Говь гурвансайхан ууланд 30 буга нутагшуулна

2016 оны 04 сарын 08

Өмнөговь аймгийн Говь гурвансайхан ууланд буга нутагшуулахаар “Сайхан буга” төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэ ууланд найман жилийн өмнө нэгэн согоо ирж, нутагшсан аж. Одоо хүртэл тэнд амьдарч буй согоог ижил сүрэгтэй болгох, өсгөж үржүүлэх зорилгоор эхний удаад Орхон аймгаас 10 халиун буга авчрахаар бэлтгэлээ хангаж байгаа аж. Эдгээр бугыг энэ сарын 10-нд Гурвансайхан ууланд аваачна. Гурван жилийн хугацаанд жил бүр 10, нийт 30 буга авчирна.

Тус аймгийн удирдлагууд дээрх согоог ижил сүрэгтэй болгохоор төлөвлөсөн байсан ч санхүүгийн асуудлаас болоод хэрэгжүүлж чадаагүй аж. Үүнийг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Ц.Даваасүрэн сонсоод дэмжлэг үзүүлэхээр болсон юм байна. Буга нутагшуулахын өмнөх суурь судалгааг өнгөрсөн жил Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын захирал, доктор Н.Банди, МУИС-ийн багш нараар хийлгэхэд Гурвансайханд халиун буга нутагших бүрэн боломжтой гэж тогтоосон байна.

Одоогийн байдлаар Булган сумын Богины хяр, Баруунсайхан ууланд нэг тураг, Цогт-Овоо сумын нутагт нэг согоо байгаа гэсэн мэдээлэл иргэдээс ирсэн гэнэ. Хангайн амьтан яагаад говьд урвасныг хэн ч мэдэхгүй байгаа ч нутгийнхан нь баярлан, бэлгэшээж байгаа аж.

Б.БАЙГАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД