Д.Должинсүрэн: Ипотекийн 5 хувийн зээл орон сууцны үнэд төдийлөн нөлөөлж чадахгүй байна

2016 оны 04 сарын 12

Үл хөдлөх хөрөнгийн тэнхлэг зууч компани өнөөдөр 3 дугаар сарын орон сууцны үнийн индексийг танилцууллаа. Тус тайланд дурдсанаар ОСҮИ өнгөрсөн сард 4.5 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -0.9 хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс -10.9 хувиар буурсан үзүүлэлт аж. Тэнхлэг зууч компанийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн хэлэхдээ “Зах зээлд 5084 орон сууц нийлүүлэгдсэнээс 3428 нь шинэ орон сууц, 1658 нь хуучин орон сууц юм. ОСҮИ нь дээрх баримтад тулгуурлан тооцоологдон гарсан. Шинэ орон сууцны индекс 16.2 хувьтай гарсан нь өмнөх сараас -0.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин хуучин орон сууцны үнийн индекс -2.8 хувьтай гарч, өмнөх сарынхаас -0.8 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл, орон сууцны үнийн индексийг тооцож эхэлснээс хойш 2014 оны 4 сар хүртэл тогтмол өсөлттэй байж, 2014 оны 4 сард хамгийн өндөр буюу 25.8 хувь болж байсан. Үүнээс хойш хамгийн анхны уналт ажигладаж, тухайн уналт үргэлжилсээр 24 сарын дараа 4.5 хүртлээ буурлаа. Үүний гол шалтгаан нь эрэлт нийлүүлэлттэй холбоотой. Хэрэглэгчдийн худалдан авах чадвараар тайлбарлагдаж байгаа юм” гэлээ.

Мөн түүнээс орон сууцны үнийн цаашдын хандлагын талаар тодруулахад “Засгийн газраас ипотекийн зээлийн 8 хувь шиг томоохон төсөл хэрэгжүүлэхгүй бол үнийн бууралтад нөлөөлж чадахгүй гэж таамаглаж байна. 5 хувийн зээл хэрэгжиж эхлээд удаагүй, мөн түүний хамрах хүрээ хязгаарлагдмал учир нийт үнэд төдийлөн нөлөөлөхүйц байж чадахгүй байна” гэсэн юм.

Мөн түүнчлэн манай улсад нийт 98 мянган айлын орон сууцны 475 төсөл эхэлчихсэн хэрэгжээд явж байна. Үүнээс 346 нь захиалга авч, 206 нь ашиглалтад ороод байна.

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.243 ugaasaa zowhon hodoo l heregjij baigaa biz dee tegeheer yaj awahiin