Аюул ТЭЭГЧ

2016 оны 04 сарын 19

Техник технологийн үсрэнгүй хөгжил, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй шинэ үеийн хэрэгцээ, сонирхлоосоо болж хүн төрөлхтөн өөрсдийгөө боомилоход хүрээд байна. Энэ их хүсэл, шунал биднийг хаана хүргэх бол. Амьдралын салшгүй хэрэглээ болсон гарт утас, компьютер, айл бүхэнд байдаг зурагт, хөргөгч, тэр ч бүү хэл өчүүхэн жижиг зай хүртэл ямар их уршиг тарьдгийг бид тэр бүр мэдэхгүй, тоохгүй байсаар. Эдгээр нь бидний хэрэгцээ, шаардлагыг хангаж, сайн найз мэт аашлавч хуучирч муудахаараа хамгийн түрүүнд иргэдийн эрүүл мэнд болон байгаль орчинд хор уршиг “бэлэглэдэг”. Тиймээс ч аюултай хог хаягдал гэж үздэг. Тэдний нэг болох аккумляторыг онцоллоо.

Хэрэглэхэд аюултай, хортой гэсэн заалт байхгүй хэрнээ ашигласны дараа яагаад аюултай хог хаягдалд тооцогддог юм бол гэх асуулт иргэдэд ихээхэн эргэлзээ төрүүлдэг бололтой. “Аккумляторын хор уршгийг мэдэх үү” гэх асуултыг цөөнгүй хүмүүст тавихад олонх нь дээрх эргэлзээгээр ам таглаж байв. Өөрөөр хэлбэл, ашиглалтын үеийн нөхцөл болоод түүний дараах үеийн хадгалалтын байдал түүнийг хортой, эсэхэд эргэлзүүлж орхидог байна. Үүнийг нэг жишээгээр тайлбарлая.

Зурагтыг ашиглах явцад хэн ч түүний дэлгэцийг хагалах, доторх бичил хэсгүүдийг тарааж цацах талаар боддоггүй. Тийм хэрэгцээ ч гардаггүй. Гэтэл ашиглахаа больж, “тэтгэвэрт гарсан” зурагт эвдэрч хэмхрэн, хагарах нь бий. Энэ үед түүний дэлгэцэнд агуулагддаг хортой хүнд металлууд нь ойр орчныхоо хүн, амьтныг хордуулахаас гадна хөрсөөр дамжин ус, агаар бохирдуулдаг. Аккумлятор ч үүнтэй ижил.

Шинэ аккумляторын хор нөлөөг катализатор нь хязгаарлаж байдаг. Өөрөөр хэлбэл, катализатор нь хорт бодисыг химийн аргаар цэвэршүүлэн, саармагжуулах үүргээ маш сайн гүйцэтгэдэг. Тодорхой хугацааны дараа үүргээ гүйцэтгэж чадахаа болихоор хүхрийн хүчлийн найрлагатай шингэн болчихдог гэнэ. Үүнийг нь цэнэг удаан хадгалахаа байсан шинжээр нь мэдэж болно. Аккумлятор хуучирч, муудах тусам хорт шингэн нь гадагшаа “тэмүүлдэг” аж.

Засгийн газрын 2015 оны зургадугаар сарын 29-ний 264 дүгээр тогтоолоор Аюултай хог хаягдлын жагсаалт баталсан байдаг. 430 гаруй төрлийн аюултай хог хаягдлыг бүртгэсэн тус жагсаалтад аккумляторын тухай бие даасан бүлэг бий. Хүн, мал, амьтан, ургамлыг өвчлүүлэх, тэдгээрт хор хөнөөл учруулах, үр удамд нь сөргөөр нөлөөлөх, байгаль орчны тэнцлийг алдагдуулахад хүргэдэг шатах, тэсрэх, хордуулах, түлэх, халдварлах, эрчимтэй урвалжих шинж чанар бүхий бодис агуулсан хог хаягдлыг аюултайд тооцдог.


Эдгээр хорт чанар цөм аккумляторт бий учраас түүнийг бусад хүнд металл бүхий хог хаягдлаас онц аюултай гэж үздэг аж. Эл аюултай эд бидний ирээдүйд заналхийлж, хор уршиг нь гамшгийн хэмжээнд хүрснийг учир мэдэх хүмүүс ярьж байна. Агаарын бохирдол шиг нүдэнд тордоггүй учир өдийг хүртэл чимээгүй хордуулсаар иржээ.

ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн эрдэмтэд сүүлийн хоёр жил Улаанбаатар хотод 288 цэгээс дээж авч шинжлээд аж үйлдвэрийн буюу хатуу хог хаягдал, хүнд металл бүхий аюултай хог хаягдал хөрсний бохирдолд зонхилж буйг илрүүлжээ. Ялангуяа хүн болоод байгаль орчинд ихээхэн хор нөлөө үзүүлдэг хөнгөн цагаан, хүнцэл, мөнгөн ус, кадми, хар тугалга зэрэг бодис их хэмжээгээр илэрчээ. Эдгээрийг хөрсөнд нийлүүлэгч гол эзэн нь мэдээж аккумлятор. Хүнд металлын бохирдолт нь хөрсөнд харилцан адилгүй тархсан байдаг гэнэ.

Тухайлбал, арьс ширний үйлдвэр, авто засварын газрууд, гэр хороолол орчим ийм төрлийн бохирдол их байдаг бөгөөд хөрсний эрүүл ахуйн стандартыг аль хэдийнэ давчихаж. Ганц жишээ татахад л автомашин их төвлөрсөн Сүхбаатар дүүрэг, Баянбүрдийн автомашин засвар орчмын хөрсөнд хар тугалгын агууламж өндөр байгааг судлаачид тогтоожээ. Энэ бол хөрсний бохирдлын судалгааны ажлын зөвхөн өнгөн хэсэг нь. Судалгаанд хамруулсан 288 цэг ч нийслэлийн газар нутгийн өчүүхэн хэсэг нь. Автомашины засвар, үйлчилгээ эрхэлдэг бусад газар ч ойр орчмын хөрсөө өвчлүүлсээр, үхүүлсээр буй нь гарцаагүй.

МЭДЭХГҮЙН ЗОВЛОН, НЭРВЭГДЭХИЙН ГАЙ

Аккумлятор хэмээх аюул таригчийн тухай хангалттай мэдлэггүйн улмаас хайхрамжгүй хандаж, улмаар хохирдог тухай Гамшгийн эсрэг үндэсний төвийн зохицуулагч Ж.Ганбаатар онцолсон. Тэрбээр “Бид агаар, хөрсний бохирдлын талаар ярьдаг ч эдгээрийн үндэс суурь болж буй хүнд металлын бохирдлыг орхигдуулж буй нь харамсалтай. Угтаа бол бидэнд тулгараад буй хамгийн том аюул, гамшиг энэ шүү дээ. Өнөөгийнх шиг хэнэггүй, хайнга байвал аккумлятор бидний ирээдүйд заналхийлнэ. Хэрэглэсэн аккумлятороо ядаж хаана ч хамаагүй хаяхгүй байх соёл, сэтгэлгээ, боловсрол иргэдэд дутагдаж байна. Манайхан аккумлятор нь муудаж, цэнэг хуримтлах чанараа алдаад ирэхээр дуртай газраа хаячихдаг. Түүнийг ашигласны дараах хяналт бий болгох ёстой.

Үүнд төрийн байгууллагууд анхаарч, хүмүүст мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг түгээх хэрэгтэй” хэмээн түүний хор уршиг, үр нөлөөг бусдад ойлгуулахын чухлыг онцлов. Аккумляторт хар тугалга, кадми, мөнгөн ус, хүхрийн хүчил зэрэг химийн 10 гаруй төрлийн хорт бодис агуулагддаг. Дунд зэргийн аккумляторт ойролцоогоор 18-25 кг хар тугалга, 2-3 концентрацтай хүхрийн хүчил агуулагддаг гэсэн судалгаа бий. Тэгвэл эл бодисууд нь амьсгалын замаар дамжин, хүний биеийн бүх эд эрхтнийг гэмтээх, өвчлүүлэх аюултайгаас гадна мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлөн, хүний (ялангуяа хүүхдийн) тархины хөгжлийг сааруулаад зогсохгүй хорт хавдрын эх үүсвэр болдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачид хэлж байна.

Энэ төрлийн бодис хөрсөнд удаан хадгалагдаж, ургамалд шимэгдэх замаар амьд организмд сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Нэг үгээр бол бохирдсон хөрсөнд ургасан хүнсний ногоо, ургамлаар хооллосон хүн, амьтны биед “урилгагүй” зочид тухалдаг аж.

ЧИ ҮҮР, БИ ААХИЛЪЯ

Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавьдаг олон улсын Базелийн конвенцод хаягдал, хуучин аккумлятор экспортлохыг хориглосон байдаг. Монгол Улс тус конвенцод 1997 онд нэгдсэн. Гэтэл манайд хуучирч муудсан аккумлятор хэдэн зуугаараа “зочилсоор” байгаа. Үүний нотолгоо нь үйлдвэрээс гараад олон жил явсан, хуучин машинууд орж ирдэг явдал. Тэд цөм аккумлятор “найзтайгаа” хамт ирдэг нь ойлгомжтой. Тэдгээрийн шинэ, хуучин, эсэхэд хяналт тавьдаг уу гэвэл үгүй. Тэгэхээр бид хөгжингүй орнуудын чихэрт хууртаад, хамаг хог хаягдлыг нь эх орондоо төвлөрүүлээд буй юм биш биз. Зарим орны эрдэмтэн, судлаачид ч энэ тухайгаа ний нуугүй хэлдэг гэж албан бус эх сурвалж хэлж байв.

Тухайлбал, бид үнэ хямд, шатахуун бага иддэг хэмээн булаацалдах шахам авдаг хос хөдөлгүүрт машиныг япончууд их хэмжээгээр экпортолдгийн шалтгаан нь түүнээс үлдэх аюултай хог хаягдал их байдагтай холбоотой гэнэ. Үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилъя гэдэг шиг түүнээс үлдэх хогны эрсдэлийг бидэнд даатгачихаж буй хэрэг. “Бид та бүхэнд хаягдал нийлүүлж буй учраас, түүнийг шийдэх гарц хайхад ч туслах ёстой” гэж хэлэх япончууд бий аж. Зөвхөн аккумлятороор хязгаарлагдахгүй моторын тос, шүүлтүүр, тосолгооны материал, хөлддөггүй шингэн гээд аюултай хог хаягдал машинд олон бий. Тэгэхээр нэг машинд цөөнгүй “бэлэг” дайдаг гэсэн үг.

Нийслэлийн Тээврийн газар, Үндэсний статистикийн хороо, Авто тээврийн үндэсний төвийн хамтарсан судалгаагаар 2014 оны байдлаар нийслэлд 297 мянган авто тээврийн хэрэгсэл тоологджээ. Эдгээр нь жилд дунджаар хоёр удаа тос, шүүлтүүрээ, хоёр жилд нэг удаа аккумлятороо сольдог гэж үзвэл 4514 тонн тос, 594 мянган шүүлтүүр, 148.500 аккумлятор хэрэглээнээс гарч, аюултай хог хаягдлыг овоолсоор байна. Харин өнгөрсөн оны тооллогоор улсын хэмжээнд 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл байна гэсэн дүн гарчээ. Тэгэхээр дээрхээс гурав дахин их хог мөн хугацаанд үйлдвэрлэгдэж байна гэсэн үг.

“МАНГАС”-ЫГ ДАРАХ БОДЛОГО ДУТАГДАЖ БАЙНА

Аюултай хог хаягдлын нэг хэсэг болох эрүүл мэндийн байгууллагын хогийг цуглуулах, устгах ажил харьцангуй бие даасан бодлого, журмаар зохицуулагдаж буй. Харин аюултай хаягдлын асуудалд тогтвортой бодлого, хууль, эрх зүйн орчин дутагдаж буйг Гамшгийн эсрэг үндэсний төв, ОБЕГ хамтран өнгөрсөн сарын сүүлчээр зохион байгуулсан “Хүнд металл бүхий хог хаягдлын байгаль орчин, Улаанбаатар хотын хөрсний бохирдолд үзүүлэх нөлөө, дахин боловсруулах, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт олон улсын хуралд оролцсон эрдэмтэд онцолж байв.

Мөн тэд хөгжингүй зарим орны аккумлятор боловсруулах үйлдвэрийн ажиллах журам, технологийг танилцуулан, санал болгож байв. БНСУ хог хаягдлыг дахин боловсруулах, устгахдаа үлгэр жишээ орон гэдгийг онцолжээ. Тэд аюултай хаягдлын хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор нөлөөг арилгах зорилгоор тусгай зориулалтын төхөөрөмжид шатаан цэвэршүүлж, халдваргүйжүүлээд үнс ч үлдээлгүй устгадаг байна. Аюултай хог хаягдлыг тусад нь тээвэрлэдэг, ялгадаг, тусгай цэгт аваачдаг.

Гэтэл манайд ийм төрлийн хаягдал устгах төвлөрсөн цэг ч байхгүй. Тэр ч бүү хэл ахуйн, энгийн, аюултай гээд бүх төрлийн хаягдлыг нэг дор “овоолчихдог”. Уг нь бол хаях, устгах арга механизм нь ч тусдаа байх ёстой юм билээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч Х.Оюунчимэг “Хог хаягдлын тухай хуульд аюултай хог хаягдлын зүйл заалт дутагдалтай. Хуучирч муудсан аккумлятороос ангижрах арга бол хог хаяхаас эхлээд түүнийг устгах хүртэлх бүх үйл явцыг шийдвэрлэх төрийн цогц бодлого юм.

Аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах журам БОНХАЖЯ-наас боловсруулаад Засгийн газарт барьсан, батлагдах шатандаа явж буй. Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн найруулахаар ажлын хэсэг томилчихсон байна. Үүнд манай мэргэжилтнүүд ч багтсан.

Хууль, эрх зүйн орчныг нь сайжруулчихвал, хүнд металл бүхий аюултай хаягдалтай холбоотой асуудлууд шийдэгдэх болов уу гэж харж байна” хэмээв. Үнэхээр л дэлхийн бусад орны жишгээр аюултай хог хаягдлыг төвлөрүүлдэг нэгдсэн цэгтэй болж, түүний хор уршгийг байгаль, хүнд халдаалгүйгээр устгадаг болчихвол хэчнээн сайхан.

ДАХИН БОЛОВСРУУЛАХ НЬ ЧУХАЛ, ГЭХДЭЭ АРГА НЬ ЗӨВ ҮҮ

Манай улсад аккумлятор дахин боловсруулах хоёрхон үйлдвэр байдаг. Нэг нь Хонхорт, нөгөөх нь Налайхад. Хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэх үндэслэлээр нутгийн иргэд, мэргэжлийн зарим байгууллагынхан дээрх үйлдвэрийн үйл ажиллагааг нь эсэргүүцдэг. Дэмжих нэгэн ч бий. Тухайлбал, Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр буюу Хонхорт байрлах “Заламт гол” компани хуучин аккумлятор задалж, дотор нь байгаа хар тугалгыг нь хайлуулан гулуузалж, БНХАУ-руу гаргадаг. Тэдний хайлуулсан хүнд металл агаарт тархан байгаль орчин, хүн, мал хордуулсаар байна гэх нутгийн иргэдийн гомдлын дагуу МХЕГ шалгаад, аюулгүй гэсэн дүгнэлт гаргаж үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ.

Үүнийг нь тэндхийн иргэд хуурамч дүгнэлт гэж үзсэн байна. Учир нь дээжийг нь хоёр өөр лабораторид шинжлүүлэхэд дүгнэлт нь зөржээ. Тодруулбал, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид хийсэн шинжилгээгээр газрын хөрсөн дэх хорт бодисын хэмжээ үхлийн дозын хэмжээнд очсон гэдгийг тогтоожээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Ган-Уул “Аккумлятор бол онц аюултай эд.

Үүнийг хилээр гаргахыг хатуу хориглодог учраас Монголд төвлөрүүлэх ёстой. Тэгэхээр дахин боловсруулах үйлдвэр ажиллуулах хэрэгтэй. Тэдний үйл ажиллагаа хууль бус биш” хэмээсэн бол Гамшгийн эсрэг үндэсний төвийн зохицуулагч Ж.Ганбаатар “Тус үйлдвэрийн орчим амьдардаг айлын бага насны хүүхдийг шинжилгээнд хамруулахад цусанд нь их хэмжээний металл илэрсэн. Бид “Заламт гол” компанийн үйл ажиллагаанд саад болж, тэдний бизнесийг зогсоох гэсэн юм биш. Аккумлятор боловсруулах арга нь буруу юм.

Тэндхийн хүмүүс эрүүл мэндээ золиосолж байна. Эдгээр үйлдвэр усны ай савд байрлаж буй нь бас нэг аюул. Би очиж үзсэн. Үйлдвэрт бүтэн аккумлятор очиход тусгай тоног төхөөрөмжөөр саармагжуулдаг технологи байх ёстой ч хэрэгжихгүй байна. Тугалгыг нь аваад л болчихдог. Хүхрийн хүчил нь хаана байна гэдгийг л тэднээс асуумаар байна” хэмээв. Аюултай хог хаягдал боловсруулах хоёрхон үйлдвэр нь ийм л асуудал, маргаан зөрчил дунд үйл ажиллагаа явуулдаг. Угтаа бол нийслэлээс зайдуу газарт аккумляторыг төвлөрүүлэх нь зүйтэй боловч тэнд ч бас амьдрал буйг мартаж болохгүй. Би үхэхээр чи үх гэсэн сонголтыг хүчээр тулгаж болохгүй шүү дээ.

Гаалийн ерөнхий газрын гаргасан судалгаагаар сүүлийн гурван жилд 293.500 ширхэг аккумлятор манай улсад “зочилсон” гэх. Харин “Заламт гол” компани үүний таван хувийг нь боловсруулсан байгаа юм. Учруулж болох уршгийг нь бодоход таван хувь гэдэг бага тоо биш ч тус үйлдвэр үнэхээр хууль бус үйл ажиллагаа явуулдаг бол их хэмжээний хүхрийн хүчил хаа нэгтээ асгарсан байж таарах нь.

Ж.СУВДМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД