ХЭН БОЛОХ НЬ ТОГТООГДООГҮЙ 2000 ХҮНИЙГ ОРШУУЛЖЭЭ

2016 оны 04 сарын 20

Бараг л бүх эд зүйлээ бүртгүүлдэг, даатгуулдаг болсон өнөө үед хүний цогцос олчихоод таньж чадахгүй байна гэвэл та итгэх үү. Хамгийн сүүлийн нэг жишээ дурдъя. “Нарантуул” худалдааны төвийн дэргэдэх муу усны худгаас 45 орчим насны эрэгтэй хүний цогцос өнгөрсөн сарын сүүлчээр олдсон. Ямар сайндаа л цагдаагийнхан содон шинж тэмдгээр нь зарлуулдаг юм бил үү гээд сууцгааж байх вэ. Уг нь бид өөрийг нь тодорхойлж болох бүх л мэдээллээ холбогдох байгууллагуудад бүртгүүлсэн. Нарийн, тодорхой мэдээлэлгүй байсан иргэний бүртгэлээ 2010 оноос шинэчилж, хурууны хээгээ хүртэл хадгалуулсан шүү дээ.

Гэвч энэ тохиолдолд нэмэр болсонгүй. Засгийн газрын тогтоолоор 2009 онд баталсан журмаар эзэнгүй цогцсыг 30 хоног хадгалаад төсвийн хөрөнгөөр хөдөөлүүлдэг гэнэ. Хоёр тохиолдолд оршуулгын ажлыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн хийдэг аж. Хэн болох нь танигдаагүй эсвэл хариуцах эзэнгүй буюу ар гэрийнхэн нь оршуулах боломжгүй үед тус байгууллагад хүсэлт тавьсны дагуу талийгаачийг төсвийн зардлаар нутаглуулдаг ажээ.

Ийм оршуулгыг жилд 3-4 удаа хийдэг гэж ШШҮХ-гийнхэн хэлэв. УБЕГ-аас 2012 оны сонгуулийг угтан 2010 оноос иргэний шинэчилсэн бүртгэл хийж, хот хөдөөгүй л нүсэр их ажил болсон. Түүнчлэн жил бүрийн намар архичин, орон гэргүй, тэнэмэл хүмүүсийг дүүргүүдийн Цагдаагийн хэлтсүүд цуглуулан, хурууных нь хээг авч, бүртгэж байна. Гэвч өнөөдөр ч гэсэн хэн болох нь мэдэгдэхгүй цогцоснууд байсаар. 16-гаас дээш насны бүх иргэн 10 хурууны хээний дардсаа улсын бүртгэлд хадгалуулсныг зөвхөн сонгуульд л ашиглах ёстой гэж үү. Энэ том санг гэмт хэрэг илрүүлэх, золгүй байдлаар нас барсан иргэнийхээ хэн болохыг таньж мэдэхэд ашиглаж яагаад болохгүй гэж.

Өнөөдөр манай улсын эрүүгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар дахь Хурууны хээний санг ШШҮХ-тэй холбочихвол мөн ч их хэрэгтэй байна даа гэх цагдаа олон байна. Гэхдээ гэмт хэрэг гэхээсээ илүү осол, үер ус, газар хөдлөлт зэрэг гамшгийн дараа нас барсан хүний хэн болохыг тогтооход ашиглах нь эн тэргүүний зорилго баймаар. Энэ талаар ШШҮХ-гийн Шинжилгээний бүртгэл, мэдээллийн хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Очирбат “Манай байгууллага 1993-2016 онд 2000 гаруй танигдаагүй цогцос оршуулсан. Хариуцах эзэнгүй цогцостой нийлээд 4000 гаруй хүн хөдөөлүүлжээ. Өнгөрсөн 2015 онд танигдаагүй таван цогцос оршуулсан. Энэ нь 2012 оныхоос 94, 2013 оноос 83, 2014 оныхоос 86 хувь цөөрсөн тоо.

Хэн болох нь тогтоогдолгүй оршуулагдсан хүний тоо нэг оронтой тоонд очсон тохиолдол сүүлийн 10 гаруй жил байгаагүй. Харин 2016 оны эхний улирлын байдлаар хэн болох нь танигдаагүй нэг хүний цогцос ШШҮХ-д байна. Бид өнгөрсөн онд 1990 оноос хойш олдсон бүх цогцосны судалгааг шинэчлэн гаргаж, бүртгээд, цахим хэлбэрт оруулан Эрүүгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн. ЭЦГ-ынхан аймаг, дүүргийн Цагдаагийн хэлтэст бүртгэгдэн, эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн мэдээлэлтэй тулгаж байгаа. Бидний хамтран хийж буй энэ ажлын үр дүнд л дээрх тоон үзүүлэлт буурч байгаа болов уу” гэж ярив.

Манай олон иргэн хурууны хээг илрүүлэхэд, эсвэл ийм зүйлд гүтгэхэд ашиглаж магадгүй гэж эмээдэг аж. Байгалийн гамшиг, элдэв осолд орсон тохиолдолд хэн болохыг нь танихад хэрэглэнэ. Гэмт хэрэгт холбогдохоос хамгаалж, цагаатгах нотлох баримт ч болох тохиолдол байдаг талаар мэргэжлийн хүмүүс хэлж байна. Иргэдийн энэ айдсын талаар мэргэжлийн хүмүүс “Энэ бол боломжгүй зүйл. Учир нь бэхжүүлж авч буй арга техник нь өөр. Хэргийн газраас авсан мөрийг л санд байгаа хээтэй харьцуулна. Түүнээс санд байгаа мөрийг бэхжүүлж өөр газарт тавина гэж байхгүй” хэмээн тайлбарлав.

1990-ээд оны үеэс манай улсын олон иргэн урд, хойд хөршийн хооронд наймаа арилжаа хийсэн. Энэ үеэр зарим хүн сураггүй болсон гэдэг. Түүнчлэн архинд донтоод өвгөнтөд очсон нэгнийгээ хаана явааг ч мэдэхгүй байх тохиолдол бий. Ингэж сураггүй болсон хүмүүсээ иргэд цагдаагийн байгууллагад бүртгүүлдэг. Хэн болох нь тогтоогдоогүй, хариуцах эзэнгүй цогцосны мэдээллийн сан гэж ШШҮХ-нд бий. Талийгаачийн ар гэрийнхэн тэндээс “Нас, хүйс, шивээс нь тохирч байна. Энэ хүн мөн бололтой” гээд таньдаг. Дараа нь оршуулсан цогцосноос авч үлдсэн биологийн дээжээр талийгаачийн төрөл төрөгсөдтэй нь харьцуулан, ДНХ-ийн шинжилгээ хийнэ.

Ингээд ДНХ тохирч байвал хөдөөлүүлсэн газраа ар гэрийнхэнд нь зааж өгдөг юм байна. Гэмт хэрэг мөрдөн шалгахад УБСЕГ-т байгаа хурууны хээг ашиглахгүй, хүний эрх зөрчинө гэдэг. Үнэндээ түүнийг ашиглаагүйгээрээ олон хүний эрх зөрчих тохиолдол байна. Жишээлбэл, нас барсан хүн ч гэсэн ар гэр, үр хүүхэд, өмч хөрөнгөтэй. Нас барсан гэдгийг нь тогтоочихвол хөрөнгө хогшлыг хууль ёсны өв залгамжлагчид шилжүүлнэ. Сураггүй байгаа хүний хөрөнгийг шүүх байгууллага мэдээж дур мэдэн шилжүүлэхгүй. Гэтэл тэр хүн аль хэзээний өөд болчихсон байдаг. Тэгэхээр ар гэрийнхнийх нь эрх бас л зөрчигдөөд байна.

Цагдаагийн ажилтнууд энэ сэдвээр ярихаас жийрхэцгээж байв. Учир нь хүний эрхийн байгууллагууд “Гэмт хэрэг гэдэг бол хүний эрхийн хажууд жижигхэн зүйл. Тиймээс хэрэг илрүүлэхийн тулд хүний хувийн мэдээлэлд халдах нь буруу” гэж үздэг гэнэ. Тэгээд ч сонгууль болох дөхөж байхад энэ талаар ярихгүй байсан нь дээр гэцгээж байлаа. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эх сурвалжийн хэлснээр “Хэрэв бид УБСЕГ-т бүртгэгдсэн иргэдийн хурууны хээний мэдээллийг ашигладаг болчихвол хэрэг илрүүлэхэд мөн ч их хэрэгтэй байна. Гэмт хэрэгт мэдээж хохирогч бий.

Гэтэл хүний эрхийн байгууллагууд хохирогчийн эрхийг төдий л авч үздэггүй. Хэрэг нь илрээд, холбогдогчийг олоод, иргэнээ хохиролгүй болгочихвол илүү хэрэгтэй баймаар. Нэг хүн эд зүйлээ хулгайд алдлаа гэж бодъё. Хэрэг болсон газарт хулгайчийн хурууны хээ үлдсэн. Хулгай хийсэн хүн өмнө нь хэрэг хийж байгаагүй учир хурууны хээ нь манайд бүртгэлгүй. Ингэхээр хоног хугацаа алдаж, хулгайчийг хайж байхаар хэргийн газраас олдсон хурууны хээг УБСЕГ-т хүргүүлээд хэн болохыг нь тогтоочихвол хэрэгтнийг тэр дор нь барина. Ингэвэл хэрэгтэн хулгайлсан эд зүйлээ зарж борлуулахаас өмнө барьж хохирогчийг хохиролгүй болгоно. Мөн хэрэгтнийг дахин хэрэг хийж, олон хүн хохироохоос өмнө зогсооно.

Түүнчлэн энд тэндхийн муу усны худгаас, орц хонгилоос хэн болох нь мэдэгдэхгүй цогцос олддог. Тийм хүмүүс ихэвчлэн гаднын нөлөөгүй, архины хордлогоор эсвэл осгож нас барсан байдаг. Эсвэл цус харвасан юм уу, зүрх нь гэнэт зогссон байх нь ч бий. Ийм тохиолдолд талийгаачийн ар гэрийг хайж хугацаа алдана, хөрөнгө мөнгө ч зарцуулна” гэж ярив. Мөн өөр нэг эх сурвалж “Уг нь хурууны хээний лавлагааг хуулийн байгууллагад албан бичгээр өгдөг болгоё гэж хэдэн жилийн өмнө ярьж байсан. Хууль зүйн яаманд үүнийг шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулагдан судалж байсан. Гэвч тодорхой шийдэлд хүрэлгүйгээр тэгсхийгээд чимээгүй болсон юм. Одоо зөвхөн сонгуульд хэрэглэх гээд, бүхэл бүтэн улсын насанд хүрсэн сая гаруй иргэний мэдээлэлтэй том санг үр дүнгүй хадгалж байна” гэж ярьж байв.

Монгол Улс гурван сая хүнтэй гэдэг. Гэвч хэн болох нь тогтоогдолгүй оршуулагдсан 2000 хүн тэнд бүртгэгдээгүй л байгаа. Нарийн ярих юм бол нас барсан хүнийг бүртгэж, амьд яваа хүний тооноос хасах нь УБСЕГ-ын үндсэн ажлын нэг байлтай. Хуулийн байгууллагууд, УБСЕГ хамтран ажиллавал эзэнгүй цогцос оршуулна гэдэг ойлголт үгүй болмоор санагдах юм. Хөрөнгө мөнгө зарж байж хийсэн ажлаа дөрвөн жилд ганц удаа хэрэглэж байна гэдэг утгагүй.

Хэрвээ албан тушаалтнууд дээрх асуудлыг шийдээд өгвөл түүнийг хуулийн дагуу, иргэдэд хүртээмжтэй байдлаар ашиглах техник тоног төхөөрөмж, хүний нөөц гээд бүгд л бэлэн байна. УБЕГ саяхан Статистикийн ерөнхий газартай нэгдсэн. Дарга цэрэг нь солигдсон энэ үед сонгууль дөхөөд, сонгогчийн нэрсийн жагсаалт гаргах гэх мэт их ажил ундарч байна гээд энэ асуудлын талаар ярьж өгөх хүн олдсонгүй, надад.

 Х.АЗЖАРГАЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.25 burhan min. hetsuu ch yum aa daa.