Киноны бас циркийн чухал хүн нь байлаа

2016 оны 04 сарын 20

Өглөө уншсан хамгийн гунигтай пост энэ байлаа. 

 

Очирбатын Машбат хэмээх энэ эрхэм Монголын циркийн урлагийг хүнд хэцүү цагт удирдаж явсан болохоор циркийнхэн бүгдээрээ л Маашка найруулагч хэмээн дотночилдог юм. 

1954 оны арванхоёрдугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрж, 1974 онд Москвагийн циркийн дунд сургуулийг онц дүнтэй төгсөж ирээд эх орондоо Циркийн сургуульд багшлахын зэрэгцээ Улсын циркт агаарын нисэлт, тэмээтэй акробат, шидэх банз, турник дээх гимнастик, олноор жонглёр, баганан дээрх гимнастик зэрэг томоохон үзүүлбэрүүдэд тоглосон байдаг. 1978-1983 онд ГИТИС-д сурч найруулагч болоод Улсын циркийнхээ ерөнхий найруулагчаар ажиллаж  циркийн урын санг баяжуулахад гол анхаарлаа хандуулан ажиллаж, инээдмийн томоохон хэмжээний хөтөлбөр, баярын программуудыг найруулан тавьж та бидний танил болсон Т.Латиф, Д.Батсүх, Б.Батзаяа нарын олон жүжигчинг авьяасаа хөгжүүлж, өсөж дэвжихэд хувь нэмэр оруулсан билээ. Түүний бичсэн "Маанаг эр", "Саран авхай", "Хунт нуур" инээдмийн үзэгдэл "Түргэн тусламж", "Ум зандан ширээ" зэрэг шог гараагаар үзэгчдийг инээлгэж байсан авьяаслаг найруулач. 20 настайдаа Улсын циркт орж ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч хүртлээ ажиллаж Монголын урлагийн ажилтны холбоо, Соёлын яамны уран сайхны зөвлөлд ч ажилласан урлаг соёлын салбарын шилдэг зүтгэлтэн билээ. 

1991 онд Монголын хувийн нүүдлийн анхны циркийг байгуулж, урт хугацааны аялан тоглолт Герман улсад хийсэн түүний туршлага нийгмийн шилжилтийн хүнд үед мэргэжлийн олон циркчид дэлхийн тавцанд өөрийн чадварааа илэрхийлэх боломжийг нээсэн гэж үздэг. 

Түүнчлэн циркийн урлагаар түүчээлэн кино урлагийн салбарт хөл тавьж, Монголын киноны түүхэнд тохиосон уйтгарт жилүүдийг тэр эерүүлж чадсан. Хөрөнгө мөнгөний гачаалаас уналтад орсон салбарт "Жинжиймаа", "Вансэмбэрүү" зэрэг олон киногоороо тэр өнгө нэмж, бусдыгаа уриалж, урамшуулж чадсан билээ. 

АНУ-д амьдарч байхдаа ч тив дэлхийд алдаршсан монголчуудыг ярилцлагын хойморт урин залж, гэр бүлээрээ уран бүтээлээ хийсээр явсан гавьяаг нь мартахын аргагүй. 

Хоёр жилийн өмнө хүүтэйгээ хамтран хийсэн "Цэн тогоруу" киногоо нээж, түүний өмнөхөн "Тэмүүжин" тууж бичсэнээ танилцуулж байсансан. 

Энэ эрхэм хүмүүнтэй хожуу танилцсан хэдий ч ховорхон сургаалиас нь сонсож, өглөө бүр түгээдэг олон сайхан үгсийг нь тогтоож авахыг хичээдэг байсан болохоор хачин их гунигтай санагдаж байна. 

Гэр бүлийнхэнд нь, хоёр хүүд нь эмгэнэл илэрхийлье. Богинохон амьдарсан ч ихийг бүтээжээ, хань тань, аав тань. 

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД