СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ЗУД

2016 оны 04 сарын 13

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилсан энэ цаг дор Монголын хөдөөд зуд болоод сүйд хийж байгаа юм байх аа. Гадаад, дотоодын хандив, элдэв сайхан нэртэй хүмүүнлэгийн аян, тусламжийн цуваануудыг харвал тийм л бололтой. Өчигдөр гэхэд Хүнс, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллага хамтран өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад өвс тэжээл, ядарч доройтсон малын эрүүл мэндэд тустай сувиллын багц хүргүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цувааг ёс төртэйгөөр үдэн гаргаж өглөө шүү дээ.

Урд өдөр нь НҮБ-ын Онцгой байдлын үед зарцуулах нэгдсэн сан (CERF)-аас 2.4 сая ам.долларын үнэ бүхий бараа материал манай талд өгсөн бол Азийн хөгжлийн банкныхан мөн л хоёр сая ам.долларын буцалтгүй тусламж олгох гэрээнд гарын үсэг зурсан. “Монголд зуд болж байна гэнэ, хөөрхий” хэмээн гадаадынхан манай хүүхэд, эмэгтэйчүүдэд оймс, дотуур хувцас, гар нүүрийн саван, алчуур хүртэл явуулжээ. Байгалийн гамшигт “нэрвэгдсэн” ард түмэнд аль байгаагаараа туслахыг хичээсэн олон улсын хүмүүнлэгийн байгууллагын сайхан сэтгэлтнүүдэд талархаж байна. Бас та бүхнээс уучлал гуймаар байна. Учир нь монголчууд бусдаас тусламж гуйлгүйгээр зудаа аль хэдийнэ даваад, урин хавартай золгочихсон шүү дээ

Монголчууд 2015 оны эцсээр тоолуулсан 55.9 сая толгой малынхаа 858 мянгыг нь өдгөө зүй бус хорогдлоор алдаад буйг ХХААЯ-ны мэргэжилтэн хэлж байна. Энэ бол оны эхэнд байсан нийт малын 1.5 хувь нь гэсэн үг. Нийт малын хоёр хувь нь зүй бусаар үхэхийг байдаг л хорогдол гэж үздэг юм билээ. Хаваржилт хэчнээн хүнд байлаа гээд мал өвлийнх шиг хорогдохгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсэн. Тэгээд ч хөхөө өвлийн хүйтнийг жамаар нь даван туулж, айдгаа авдартаа хийсэн малчид одоо “Өвс тэнхээ оржээ, удахгүй шинэ ногоо идэх нь” гэцгээж байна. Юуны чинь зуд турхан.

“Аймагт тусламжийн өвс, тэжээл ирсэн шүү. Очиж аваарай” гэх зар Говь-Алтай аймгийн Шарга сумын хөдөө нутгаар таржээ. “Хоёр, гурван боодол өвс олж авахын тулд 100-гаад км зам туулж тэрнээсээ илүү зардал гаргаад яршиг” гэх хүн аймгийн төвийг зоригсдоос дутахгүй олон байгаа гэнэ. Өвөл болдгоороо болж, малчид туулдгаараа туулж, байгалийн шалгарал ч явагддагаараа явагдаж, мал үхэх нь үхэж л байдаг зүй тогтол жамаараа яваагийн жишээ энэ.

“Зуншлага тааруу байсны улмаас зудтай гэгдээд буй Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн хувьд хаваржилт хүндхэн болж магадгүй ч зудын хэмжээнд хүрч, мал нэмж олноор хорогдохгүй болов уу” хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан сэргийлэх секторын эрхлэгч Ж.Цогт хэлсэн. Гэтэл зуд болж байгаа мэтээр дотоод, гадаадад ойлгуулж, малчдад хандив, тусламж цуглуулж өгөх, тэр хэрээрээ тэднээс дэмжлэг авах сонирхолтой хүмүүсийн хувьд шоу дөнгөж эхэлж байх шиг. Энэ янзаараа бол зургадугаар сарын сүүлчээр сонгууль болж дуустал Монгол даяар зудтай байх нигууртай шүү. Уг нь энэ бол тоглоом наргиан болгох, хүсэх эд яавч биш билээ.

Зуд хэмээх байгалийн гамшигт үзэгдлийн “зохиогч” нь Монгол юм шүү дээ. “Монголын зуд гэж ийм айхтар юм байдаг” гэдгийг 2001 онд дэлхийн гамшгийн хэмжээнд бүртгүүлж, хандивлагч орнуудаас тусламж авах эрхтэй болж байв, бид. Тэгэхэд 12 сая гаруй малаа алдаж, хамгийн гол нь гадаад, дотоодын таван хүний алтан амиар төлөөсийг нь хийснийг мартаж болохгүй. Манай ард түмний олон жилийн туршлагаас харахад 30 хоногийн турш өдөр, шөнөгүй 35 градусаас дээш хүйтэрвэл зуд боллоо гэж үздэг байсныг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар хэлсэн.

... Түрүү жил бас л адилхан 625 мянга гаруй мал зүй бусаар хорогдсон шүү дээ. Тэгэхэд яагаад хэн ч “Малчдын минь гол амин зуулга болсон буянт мал сүрэг олноороо үхэж үрэгдлээ. Хөдөөгийнхөнд тусалцгаая”, “Та минь ээ, зуд боллоо” гэж дуугараагүй юм бэ. Яагаад гэвэл сонгууль болоход нэг жил дутуу байлаа. 2010 оны зуднаар манай малчид 9.8 сая малаа зүй бус хорогдлоор алдсан. Монгол Улс тэгэхэд 44-хөн сая малтай байлаа. Тэрнийхээ 22.3 хувийг үхүүлээд байсан тэр үед дотоодын хандив тусламж, хүмүүнлэгийн аяны санаачилга өнөөдрийнх шиг ийм хүчтэй байгаагүйг сайн санаж байна ...

Харин сүүлд Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор зудыг тодорхойлохдоо “Өвөл, хаврын улиралд цаг агаар хүндэрснээс мал сүрэг бэлчээр, усаар нэн гачигдан, турж зутран олноор хорогдох нөхцөл бүрдэхийг зуд гэж ойлгоно” гэжээ. Жаахан бүрхэг тодорхойлолт ч гэлээ ерөнхийдөө мал бэлчээрт өл залгаж чадахгүй болж, олноороо үхвэл зуд юм гэсэн санаа энд гарсан байгаа юм. Манайхан харин “мал олноороо хорогдох” гэдгийг нь яаж ч “орчуулж” болох хамелеон шинжтэй гээд ойлгочихсон бололтой.

Өнгөрсөн хоёрдугаар сард улсын хэмжээнд 660 гаруй мянган мал хорогдлоо гэнгүүт “Ура, зуд, зуд” хэмээн дээр дооргүй бархиран, малчдад туслах аяныг тал талд эхлүүлсэн. Түрүү жил бас л адилхан 625 мянга гаруй мал зүй бусаар хорогдсон шүү дээ. Тэгэхэд яагаад хэн ч “Малчдын минь гол амин зуулга болсон буянт мал сүрэг олноороо үхэж үрэгдлээ. Хөдөөгийнхөнд тусалцгаая”, “Та минь ээ, зуд боллоо” гэж дуугараагүй юм бэ. Яагаад гэвэл сонгууль болоход нэг жил дутуу байлаа. 2010 оны зуднаар манай малчид 9.8 сая малаа зүй бус хорогдлоор алдсан. Монгол Улс тэгэхэд 44-хөн сая малтай байлаа.

Тэрнийхээ 22.3 хувийг үхүүлээд байсан тэр үед дотоодын хандив тусламж, хүмүүнлэгийн аяны санаачилга өнөөдрийнх шиг ийм хүчтэй байгаагүйг сайн санаж байна. Улстөрчид, нэр нөлөө бүхий хүмүүсээс илүү жирийн иргэд л сайн дураараа лаа, шүдэнз, нэмнээ, гурил тэргүүтэн цуглуулж, хөдөөгийн малчдад илгээсэн шүү дээ. Сонгуулиас хоёр жилийн өмнө зуд болсон нь манай улстөрчдийн хувьд шоудахад хамгийн тохиромжгүй цаг үе байсан нь мэдээж.

Харин олон улсын байгууллагууд 25 тэрбум гаруй төгрөгийн буцалтгүй тусламж манайд ирүүлж байв. Өнөө тэд тэр үеийнх шигээ юм бодоод, магадгүй өнгөрсөн жил Балбад газар хөдөлж, олон хүний амийг авч одсон аймшигт үзэгдэлтэй зүйрлэн, “зовж зүдэж” буй монголчуудад янз бүрийн тусламж илгээсээр буй биз. Гэтэл тэдний явуулсан мөнгө, бараа, эд материал очих ёстой эзэндээ хүрч байгаа болов уу гэдэг бас л эргэлзээтэй.

Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан хоёр малчдад туслах үүднээс хандивын тоглолт хийж, орлогоороо хэдэн машин өвс, тэжээл авч явуулсныг орон нутгийнхан замаас нь зувчуулж, дамлан зарсанд голдоо ортол гомдчихсон байна лээ. Нутгийнхаа хүүг тэгж уйлуулж байгаа хүмүүс бусдын хандив тусламжийг дундаас нь яаж зохицуулах нь бараг ойлгомжтой. Олон улсын улаан загалмайн холбоод Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан мөнгөн тусламж ирүүлсээр байгаа юм билээ.

Түүнийг нь орон нутгийн эрх мэдэлтнүүд хэнд, хэрхэн хуваахаа дур мэдэн шийдэж, “хүслийн жагсаалт” гаргачихсан данайж суугаа сурагтай. Хандив тусламжийн олон хэлбэр байдаг ч шууд бэлэн мөнгө “май” гээд тараадаг жишиг сонгуулийн жилийн зуднаар тогтох бололтой.

Энд тэндээс мөнгө “босгож”, тал хагасыг нь ч болов өөрсдөдөө наах гэсэн, мөнгө биш юм гэхэд нэр хүнд олж авах сонирхолтой хүмүүсээс болж Монгол Улсын нэр төр сэвтвэл дараагийн удаа, зайлшгүй шаардлагатай үед бидэнд итгэж туслах хандивлагч үлдэх үү гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс манай Засгийн газар, Улсын онцгой комисс гадаадынхнаас яаран тусламж гуйхыг хүсээгүй юм билээ. Тэгээд ч энэ өвлийнх шиг нөхцөл байдлыг монголчууд өөрсдийнхөө нөөц бололцоогоор даван туулах бүрэн боломжтой гэж тэд дүгнэжээ. Тэр нь ч алдаагүй. Мичин жилийн өвлийг хохирол багатай давчихлаа.

Гэтэл уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлна гэгчээр энэ өвөл хэдэн өдөр цочир хүйтрэх үеэс эхлээд л “Зуд болчихлоо ш дээ. Одоо олон улсын хандивлагч байгууллагуудад хандъя л даа” гэж Улсын онцгой комиссынхныг тал талаас нь шалгаасан гэдэг. Эцэст нь гуравдугаар сарын дундуур болсон Засгийн газрын хуралдааны үеэр “Олон улсын тусламжийн байгууллагуудтай хамтран ажиллаж болно” гэсэн нэг заалтыг Шадар сайдад хаяглан даалгуулж дөнгөжээ. Энэ нь ч маш хурдан газар авч, манай руу тусламжийн цуваа хөвөрчихсөн хэрэг.

Японы thediplomat.com цахим хуудсанд гэхэд л “Зудын улмаас олон сая мал өвс тэжээлгүй болж үрэгдсэн тул Монголын Засгийн газар албан ёсоор гадаадаас тусламж хүслээ. Тус улс 2010 оноос хойш анх удаа ийм төрлийн тусламж хүсэж байгаа нь энэ юм” хэмээн дөвийлгөн бичжээ. Бид өөрсдийгөө бусдад дандаа л муу, муухайгаар ойлгуулж, нэр төрөө хүртэл мөнгөөр худалдчих юм даа.

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД