Хээтэй чулууны нутгаар

2016 оны 04 сарын 13

“МАК-ын Б.Нямтайшир охиныхоо хуримыг энд хийн, зочдодоо дисерт болгож өгөх зайрмагаа зориулалтын машинаар Улаанбаатараас энэ хүртэл зөөлгөсөн”, “Сард 2-3 удаа онгоц хөлөглөж очоод, газар дээр ч гишгэлгүй хивс дэвсүүлэн буугаад буцдаг юм гэсэн” гэж ярилцсаар бид Хар зүрхний Хөх нуурт ирлээ.

1189 онд Тэмүжинг Их Монгол Улсын хаанаар өргөмжлөн, Чингис хэмээн нэрийдсэн түүхт газар. Өмнө нь зураг дээрээс улаан, ногоон, шар навчтай модон дундах гүн хөх нуур харж байсан миний хувьд энд буумагц урам хугарав. Өвөл, хаварт энд үзэх юм даанч алга. Араараа модтой, өврөөрөө нүцгэн, зүрхэн хэлбэрийн шовх оройтой хар уулыг Хар зүрх гэдэг аж. Энэ уулын хормойд байх том, жижиг хоёр нуурын эргэн тойронд шинэс, хус, улиас, гацуур, бургас элбэгтэйг ажваас хорвоо дэлхий дулаарч, хамаг байгаль сэргээд ирэхийн цагт үзэсгэлэн төгс болох нь илт. Хөх нуурын ус жилээс жилд татран, замаг ургадаг болжээ.

Энэ хэвээрээ бол хөх биш, ногоон нуур болох янзтай. Хөх нуурт Буурлын нуур цутган тэжээдэг ч эргээд гарах гол горхи үгүй юм. Тэгсэн хэрнээ цэвэр, хөх байдгийг бодвол нуур өөрийгөө цэвэрлэдэг бололтой. 10 гаруй хун, нугас ирдэг байсан цаг түүх болж. Уулнаас бууж ирэн, зэгс иддэг байсан буга ч үзэгдэхээ больсон байна.

Хөх нуурын урд эрэг дээр 15-16 метрийн диаметртэй, гэрийн буурь мэт чулуу байх. Тэмүжинг хаанд өргөмжлөхдөө их л том өргөө босгосон байж таарна. Тэр гэрийг энэ чулуун дээр барьсан байж болзошгүй гэнэ. Нуурын урд талд байх чулуун хөшөөг Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгожээ. Түүнийг тойруулан шон хэлбэртэй модон дээр Монголын их, бага 36 хааны хөрөг сийлээстэй. Чингисийн Есөн өрлөгийг гол хаалганы хоёр талаар босгосон модон дээр дүрсэлжээ.

Есүхэй баатар, Өэлүн эх, Бөртэ хатан ч энд залаастай. Хөрөг бүрийн дэргэд тухайн хааны товч намтар, үйл хэргийг англи, монгол хэлээр бичсэн жижиг самбар байрлуулсан нь тайлбарлагчийг орлоно. Хаадын хөрөгтэй модны зарим нь уначихаж.

Биднийг цайлж байтал нэгэн хар нохой хуцсаар давхиж ирэв. Араас нь мотоцикльтэй хүн ирсэн нь эндхийн манаач байлаа. “Та нар гал түлэх үү” хэмээн асуугаад “Үгүй ээ, одоо явлаа” гэхэд тайвшрав бололтой, чанасан махнаас маань нохойтойгоо хуваан идчихээд явлаа.

Бүтэн жилийн 3-4 сард нь л жуулчин хүлээж авах боломжтой манай улсад аялал жуулчлалын компаниуд оршин тогтнох, ашиг олох үнэндээ бэрх дэг. Энд гэхэд нэг ч жуулчингүй, нуур нь дөнгөж гэсэх янзтай, маш хүйтэн салхитай байв. Хангал нуурын байгалийн цогцолбор газраар дайран, “Балданбэрээвэн” хийдийг зүглэх замд булаг шанд, нуур, горхи, намаг цөөнгүй таарлаа.

“Балданбэрээвэн хийд” гэсэн бичигтэй чиг заагч самбар таарч эхэлсэн нь Мөнх өлзийт уул ойртсоны тэмдэг. Энэ уулын энгэрт, Бат нуурын хойно 1777 онд Цэвээндорж цорж гэх лам Шар, Цагаан хоёр сүм бариулснаар “Балданбэрээвэн”-гийн суурийг тавьсан түүхтэй. Цэвээндоржийг хийд байгуулах газраа сонгохоор нутаг ус шинжиж яваад нэгэн өвгөнийд ортол тогоон доторх будаатай цай нь даргилж байжээ. Үүнд ламтан бэлгэшээн, уг газарт хийд байгуулж, тэр өвгөний Балдан гэдэг нэрийг оргилсон будаа гэсэн утгатай санскрит үг болох барайвун гэдэгтэй нийлүүлээд “Балданбарайвун” гэж нэрлэсэн гэх ам дамжсан яриа бий.

Хэл хугалчих шахсан тэр нэрийг нутгийн ардууд “Балданбэрээвэн” болгосон бололтой. Цагтаа 8000 ламтай, Ар халхын Гүмбэм гэгдэж байсан энэ хийд дөрвөн сургуультай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байсан гэх ч биднийг хэдэн нохой л угтав. Хашаанд нь орж зогссоны дараа л баруун талын хэдэн гэрээс нэг хүн цухуйж, хэсэг харснаа буцаж оров. Дашнайчин дацан, Майдар, Аюуш, Цамба, Лхам бурхны сүм, Номун хааны хашаа, лавиран гээд олон байгууламжаас бүрдэж асан энэ хийдээс өнөө үед үлдсэн юм тун маруухан юм.

Хийдийн зүүн талд хад түшүүлэн босгосон Майдар бурхны сүмийн балгасны дээд талын элгэн хаданд Дамбилранжабал гэдэг гэлэн соёмбо тэмдэг сийлсэн нь үлджээ. 1900-гаад онд энэ хийдэд тахал гарч, лам нарынх нь хагас нь үрэгдсэн бол 1937 оны хэлмэгдүүлэлтээр үүдээ барьсан ч 1990 оноос хойш цөөн лам зун л ном хурдаг болжээ.

Зүүнтээ урсах голыг гатлаад эргэн харахад хийд гаднах гэрлээ асаасан байлаа. Б.Бат-Эрдэнэ аварга УИХ-ын гишүүн болсноор Өмнөдэлгэр сумаас ийш цахилгаан татуулжээ. Хөдөөний олон замын аль нь хаана хүргэхийг таашгүй тул GPS-ээр газарчлуулан явсаар. Салаа зам бүрийн уулзварт хаяг байрлуулчих сэтгэл өдий болтол аль ч аймаг, сумын удирдлагаас гараагүй л байна. Сэтгэлгүй, зүтгэлгүй тийм нөхдийн балгаар жолооч нар ийш тийш давхин шатахуун тос, цагаа гарздан, газар дэлхий тэр хэрээр олон салаа замаар цээжээ сийчүүлж байгаа юм.

Төд удалгүй бүрэнхий нөмөрч, өнөө олон зам үзэгдэхээ болив. Таарсан айлуудаас зам асуухаар очивч хонь хотлуулж байгаа хүүхэд, залуус “Мэдэхгүй ээ, энүүхэн урд нэг айл бий. Тэндээс асуу”, эсвэл “Өмнө (Өмнөдэлгэрийг хэлэв бололтой) орох бол тэр замаар явна. Батноров хүрэх замыг мэдэхгүй” гэх. Сумын төв орох замаа л там тум гадарлана уу гэхээс аймгийн төв, зэргэлдээх сум орох замыг мэдэхгүй гэнэ. Саахалт айлаа мэдэхгүй гэснээс өөрцгүй сонсогдох тэр үгийг зургаан айлын тавынх нь хүний амнаас сонслоо. Арай холхон явж, газар үзсэн томчууд нь гэрээсээ цухуйх ч үгүй нь сонин. Айлаас зам асуухаа ч болилоо.

Харанхуйд тэмтчиж явсаар ашгүй нэг сууринд хүрсэн ч нам жим. Гэрэлтэй айл харагдах болов уу хэмээн гудамж хэрж явтал машины гэрэлд нэг хүн ороод ирлээ. Бид Хурхад иржээ. Түүний заасан зүгт явсаар нууранд тулсан тул дээгүүр нь тойрохоор явтал гол таарав. Өтгөн шугуйтай, их л өргөн тэр голоор гарч чадалгүй эргийг нь дагаж явсаар томоос том хар уул харагдсан тул тэндээ хонохоос аргагүйд хүрлээ. Майхантай ч гэлээ хөлдүү газар дээр хононо гэдэг бэрх даваа ажээ. Гудсан дороос хайрсан тул аяны хөнжлийнхөө нэгийг давхарлаж дэвссэн ч жиндүүлсэн хэвээр. Гэвч өөр дэвсэх юмгүй тул гүрийлээ. Шөнөжин дороосоо хайруулан, хөл дааравч хэсэг хугацаанд нам унтжээ.

Өглөө босоход хяруу уначихсан, жиндүү хүйтэн салхитай хэвээрээ байв. Шөнө дүнхийж бараантаад байсан өнөө том уулын оронд талд байдаг л толгод харагдлаа. Өтгөн шугуй ч хэсэгхэн торлог, өнөө өргөн гол нь горхи байж таарав. Гэвч газраа гүнзгийлэн идсэн тэр горхины эргээс хоёр тийш 100 метр орчим газар сондуултай юм. Сондуулыг давлаа ч горхийг гатлах арга алга. Гоёмсог хоёр хун бидэнтэй хамт энд хоножээ. Эргээд горхи уруудав. Горхи доор хүрээд хаашаа ч юм алга болж.

Нар дээр голлон, үд болсон ч хүйтэн, салхитай хэвээр. Жоншны уурхай хэд хэд таарсан ч бүгд эл хуль. Уул уурхайн бүүм болж байхад эдгээр уурхайд олон хүн оволзож байсныг овоолоостой шороо, тал нь там болсон толгод гэрчилнэ. Нэгэн толгой давахад шугамдсан мэт тэгшхэн гудамж, хүрэн өнгөөр жигдэрсэн хашаатай суурин харагдсан нь Батноров сум. Зүүн бүсийн шилдэг сум болохоор энэ жил Дорнодын Хөлөнбуйр, Сүхбаатарын Түмэнцогттой өрсөлдөөд бараагүй ч өнгөлөг юм. “Архигүй батноровчууд” гэсэн самбар урдхан талдаа хадсан энэ суманд баасан гаригт согтууруулах ундаа зарахыг хориглодог юм байна.

Караоке, хоолны газар гэсэн хаягтай байшинд орвол нэг эмэгтэй шал угааж, хэдэн залуу сууж байв. “Яргуй идсэн ямааны махтай хуушуур бэлэн байна” гэсээр захиалгаавсан эмэгтэйтэй нөгөө залуус “Цагдаа оччихсон хөөж байна”, “Ярилцлага өгөх юм сан” гэж ярилцах нь чихэнд содон. “За, яагаад сурвалжлуулах болов” хэмээн сонирхоход “Манай суманд хээтэй чулуу гараад, тэрийг нь цагдаа нар түүлгэхгүй хөөгөөд байгаа юм” гээд нөгөө эмэгтэй халааснаасаа нэг сонин чулуу гаргаж үзүүллээ. Хээ сийлчихсэн юм шиг гүн ухлаадастай тэр чулуу Батноров сумын Шаварт гэдэг газраас ноднин олдож эхэлжээ. Эхэндээ газар дээрээс олдож байсан бол одоо ухан, шавар, шорооноос түүж авдаг болжээ.

“Манж нь гүн байх тусмаа үнэтэй болдог” хэмээн залуу тэнийлгэсэн гарын дайны даавуун ууттай зүйл гаргаж ирээд ширээн дээр асгахад ногоон, улбар шар, хөхөлбөр, хар голдуу өнгийн, хээтэй чулуу байв. Ухсан мэт ховилыг нь манж гэж буй аж. Ихэнх нь эрхий, зарим нь чигчий хурууны өндөгний чинээ юм. Ширхэг нь 50 мянга, манж сайтай арай томхон нь 100 мянган төгрөг гэнэ. Өнөөх залуу “Тахианы өндөгний чинээ чулуу 5-10 сая төгрөг хүрнэ шүү дээ. Ченжүүд манай суманд ирээд өөрсдөө үнэлээд авдаг юм. Хятад руу гаргадаг гэсэн. 100 сая төгрөг хүрдэг чулуу ч байдаг. Надад атгасан гарын чинээ чулуу бий. Үнээ хэлээд ав” гэж байна. 5000 хүнтэй Батноров сумын иргэдийн олонх нь чулуу түүдэг болжээ. Хүн амынх нь 31 хувийг бүрдүүлдэг 17-35 насны залуусын дунд чулуу түүж үзээгүй хүн байхгүй гэнэ. Сумын цагдаа Шавартад байсхийгээд очиж, чулуу түүгчдийг тараадаг ч явсных нь дараа буцаад оччихдог аж.

Сумын төвөөс урагш хэсэг яваад, амарч цайлангаа загасны шилэн хоргонд хийх чулуу хайлаа. Өнгө өнгийн чулуутай тэр газарт тонголзох биднийг ойр хавийн малчид дорхноо анзаарч, машин, мотоцикльтой давхин ирээд ямар чулуу, яаж авч байгааг шалгаж эхэллээ. Биднийг тэд чулуу түүдэг хүмүүс гэж бодоод хөөхөөр ирсэн гэнэ. Монгол орны хаанаас ч гар утасны сүлжээ барьдаг болсон өнөө цагт малчид сүрхий болжээ. Сэжигтэй хүмүүс харагдвал алсаас дурандан ажиглаж байгаад очиж шалгадаг, хөөж туудаг, болохгүй бол сумынхаа цагдаад мэдээлдэг юм байна. “Манай сумын баруун хойхноос хээтэй чулуу гараад, өөр аймаг, сумаас хүртэл хүмүүс ирж түүгээд байгаа. Та нар тэрүүгээр оров уу?” гэж тэд асуух юм.

Хүн бүрийн амнаас гараад байгаа Шавартыг нь очиж үзэхээр малчдын заасан ёсоор Батноровоос баруун хойш чиглэн хөдөллөө. GPS дээр энэ газрыг тэмдэглээгүй тул ямар ч баримжаа байсангүй. Хамгийн тод замаар явж байтал УБН гэсэн дугаартай машин таарав. Улаанбаатарын дугаартай ч Батноровын машин гэдгийг эздийнх нь байр байдал хэлээд өгөв. Гэвч тэд зам зааж өгсөнгүй. “Өөр зам зааж өгөөд төөрүүлчихээгүй нь яамай. Шавартад байгаа сумынхан руугаа утастаад “Жийптэй хүмүүс очиж явна, зугтаагаарай” гэж магадгүй шүү” хэмээн хөхрөлдсөөр бид өмнөх замаа хөөв.

Сумын төвөөс 30-аад км яваад зам дагуух хэсэг цагаан чулууг сонирхон, амарч зогстол түрүүчийн машинтай хүмүүс араас ирлээ. Тэдэн рүү даллахад хүрч ирээд “Та нар чулуу сонирхож яваа улс юм уу? Хяналт шалгалтынхан л гэж бодлоо” хэмээн зам зааж өгөөгүйнхээ учрыг тайлбарласаар ууттай чулуу гарган, алган дээрээ асгав (Энэ сумынхан чулуундаа зориулан бүгд даавуун уут оёж авсан бололтой). Батноровт үзсэн чулуу. Эрхийн чинээ тэр чулууныхаа нэг ширхгийг 5000 төгрөгөөр үнэлэв. Караокены эзэн залуу бидэнд амандаа орсон тоогоо хэлсэн байж.

Цагаан машинтнууд энэ удаа “Та нар буруу замаар орчихжээ. Шавартын зам баруун талын толгойн цаад хөндийд бий. Шаварт гэж булаг шанд, цөөрөмтэй газар байдаг юм. Өнөөдөр цагдаа нар оччихсон, хүмүүсийг хөөж байгаа сурагтай. Та нарыг очвол чулууны ченжүүд гээд шалгах байх даа. Манай энд ченжүүд л ийм машинтай ирдэг” хэмээн нөхөрсөг хандав. Тэд Батноров орчихоод гэртээ харихаар яваа ажээ. Харин бид Баян-Адарга сум хүрэх замаар орчихож. Том том хад чулуутай, гуу жалга олонтой баруун талын гүвээг шууд давах аргагүй тул буцан явж, салах зам олох шаардлага тулгарав.

Батноровчууд олсон чулуугаа шуудхан л зарж байна. Зоос олох ухаан гэдэг арай л өөр дөө. Өвөрмонголын Алшаа аймгийн төв Баян хотод 2015 оны аравдугаар сард Хачин чулууны музей нэртэй нэгэн барилга үүдээ нээсэн юм. Хятадын сонин, содон чулуунуудыг авчирч тавьсан энэ музей янз бүрийн өнгө, хэлбэртэй, засаж янзалсан, байгалиас олдсон хэвээрээ байгаа гээд зүсэн зүйлийн чулуугаар гадаад, дотоодын жуулчдын нүдийг хужирлаж байна. Газарт хэвтэж байдаг чулууг үзмэр болгон, байрлуулсан тэр музейгээ хятадууд яваандаа Хятадын чулуун үзмэрийн төв болгохоор зорьж байгаа юм билээ.

Жуулчдын нүдийг хужирлаад зогсохгүй, халаасыг нь тэмтрэх зорилгоор үүдэнд нь жижиг асар барин, чулууны наймаа хийдэг. Хагарч, цуураагүй цул чулуугаа 30-40 мянган юаниар үнэлсэн тэр музейгээс дутахааргүй үзмэртэй музей, дэлгүүртэй нь байгуулах нөөц, боломж Батноровт байна. Алшаагийн малчид тэмээ, ямаанаас өөр мал маллахаа байгаад, чулууны наймаачин болсон шиг Батноровын иргэд ч хээтэй чулуугаар хэдэн бор юм олж байна. Гэхдээ газраас түүсэн, шавар ухан гаргаж авсан чулуугаа хэзээ, хаанахын, ямар ченж ирж, хэдээр авах бол хэмээн хүлээж суухын оронд нийлж нэгдээд музей байгуулчихвал түүнээс ч илүү мөнгө олох боломж бий. Сум хөгжүүлэх сангийн мөнгөө үүнд зарцуулсан ч яах вэ дээ. Чулуугаа гоё ганган үзмэр болгон дэглэчихээд аялагч, жуулчин бүрээс 1000 төгрөгийн хураамж аваад байхад л Батноровын иргэдийн хувьд насаараа идэх хоол болно. Чулуугаа чулуу болгох ухаан, зүтгэл дутуу санагдав.

Энэ бүхнийг ажиж явсны хувьд Батноровын хээтэй чулуу гээд байгаа зүйл яг чулуу мөн үү? гэсэн асуулт төрсөн юм. Амаа ангайсан загас, хоорондоо бөөгнөрч чулуужсан түрс, дун, эмгэн хумс, хясаа хэлбэртэй тэр зүйлс далайн чулуужсан амьтад байх магадлал өндөр. Дунд төрмөлийн Юрий галавын үед Монголын зүүн болон өмнөд хэсгийн газар доош хотойн, тэнгис бий болсон гэдэг. Тэр үед далайн ёроолоос оргилсон багахан хэмжээний, халуун лаав эдгээр амьтныг бүрхэн авч, чулуу болгосон байх талтай. Батноровын чулуун дундаас хятадууд тийм гэх аргагүй хэлбэртэйг өндөр үнээр, бусдыг нь хямдхан авдаг аж. Тэр чулуу нь том байх тусмаа үнэ хүрдэг гэнэ. Хятадууд ямар нэгэн зүйл хайгаад байгаа бололтой.

Ийн бодож явтал удалгүй бүрэнхий нөмөрч, хавь ойрын юмс сүр бараатай харагдаж эхэлсэн тул Шаварт орохоо болиод Бэрх тосгоныг чиглэв. Цагтаа хүн зон хөлхөж байсан энэ тосгоны олон байшин барилга эзгүйрч, заримыг нь нураачихаж. Гэхдээ л Батноров сумын төвөөс том юм. Тэгсэн хэрнээ засаг захиргааны нэгжийн хувьд тус сумын VII баг гэгддэг аж. Гурван давхар орон сууцтай, инженерийн шугам сүлжээтэй энэ тосгон уг нь сумын төв баймаар.

Х.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.91.119.66 dandaa haraar harj gegeegui yum bichih yum, hodood zam asuuh gej bga bol gert n orj mend medej asuuh, huniig mah id gej dailsan l bailtai, nohoitoigoo huvaaj idcheed yavlaa ch geh shig, havartaa haa gazar adil gunduu baihiig medseer baij hoh nuurt ochood uram hugarav gene u, chuluu tuuh n ooroo belcheer tahalj bga asuudal, tegj duraar n taviad bh asuudal bish, estoi yamar nudeer yu harj yamar sergeleer bichij bga gar yum bol, niigmee dagaad setguulchidiin setgeld ch gegee alga bolj
203.91.119.66 Setgegdeltei sanal neg bna
  • 2016 оны 04 сарын 14