Нарны алиалагч

2016 оны 04 сарын 13

ОХУ-ын Ардын жүжигчин Олег Поповыг ийн нэрлэдэг юм билээ. Харин Монголд түүний энд хүрч, алдарт алиалагчтай Улаанбаатар, Москва, Новосибирск, Фрунзед нэг манежинд хамтран тоглож олныг баясгасан алиалагч ганц л байсан нь Гавьяат жүжигчин Дамбын Батсүх. Циркийн урлаг өндөр хөгжсөн ЗХУ-ын мэргэжилтнүүд тухайн үед “Олег Поповтой тоглож байгаа энэ жижигхэн залуу гайхалтай авьяаслаг, жинхэнэ байгалиас заяасан бие бялдартай, алиалахын одонд төрсөн хүн байна.

Ийм ирээдүйтэй алиалагч хэр олон төрөх бол” хэмээн шагшин магтаж байсан гэдэг. Түүнийг байгаа цагт Монголын циркийн урлагийн ирээдүй гялалзана гэдэгт Москвагийн цирк, эстрадын дунд сургуулийн захирал А.М.Волошин итгэдэг байжээ. Монголын циркийн урлагийн үндэс суурийг тавьсан ЗХУ-ын мэргэжилтнүүдийн нэг тэрбээр алиалагч Д.Батсүхийг онцлон, авьяасыг нь хүндэтгэн, зураг авахуулах бүртээ өөрийнхөө өмнө зогсоодог байсан гэнэ.

Ардын жүжигчин Ж.Данзан, Гавьяат жүжигчин Б.Содном, Ж.Дамдинсүрэн, Д.Лувсанчимэд, Ж.Сандаг, Д.Цэдэнбал буюу Цээеэ, Д.Энхээ нарыг залгамжлан, хөх асрын дээврийг хөвсүүлэх шахам инээдийг өөрөөсөө ундруулсан алиалагч нь Дамбын Батсүх байлаа. Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль, Москвагийн Цирк эстрадын дунд сургуулийг дүүргэж мэргэжлийн алиалагч болсон тэрбээр хорвоогийн эрээн барааныг хослуулж туулаад 55 настайдаа хорвоогоос буцжээ.

“ХОЁР НУТАГТАН”

Циркийн сургуулийн нэг ангийнхан нь түүнийг ийн нэрлэдэг юм билээ. 1972 онд Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургуулийн сурагч болж элсэж, хоёр жил Монголд сураад сүүлийн хоёр жилээ Москвад очиж мэргэжил эзэмшсэн учраас тэгж онцолдог. Түүнтэй хамт ангийнх нь гурван ч хүүхэд хойшоо явсан юм билээ. Монголд нэг анги болон сурч асан 15 хүүхдээс дөрөв нь Москваг зорьсноор 1976 онд ОХУ-д 22, Монголд 11 жүжигчин төгсөж “Залуусын золбоо” хөтөлбөрийг Ардын хувьсгалын 55 жилийн ойн баяр наадмаар хийж байжээ.

Гавьяат жүжигчин Д.Батсүх Москвагийн Цирк эстрадын дунд сургуульд ОХУ-ын ардын жүжигчин Сергей Андреевич Каштеляны шавь болж, алиаллын эрдэмд суралцжээ. Төгсөж ирснийхээ дараа жил буюу 1977 онд Ардын армид алба хаахаар мордсон ч долоо хонолгүй Соёлын яамны тушаалаар эргэн дуудагдаж, тоглолтондоо орж байсан гэдэг. Тэр тийм л эрэлттэй авьяаслаг жүжигчин байсан.

Үе тэнгийнхэнтэйгээ мөр зэрэгцэн циркийн урлагийн бүх үзүүлбэрийг хийж сурсан болохоор агаарын нисэлт, акробатын үзүүлбэрт ч тоглож, үзэгчдэд инээд наргиан бэлэглэж байсан түүхтэй. Тэр ч бүү хэл түүнийг балетаар хичээллэж байсныг тийм ч олон хүн мэдэхгүй байх. Москвад сурч байсан хүүхдүүд өглөө хамгийн түрүүнд балетын хичээлд сууж, дараа нь мэргэжлийн хичээлдээ ордог байжээ.

Нэрт алиалагч Цээеэ (Д.Цэдэнбал), Д.Батсүх, Ж.Сандаг 1982 он


ЗАХИАЛГАТАЙ АЛИАЛАГЧ

Өнгөрсөн зуунд олон улсын циркчдийн тэмцээн тийм ч олон байгаагүй. Харин социалист орнуудын дунд болсон циркчдийн тэмцээнээс 1987 онд алиалагч Д.Батсүх тусгай шагнал хүртсэн нь дурсгалтай үйл явдал байлаа. Түүнээс хоёр жилийн дараа БНХАУ-ын Бээжин, Бугат, Хөх хотод түүнийг тоглоход Хятадын үзэгчид гайхан шагшиж, Ухань, Учаод болох тэмцээнд заавал оролцуулаарай гэж захьсан гэдэг.

“Тэмээтэй акробат”, “Шидэх банз”, “Газрын үсрэлт” зэрэг Монголын циркийн урлагийн сор болсон үзүүлбэрүүдэд тэр түүртэлгүй тоглож, басхүү дунд нь алиалж чаддаг байсан. Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай хэмээн эр хүнийг тодорхойлдог бол Д.Батсүх гуай ч тийм л нэгэн байлаа.

“Азын шооны нүхээр багтаж гарсан

сугалаа

Аавын хүүгийн одыг хариулж гарсан

сугалаа

Аа яа яа андуурсан сугалаа

Ээ хөөрхий эндүүрсэн сугалаа...” хэмээн марзаганан дуулах түүний төрх тодхон.

Багаасаа Пионерийн ордны бөхийн дугуйланд хичээллэж байсан болохоор уран барилдаантай, угсраа мэхтэй гэж магтуулж явжээ. Жаахан том биетэй бол их юм дуулгах бөх болох байлаа гэж онцолсон нь ч бий. “Мөнгөн буйл” кинонд анхны дэлгэцийн дүрээ бүтээхдээ ч барилдаж явдаг даа, уншигчид санаж буй биз ээ.

УРАМ БАДРААГЧ НАЙЗ, ИНЭЭД БЭЛЭГЛЭДЭГ БУЯНТАН

Цирк болон хошин урлагт амьдрал, уран бүтээлээ зориулж, ард түмэндээ инээд түгээсэн хамгийн өглөгч хүн гэж түүнийг л хэлэх байх. Түүгээр ч зогсохгүй цирк болон хошин урлагийн ирээдүй хойч үеийг бэлтгэсэн багш билээ. Цайлган зан, халгиж цалгисан авьяас билигтэй нэгэн байсныг ангийнхан нь үргэлж дурсдаг. Тэр дундаас Монголын анхны эмэгтэй илбэчин П.Даваахүү “Батсүх байгаагүй бол би циркийн жүжигчин болохгүй байсан. Спортын гимнастикаар хичээллэж байсан авьяаслаг хүүхдүүдтэй нэг ангид орж суралцахаар өөрийгөө голж, би чадахгүй байх гэж халширсан. Харин нэг зүгт гэртэй байсан болоод ч тэр үү нэгдүгээр курст байхдаа Батсүх бид хоёр хамт алхаж, болох болохгүйгээ ярилцдаг байлаа.

Тэр үед “Чи сайхан жүжигчин болж чадна аа. Энэ мундаг хүүхдүүдийг гүйцэж чадна шүү дээ. Битгий шантар” гэж урамшуулсан хүн нь Батсүх минь байлаа” гэж ярьсан юм. Монголын ард түмэн төдийгүй дэлхийн таван тивийн үзэгчдэд инээд бэлэглэж, авьяасаа гайхуулж явсан нэрт алиалагч Д.Батсүх Улсын циркт ажиллаж байх хугацаандаа Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтан гадас одонгоор шагнуулж байсан ба 1996 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин болжээ.

Москвагийн цирк эстрадын дунд сургуулийг 1976 онд төгсөгчид


“ӨВЧНӨӨС АЙЖ, САНААГААР УНАДАГ ХҮН БИ БИШ”

Түүний бие муудаж, тааруу байгаа тухай мэдээ зургаан жилийн өмнө сонсогдож байсныг санаж байна. Алиалагч найз нар нь, хошин урлагийнхан түүнийг эргэж, тойрч байсан ч жил гаруйн дараа бурхан болсон юм. Амьд сэрүүн ахуйдаа манай сонинд өгсөн ярилцлагадаа Д.Батсүх гуай “Өвдлөө гээд би унжийхгүй. Өвчнөөс айж, санаагаар унадаг хүн би биш. Үхэх цаг нь болсон бол хэзээ ч, хэн ч эсэргүүцэж чадахгүй шүү дээ” гэж ярьсан байх юм. Харамсах зүйлгүй амьдарч, дурсагдах түүхтэй үлдсэн болохоор ийн сэтгэл тэнүүн байсан болов уу. Гар утас барих дургүй, элдэв бөгж, гинж, цагнаас ч татгалздаг, байгаараа л нэгэн гэж түүнийг хэлнэ.

Циркт 20 гаруй жил ажиллаад, дараа нь “Шандас” циркийн захирлаар ч ажиллаж явсан. Харин уран бүтээлийн сүүлийн жилүүдээ тэрбээр хошин урлагтай холбож, энэ урлагийн үндэс суурийг тавьсан түүхтэй. Д.Сосорбарам, Б.Батзаяа, Б.Туяа, Л.Чаминчулуун нартайгаа хамт ард түмнээ баясгах олон сайхан тоглолт хийж, бухимдлаар дүүрсэн нийгмийг цэлмээж явсныг нь олон түмэн санаж буй.

ИНЭЭД ОЛОН ЯНЗ

“Инээд их олон янз байдаг. Баярлах, гомдох, уурлах гээд олон инээд байна шүү дээ. Хажууд яваа нэгийгээ унахад бид инээдэг. Үнэндээ тэр хүний хөл, гар нь өвдөж байгааг мэдсэн хэрнээ инээгээд байдаг. Хүн болгоны дотоод ертөнц өөр байдаг учраас би тухайн үзүүлбэрийнхээ өгүүлэмжийг сайн мэдэрч, донж, хэр хэмжээг нь тааруулахаас гадна ур чадвар гаргахыг хичээдэг. Биднийг залуу байхад театр, чуулга, циркийнхэн нэг нэгийнхээ тоглолтыг цаг гарган үздэг байлаа. Энэ их зөв зүйтэй арга хэмжээ байсан гэж боддог юм.

Хэн, ямар байгааг харж, зөвлөж, өөрийнхөө түвшинг мэддэг” хэмээн мэргэжлийн ажлынхаа талаар тэр ярьж байжээ. Магадгүй гомдсон, уурласан, бухимдсан нь инээднийх нь цаана нуугдчихдаг байсан болохоор Д.Батсүхийг уурлаж байгааг санах хүн олдоогүй болов уу. Хоёр дахь гэр нь болсон циркээ хувьчлагдсанаас хойш тийшээ зүглэх дургүй болж, ярихаас цааргалдаг байсан ч ангийнхан болон хамт олонтойгоо үргэлж холбоотой байжээ.

“Д.БАТСҮХТЭЙ БАЙХАД ГЭДЭС ЦАТГАЛАН”

Хөдөө тоглолтоор явахад юмны түрүүнд гүйж, мод түлээ бэлдэж, хоол сайхан хийдэг байсан болохоор хүмүүс ийн ярилцдаг. Хошин урлагийн театр байгуулж, хорвоогийн мөнх бусыг үзүүлтэл нь хамт байсан Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун гуай “Ховорхон авьяастай, дэндүү цайлган дүү минь байлаа” хэмээн түүнийг дурсан ярьж байсан. Өөрөө аялан тоглолтоор явахгүй байсан ч хамт олондоо ирж зөвлөн, дутуу хөтүүг нь сануулдаг тийм л сэтгэлтэй хүн.

Удтал өвдөөд бие нь арай дээрдсэн үедээ “Чамиа эгч ээ, дүүд нь хийх юм их байна. Хоёулаа хамт 18 аймгаа нар зөв тойрон хөдөөгүүр соёлын үрийг тарина шүү дээ” гэж ярьж байсан гэнэ. 55 нас ахархан, эр хүнд бол багадмаар ч юм шиг. Богино насаллаа гээд дутуу дуурьсал үлдээгээгүй болохоор сэтгэлдээ байгаа бүхнээ дэлгэж инээдэг түүний 60 насны ой санаанд тод байгаа нь энэ буюу.

Ж.СОЛОНГО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.2.172 олег поповын нэрийг өгчихөж..өөр нэр олж өгөх ухаан байдаггүй ээ.
59.153.115.98 Аймшигт өвчин найзыг минь дэндүү эрт авч одсондоо, Эхнэр Буяа нь хэдэн хүүхэдтэйгээ үлдсэндээ,ганца