Том Харди: Би амьдралаа алдахын даваан дээр үнэ цэнийг нь Мэдэрсэн

2016 оны 04 сарын 12

Эр хүн туг ч барина, тугал ч хариулна. Энэ үг Английн жүжигчин, найруулагч, продюсер Том Хардид тун тохирно. Арваад жилийн өмнө архи, хар тамхинд хэт донтож, бүр хамааралтай байсан гэх тэрбээр энэ онд шилдэг эрэгтэй туслах дүрээр “Оскар” атгахад нэлээд ойртсон. Түүнийг “Esquire” онцолжээ.

 

  • Би хэн бэ гэж үү. Ёстой мэдэхгүй юм аа. Хэлэх үг ч санаанд буухгүй байна.
  • Ер нь надтай ярилцлага хийж яах юм бэ, гайхаад олохгүй нь. Орсгой шүд, бавгар сахалтай, царай муутай энэ эр чухам хэн юм бэ. Ийм хачин зүс царайтай хүний зурагтай сэтгүүлийг чинь хэн ч авахгүй гэдгийг та нар мэдэж байна уу. Би та бүхэнд урьдчилаад хэллээ шүү.
  • Би сэтгүүл, бас сурвалжлагчдад дургүй. Харин хийж бүтээдэг энгийн иргэд, олон түмэнд хайртай.
  • Машины дугуйн доогуур гүйгээд орчихдог галзуу новшнуудыг би үзэн яддаг. Шууд л улаан зам дээр гараад ирдэг тийм хүмүүс байдаг даа. Тэд ер нь нөгөө ертөнцөд очоод юу гэж тайлбарлах болж байна аа. Сонирхол татаж байна шүү. “Намайг машин мөргөчихсөн” гэх үү? Эсвэл “Би хурдан гүйж чадаагүй болохоор үхчихлээ” гэх юм уу? Үгүй ээ, “Би азаа үзсэн ч амжсангүй” гэх байх.
  • Амьдралаа би бараг алдахын даваан дээр үнэ цэнэ, амтыг нь мэдэрсэн.
  • Би их сахилгагүй хүүхэд байсан. Ангийн хэдэн хөвгүүнтэйгээ нийлээд газар зүйн хичээлээ байнга тасалж, тамхилдаг байж билээ. “Биднийг хэн зогсоох юм бэ” гээд л онгирдог байлаа. 15 настайдаа нэг удаа “Мерседес” хулгайлаад давхисан. Бас нэг удаа гар буу тулгуулж үзсэн. Цагдаад баригдаж ч явлаа. Хэдийгээр тийм явсан ч би хэзээ ч зодоончдыг дуурайж далдганаж байгаагүй. Би Лондоны хөрөнгө, мөнгөтэйчүүдийн гудамжинд өссөн хүн шүү дээ.
  • Би аль ч насандаа буу сонирхож байгаагүй. Тэр чинь аюултай “шуугиантай” эд дээ.
  • Аюул, гай зовлонгоос болгоомжлоод нэмэргүй, хэнийг ч тойрдоггүй юм. Магадгүй, ном барьсан, нүдний шилтэй, томоотой залуу миний хоолойг хэрчихийг үгүйсгэхгүй.
  • Хэрэв би үнэхээр уурлаад, тэгээд хүсвэл хэн нэгний гарыг хугалж л орхино. Биеэ барьж, хориглохыг ч хүсэхгүй.
  • Хүн алдаанаасаа их суралцдаг байх.
  • Нэр хүнд гэдэг чиний төлөө, бас эсрэг ч байдаг зүйл. Тэгэхээр би нэр алдрыг хүсэхгүй.
  • Та намайг их том биетэй гэж бодсон юм уу. Магадгүй дэлгэцээр том харагддаг байх. Гэхдээ миний жин 68 кг-аас хэтрэхгүй. Кинонд намайг том, бадриун “болгочихдог” юм.
  • Аав минь надаар бахархаасай гэж хүсдэг. Би янз бүрийн л ажил хийж үзсэн. Нэг л болж өгөөгүй. Тэгээд л жүжигчин болчихсон юм. Энэ мэргэжил надад зүгээр ирээгүй. Сахилга батын саваатай цуг ирсэн юм.
  • Миний хувьд тайз, дэлгэцийн дасгалжуулагч маань Чехов, Шекспир.
  • Америкийн кино ертөнц жүжигчдэд маш том “мөр” үлдээдэг. Тэр тогоо руу орчихвол чи зүгээр л таваар болж хувирна. Өөрийгөө тодорхой хяналтад барьж сурахгүй бол тэгээд л өнгөрнө.
  • Лос-Анжелес бол хоосон худал инээмсэглэл, хэвлэл мэдээллийн шоонд төөрсөн хөгийн новшнууд, дэлгэцийн од болохыг мөрөөдөгчдийн эцэс төгсгөлгүй цуваанд дарагдсан газар.
  • Би хэн нэгэнд зориулж сахлаа хусаж байгаагүй.
  • Өөртөө таалагддаг уу гэж үү? Яг үнэндээ бол хэзээ ч таалагдаж байгаагүй.
  • Би жирийн хүмүүстэй, өөрөөр хэлбэл, олонхтой хөл нийлүүлэхийг хичээгээд олон жил болж байна. Гэхдээ нэг л болж өгөхгүй санагдаад байх юм.
  • Миний толгойд нэг орангутан байдаг. Нэрийг нь Артур гэдэг. Түүний гаргасан шийдвэр бүхэн буруу байдаг. Тэр өөдгүй амьтан согтуугаар минь далимдуулаад тархин доторх “галзуу” гэсэн товчлуурыг дарчихдаг юм. Гэхдээ Артур бол зүгээр л сармагчин шүү дээ. Би түүнтэй хэл амаа ололцож сурах л хэрэгтэй. Ер нь толгойд минь олон янзын дуу хоолой бий. Тэднийг би барьж сураад байгаа.
  • Зарим хүн чамайг үзэн ядаж байхад хайрлаж, ойлгох нь ч бий. Гэхдээ чи олонхын хувьд хэн ч биш. Чи хэн байх нь тэдэнд огт хамаагүй.
  • Би өөрөөрөө байх дуртай.
  • Миний хийж чаддаг ажил гэвэл өгзөг, шүдээ цэвэрлэх.
  • Хэрэв би яг одоо 50 сая “ногоон”-той болчихвол үлдсэн амьдралаа гэртээ өнгөрүүлэх болно. Зүгээр суугаад кино үзэх сайхан шүү дээ. Хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Бас би нохойтой. Түүнийгээ ч асарч халамжилмаар байна. Гэтэл хийх ажил хоолой даваад байхад тэр бүхнийг яаж амжуулах юм бэ.
  • Үнэндээ би нохойдоо цаг зав гаргадаггүй. Би зүгээр л нохойд хайртай. Яагаад гэвэл тэр бол төрөл арилжсан бурхан гэж боддог.
  • Чи нохойг хэзээ ч хуурч чадахгүй. Тэр чинь хамгийн хатуу, айхтар “шүүмжлэгч”. Худлаа гэвэл, нохойны урд гараад янз бүрийн дүр эсгээрэй. Ямар ч үед хариуд нь гайхсан нүдийг л олж харна.
  • Чи хэн байх нь хамаагүй. Чи юу хийж бүтээж, хэн болох нь хамгийн чухал.
  • Хорвоо дээр үхэл гэж байхгүй бол сайн юм сан.

Э.ХАНА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД