БИ ЯАГААД “ӨНӨӨДӨР”-ИЙГ УНШДАГ ВЭ: “Өнөөдөр”-ийн үнэ цэнэ ирээдүйд өнгө нэмнэ

2016 оны 04 сарын 18

Д.БОЛОР (“Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирал)


  Хүнээр тооцвол эрдэм, бяр нь тэгширсэн ид насандаа гялалзаж яваа “Өнөөдөр” сонины анхны дугаараас нь эхлэн үнэнч уншигчдынх нь нэг байсаар ирлээ. Нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, соёл урлаг гээд өргөн цар хүрээг хамарсан сэдвээр бодит баримтад тулгуурлан, аль нэг талд давуу эрх олгож туйлшралгүй, монголчуудынхаа жинхэнэ дуу хоолой нь болж, төрийн бодлого чиглэлд ч эергээр нөлөөлж чаддаг хэвлэл мэдээллийн үнэ цэнэтэй брэндийг бий болгож чадсан өдөр тутмын сонин болохоор цаашид ч олон жил уншина.

Мэдээллийн эх сурвалж олон болсон энэ цаг үед үнэн зөв мэдээллийг хаанаас олж авах вэ гэдэг нь их эргэлзээтэй асуудал. Хүлээн авч байгаа мэдээлэлдээ аль нэг улстөрчийн, нам эвслийн, эсвэл бизнесийн бүлгийнхний нөлөөлөл орсон эсэх дээр эргэлзэхгүй байхыг хүсвэл “Өнөөдөр” таны үнэ цэнэтэй сонголт тань мөн.

Энэ дашрамд, Монголын шинэ сэтгүүл зүйд түүхэн үүрэг гүйцэтгэсэн нэрт сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Ц.Балдорж агсныг дурсахыг хүсэж байна. Тусламж хүссэн хүн бүрт чин сэтгэлээсээ хандаж, дэм болдог тэр л зангаараа надад хандан бизнесийн PR-ийг анхлан зааж, зөвлөснөөр нийгэмд тустай олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн нь өнөөдөр ч үр өгөөжөө өгсөөр байгаад баярлаж явдаг.

Өнөөдөр олон нийт мэргэшсэн сэтгүүл зүйгээс илүүтэйгээр нийгмийн сүлжээнээс мэдээлэл авдаг болж байна. Хэдийгээр цахим орчин үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хүн бүрт олгодог давуу талтай ч сөргөөр ашиглах нь хэрээс хэтэрч буйг өөрчлөхөд мэргэшсэн сэтгүүл зүй, цаашлаад “Өнөөдөр”-ийн тэнцвэртэй мэдээлэл үнэтэй хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.

“Өнөөдөр” сонины хамт олондоо 20 жилийн ойн баярын мэнд хүргэж, цаашдынх нь ажил үйлсэд нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхны дээдийг хүсэн ерөөе!

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД