Ч.ЧИНБАТ: МОРИН ХУУРЫН ЧУУЛГЫГ Ц.БАТЧУЛУУНЫ НЭРЭМЖИТ БОЛГОХ ЁСТОЙ ЮМ

2016 оны 04 сарын 18

Монголын соёл, хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Цэндийн Батчулуун агсны хорвоод мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. 30 жил Хөгжим бүжгийн коллежид багшилж, олон арван авьяаслаг шавь төрүүлсэн түүний үйлсийг мөнхжүүлж, өнөөдөр төрөлх сургуульд нь нэрэмжит танхим нээхээр болсон.

ХБК-ийн 43 тоот өрөөг түүний нэрэмжит болгон тохижуулах ажлыг гэр бүл, найз нөхөд, шавь нарынх нь санаачилгаар эхлүүлсэн юм. Мөн Улсын филармонийн концертын танхимд 14.00 цагт өсвөрийн хуурчид, 19.00 цагт Морин хуурын чуулгынхан тоглолт хийж, багшийгаа дурсана.

Г.Жамъян багшийнхаа эрдэм ухааныг өвлөн авч хуурынхаа тунгалаг яруу эгшиглэн, түүнд шингэсэн монгол хүний авьяас билэг, оюун чадлыг хөдөөх талаас хөвчин дэлхийд хүртээн хүргэхийн төлөө насан туршдаа зүтгэсэн түүний алдраар энэ танхим төдийгүй байгуулсан чуулгыг нь овоглох ёстой хэмээн урлагийнхан үзэж буй. Тэдний төлөөлөл болж ХБК-ийн уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат ярилцлага өгсөн юм.

-Морин хуурын чуулгыг байгуулагдахаас нь эхлээд мэдэх хүмүүсийн нэг нь та байх. Хэдийгээр сонгодог хөгжмийн чуулга байгуулж, ажиллаж байсан ч гэлээ та Морин хуурын чуулгыг их дэмждэг шүү дээ.

-1980-аад оны үеэс л Ц.Батчулуун маань морин хуурын чуулга байгуулахсан гэж ярьдаг байлаа. Би чинь энэ насаараа хийлийн чуулга байгуулж, хүүхдүүдээ тоглууж яваа хүн. Тийм болоод ч тэр үү, үндэсний хөгжмийн багш нар хийлийн чуулга шиг л ансамбльтай болохсон гэж ярьдаг байсан болов уу. Ц.Батчулуун бид хоёр их ойр дотно явсан хүмүүс. Хийлийн чуулгын тоглож байгаа хөтөлбөрийг харж, энэ санаагаа биелүүлэхээр зүтгэж явсныг нь мэдэх юм.

Тухайн үед морин хуур хөгжмийн тоглоочийн ур чадвар одоогийнх шиг өндөр түвшинд хүрээгүй байлаа. Тоглох зохиолоосоо шалтгаалж байсан уу, хэдэн хүүхэд бүрдүүлчихээд л болж өгөхгүй яваад байсан. Тэгж байгаад 1990-ээд оноос 12-13 хүүхэд цуглаж, энэ чуулга байгуулагдах шатандаа орсон. Намайг тухайн үед сургууль төгсөөд ирэхэд Соёлын яамнаас Улсын ардын дуу бүжгийн чуулгад хуваарилсан.

Уг нь би нэг цөөхүүл оркестр байгуулах санаатай байсан юм. 1990 он гарснаас хойш чуулга байгуулах нь бүү хэл урлагийн байгууллагууд үзэгчгүй болж байсан үе. Гэсэн ч яах вэ, УАДБЧ-д “Уран хас” цөөхүүл чуулгатай болчихоод байтал Ц.Батчулуун маань Морин хуурын чуулгаа байгуулчихлаа шүү гээд ярьж байсан. Бид хоёр ойролцоо насныхан л даа. Дөрөвдүгээр сарын 18-нд манай хүний төрсөн өдөр болдог юм. Тэр өдрөөс өмнөхөн буюу 1992 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХБК-ийнхоо байранд анх тоглолт хийснээр энэ чуулга байгуулагдсан санагддаг. Сүр дуулиантай нээлт болоогүй л дээ.

Гэхдээ сургуулийнхаа хамгийн сайхан танхимд тоглолтоо хийсэн. Дөрөвдүгээр сард манай сургууль тоглолтын ундаргатай байдаг гэж хэлж болно. Одоо ч гэсэн хуваарийн самбар дүүрэн байгаа биз. Тоглолт сайхан болж, бүгдээрээ урамшсан. Миний хүү, Чинбатын Амарбаясгаланд энэ чуулгын №1 тоот үнэмлэхийг өгсөн байдаг. А үсгээр эхэлсэн нэртэй болохоор анхны цаасан үнэмлэхний эзэн болсон байх. Үүнээс хойш нэг жил тууштай бэлдээд 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт Морин хуурын чуулга анхны тоглолтоо хийсэн дээ.

-Засгийн газрын тогтоол гарч, Морин хуурын чуулга байгуулагдсан байх аа?

-1992 оны турш их ажил амжуулж, хөөц өлдсөн л дөө. Морин хуурын албан ёсны чуулга байгуулах тогтоол гаргуулсан. Тухайн үед урлагийнхны цалин ч бага байж, Ц.Батчулууныг маань 600 мянган төгрөгийн цалинтайгаар чуулгын дарга болгосон тухай номондоо бичсэн байдаг юм. Монголын уламжлалт соёл, ард түмний гайхамшигт өв болсон морин хуурыг тоглон өвлүүлсэн олон хуурч бий. Богдын хуурч Дамдин-Очир, Г.Жамъян гуай, Түдэв гуай, Буян хуурч, баруун аймгийн алдарт хуурч “солгой” Баяр, Довчин гуай, говиос бол Маамын Санжмятав гэж байлаа. Тэд хуураа тоглож, Дуурийн театрт ажиллаж, зарим нь багшилж, ирээдүй хойч үеэ бэлдсэн.

“Солгой” Баяр, Г.Жамъян гуай хоёр бол маш олон хуурч бэлтгэсэн багш нар. Г.Жамъян гуай Монголын анхны морин хуурын сурах бичгийг бий болгосон хүн. Одоо энэ коллежид зааж байгаа морин хуур хөгжмийн сургалтын дэгийг бий болгосон шүү дээ. Харин Г.Жамъян гуайн шавь Ц.Батчулуун бол яах аргагүй Морин хуурын чуулгын үндэс суурийг тавьж, бий болгосон хүн. Морин хуурын чуулгын нэр улсаасаа хальж, тив дэлхийд түгсэн гавьяа ч бас түүнийх.

-1993 онд болсон анхны тоглолт нь нэлээд сүр дуулиантай, дурсагдах зүйлтэй болсон гэдэг юм билээ.

-Монголын урдаа барьдаг хөгжимчид, удирдаачид, дуучид тэр тоглолтод орж байсан. Манай аав (Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун) хүртэл уригдаж ороод сэтгэл нь хөдөлчихсөн, жигтэйхэн баяртай явсныг нь санаж байна. “Батчулуун маань үнэхээр сайхан юм бий болголоо” гээд магтаж байсан. Аливаа нэгэн хамтлаг, чуулгыг бий болгоно гэдэг амаргүй. Энд тэнд бичиг барьж гүйнэ, хүүхдүүдээ цуглуулна. Гэтэл энэ чуулга Монголын нүүр царай болно гэдгийг тэр аль эрт олж харсан байж.

Тэр үеийн яам, тамгын газрынхан ч хүндэтгэн дэмжсэн байна. Морин хуурын чуулга бий болсноор Н.Жанцанноров, Б.Шарав гээд манай алдартай хөгжмийн зохиолчдоос эхлээд залуу мэргэжилтнүүд ч тэдэнд зориулан бүтээл туурвисан. Тэр дундаа Ц.Батчулууны маань дотны нөхөр Н.Жанцанноров энэ чуулгыг өдий зэрэгтэй явахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлэх ёстой. Түүнээс ундарсан сайхан аялгуунуудыг Морин хуурын чуулгынхан тоглосноор амьдарч, үзэгчдэд хүрч, тэр хэрээрээ хөгжмийн зохиолчоо алдаршуулсан.

-Морин хуурын чуулга 20 гаруйхан жилийн түүхэндээ дэлхийн бүх алдартай, том тайзан дээр тоглосон. Үнэхээр зөв шийдвэр гаргаж, ийм чуулга байгуулжээ гэж бодогддог шүү.

-Ази, Европ гээд бүх л тивд тэд тоглосон. Миний л мэдэх алдартай тайзнууд дээр тэд хэдийнэ гарчээ. Монголын төдийгүй дэлхийн хөгжимчдийн мөрөөдөл болсон тайзнаас тэд монгол аялгуугаа түгээсэн. ҮДБЭЧ-ынхан ч бас монгол өв соёлоо дэлхийд сурталчилсан. Гэхдээ маш олон хүний бүрэлдэхүүнтэй учраас ийш тийшээ явах зардал нь хэцүү байдаг байх. Харин Морин хуурын чуулга тухайн үедээ 20 гаруйхан хүнтэй, одоо бол 30 орчим хүн байгаа байх.

Тэднийг энэ олон орноор явж тоглоход дэмжиж тусалсан хүмүүсийн дунд Японы хөгжим сонирхогчид чухал үүрэг гүйцэтгэсэн. Уран бүтээлийг нь дэмжиж, тусалсан хүмүүсийн урмаар Морин хуурын чуулгынхан нэр хүндтэй, зүтгэлтэй явсан болов уу. Тэдэнтэй хамт манай уртын дуучид ч олон улсад танигдсан. Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад гуай олон газар хамт тоглосон. Бас Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, манай алдарт хөөмийч Т.Ганболд гээд нэрлэбэл олон хүн уран бүтээлийн замналаа энэ чуулгатай холбосон байна.

Анхны тоглолтод нь Ардын жүжигчин Х.Уртнасан, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат захирал маань ч оролцож байсан. Сонгодог, ардын гэлтгүй олон уран бүтээлчийг нэр төртэй болох замд нь Морин хуурын чуулга хамт байсан юм шүү.

-“Хэдэн шавь нараа нийлүүлж, чуулга байгуулж байлаа” гээд Ц.Батчулуун гуай ярьж байсан сан. Зарим нь бүр жаахан байсан гэх юм билээ.

-ДБЭТ-т анхны тоглолтоо хийхэд хамгийн бага нь наймдугаар ангид сурч байлаа. Жанцанноровын охин Уугантуяа гэхэд л наймдугаар ангийн хүүхэд. Тэгээд том нь манай Амарбаясгалан дөрөвдүгээр курсийн оюутан. Тийм байх үеэс нь энэ багийг тогтвортой өдий хүртэл авч явна гэдэг амаргүй л дээ. Энэ чуулгад уран бүтээлээ хийж байсан хөгжимчдөөс тоглоочийн ур чадвараараа ялгарч алдаршсан хүн олон бий. Сүүлийн үеийнхийг нь нэрлэхэд л Д.Шинэцог, Н.Жигжиддорж байна. Тэд морин хуур тоглох арга техникийг чинээнд нь тулгаж чадсан.

Хийлээр тоглодог сонгодог зохиолуудын ихэнхийг морин хуураар тоглолоо. Хоёрхон, хялгасан утастай, ийм богинохон грифтэй хөгжмөөр яаж дөрвөн утсаар тоглодог зохиолыг тоглоод байна аа гэж гадаадын хөгжимчид гайхдаг юм. Морин хуур хөгжмийг хийл шиг дуугаргах гэсэндээ биш цар хүрээг нь хэр өргөн болохыг харуулж байгаа нь л чухал юм.

-Энэ бүхнийг ярьсан гол шалтгаанаа эцэст нь та хэлэх үү?

-Тийм ээ. Даваа гаригт бид нэрэмжит танхимыг нь нээнэ. 80 жилийн ойн босгон дээрээ ирсэн манай сургуулийн “бүтээгдэхүүн” бол Ц.Батчулуун. Г.Жамъян гуайн шавь нар дундаас Ардын жүжигчин Ч.Батсайхан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Буянбаатар нарын олон авьяаслаг морин хуурчид өнөөд алдаршаад байгаа. Тэдний дундаас ялгарч, Монгол өв соёлыг алдаршуулсан энэ гайхамшигтай чуулгыг үүсгэн байгуулсан Ц.Батчулууны нэрэмжит танхим байгуулаад зогсохгүй Морин хуурын чуулгыг түүний нэрэмжит болгож өгөөсэй гэж хүсэж байна.

Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нэгэн дурсамж тоглолтын үеэр “Морин хуурын чуулгыг Батчулууны нэрэмжит болгоно байх аа гэж итгэж байна” гэж байсан. Нас нь болоогүй байна гээд байсан юм уу, өдий хүртэл л нэрэмжит болгож өгөөгүй юм. Хэрэв болгож өгнө өө гэвэл, гэр бүл, найз нөхөд, уран бүтээлийн андууд, шавь нар нь хэрэгтэй бүхнийг хийж, бичиг өгөхөд бэлэн байна. Монголын ард түмэн ч бас мэдэж байгаа. Төрсөн өдөртэй нь давхцуулж ийм шийдвэр гаргачихвал ёстой юутай ч зүйрлэмгүй сайхан байна. Эцэст нь, гэр бүл, найз нөхөд, хамт олонд нь мэнд хүргэж, сайн сайхныг хүсье. 

Ж.СОЛОНГО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.25 HUJAA LUUHAAN DUTUUDORJ HEZEE CH MONGOLIIN URLAGIIG UNELHEGUI EE. HARIN TER HUJAAGIIN CHIPA HUGJIMUU L SHUTNE DEE, MUU DANJAAD DUTUUDORJ.
183.81.169.58 Ц.Элбэгдорж Ц.Батчулуунд төрийн шагнал өгөх ёстой байсан юм...харамсалтай нь өгөөгүй дээ...