УЛСТӨРЧДИЙГ ухаажихыг үзэх гэж би хэд наслах ёстой вэ

2016 оны 04 сарын 14

Яг долоо хоногийн өмнө Зам, тээврийн сайд М.Зоригт “Сайдын цаг” уулзалтад оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулахдаа “Би “Дэнзэнгийн хадам аавыг дэмжихгүй” гэж хэлээд Н.Алтанхуягийг огцруулсан. Тэгэхэд би маш буруу зүйл хийснээ ойлгосон. Хэзээ ч хүний хань ижил, үр хүүхдийнх нь асуудал руу халтирч болохгүйг ухаарсан. Тиймээс ч тэр өдөр би Н.Алтанхуягаас уучлал гуйсан” хэмээн нулимс дуслуулах нь холгүй ярьсан юм. Яах вэ, ухаарч амьдрах хорвоо л гэдэг. Урагшлах амьдралд унаж, босож явахдаа ухаан суулгүй ч яах билээ. Гэвч эрхэм түшээ, төрийн сайдын энэрэл, уучлал “үнэртүүлсэн” энэ үг эгдүү, зэвүүг минь хүргээд болдоггүй ээ. Бас болоогүй, “Сайдын цаг”-т оролцохоос яг долоо хоногийн өмнө “Open door” сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ Со (Гавьяат жүжигчин Д.Сосорбарам) ер нь өнөөдөр хэн болчихоод ингэж солиорч байгаа юм бэ. Өөдгүй муу шаар” хэмээн хараал урсгаж байсан тэрбээр “Яагаад ч юм тийм өдөр таарчихсан.

Сэтгүүлч Б.Ганчимэг чинь ярилцаж байгаа хүнээ бараг уйлуулчих гээд, сэтгэл сэвэлзүүлээд, янзтай ярьдаг шүү дээ. Хамаг юм уудлаад яриулчихсан байна лээ. Би Со ахдаа хайртай, түүнийг хүндэлдэг” гэсэн нь нэрмээд байна. Түүнийхээр бол тэр өдрийн сэтгэл санааны байдал, сэтгүүлчийн ур чадвар л тийм үг унагахад хүргэсэн бололтой.

Уг нь УИХ-ын гишүүн, бас сайд гэсэн “давхар дээл”-тэй түүний үг бүр үнэн, хариуцлагатай, аливаад туйлбартай байх ёстой гэсэн хүлээлт надад байх нь зүй ёсны хэрэг биз дээ. Тэгж яривал гишүүн М.Зоригт засаглалын хямралын шалтгааныг “давхар дээл” хэмээн нэрлэсээр байгаад л сайд болчихсон эр шүү дээ. Гэвч энэ байдлаар бол эрхэм улстөрчийг хэдхэн хоногийн өмнө ярьснаасаа хэзээ буцаж, хэрхэн ухаажиж, ямар гэнэн, цайлган мэдэгдэл хийх бол гэж хүлээцтэй хандах болчихоод буй нь харамсалтай.

Ардчилсан хувьсгалын үеэс хамт явсан журмын нөхөр, хүндэт ахдаа хүндлэлгүй хандаж, хэвлэлээр хараачихаад, хэдхэн хоногийн дараа “Хайртай” хэмээн зарлаж, халуун, нялуун үг хэлэх нь М.Зоригтыг хувь хүнийхээ хувьд хэн болохыг нь харуулав. Ардчиллын партизануудын маргааныг анзаарахаа больё гэвч яг үүн шиг эргэж буцсан, эрээ цээргүй, ичих булчирхайгүй улстөрч цөөнгүй буй нь асуудал юм.


“Гишүүн Х.Баттулгыг шалгаж, байцаахаа болихгүй бол Засгийн газраас МоАХ фракцын сайд нараа татна” гэсэн Л.Эрдэнэчимэг гишүүний уржигдрын мэдэгдэл ч үүний нэгээхэн жишээ. Хоёрхон сар гаруйн дараа ээлжит сонгууль болох гэж байхад фракцынх нь даргыг хууль, хяналтын байгууллагаас шалгасны төлөө “Цагдаагийн хууль бус үйл ажиллагааг Ерөнхий сайд зогсоохгүй бол бид дөрвөн сайдаа татаж, Засгийн газраа унагаах чиглэл рүү явж таарах юм шиг байна” гэж хээв нэг хэлж буй эл эмэгтэй чухам ямар эрх ашгийн төлөө, юунд барьцаалагдаж ийн хэлэх болсныг бодохоос ч зүрхшээж байна.

Уг нь тэрбээр яг гурван жилийн өмнө буюу Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаад найман сар гаруйн нүүр үзэж байхад сөрөг хүчнийхэн Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн барьсан үеэр төр, засаг тогтвортой ажиллахын чухлыг тэмдэглэж явсан нэгэн. Түүнийхээр бол сонгуулийн дараах болон өмнөх Засгийн газар харилцан адилгүй “наслах” учиртай аж. Юутай ч тэр эмэгтэй сэтгэл хөдлөлдөө хэт автсан уу, сүнс, чөтгөрт ховсдуулсан уу Засгийн газраа унагаж, төр, засгаа самрахад түвдэх зүйлгүй гэдгээ илэрхийлчихлээ.

Эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг энэ үед нүүрлэсэн засаглалын хямралаас суралцаж, ухаажаагүй бололтой. Ухаажих нь бүү хэл, намын, нам дамжсан, эдийн засаг, улс төрийн бүлэглэл Монгол төрийг сульдааж, шантаажилдгийг өөрийн биеэр бэлхнээ үзүүлэв. Ер нь муугаар хэлбэл түүний савсагануур, сайнаар хэлбэл идэвхтэй, дайчин гэмээр зан улстөрчийн болоод хувь хүнийх нь хувьд сайшаалаас илүүтэй шүүмжлэлтэй хутгасан нь олон.

Монголын шийдвэр гаргах түвшний улстөрчид хэлснээсээ хэр буцдагийг “давхар дээл”-тэй байх, эсэх сонголт шалгасан гэхэд болно. УИХ-ын гишүүн сайдын алба давхар хашихыг хориглохоор санаачилсан Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэх үеэр бараг бүх гишүүн дэмжиж буйгаа илэрхийлэн, “давхар дээл”-тэй байхыг эсэргүүцэж байсан ч өнөөдөр байдал эсрэгээрээ. Шийдлийн Засгийн газрын 18 сайдын гурваас бусад нь “давхар дээл”-тэй бөгөөд одоогийн Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэргүүтэй нөхөд УИХ-ын гишүүн, сайдаар давхар ажиллахыг хүчтэй эсэргүүцэж байсан билээ.

Энд жишээ болгон нэрийг нь дурдсан эрхмүүдийн мэргэжил, ур чадварыг өөлөх гэсэнгүй. М.Зоригт сайн банкир, эдийн засагч, шаггүй гэрэл зурагчин байж болно. Л.Эрдэнэчимэг мундаг биологич, урлаг, спортод давгүй авьяастай байг. Р.Бурмаа ч, Ц.Цолмон ч эрхэлсэн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн учраас л төрийн эрх барих дээд байгууллагын өндөр босгыг давсан биз. Гэвч монголчууд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй байлтай. Төрийн өндөр дээд албан тушаалд оччихоод “Би мэдээгүй шүү дээ” гэсэн гэнэн царай гарган, сая л ухаарлаа, уучлаарай гэх маягтай зүйл ярьж, өмнөхөө үг, үйлдлээрээ үгүйсгэж буй улстөрчид тэднээр тогтохгүй.

Юу ч хэлж, хийхээс сийхгүй, барьцгүй, ёс зүйгүй улстөрчид хажуудахдаа хамаг муугаа халдааж, нөлөөлж л байгаа. Тэгэхээр хүнийхээ хувьд ухаажиж, төлөвшсөн нөхдөд л улс төрийн урилга өгдөг болмоор байна. Ухаажих гэж улс төрийг зүглэдэггүй болохыг ойлгуулмаар байна. Аль ч нийгэм хүн ёсны харилцаа, ёс зүйд тулгуурладаг. Нийгмийг бүрдүүлж буй хувь хүмүүсийн чанар, хүмүүжил хөгжлийн хамгийн гол түлхүүр болдог гэсэн үг. Чухам тэндээс эрх ашгийн эрэмбэ тогтдог. Гэвч улстөрчдийг ухаажихыг үзэх гэж би хэд наслах ёстой бол. Яагаад ч юм гуниг төрөөд явчих чинь.

Б.НОМИН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.58 хүүхдүүд 4 жил сураад мэргэжил эзэмшин дээд боловсрорлтой болоод төгсдөг, ажилладаг, мэргэжилтэн болдог. гэтэл манай УИХ- ын гишүүд 25 жилд хамгийн муу бүхнийг сурлаа, монголоо дампууруулахад хүргэлээ. сайныг нь сурсангүй.