ДЭЭЛИЙН ШИНЭ НЬ, ХҮНИЙ ХУУЧИН НЬ

2016 оны 04 сарын 15

Зүүн гараас Дилма Руссеф, Лула да Силва

Энэ хавар эхний сараасаа л Бразилд хахир байлаа. Жагсаал цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээ газар авч, авлигын хэл аманд орооцолдсон Засгийн газраа огцрохыг шаардах болсон. Тус улсын эдийн засаг хямралын байдалд орж, эрх баригчид нь үндсэндээ ажлаа хийхээ байж, Ерөнхийлөгч Дилма Руссефийнх нь нэр хүнд хамгийн доод хэмжээндээ хүрч, ердөө арван хувь болж унав. Төрийн тэргүүндээ итгэл үзүүлэх эсэх асуудлыг хөндөх нь өнгөрсөн оны эцсээс улам бүр бодитой болж, эрх баригч эвслийн холбоотон байгсад нь хүртэл Ерөнхийлөгчөөсөө нүүр бурууллаа. Бразилийн одоогийн энэ хямралыг сүүлийн зуун жилд тохиолдсон хамгийн ноцтой явдал хэмээн Bloomberg нэрлэсэн байна.

“Дилма Руссефийн Засгийн газар хойтохоо уншуулж байна. Улс орноо авч явах эрхээ алдсан тул Ерөнхийлөгч огцрох нь түүхийн шинэ үеийг эхлүүлэх боломж Бразил улсад олгох дээрээ тулаад байна. Эрх баригч эвслээс Бразилийн ардчилсан хүчний нам гарах нь амьсгалаа хурааж буй Засгийн газрын дээвэрт шаах сүүлчийн хадаас байх болно” гэж социалистуудын удирдагч, 2014 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Дилма Руссефийн гол өрсөлдөгч байсан Аэсио Невес улс төрийн тавцан дээр болж буй үйл явдлыг тодорхойлов. Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаарх санал хураалт Парламентын доод танхимд энэ сарын дундуур болох ёстой.

Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл иргэдийн 68 хувь нь Ерөнхийлөгчөө огцрохыг дэмжиж байгаа аж. Бразилийн эдийн засгийн өнөөгийн байдал өөдрөг бодол төрүүлэхгүй болчихжээ. Эдийн засгийн хямрал, үндэсний валютын ханшийн сулрал, авлигын хэл амнаас үүдэн Бразилийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд Ерөнхийлөгчийн эсрэг “дайнд” мордож, Засгийн газрын тэргүүнийг урьд нь дэмжиж байсан сэхээтнүүд, үйлдвэрлэл эрхлэгчид түүнийг одоо “үзэхээ” байв.

“Сүүлийн саруудад бид 1.5 сая ажлын байр алдлаа. Үйл ажиллагаагаа зогсоосон бүхэл бүтэн салбар, үйлдвэрүүд ч бий. Цаашдаа дуугүй байх боломжгүй болсон” гэж Аж үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч Паулу Скаф мэдэгдэв. Огцрохгүй байхын тулд Бразилийн Төрийн тэргүүн 513 депутатын дор хаяж 172-ынх нь дэмжлэг авах шаардлагатай. Ерөнхийлөгчид итгэл хүлээлгэх эсэх асуудал Парламентын Дээд танхимд ороод ирвэл Дилма Руссефийг эсэргүүцэгчид гуравны хоёрынх нь саналыг авах хэрэгтэй болно. Депутат, сенатчдын олонх нь одоо сөрөг хүчнээ дэмжиж буйг бодолцвол Руссеф Ерөнхийлөгчийн суудалдаа үлдэхэд тун ярвигтай байх болно.

...Түүгээр ч барахгүй Дилма Руссеф, Лула да Силва хоёр сонирхолтой нүүдэл хийн 2010 онд ширээгээ шилжүүлэхдээ чансаа нь 83 хувь хүрч байсан хуучин удирдагч Төрийн тэргүүн болохыг ч үгүйсгэх аргагүй...

Ерөнхийлөгчийн Хөдөлмөрчдийн намын гол холбоотон Бразилийн ардчилсан хөдөлгөөний нам эвслээс гарвал Дилма Руссефт итгэл үзүүлэхгүй байх аюул бодитоор нүүрлэнэ. Ардчилсан хөдөлгөөний намын араас бусад нам нь бурантаг хавчуулж ч мэднэ. Үйл явдлын өрнөлийг ийм хэмжээнд хүргэхгүйн тулд Ардчилсан хөдөлгөөний намаас суларч үлдсэн сайд нарын суудлыг бусад намд өгөхийг Дилма Руссеф амлаж, тэдэнтэй хэл амаа ололцохыг шаргуу оролдох нь эргэлзээгүй.

Руссеф огцорвол Ардчилсан хөдөлгөөний намын тэргүүн асан, одоогийн Дэд Ерөнхийлөгч Мишел Темер түүний суудлыг эзэлнэ. Тэрбээр голчлон эдийн засагчдаас бүрдсэн өөрийн багаа нэгэнт бүрдүүлчихээд нэр хүнд нь унасан удирдагчаасаа аль болох хөндий байхыг хичээх болсон байна. Тэгтэл энэхүү Темерт итгэл үзүүлэх үү, үгүй юү гэх үйл явц бас эхэлж болзошгүй нь энэ сарын 5-нд тодорхой болов.

2010 онд Төрийн тэргүүний суудалд суусан Дилма Руссефийн толгой дээр нэг бус удаа үүл хуралдаж байсан ч тухай бүрд нь эрх мэдлээ тэр хадгалж үлдэж байлаа. Эдийн засгийн байдал хүндэрснээс улс орон даяар олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн үйл ажиллагаа өрнөсөн 2014 оноос асуудал тулгарч эхэлсэн байна. Руссефийн нэр хүнд огцом унаж, тэр оны намар арай гэж улиран сонгогдсон юм.

Эрх баригч Хөдөлмөрийн нам Парламентын Дээд танхимын 513 суудлын ердөө 70-ыг нь, Дээд танхимд 100 суудлын 12-хныг нь авсан. Гэлээ ч Ардчилсан хөдөлгөөний нам болон аядуу байр суурьтай улстөрийн бусад хүчинтэй холбоо тогтоосны хүчинд Хөдөлмөрчдийн нам Парламентад олонх болж чадсан байна. Тэр үеэс л эсэргүүцэл тэмцэл Парламентын танхим дотор гэгдэх болжээ.

Тэмцлийг гудамжинд хийх болсон бразилчууд эдийн засаг хямарч, үндэсний валютын ханш унасанд Руссефийн Засгийн газрыг буруутгаж, ДНБ багассаар байхад хөлбөмбөгийн ДАШТ (2014), зуны Олимп (2016) зэрэг спортын өндөр өртөгтэй төслүүд хэрэгжүүлнэ гээд байх юм гэж Ерөнхийлөгчөө зэмлэж байсан юм. Сүүлдээ түүнийг бүр ч ноцтой явдалд буруутгах болов. 2003-2010 онд Petrobras-ын захирлуудын зөвлөлийг толгойлж байхдаа нефтийн энэ компаниас хэд хэдэн тэрбум ам.доллар хууль бусаар гаргасан гэж Ерөнхийлөгчийн “дайснууд” мэдэгдэв.

Томоохон төсөл хэрэгжүүлж байсан менежерүүд нь тэдгээрийн өртгийг өсгөж байсныг мөрдөн шалгах ажиллагаа илрүүллээ. Төсөл хэрэгжүүлэх эрх авч байсан барилгын компаниуд түүний өртгийн гурван хувьтай тэнцэх хэмжээний татвар өгдөг байж. Улстөрчдийг худалдаж авах, Руссефийн сонгуулийн кампанит ажлын зардлыг нөхөхөд энэ мөнгийн ашиглаж байсан аж. Эцэст нь томоохон бизнесменүүд, төрийн өндөр албаны хүмүүс шүүгдэгчийн сандалд сууж, зарим нь 16 жил шоронд хоригдох ял авсан байдаг. Энэ бүхэн олон сая бразил хүнийг гудамжинд гарч тэмцэхэд хүргэсэн байна.

Руссеф корпорацыг удирдаж байсан ч гэсэн түүний эсрэг хэн ч зарга үүсгээгүй байлаа. Гэлээ ч мөрдөн шалгах ажиллагаанд өртөгч нь Ерөнхийлөгч асан Лула да Сильва болоод ирэхээр энэ оны гуравдугаар сард байдал улам хүндрэв. Түүнийг мөнгө угаасан, Сан-Паулу мужийн амралт сувиллын Гуаружа хотод асар том сууц хахуульд авсан хэмээн сэжиглэсэн юм. Төрийн тэргүүн асныг баривчлах зөвшөөрөл прокурорын байгууллага хүссэн тохиолдолд дотны анд, халамжлагчдаа Дилма Руссеф туслалгүй яах вэ дээ. Тэгээд Силваг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж Тамгын газрынхаа даргаар томилчихов. “Бразилд ийм албан тушаал байхгүй болохоор энэ чинь үндсэндээ Ерөнхий сайдын суудлыг түүнд өгсөнтэй адил.

Лула бол асар их нэр хүндтэй, нам хоорондын холбоо бий болгох талаар хэнтэй ч зүйрлэшгүй туршлагатай хүн. Бразилийн ардчилсан хөдөлгөөний намтай хамтарч ажилласнаас болж өөрөөсөө хөндийрүүлчихээд байсан намуудтайгаа хүч хавсран шинэ эвсэл байгуулахаар Хөдөлмөрчдийн нам санаархаж, тус улсын улс төрийн орон зайд хүчний хуваарилалт өөрчлөгдөж болзошгүй болоод байгаа өнөөгийн нөхцөлд Силваг ашиглаж жижиг намуудын дэмжлэг хүлээх боломж Дилма Руссефийн намд олдох магадлал бий болоод байгаа” гэж Оросын ШУА-ийн Латин Америкийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээ, мэдээллийн төвийн дарга Александр Харламенко үзэж байна. Төрийн тэргүүн асан ийнхүү улс төрд эргэж ирсэнийг түүнийг эрүүгийн хэрэгт холбогдохоос нь аврах гэсэн Дилмагийн оролдлого гэж хүлээн авч буй хүн олон.

Бразилийн хууль ёсоор бол өндөр албан тушаалтай улстөрчдийг Дээд шүүх нь л авч хэлэлцэх эрхтэй байдаг. Энэ шүүхийн 10 гишүүний долоог нь Руссеф юм уу Силва томилсонд эргэлзэх юмгүй. Тэгэхдээ одоогийн хийгээд түрүүчийн Ерөнхийлөгчид Дээд шүүхийн гурван гишүүн ч түвэг учруулах боломж бас бий юм. Лула да Силвад холбогдох хэргийг шалгаж байсан шүүгч Сержиу Мору сайд нар болон Төрийн тэргүүн асантай одоогийн Ерөнхийлөгч Дилмагийн утсаар хийсэн 30 гаруй яриа хөөрөөг Силваг шинэ албанд томилсон нь ил болмогц олон түмний сонорт хүргэж орхилоо. Уг ярианы бичлэгийг хэргийг мөрдөж байхдаа цагдаагийн байгууллага хийсэн байжээ.

Томилсон тухай баримт явууллаа, түүнийг шаардлагатай үедээ ашиглана биз хэмээн Силвад Ерөнхийлөгч Дилма Руссеф хэлж буй нь тэдгээр бичлэгийн нэгэн дээр нь байсан аж. Үүний дараа Ерөнхийлөгч асныг шинэ албанд томилогдоход нь Дээд шүүхийн нэг шүүгч тээг тавьж орхижээ. Ийнхүү шүүх болон гүйцэтгэх засаглалын хоорондох сөргөлдөөн хүчээ авав. Ярианы бичлэгийг хууль бусаар хийсэн байна, энэ нь Бразил дахь ардчиллыг бэхжүүлэхгүй гэж Дилма Руссеф мэдэгдлээ. Мөрдөн шалгах ажиллагааг удирдаж буй хүн төрийн прокурор, шүүгчийг сүрдүүлдэггүй юм. Үндсэн хууль болон бусад хуулиа мөрдөнө гэсэн хариулт түүнд өгсөн байна.

Үүний дараа л дунд ангийн төлөөлөл зонхилсон олон сая хүн уурлаж хилэгнэн Бразилийн хотуудын гудамжинд гарч ирсэн юм. Үүнийг нь Дилма Руссеф төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж нэрлээд огцрох бодолгүй байгаагаа мэдэгдэв. Эрх баригчдын уриалснаар Үйлдвэрчний байгууллагын гишүүд, нийгэм рүүгээ чиглэсэн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэнд нь энэ хоёр Ерөнхийлөгч баярлаж талархсан ядуучууд бас гудамжинд гарч ирлээ. Нэр хүндээ сүрхий алдаж байгаа Руссеф хэрэв суудал дээрээ үлдвэл өнөөдөр Бразилийн улс төрийн тавцан дээр болж буй үйл явдал санаанд багтамгүйгээр төгсөж болзошгүй.

Түүгээр ч барахгүй Дилма, Лула да Силва хоёр сонирхолтой нүүдэл хийн 2010 онд ширээгээ шилжүүлэхдээ чансаа нь 83 хувь хүрч байсан хуучин удирдагч Төрийн тэргүүн болохыг ч үгүйсгэх аргагүй. Силвагийн үед 30 сая бразил хүн ядуурлын түвшингээс гарч, ДНБ нь жил тутам долоон хувиар өссөн үзүүлэлтээр Бразил улс Өмнөд Америктаа тэргүүлж байсныг энэ улсын иргэд мартаагүй байгаа.

Лула да Силва ч ирээдүйгээ өөдрөгөөр харж буйд эргэлзэх юун. Өнгөрсөн сарын эхээр цагдаагийн байгууллагад очиж байцаалт өгөхдөө 2018 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ хэмээн мэдэгдсэн байдаг. Авлигын гэх түүнтэй холбоотой хэл ам дэгдээд буй ч Силвагийн энэ алхам бразилчуудын хувьд байж боломгүй зүйл гэж төдийлөн бодогдохгүй байх магадлалтай. Саявтар явуулсан санал асуулгад оролцогчдын 35 хувь нь Лула да Силваг бүх цаг үеийн Ерөнхийлөгчдөөс хамгийн шилдэг нь гэж үзсэн байна гэнэ лээ.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
31.33.233.8 Дилма бол Болгарын коммунист ажилчны хөдөлгөөний удирдагч Пётр Русевын охин. Аав нь францаар дамжиж бразиль руу гарсан