“СОЁЛ-ЭРДЭНЭ”-ИЙН Батсайханыг мартаж болохгүй

2016 оны 04 сарын 11

Д.ГАНТӨМӨР


Монголын шинэ үеийн рок, поп хөгжмийн түүх, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн тухай ярихад Жамъянгийн Батсайханыг заавал дурдагдах ёстой. Гэтэл яагаад ч юм бэ орхигдож, мартагдчих гээд байдгийг санан энэхүү тэмдэглэлээ толилуулж байна.

Тэднийхэн эцэг эх, эгч дүү, ач, зээ гээд хэдэн үеэрээ урлагийнхан. Эцэг нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай хөгжимчин, алдарт хуурч Жамъян. Тэрбээр Монголын урлагт хийж бүтээсэн нь үнэхээр их. Одоо ч түүний уран бүтээл мөнх амьдарсаар байгааг радио, телевиз, киноны алтан фондын олон сайхан түүхт бичлэгүүдээс үзэж, сонсож болно. Хөгжим бүжгийн сургуульд морин хуур хөгжим зааж, олон шавь төрүүлсэн их хөдөлмөрч, гавьяатан. Зөвхөн нэг жишээ дурдахад, “Морин хуур” чуулгыг үндэслэн байгуулагч, удирдаач, Ардын жүжигчин Батчулуун агсан түүний шавь билээ.

Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн багш Ж.Баярсайхан, саяхан гавьяат цол хүртсэн дуурийн дуучин Ж.Цэцгээ, өгүүлж буй Ж.Батсайхан нар бол төрсөн эгч дүүс. Төрийн шагналт Д.Болд түүний зээ дүү, дуучин Баачка буюу Б.Батчулуун төрсөн хүү нь.

Ийм авьяаслаг гэр бүлийн гишүүн Ж.Батсайхан маань солонгос багшаар ятга хөгжим заалгасан, манай улсын анхны 16 мэргэжлийн ятгачны нэг билээ. Тэдний дунд Б.Наранбаатар, Б.Эрдэнэхуяг, Д.Цэрэнбатаа гэсэн ятгачин дөрвөн эрэгтэй байсан нь 1970-аад оны эхээр “Соёл-Эрдэнэ” хамтлагийн суурийг тавьсан түүхтэй.

1972 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгаас “Соёл-Эрдэнэ” хамтлаг, дуучин Амарсанаа, Б.Нандинцэцэг, Мэдээлэл, зурагт, радиогийн улсын хорооны цахилгаан хөгжмийн чуулга, дуучин Л.Оюунчимэг, Дуурь бүжгийн театраас Оросоо, О.Ичинхорлоо, З.Байгаль, Д.Ухнаа нарын дуучин, Улсын симфони найрал хөгжим нэгдэж, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжав гуайн удирдлагад Улсын филармони хэмээх шинэ айлын гал голомтыг бадраасан билээ. Нэн удалгүй аравдугаар сарын сүүлчээр Филармонийн нээлтийг Улсын драмын театрт хийж байсан нь саяхан мэт санагдана.

Энэ үеэс л Батсайхантай хамтарч ажиллан, найзалж, үерхэж байсан хүний нэг нь миний бие билээ. Түүний хүү Б.Батчулуун (дуучин Баачка), миний хүү Г.Ариунболд нар ч нэг онд нийслэлд мэндэлсэн чацуутнууд.

Би нэлээд хэдэн жил “Баян Монгол” чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлагт дууны найруулагч, техникчээр ганцаараа дагнан ажиллаж билээ. Найз маань басс гитар тоглож дуулахын зэрэгцээ тоглолтын туршид тайзыг дүүрэн эзэмддэг, инээмсэглэсэн царай, хөгжилтэй чадварлаг тоглолт нь үзэгч олонд баяр хөөр, баяслыг авч ирдэг байв. Тэрбээр хамтлагийнхаа урын санд олон сайхан дуу үлдээсэн байдаг. Тухайлбал, Монгол ардын дуу “Хүүш Дамдин”, “Сэр сэр салхи”, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Дарамзагд гуайн “Байгалиас ирсэн охин”, хөгжмийн зохиолч, Гавьяат жүжигчин Б.Наранбаатарын “Эндүүрэл” зэрэг олон арван дууг амьдруулсан билээ.

Харин тэрбээр алдар нэр, гавьяа шагнал хүртээгүй гавьяатны нэг гэж би боддог. Уг нь тэр цаг үедээ л “Соёл-Эрдэнэ” хамтлагтаа ганц “нар” нь байсан юм даа. Тус хамтлаг олон сайхан уран бүтээл туурвиж эх орныхоо 18 аймаг, Дархан, Эрдэнэт хот, сум, сангийн аж ахуйгаар хөндлөн гулд туулан тоглодог байлаа. Түүнчлэн БНАГУ-д болсон Дэлхийн залуучууд, оюутны Х их наадам (1973), Киргизийн Фрунзе хотод болсон Монгол, Зөвлөлтийн залуучуудын их наадам (1974), БНАГУ-д болсон фашизмыг ялсны 30 жилийн ойн соёл, урлагийн арга хэмжээ (1975)-нд оролцож, ЗХУ, Польш, Чехословак зэрэг орноор эх орноо сурталчилж, айлчлан тоглоход найз маань оролцож, бид хамтдаа тэр их урт замыг туулсан билээ. Ер нь “Соёл-Эрдэнэ” хамтлаг эх орондоо поп, рокийг хөгжүүлэх эх суурийг тавьсан анхны үлгэр дуурайл нь гэж хэлэхэд маргах хүн гарахгүй биз ээ.

Тухайн үед Улсын филармонид жааз, рок, попын мэргэжлийн хүн дутмагаас ЗХУ-д нэлээд хэдэн хүнийг сургуульд явуулж, сургаж бэлтгэсэн юм. Тухайлбал, Л.Эрдэнэбаатар, Ж.Батсайхан, С.Баатарсүх, Нямдорж нар тэдний төлөөлөл. Тэд бүгдээрээ сайн суралцаж, төгсөж ирээд “Баян Монгол” чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлаг, Улсын цирк зэрэг газарт хөгжмийн удирдаачаар ажилласан. Батсайхан найз маань “Баян Монгол” чуулга, Улсын циркийн удирдаачаар нэлээд олон жил ажилласныг мэдэх хүн цөөрчээ.

Харин С.Баатарсүх хөгжмийн зохиолчийн мэргэжлээр ЗХУ-ын Уралын хөгжмийн дээд сургуулийг дүүргэсэн гэдэг. Одоо ч хөгжмөө зохиож, туурвисаар байгаа.

1970-аад оны сүүлчээр би ажлаа өөрчилж, МҮЭ-ийн Төв зөвлөлийн Соёл, олон түмний ажлын хэлтэст мэргэжилтнээр ажилласнаар бид уулзах нь цөөрсөн дөө. Хожим 1999 онд “Баян Монгол” чуулгын 30 жилийн ойд оролцож, нэг оройг хамт өнгөрүүлж, ярьж хөөрч суусан минь сайхан дурсамж үлдээсэн билээ. Тэрбээр дараа нь БНХАУ-д нэлээд хэдэн жил хөгжмийн багшийн ажил хийж байгаад эх орондоо эргэж ирж, мөн л хөгжмийн багшийн алба хашиж байсан.

Бидний сүүлчийн уулзалт Монголдоо биш Эрээнд тохиосон нь сонин. Ах, дүү нарынхаа буянаар Бээжин хотод амраад, буцах замдаа Эрээнд түр буудаллаж, дэлгүүрт ортол Батсайхантайгаа тааралдан бөөн баяр болж билээ. Тэрбээр Хөх хотод ажлаар яваад буцаж байхад нь таарсан хэрэг. Маргааш нь буцахдаа найз маань манай машинд суух боллоо. “УАЗ-469” машинд олон хүн багтахгүй байснаас миний өвөр дээр сууж Эрээнээс Замын-Үүд хүртэл явсан юм. Түүнээс хойш уулзалдахгүй байсаар найз минь тэнгэрт хальсан тухай нэлээд хожим дуулсан даа.

Тайзыг эзэгнэсэн дүүрэн инээмсэглэлтэй царай, хөгжилтэй, чадварлаг тоглолт нь одоо ч сэтгэлд тод байдаг юм. Ийм нэг эгэл авьяастны талаар цөөн мөр боловч бичиж үлдээх нь миний үүрэг гэж үзэв. Жамъянгийн Батсайхан бол Монголын рок, поп хөгжмийн анхдагчдын нэг, Монголын урлагийн нэгэн тод өнгө, удамт гэр бүлийн ухаан, авьяас төгөлдөр нэгэн байсныг Монголын соёл урлагийн түүх мартах учиргүй билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.87.28 Тийм шүү. Мартах учиргүй
59.153.113.77 aavtaigaa denduu adilhan hun bn sh de