ДЭЛХИЙН БАНК: Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт удааширна

2016 оны 04 сарын 11

Дэлхийн Банкнаас Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцууллаа. Тус тайланд дурдсанаар Зүүн Ази, Номхон Далайн бүс нутагт эдийн засгийн идэвхжил харьцангуй тогтвортой байгаа бөгөөд 2016-18 онуудад өсөлт ялимгүй саарах урьдчилсан төлөвтэй байгааг онцоллоо. Гэвч эрсдэл нэмэгдэж байгааг анхаарч цаашид уг бүс нутгийн орнууд эмзэг байдлаа бууруулах, эдийн засагтаа итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлогыг тууштай хэрэгжүүлэхийн зэрэгцээ бүтцийн өөрчлөлтийн бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатайг санууллаа.

Уг бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2015 онд 6.5 хувь байснаа бага зэрэг саарч 2016 онд 6.3 хувь, 2017-2018 онд 6.2 хувь болох хүлээлттэй байна. Энэхүү урьдчилсан төлөв нь Хятадын эдийн засаг алгуур, илүү тогтвортой өсөлтөд шилжиж байгаагаас өсөлт 2015 онд 6.9 хувьтай байснаа 2016 онд 6.7 хувь, 2017 онд 6.5 хувь болж саарахаар байгааг илтгэж байна.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг хариуцсан Дэд ерөнхийлөгч Виктория Кваква хэлэхдээ “Хөгжиж буй Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн орнууд дэлхийн өсөлтөд хувь нэмрээ оруулсаар байна. Уг бүс нутгийн эдийн засаг 2015 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн бараг 2/5-ыг бүрдүүлсэн нь бусад хөгжиж буй бүс нутгуудын үзүүлсэн нийт нөлөөллөөс 2 гаруй дахин их байлааТүүхий эд экспортлогч орнууд дотоодын орлого нэмэгдүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргах зэргээр макро эдийн засгийн зохистой бодлогууд хэрэгжүүлж байгаа нь уг бүс нутагт үр дүнгээ өгч байна. Гэхдээ глобал эдийн засгийн хэлбэлзэлтэй орчинд өсөлтийг тогтвортой болгоход бүтцийн өөрчлөлтийн хувьд үргэлжлүүлэн ахиц гаргах шаардлагатай” гэжээ.  

Энэ удаагийн бүс нутгийн эдийн засгийн тайлан нь өндөр орлоготой орнуудад өсөлт удааширсан, хөгжиж буй зах зээлүүдийн дийлэнхэд нь өсөлт саарч байгаа, глобал худалдааны идэвхжил саарсан, түүхий эдийн үнэ доогуур түвшинд хэвээр байгаа, глобал санхүүгийн зах зээлийн савалгаа нэмэгдэж байгаа орчинд уг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн боломжит төлөвийг тодорхойлсон юм.

Хэрэв Хятад улсыг хасч тооцвол, уг бүс нутгийн хөгжиж буй эдийн засагтай орнууд 2015 онд 4.7 хувийн өсөлттэй байсан бол Зүүн Өмнөд Азийн томоохон орнуудын эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор өсөлтийн хурд ялимгүй нэмэгдэж 2016 онд 4.8 хувь, 2017-18 онуудад 4.9 хувьд хүрэхээр байна. Гэвч бүс нутгийн орнуудыг тус тусад нь авч үзвэл эдийн засгийн төлөв нь харилцан адилгүй байхаар байгаа нь тэдгээр орнуудын өндөр орлоготой орнууд болон Хятад улстай харилцах худалдаа, санхүүгийн зах зээлийн харилцаа, мөн түүнчлэн тэдний түүхий эдийн экспортоос хамаарах хамаарлаас шалтгаалж байна.

Зүүн Өмнөд Азийн томоохон эдийн засгуудаас Филлипин болон Вьетнамын эдийн засгийн өсөлт нь хамгийн өндөр буюу 2016 онд аль аль нь 6-аас дээш хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Сүүлийн үед авч хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлогуудынх нь үр дүн, томоохон хүлээлт үүсгээд байгаа төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэрэгжилт зэргээс шалтгаалж Индонезид эдийн засгийн өсөлт 2016 онд 5.1 хувь, 2017 онд 5.3 хувь байх төлөвтэй байна.

БНА Лаос, Монгол, Папуа Шинэ Гвиней зэрэг харьцангуй жижиг эдийн засагтай хэд хэдэн улс орон түүхий эдийн үнийн уналт болон гадаад эрэлтийн сааралтад өртсөн хэвээр байна. Камбоджийн эдийн засгийн өсөлт 2016-18 онуудад 7 хувиас бага зэрэг доогуур байхаар байгаа нь хөдөө аж ахуйн түүхий эдийн үнэ буурсан, хувцасны экспорт хязгаарлагдсан болон аялал жуулчлалын салбарын өсөлт саарч байгаа зэргийг илтгэж байна. Номхон далайн арлын орнуудын хувьд өсөлт доогуур түвшинд хэвээр хадгалагдахаар байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас саарах төлөвтэй байгаа нь Зүүн Ази, Номхон Далайн орнууд, ялангуяа түүхий эд экспортлогч орнуудын гадаад эрэлтийг сулруулж, эдийн засгийн идэвхжлийг бууруулж болзошгүй. Уг тайлан нь эдийн засгийн эмзэг байдал, тэр дундаа Хятадын эдийн засгийн өсөлтийн сааралт, их хэмжээний өр, үнийн дефляци болон бусад зарим томоохон эдийн засгууд дахь их хэмжээний өрхийн болон аж ахуй нэгжийн өртэй холбоотойгоор үүсэх эмзэг байдлыг сайтар ажиглан хянаж байхыг сануулсан байна. Цаашлаад уг бүс нутгийн орнууд байгалийн гамшигийн эсрэг сайтар бэлтгэлтэй байх нь зүйтэй, учир нь ялангуяа Номхон далайн орнуудын хувьд байгалийн гамшиг томоохон эрсдэл болдог.

Уг тайлан нь макро эдийн засгийн зохистой бодлого болон бүтцийн өөрчлөлтийн бодлогоо үргэлжлүүлэхийг зөвлөжээ. Хятад улсын хувьд уг тайлан зээл олголтыг илүү зах зээлийн зарчимд нийцүүлэх, төрийн өмчит аж ахуй нэгж давамгайлсан салбаруудыг алгуураар нээлттэй болгож өрсөлдөөнийг нэмэгдүүлэх болон өрхийн бүртгэлийн системийг шинэчлэх ажлаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зэрэг замаар санхүүгийн секторт зах зээлийн зарчмыг дэмжихийг зөвлөв. Мөн уг тайланд дэд бүтцэд оруулж буй төрийн хөрөнгө оруулалтыг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, байгаль орчны хамгаалал зэрэг төрийн үйлчилгээ рүү чиглүүлэхийг дэмжсэн байна.

Уг бүс нутгийн хувьд ерөнхийдөө ирээдүйн болзошгүй гадаад эрсдлийн эсрэг төсвийн сахилга баттай бодлого хэрэгжүүлэх хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна. Энэ нь ялангуяа төрийн болон хувийн хэвшлийн зээллэгээс хамаарч эдийн засгийн өсөлт нь тогтворжсон, мөн эдийн засгийн гадаад эрэлт нь түүхий эдийн үнийн өсөлтөөр дэмжигдсээр ирсэн орнуудын хувьд онцгой ач холбогдолтой.

Урт хугацаандаа бүс нутгийн улс орнуудын засгийн газрууд ил тод, хариуцлагатай байдлаа нэмэгдүүлэх нь зүйтэйг уг тайлан санууллаа. Мөн уг бүс нутгийн улс орнуудад тарифын бус арга хэмжээнүүд, хууль, журмын хязгаарлалтууд тэр дундаа үйлчилгээний салбар дахь худалдааны хязгаарлалтууд зэрэг бүс нутгийн худалдааны зарим хязгаарлалтуудаа багасгахыг зөвлөлөө. Түүнчлэн уг тайлан өрсөлдөөнийг урамшуулах хууль, эрх зүйн зохицуулалтуудыг боловсронгуй болгох болон эдийн засгийн шинэ эрэлт, хэрэгцээнд нийцэхүйц ур чадварыг ажиллах хүчинд эзэмшүүлэх замаар технологийн хувьсгалаас хүртэх үр ашгийг боломжит дээд цэгт нь хүргэх боломжтойг онцолсон байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД