсэн. Тийм болохоор нэрээ дэвшүүлэхгүй байх магадлал тийм ч өндөр биш. Оросынх шиг нэг хүний эрх мэдэл ноёрхсон дэглэмийн нөхцөлд дотоод, гадаад бодлогын бүх шийдвэрийг ганц хүн гаргаж байдаг болохоор удирдагчаа халах, солих магадлал тун бага хэмээн Геддес, Райт, Франц нар нотолж байна...

Кремлийн эрх мэдлийг гартаа авахад бэлэн, сайтар зохион байгуулагдсан тийм сөрөг хүчин хүчнийхэнд одоогоор алга. Ийм хүмүүсийг хаанаас олж болох вэ? Оросын арми бол өөр ямар ч байгууллагад байхгүй асар их нэр хүнд, итгэлийг нийгмээсээ хүлээж байдаг юм. Путин өөрөө бас маш их нэр хүндтэйг нь бодолцвол Оросын эдийн засгийн таагүй байдлаас үл хамааран түүнийг унагааж чадлаа ч шинээр гарч ирсэн бүлэглэл хүлээн зөвшөөрөгдөж чадна гэж үү.

Түүнээс гадна эрх мэдлийг хүчээр булааснаар Умард Кавказын байдал тогтворгүй болж, Москва хийгээд орон нутгийн эрх мэдлийн бүтцийн харьцаа, ялангуяа Чеченьд аюултай байдалд орно. Чечений удирдагч Рамзан Кадыров Путинд үнэнчээ байнга илэрхийлдэг. Тийм болохоор Путинийг халж гарч ирсэн дэглэмийг тэрбээр хүлээн зөвшөөрөхгүй бол салан тусгаарлах шинэ хөдөлгөөн бий болох магадлал нэмэгдэнэ.

2.Путин эрх мэдлээ шилжүүлэхээр өөрөө шийдэх юм уу, одоо эрч хүчтэй байгаа ч эрүүл мэндийн байдал нь муудаж эхэлбэл л түүний дэглэм шинэ өнгө төрхтэйгөөр хэвээр үлдэж болох юм. Энэ нөхцөлд ардчилал, хүний эрхийн асуудлаас сонгогчдын анхаарлыг хөндийрүүлэхийн тулд Оросын эдийн засаг огцом өсөх шаардлагатай болно.

Гэхдээ Өрнөдийн тавиад байгаа эдийн засгийн хориг, нефтийн үнийн уналтаас үүдээд эдийн засаг нь өсөх боломж бага. Стивен Кроули, Ирина Олимпиева нарын бичсэнчлэн эдийн засгийн таагүй байдал нь Орост шинэ давалгаа эхлүүлж мэдэхээр байгаа аж. Тэгэхдээ ипотек эзэмшигчид өөрсдөд нь тохиолдож буй бэрхшээлд Путинийг буруутгахгүй байгаа. Энэ хоёр дахь хувилбар хэрэгжихэд Путиний сонгосон хүрээллээс шалгуур даах нэр дэвшигч хэрэгтэй болно.

Шийдвэр гаргах энэ бүлэг нь Путинийг дэмждэг хэсэг байх учиртай. Тэгэхдээ Путиний бодлогыг үргэлжлүүлэх, бусад нь эсэргүүцэхгүй хүнийг олоход бэрхшээл тулгарна. Халж сольшгүй удирдагчийн дүрийг Путин бий болгочихоод байгаа болохоор энэ түвэгтэй. Путин улс орноо удирдсаар байх нь гэдэг 2008 онд Димитрий Медведевтэй хийсэн нүүдлээс хойш тодорхой болсон. Хэрэв нөхцөл байдал аядуу, аятайхан байвал 2018 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Путин эргэлзэх юмгүй гол нэр дэвшигч нь байх болов уу.

Тэрбээр хамгийн боломжит өрсөлдөгчөөсөө 80 пунктээр илүү байгааг өнөөгийн олон нийтийн санал асуулгын дүн харуулж буй. Түүний одоогийн хүрээлэл болон гэр бүлийнхнээс нь бид бас л нэр дэвших хүн олохгүй байна. Путин хоёр охинтой, тэд нь олон түмний анхаарлаас хол хөндий, гол нь хэвлэлийнхэн хүрэх боломжгүй байдгийг хэн бүхэн мэднэ.

Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Сергей Иванов “Унаагаа даваан дээр сольдоггүй” гэхэд өөрийнхөө нэрийг дэвшүүлэх боломжгүй гэдгийг илэрхийлсэн. Дээгүүр санаатай Кадыровыг хүн ам нь ч, улс төрийн дээд зиндааныхан ч дэмжихгүй.

2018 оны сонгуульд Путин нэрээ дэвшүүлэхгүй байхаар шийдвэл Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг залгамжлагчаараа сонгож магадгүй. Хүн амынхаа итгэлийг хүлээдэг Оросын улстөрчид дотор түүний нэр хоёрт ордог юм. Шойгу Онцгой байдлын сайдаар байхдаа идэвхтэй, шаргуу ажиллаж, өөрийн биеэр үлгэрлэж байснаас олон түмний дэмжлэг хүлээх болсон юм.

Тэгэхдээ Путин 2018 онд нэрээ дэвшүүлэхгүй байх найдвар хэр байна вэ? Улс орондоо нэр хүндээ өргөхийн тулд тэрбээр маш их юм хийсэн. Тийм болохоор нэрээ дэвшүүлэхгүй байх магадлал тийм ч өндөр биш. Оросынх шиг нэг хүний эрх мэдэл ноёрхсон дэглэмийн нөхцөлд дотоод, гадаад бодлогын бүх шийдвэрийг ганц хүн гаргаж байдаг болохоор удирдагчаа халах, солих магадлал тун бага хэмээн Геддес, Райт, Франц нар нотолж байна. Гэлээ ч шинэ удирдагч гараад ирэх боломж бий. Эцсийн эцэст Путин ч өөрөө хэнд ч танигдаж мэдэгдээгүй байхдаа л эрх мэдлийн оргил руу авирч эхэлсэн шүү дээ.

3.Ардчилсан арга замаар сонгогдсон удирдагч Путиний болон эрх баригч “Нэгдмэл Орос” намын толгойд гараад ирэх тохиолдол хэзээ ч юм бэ гарлаа гэхэд энэ нь Владимир Путиний хувьд хамгийн аюулгүй төгсгөл байх юм. Халаагаа өгч буй удирдагчийн хувьд ганцаар захирах шинэ дэглэм бий болгохоос илүү аюулгүй алхам нь ардчилсан шинэ дэглэм байх болно.

Ардчилсан шинэ удирдагчид өмнө байсан хүмүүсээ цөлөх, шоронд суулгах нь ховор байдаг. Эрх мэдлийг ардчилсан зарчмаар солилцох нь суудлаа явдал чирэгдэлгүй орхих боломжийг халаагаа өгч буй удирдагчид олгодог нь дэлхий дахины санаанд бүрнээ нийцдэг билээ.

Эрх мэдлийг Путинээс авч өөр дэглэмд шилжүүлчих ардчилсан бүтэц Орост уг нь бий. Даанч тэдгээр бүтэц Кремлийн хатуу хяналт дор байна. Сонгогчид “Яблоко” юм уу, ПАРНАС мэт ардчилсан сөрөг хүчний намууд руу хошуурна гэж бид бодохгүй байна. Есдүгээр сард болох Төрийн Думын сонгуульд эдний алинаас нь ч, тэр ч бүү хэл либерал сөрөг хүчнээс ч ялалт горьдоод нэмэргүй. Учир нь сонгуулиар луйвар, булхай гарахгүй гэх баталгаа байхгүй.

Өөр нэг нөхцөл гэвэл Москва, Санкт-Петербургээс хол байгаа сонгогчид либерал сөрөг хүчнээс хөндий юм. Сөрөг хүчний намууд хүчээ нэгтгэхээс татгалзаж буй нь энэ байдлыг улам гүнзгийрүүлж байна. Ордны эргэлт юм уу өөр ямар нэг онцгой явдал тохиолдохгүй бол Путин 2016 оны Парламентын 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа, түүгээр ч барахгүй цаашдаа ч бидэнтэй хамт байж мэднэ.

Маршалын “Герман-АНУ” сангийн дэргэдэх Трансатлантын академийн эрдэм шинжилгээний ажилтан, “Ардчилсан өөрчлөлт ба саад: Европын холбоо, АНУ, Өмнөд Кавказ дахь Орос” ном туурвисан Нелли Бабаян өгүүлэлдээ ийн бичжээ.

И.РЭНЧИНХАНД

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.86 Ванга зенчийн хэлснээр бол дэлхийг тевхнуулэх хуртлээ бна. Оросын ” алтан уе ” 2030 оноос эхлэнэ гэжээ.
103.9.88.210 зайлуул бичих юмаа олж ядах юм 2 хөрш чинь амгалан тайван бол бид шиг гаднаас хамааралтай улсд тустай л байх солиотой эргүү төлөг бна