МАХН нэрээ өөрчлөхөөс аргагүй байгаа бололтой

2016 оны 04 сарын 21

Өнөөдөр” сонин 1996 оны арваннэгдүгээр сарын 12. №018 (018)

“Өнөөдөр” сонин 20 жилийнхээ үүцийг задлан уншигчдадаа хүргэж байгаа билээ. Улс төрийн ээдрээтэй замд хэн өөрийн байр суурин дээрээ баттай зогсож, хэн хэлсэн үгнээсээ буцаж байв гэдгийг манай сонины архиваас шүүрдэх боломжтой юм. 1996 онд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Энхбаярын “Өнөөдөр” сонинд өгч байсан ярилцлагыг энэ удаа хүргэж байна. Тухайн үед юу ярьж байсан болон одоо хэрхэн өөрчлөгдсөнийг нь Уншигч та өөрөө тунгаана биз ээ.



Б.НАЦАГДОРЖ

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Энхбаярыг ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Социалист намын дарга И.П.Рыбкиний урилгаар ОХУ-д айлчлаад ирснийх нь дараахан манай сурвалжлагч уулзаж ярилцсан юм.

-1990 оноос эхлэн МАХН ОХУ-ын аль нэгэн намтай харилцаа тогтоолоо гэж сонсогдоогүй. Таны саяын айлчлал хэр үр дүнтэй болов?

-Тэр үнэн. Энэ хугацаанд дэлхий дахинд, тэр дундаа манай хоёр орны улс төрийн амьдрал тэр гэх аргагүйгээр өөрчлөгдсөн. Үнэнийг хэлэхэд, ОХУ-ын улс төрийн намуудтай харилцаа тогтоох асуудалд манай нам анхаарч ирээгүй гэдгийг ч хүлээх учиртай. Миний саяын айлчлал үр дүнтэй боллоо. МАХН нийгмийн болон хөгжлийн тодорхой чиг баримжаатай, шинэчлэгдэж байгаа нам гэдгээ ОХУ-ын улс төрийн намуудад ойлгуулж чадлаа. Өөрийн намын бодлогыг гадаадынханд ойлгуулах асуудал хангалтгүй байжээ. Нөгөөтэйгүүр, ОХУ-ын улс төрийн намууд бүрэлдэн тогтоогүй байсан нь МАХН ОХУ-ын улс төрийн намуудтай харилцаа тогтооход бэрхшээлтэй байсан тал бий.

Бид тэрхүү бэрхшээлийг давж гарлаа. Саяын айлчлалаар МАХН коммунист намтай бус, өөрийн гэсэн нийгмийн чиг баримжаатай ОХУ-ын Социалист намтай холбоо тогтоож хамтран ажиллах протоколд гарын үсэг зурсан. Ингэснээрээ МАХН нийгмийн чиг баримжаатай нам болохоо нотолж чадсан. Миний айлчлал Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойтой давхцаж байсанд ихэд бэлгэшээсэн.

Учир нь ОХУ бол XX зуунд Монгол Улстай дипломат харилцаа тогтоож Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны орон. Тэрхүү харилцааг тогтоосноос хойш манай хоёр орны ард түмэн хэчнээн ч бэрхшээлийг хамтран туулав даа. Монголын тусгаар тогтнолын төлөө Оросын хэчнээн аавын хүү амь үрэгдсэн билээ. Энэ бүхнийг бодохоор сэтгэл хөдлөхгүй байх арга байсангүй.

-Та айлчлалынхаа үеэр хэн хэнтэй уулзав. Оросууд таныг хэрхэн хүлээж авав?

-Гурав хоногийн айлчлалынхаа хугацаанд 30 хоногт ч уулзаж амжихааргүй олон хүнтэй нүүр тулж 30 жилд ч үзэхээргүй үйл явдалтай учирч явлаа. Энэ хугацаанд бид ОХУ-ын Төрийн думийн улс төрийн бараг бүх хүчнийхэнтэй уулзаж, хоёр орны хоорондын харилцааг өргөтгөх талаар санал солилцсон. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Красин арваннэгдүгээр сарын 5 буюу Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн өдөр уулзсан нь бидэнд өндөр сэтгэгдэл төрүүлсэн.

-Таныг ОХУ-д айлчлах үед ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин зүрхний мэс засал хийлгэсэн. Энэ нь ОХУ-ын улс төрийн байдалд хүндрэл учруулж байсан уу?

-Айлчлалын үеэр Орост улс төрийн байдал хурц байсан. Чухамдаа Ерөнхийлөгчийн мэс засал ямар болохоос улс төрийн байдал хаашаа ч эргэж болзошгүй байсныг хэлэлгүй өнгөрч болохгүй. Арваннэгдүгээр сарын 6-ны өглөө долоон цагт ОХУ-ын Ерөнхийлөгч Ельцин хагалгаанд орсон гэж сонссон. Энэ мэс засал найман цаг хэртэй үргэлжилдэг гэдгийг ч мэдэж байлаа. Ерөнхийлөгч Ельцинг хагалгаа хийлгэж байхад бид ОХУ-ын Төрийн думийн “Бидний гэр орос орон”, ОХУ-ын Коммунист нам, Явлинский тэргүүтэй ОХУ-ын “Яблоко” зэрэг улс төрийн нам, бүлэглэлийнхэнтэй уулзаж байлаа.

Энэ бүх уулзалтын дараа 16 цагт Ерөнхийлөгч Ельцинд хийсэн мэс засал амжилттай боллоо. 20 цагийн үед Ерөнхийлөгч наркозноос гарлаа гэсэн мэдээ сонсож байв. Улмаар арваннэгдүгээр сарын 7-ны өглөө долоон цагт буюу 24 цагийн дараа Ерөнхийлөгч Ельцин урьд өдөр нь бүх эрх мэдлээ Ерөнхий сайд Черномырдинд хүлээлгэн өгснөө буцаах шийдвэрт гарын үсэг зурсан байсан.

ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельциний мэс засал амжилттай болоход бид ч баяртай байлаа. Учир нь ОХУ-ын улс төрийн байдал тогтвортой байж энэ хүнд өдрүүдийг өнгөрүүлсэн нь Монгол Улсын тогтвортой байдалд ч сайнаар нөлөөлсөн юм.


-ОХУ-ын Ерөнхийлөгчийн мэс засал ямар үр дүн авч ирэх вэ гэдгийг монгол чууд ч сэтгэл түгшин хүлээж байсан. Гэвч улс төр бол улс төр шүү дээ. Тантай уулзаж ярилцаж байсан хүмүүс мэс заслын үр дүнгийн талаар ямар бодолтой байсан бэ?

-Миний уулзсан хүн болгон юуны түрүүн хувь хүнийхээ хувьд Б.Ельциний мэс засал амжилттай болоосой гэж хүсэж байгаагаа илэрхийлж байлаа. Гэхдээ зарим нэг улс төрийн хүчин, тухайлбал “Яблоко” хөдөлгөөнийхөн, ОХУ-ын Коммунист намынхан Оросын Засгийн газрын явуулж буй бодлого буруу байгаа, ард түмний амьдрал доройтож байгааг шүүмжлэн ярьж байсан. Шууд хэлэхэд, ОХУ-ын Ерөнхийлөгчийн мэс засал ямар болохоос улс төрийн хүчнүүдийн хоорондын харилцаа өөрчлөгдөж, байдал хурцдаж болзошгүй байсныг үгүйсгэхгүй.

-Таны айлчлал Октябрийн социалист хувьсгалын 75 жилийн ойтой давхцав бололтой. Москвагийнхан энэ баярыг хэрхэн тэмдэглэв?

-Айлчлал ердөө л гуравхан хоногийн хугацаанд болсон гэдгийг дээр хэлсэн. Миний харснаар арваннэгдүгээр сарын 7-нд Москвагийн Их театрын өмнөх талбайд цуглаан жагсаал болж байсан. Байдал тогтворгүйтэж үймээн дэгдэх вий гэсэн болгоомжлол илт харагдсан. Цуглаан жагсаалыг цагдаагийн хүчирхэг хамгаалалтын дор явуулж байлаа.

-ОХУ-д таныг урьсан И.Рыбкин Монголд элэгтэй хүн бололтой. Түүний нэр хүнд хэр өндөр байна вэ?

-Би хувьдаа түүнийг Монголд элэгтэй хүн гэдгийг ойлгосон. Биднийг айлчлах үед тэрбээр ОХУ-ын ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалыг дөнгөж аваад байлаа. Ажил ихтэй байсан ч тэр цаг гарган бидэнтэй уулзаж МАХН, ОХУ-ын Социалист намын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр санал бодлоо чөлөөтэй солилцож, ОХУ-ын Социалист нам МАХН-тай хамтран ажиллах албан ёсны гэрээнд гарын үсгээ зурсан. Рыбкиний нэр хүнд ОХУ-д төдийгүй дэлхий нийтэд өндөр байлаа. Тэрбээр ОХУ-ын улс төрийн хүчнийхнээс анх удаа АНУ-д болсон Социнтерний их хуралд уригдсан хүн.

-МАХН гэсэн нэрийг гадаадад хэрхэн хүлээн авч байгаа вэ, ойрын үед МАХН нэрээ өөрчлөх үү?

-Нэрийн тухайд бодох зүйл байна. Үнэнийг хэлэхэд, гадаадад “хувьсгалт” гэдэг үгийг нийгмийн хөгжлийг хүчирхийллийн аргаар шийдэх явдал, ард түмнийг ангид хувааж, аль нэг анги, бүлэг өөрийн диктатурыг тогтоох явдал гэсэн ойлголт хэвээр байна. Манай намын гишүүдийн дотор ч ийм бодолтой хүн олон байгаа. Удахгүй болох МАХН-ын их хурал энэ асуудлыг зориг гарган шийднэ гэж бодож байгаа.

-Нууц биш бол Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН хэрхэн оролцох вэ. Та хэний нэрийг дэвшүүлэх бодолтой байна вэ?

-Энэ бол чухал сонгууль. Манай нам сонгуулийн үр дүнг ямар нэг савлуурын савалтаар хэмжихгүй. Тиймээс ч УИХ-д ард түмний санал өгсөн байдал савлуурын эсрэг далайлтад орж, “Ардчилсан холбоо” эвсэл яллаа. Орон нутгийн сонгуульд энэ савлуур нааш эргэж МАХН яллаа. Ерөнхийлөгчийн сонгуульд энэ савлуур хааш эргэх вэ гэсэн тооцоо хийхгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуульд хэний нэрийг дэвшүүлэх вэ гэж асуулаа. Тэр хүнийг би биш намын нийт гишүүд дэвшүүлж, ард түмэн сонгох учиртай.

Үндсэн хуульд зааснаар 45-аас дээш насны хүн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших учир бидний үеийнхэн энэ асуудлыг өөртөө ашигтайгаар шийднэ гэж зүтгэхгүй нь мэдээж. Тиймээс гагцхүү гадаад, дотоодод нэр хүндтэй, Монгол Улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх тэр л хүнийг бид намаасаа олж Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэх болно. Манай намд тийм хүмүүс бий. Одоогоор бидэнд 12-13 хүний нэр байна. Тэднээс хамгийн их давтамжтайгаар гарч ирж байгаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг нэр төртэйгөөр авч явж чадна гэж үзэж байгаа 3-4 нэр дэвшигч байна.

Хэрэв тэр хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж чадах хүмүүс гэж үзэх юм бол би хэнд нь ч гэсэн ах дүүгийн ёсоор, намын даргын ёсоор хандах болно. Хамаагүй, тэднийг дагаж унтаж амрахаа умартаж бүх аймгийг хэдэнтээ тойрсон ч бэлэн байна. Тэд өөрсдөө сонгогчид, намын нийт гишүүдэд өөрийн хийх ажлаа таниулаг. Ингэснээр хувь хүнийхээ хувьд би ч гэсэн Энхбаяр хэн нэгнийг Ерөнхийлөгч болгохын тулд бусдыг замаас нь зайлууллаа гэсэн хоосон хардлагаас салах болно. МАХН 1993 оны Ерөнхийлөгчийн, 1996 оны УИХ-ын сонгуульд ялагдсан. Энэ байдалд дүгнэлт хийж байгаа.

Бид Ерөнхийлөгчийн сонгуулийг чөлөөт өрсөлдөөний зарчмаар явуулна. Гэхдээ тэр нь хэн нэгнийг тойрсон улс төрийн хов жив, намыг дотроос нь задлах үйл явц болох учиргүй. Би энэ саналаа МАХН-ын Удирдах зөвлөлд хэлсэн. Нөхөд маань миний саналыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Шуудхан хэлэхэд, илэн далангүй чөлөөт өрсөлдөөн гэдэг бол хов живээс ангид бие биеэ ойлгосон эв найртай байдлыг авч ирнэ гэдэгт итгэж байгаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
66.181.185.39 zob hun baisan ene mongol uls uls eh oron zob sain hun baisan enhbayar
104.228.158.165 tsag hugatsaa unguruh tusam hunii bodol baitugai l uurchlugdunu, yu ni ch uurchlugdduggui bol ter hun bish bh.
104.228.158.165 tsag hugatsaa unguruh tusam hunii bodol baitugai l uurchlugdunu, yu ni ch uurchlugdduggui bol ter hun bish bh.