Хонины цэцэг өвчний тархалтыг зогсоожээ

2016 оны 04 сарын 20

Он гарсаар нийт 6 аймаг, нийслэлийн 33 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин шинээр оношлогдон 3640 хонь өвчилсний 3006 хонийг устгалд хамруулсан байна. Эрсдэл бүхий нутгийн өвчлөмтгий мал сүргийг вакцинжуулах ажлыг ХХААЯ, Мал эмнэлэг, үржлийн газраас эрчимтэй зохион байгуулж, ажилласны дүнд хонины цэцэг өвчний тархалтыг зогсоогоод байгаа аж.

Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Төв, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргүүдэд хонины цэцэг өвчин оношлогдож, өнөөдрийн байдлаар 5 аймаг нийслэлийн 17 сум, дүүрэгт хорио цээрийн дэглэмтэй байгаа юм.

Хонины цэцэг өвчний эхний цуврал вакциныг 3 сарын 13-ний өдөр Төв, Говьсүмбэр аймаг, нийслэл хотод хүргүүлж 374,5 мянган хонь вакцинжуулалтад хамруулан 99 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж дуусчээ.

Дараагийн цуврал вакциныг энэ сарын 07-09-ний өдрүүдэд Төв, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь зэрэг аймгуудад нийт 450,0 мянган тун вакциныг хуваарилан хүргүүлээд байгаа аж.

Цэцэг өвчний вакциныг Биокомбинат ТӨААТҮГ-т захиалан, бэлтгүүлж байгаа бөгөөд цэцэг өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын ажил улсын хэмжээнд 51,2 хувьтай үргэлжилж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД