Ч.Бат-Эрдэнэ: Ховордсон амьтан, ургамлыг устаагүй дээр нь МАРКАНД МӨНХЛӨХ СӨН

2016 оны 04 сарын 08

Модны хоёрын балгас болсон тоосгон гараашийн ар дахь, хүн үл анзаарам, даруухан байшинд Монгол Улсын түүхийг мөнхөлж, дэлхий дахинаа тусгаар тогтнолыг минь тунхагладаг маркийг бүтээдэг хүмүүс суудаг аж.

Маркны зураач бусад уран бүтээлчтэй адил зургаа мольберт (зургийн тавиур) дээр тавьж зурдаг, будаг ханхалсан өрөөнд суудаг болов уу гэтэл эсрэгээрээ, ханаа маркаар чимэглэсэн албан тасалгаанд, ширээний ард ажилладаг аж. Бидний зочноороо урьсан зураач Ч.Бат-Эрдэнэ Хакүхо М.Даваажаргалын зургийг зурж байлаа.

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 36 түрүүлж, дээд амжилт тогтоосныг нь улс үнэлэн ийн марканд мөнхлөхөөр болжээ.

-Дээхнэ үед зураач нарыг Маркны товчоонд томилж ажиллуулдаг байсан юм билээ. Та харин хүслээрээ ажиллах болсон уу?

--Би Дүрслэх урлагийн дунд сургуульд сурч, Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн анги төгсөөд чөлөөт уран бүтээлч болж, бусад зураачтай адил урландаа уран бүтээлээ хийдэг байлаа. 2010 онд танил ах нэг уяачийн зургийг зуруулсан юм. “Монгол шуудан” ТӨХК-ийн захирал Г.Чинзоригт Захирлын зөвлөлийнхөн нь шинэ жилээр зураг бэлэглэх гээд надаар зуруулсан нь тэр юм билээ. Зураг маань түүнд таалагдсан юм болов уу, надтай уулзаж, маркны зураач болох санал тавьсан.

Тухайн үед Хүннү гүрний 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиож, Маркны товчооныхонд хийх ажил их, ганцхан зураачтай, шинэ хүн ажилд авахаар судалж байсан юм билээ. Би маркны зураач болно гэж төсөөлж байгаагүй ч надад аз таарсан.

Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон үнэт цаасанд бүтээлээ хэвлүүлнэ гэдэг хэр баргийн хүнд тохиохгүй хувь, түүхэнд нэрээ мөнхлөх боломж. 1924 оноос эхлээд Монголын бүхий л Ардын зураач, Төрийн шагналтан маркны зураг бүтээж байсан юм билээ.

-Маркнаас түүх “уншиж” болдог гэдэг. Та Монголын ямар, ямар түүхэн явдалтай холбогдов?

-Энд таван жил ажиллах хугацаандаа боловсролын 90, Үндэсний эрх чөлөөний 100, НҮБ-ын 50, Аугаа эх орны дайнд ялсны 70, гаалийн байгууллагын 100 жилийн ой, Лондоны олимп, Тарбозавр Батаар Монголдоо ирсэн гээд л олон түүхэн үйл явдлыг тохиолдуулан гаргасан маркийг зурсан. Манайх ойролцоогоор төлөвлөгөөт 14 марк жилд хийдэг. Үүн дээр нөөц сэдвийн дөрвөн марк нэмэгддэг. Би энэ хугацаанд 25 сэдвээр 68 ширхэг марк зуржээ.

-Чөлөөт уран бүтээлч байсан хүн гэнэт төлөвлөгөөгөөр, цаанаас заасан сэдвээр уран бүтээл хийдэг болжээ. Сэдэвт баригдаж байгаад чөлөөт уран бүтээлээ туурвих гэхэд зөрчилдөх ч юм уу, танд ямар нэгэн байдлаар нөлөөлдөг үү?

-Би угаасаа авангард, абстракт гэхээсээ түүхэн, реалист төрлөөр зурдаг болохоор маркныхыг урлахад надад анхнаасаа ойр байсан. Эхлээд бодит зургаар мэргэшчихээд дараа нь орчин үеийн урлагийн төрлүүдээр уран бүтээлээ туурвисан нь дээр гэж боддог. Ойрын хоёр жилийн дотор бие даасан үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа.

Марк тухайн улсын нүүр царай болдог учир ямар ч алдаа гаргах эрхгүй. Иймээс марк зурахад хамгийн чухал нь судалгаа тул төрөл бүрийн салбарын мэргэжилтэн болох шахна. Динозавр зурах болбол палеонтологичидтой уулзаж, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын талаар дүрслэхдээ Түүхийн хүрээлэн, Богдын музейн судлаачдаас мэдээлэл авах жишээтэй.

-Судлахад хамгийн бэрхшээлтэй, онц сонирхолтой сэдэв нь аль байв?

-Энэ амар, тэр нь хэцүү гэх онц ялгаагүй дээ. Ганц жижиг марк бүтээхэд хамгийн багадаа хоёр долоо хоног, нарийн дүрслэлтэйг зурахад хоёр сар орчим хугацаа зарцуулдаг. “Дашчойлин” хийдийн талаар марк гаргахад хамгийн сонирхолтой байлаа. Гэр шиг хэлбэртэй, ямар ч хадаас ороогүй оньсон байшин Азид ховор байдгийн хоёр нь “Дашчойлин” хийдийнх юм билээ. Тэнд Майдар эргэх, цам харайх ёслол үзэж, савдгуудыг судалсаар хугацаа их зарцуулсан.

-Тэгвэл танд зурах дуртай, дургүй сэдэв гэж бий юү?

-Бүгд л сонирхолтой. Тухайн сэдвээ сайн зурж чадаж байна уу гэдэг л гол асуудал. Зураач л сэдэвтээ гологдож магадгүй юм.

-Монголын олон уран бүтээлч маркны зураг зурдаг байсан гэж та хэлсэн. Тэднээс ялгарах онцлог танд бий юү?

-Үе, үеийн зураач нар маркаа өнгөлөг, нягт нямбай сайн зурсан. Тэдний зурснаас муутгачихгүй юм сан гэж их хичээдэг. Би уран зургийн анги төгссөн болоод ч тэр үү, маркаа уран зургийн зохиомжтой зурдгаараа онцлог юм болов уу.

-Та марк цуглуулдаг уу?

-Надаас дээхнэ үеийнхэн марк цуглуулдаг байсан жишгээр миний гурван ах ийм хообийтой. Тэдний өгсөн, 1970-1990-ээд онд гарсан марк дээр нэмж өөрийн зурсан болон манай байгууллагаас гаргасан бүтээлүүдийг цуглуулж эхэлсэн. Багадаа ах нарын маркнуудыг хараад 1х1 см хэмжээтэй цаасан дээр их нарийн ажиллагаатай зурдаг юм байна гэж ойлгодог байлаа.

-Бусдад захиа хэр их илгээдэг вэ?

-Марк шинээр гарсан үед анхны өдрийн дугтуй, дардастай нь илгээхэд их гоё бэлэг болдог учир хааяа найз нөхөд, ах дүү рүүгээ явуулдаг. Анхны өдрийн дугтуй цөөн тоогоор хэвлэгддэг учир марк сонирхогчдын хувьд их үнэ цэнэтэй.

-Бусад улсын маркийг хэр судалдаг вэ. Манай улсын маркны хөгжил ямар шатанд явна вэ?

-Улс бүр шинэ гарсан маркнаасаа тус бүр гурвыг Дэлхийн шуудан холбооны гишүүн орнуудад илгээдэг юм. Энэ дагуу бидэнд ирсэн маркийг цэрэг дайн, спорт, ургамал, хүүхэд, барилга зэрэг сэдвээр төрөлжүүлэн хадгалж, үздэг. Манай марк цуглуулагчид бидэнтэй их ойр харилцаатай байдаг. Тэд цуглуулгаараа олон улсын үзэсгэлэнд оролцож, алт, мөнгөн медаль авдаг юм билээ.

Үүнээс үзэхэд бидний бүтээсэн марк бусад улсынхаас дутахааргүй, манай марк сонирхогчид ч улсынхаа үнэт цаасан дээрх урлагийн бүтээлийг сайн цуглуулж, олонд таниулж буй нь харагдаж байна. Мөн Монгол үндэсний хээ угалзаар баялаг болохоор манай марк бусад улсынхаас ялгардаг.

-Ер нь түлхүү дэлгэрсэн, шинээр гарч ирж буй урлагийн урсгал, чиглэл маркны хөгжилд нөлөөлдөг үү?

-Төрөл бүрийн измийн төлөөлөл болсон зураач нарын бүтээлээр гаргасан марк бий. Түүнээс биш, түүхэн сэдвийн маркийг реалист чиглэлээр зуралгүй, өөр урсгалаар илэрхийлбэл зохимжгүй. Дэлхийн жишиг ч тийм байдаг.

-Ийм, тийм дүрслэл маркандаа тусгах сан гэх хувийн хүсэл танд байдаг уу?

-Жижигхэн нүдэнд бүхэл бүтэн улсын түүх, соёл, онцлогийг тусгаж, бусад улсад сурталчилдгаараа марк гайхамшигтай. Монголд марк үүссэн 92 жилийн хугацаанд бүх л арга барил, сэдвээр маркаа зуржээ. Ургамал, ан амьтан, монгол ахуй, угсаатан, ёс заншил бол өргөн сэдэв болохоор үүнээс дүрслээгүй үлдсэн зүйл их. Ялангуяа ховордож, устаж үгүй болж буй ан амьтан, ургамлыг байгаа дээр нь судалж, марканд мөнхлөх юм сан гэж боддог.

Б.ДӨЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД