ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮН

2016 оны 04 сарын 21

Улс орныхоо байдлыг судалж байна гэж Украины Ерөнхий сайдаар саяхан томилогдсон Владимир Гройсман мэдэгдэв. Надад болон миний тэргүүлж буй шинэ Засгийн газарт ямар их хариуцлага үүрүүлж байгааг, украин хүн бүр ямар түвэгтэй нөхцөлд аж төрж байгааг би ойлгож байна гэж тэрбээр хэлээд, украинчуудаасаа дэмжлэг хүслээ. Засгийн газар нь хэрхэн ажиллах төлөвлөгөөг нэг сард багтааж бэлэн болгоно гэж амласан байна.

Дээд Рада хэдэн сар эсэргүүцсэн ч эцсийн эцэст Ерөнхий сайд Арсений Яценюкийг Парламентын спикер Владимир Гройсманаар солив. Засгийн газрын бүрэлдэхүүн ч ихээхэн өөрчлөгдлөө. Гэлээ ч Украинд хямрал цаашид гүнзгийрнэ гэж үзэх хүн олон байна.

Ерөнхий сайд болоход Гройсманд 226 депутатын дэмжлэг хэрэгтэй байсан ч 257 депутат түүнийг энэ албанд ажиллуулахын төлөө саналаа өгсөн юм. Гэхдээ “Петр Порошенкогийн фракц”, “Ардын фронт”-ын эвсэл нийлээд 206 санал Гройсманыг дэмжиж, ялагдах аюул нүүрлээд байтал “Ардын зориг” гэдэг депутатуудын бүлэг, Игорь Коломойскийд ойр байдаг “Сэргэлт” бүлэг хүч нэмж байж аварсан байна. Хоёрдугаар сард Яценюк огцрохгүй үлдэхэд чухам энэ “Сэргэлт” бүлгийн дэмжлэг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Гройсманыг эсэргүүцэгчдийн дотор “Петр Порошенкогийн фракц”, “Ардын фронт”-ын зарим депутат байсан нь “амьдрал амаргүй шүү” хэмээн сануулсан хэрэг байв. Ийм байдлаар хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хооронд зөрчилдөөн үүсэх суурь нэгэнт тавигдсан гэж хэлж болно. Гройсман “дайснуудынхаа” зүгээс “Шившиг” гэж хашгирах дуун дор Ерөнхий сайдаар томилогдсон юм. Үүнд ундууцсан тэрбээр “Улсыг удирдах гэж юу байдгийг та бүхэнд харуулна” хэмээн хэлсэн байна.

Гройсман газар тариалангийн сектороос аваад соёлын байгууллагуудыг хүртэл бүгдэд нь дэмжлэг үзүүлнэ гэж амласны зэрэгцээ нэн тэргүүний, стратегийн гурван зорилтоо тодорхойлсон нь авлига, улсыг жолоодох үйл хэрэг үр ашиггүй байгаа хийгээд популизм байлаа. Энэ гурвыг “манай улсын зүүн зүгт байгаа дайснаас дутахгүй аюултай” гэж Гройсман үзэж байв. Сайд нарын танхимын шинэ тэргүүний давуу талуудын нэг нь залуу нас нь гэж Ерөнхийлөгч Петр Порошенко үзэж байв.

Владимир Гройсман 38 настай, яах аргагүй Украины түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд. 24 настайдаа Винница хотын зөвлөлийн депутат болж, дөрвөн жилийн дараа Порошенкогийн санхүү, улс төрийн дэмжлэгээр хотын захирагч болж хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллажээ. 2014 оны хавар Яценюкийн эхний Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайдын орлогч байгаад намар нь Парламентын ээлжит бус сонгуулийн дараа Дээд Радаг тэргүүлэх болов.

Шинэ Ерөнхий сайдад Дээд Рада Засгийн газрын бүрэлдэхүүнийг нь бас баталж өглөө. Харин энэ бүрэлдэхүүнийг 239 депутат буюу Гройсманыг Ерөнхий сайд болохыг дэмжсэнээс цөөн хууль тогтоогч зөвшөөрсөн байна. Сайд нарын танхимын бүрэлдэхүүнд гадаадын иргэн, тэр дундаа Саакашвилигийн багаас хүн орсонгүй. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, Эдийн засгийн сайдаар “Петр Порошенкогийн эвсэл”-ийн депутат Степан Кубив ажиллах нь.

Урьд нь энэ хүн Дээд Рада дахь Ерөнхийлөгчийн төлөөлөгчийн хүндтэй үүргийг гүйцэтгэж байсан юм. “Майдан”-аас төрсөн, байдаг л нэг улстөрч. 2014 оны Төрийн эргэлтийн үед Киевт Евромайданы комендант байсныхаа шанд тэрбээр Үндэсний банкийг удирдах эрх олж авч байв. 2010 онд Львов хотын захирагчийн сонгуульд оролцсон ч арай гэж тавд орж ялагдсан байна.

Гройсман зургаан орлогчтой боллоо. Яагаад ийм олон орлогчтой болж буйг тайлбарлахгүй байна. Европын интеграцын асуудал эрхэлсэн орлогчийн албыг мөн л “Петр Порошенкогийн эвсэл” -ийн депутат Иванн Климпуш-Цинцазед өгөв. Арсений Яценюкийн гол хамтрагч байсан Дотоод хэргийн сайд Арсен Аваков, Хууль зүйн сайд Павел Петренко болон Ерөнхийлөгч шууд томилдог Гадаад хэргийн сайд Павел Климкин, Батлан хамгаалахын сайд Степан Полторак нар суудалдаа хэвээр үлдлээ.

Хамгийн сонирхолтой нь Гройсманы Винница хотын багийн гурван ч хүн төв Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ирлээ. Винница хотын захирагчийн орлогч байсан Владимир Кистион Ерөнхий сайдын орлогч болов. Гройсманы үед мөн хотын захирагчийн орлогчоор ажиллаж байсан Андрей Рева Нийгмийн бодлогын яамыг удирдана. Засгийн газарт зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгчийн нутгийн Александр Саенко хариуцах боллоо.

Шинээр бий болгосон “Түр хугацаагаар эзлэгдсэн газар нутгийн” гэх хачирхалтай нэртэй яамыг урьд нь Донбассын асуудлаарх агентлагийг тэргүүлж байсан Вадим Черныш толгойлно. Энэ бүтцийг “засал чимэглэлийн” хэмээн шинжээчид нэрлэж, Чернышийг Донбасст Өрнөдөөс санхүүгийн дэмжлэг ирэхийг хүлээж суудаг байсан хэмээн зэмлэж байна. Энэ яам чухам юу эрхлэх тухайд тодорхой зүйл алга. Сайд нь хэвлэлийнхнээс аль болох дөлж явна. Тус яамыг юу хийхийг нь украинчууд гайхан хүлээж байна гэж хэлж болно.

Владимир Гройсман Засгийн газар руу явснаар депутатууд шинэ удирдлагаараа “Ардын фронт”-ын Андрей Парубийг сонголоо. Тэрбээр 2014 оны өвлийн төрийн эргэлтэд идэвхтэй оролцсон, Киевийн төвд байгуулсан майхан хотын комендант, Майданы хамгаалалтын удирдагч байсан юм. Үндэсний үзэлтнүүдийн “Эрх чөлөө” намаас угшилтай, Оросын эсрэг үзэлтэй гол хүмүүсийн нэг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга байхдаа Оросын иргэдийг визтэй зорчуулах санаачилгыг 2014 оны гуравдугаар сард гаргаж байсан юм.

“Орост ажиллаж буй хүмүүс бидний холбоотон биш учраас тэдний эрх ашиг бидэнд хамаагүй” гэж хэлж байсан хүн. Украин дахь Оросын телевизийн сувгуудыг хаалгахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

“Петр Порошенкогийн эвсэл”-ийн Ирина Геращенко Парламентын даргын нэгдүгээр орлогчоор сонгогдов. Энэ эмэгтэй тухайн үедээ Ерөнхийлөгч Виктор Ющенкогийн хэвлэлийн албыг тэргүүлж байв.

Украины шинэ Засгийн газрын тэргүүн Гройсманыг Ерөнхийлөгч Петр Порошенкогийн ойрын хамтран зүтгэгчдийн нэг гэж үздэг. Түүний намтар Порошенкод ч ойр дөт байдаг нь Винница хоттой салшгүй холбоотой. 2014 онд Киевт шилжиж ирснээсээ хойш Гройсман албан тушаалын шатаар асар хурдтай өгсөж, Ерөнхий сайдын орлогч байснаа Парламентын спикер болж, одоо Ерөнхий сайдаар томилогдоод байгаа нь энэ.

Владимир Гройсман 1978 онд Винницад төрсөн байна. Сурагч байхдаа, 14 настайдаа эцгийнхээ удирддаг жижиг аж ахуйн нэгжид мужаанаар ажиллаж байсан аж. Эцэг Борис Гройсман нь хожим хотдоо нэртэй бизнесмэн болсон байна. Дунд сургуулиа төгсөөд 16 настай Владимир Гройсман эцгийнхээ байгуулсан “Юность” гэдэг хувийн үйлдвэрийн арилжаа эрхэлсэн захирал болов. Үүнээс хойш 11 жил бизнес эрхэллээ. 2002 онд эцэг, хүү хоёул Винница хотынхоо зөвлөлд сонгогдлоо. Хүү Гройсман 2006 онд 28 насандаа төрөлх хотынхоо захирагч болов.

Тэгээд 1980 оны Москвагийн олимпод бэлтгэж байх үеэс хойш олигтой засвар хийгээгүй байсан замаа сайжруулах ажлыг юуны түрүүнд барьж авлаа. Гройсманы үед Винница хотын удирдлага Швейцарын Цюрих хотоос хэд хэдэн трамвай авсан нь одоо тус хотын нүүр царай болж байна. Хотын иргэд хийгээд эрх баригчдын хоорондын харилцаа холбоог тун энгийн хялбар болгосныг захирагч Гройсманы гол ололт гэж үзэх болжээ.

Винница хотын уугуул, Парламентын депутат байсан Катерина Лукьяновагийн ярьснаас үзвэл тус хотын дэлгүүр, байгууллагуудын гадаа машин тавих газаргүй байгаад иргэд их бухимддаг байжээ. Тэгээд аливаа объектыг ашиглалтад хүлээж авах комисст хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын дарга, тэргэнцэртэй эмэгтэй нарыг Гройсман оруулж, одоо тэдний гарын үсэггүйгээр ямар ч барилга байшинг ашиглалтад оруулахаа больжээ.

2012 онд Гройсман 78 хувийн санал авч Винница хотынхоо захирагчаар дахин сонгогдов. Үүнээс хойш Украины амьдрахад хамгийн таатай хотоор Винница гурван жил дараалан шалгарч байлаа.

Гройсман Засгийн газарт дэвшиж Ерөнхий сайдын орлогч болох гэнэ гэх яриа Виктор Ющенког Ерөнхийлөгч байх үеэс гарч байжээ. 2006 оны эцсээр сурвалжлагчийн асуултад хариулахдаа Гройсман “Би эндээс явахгүй. Хотдоо хайртай, түүнд хэрэгтэй хүн баймаар байна. Киев ч, яам ч миний сонирхолыг татахгүй байна” гэж хэлсэн байдаг. Ерөнхий сайдын орлогчийн албыг Виктор Януковичийг Ерөнхийлөгч байхад ч Гройсман хашиж болох л байв.

Эцсийн эцэст Гройсман төрөлх хотоосоо явлаа. Хувьсгалын дараа бүрэлдсэн Арсений Яценюкийн Засгийн газарт Шадар сайд бөгөөд Бүс нутгийн хөгжил, барилга, орон сууцны аж ахуйн яамыг толгойллоо. Сэтгүүлчид түүнийг Яценюкийн Засгийн газар дахь “Порошенкогийн хүн” гэдэг байсан ч Гройсман болохоор танхимдаа ажиллуулахаар Арсений Яценюк өөрөө урьсан гэж хэлсэн байдаг.

2014 оны зун Арсений Яценюк огцрох тухайгаа мэдэгдэхэд Гройсман хэдэн өдөр Засгийн газрын тэргүүний үүргийг гүйцэтгэж байлаа. Тэр үед Сайд нарын танхимыг толгойлох хүсэлтэй эсэхийг нь сэтгүүлч лавлахад “Ерөнхий сайд болох зорилго хэзээ ч тавьж байгаагүй” гэж хариулж байсан аж.

2014 оны аравдугаар сард болсон Парламентын сонгуулиар Гройсманы нэр “Петр Порошенкогийн эвсэл”-ийн дөрөвт бичигдэж байлаа. Тэр үед тус эвсэл ялсан бол Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэх хүн чухамхүү Гройсман л байв. Тэгэхэд “Би ямар албан тушаалд байх нь биш, ямар Украинд амьдрах нь сонирхол татаж байна” гэж хэлсэн нь үүнд өгсөн хариу гэлтэй. Уг сонгуульд авсан саналаараа Порошенкогийн эвсэл хоёрт орж Дээд Радад томоохон бүлэгтэй болсноор 2014 оны арваннэгдүгээр сард Александр Турчиновын оронд Владимир Гройсман спикерийн суудалд суув.

Гройсман Засгийн газрыг тэргүүлэх боломжтой тухай яриа 2015 оны эцсээр дахин сэргэлээ. Гройсман ч нөгөө л “Ерөнхий сайдын суудалд дурлахгүй” гэх утгатай үгээ хэлж байлаа. Арванхоёрдугаар сард Порошенко АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жо Байдентай Киевт уулзах үеэр Гройсманы нэр тэдний ярианд гарч л байв. Гэхдээ тэр даруйд халаа сэлгээ хийсэнгүй.

Өнгөрсөн долоо хоногт Порошенкогийн эвслийн тэргүүн Юрий Луценко Ерөнхий сайдын албанд Владимир Гройсманы нэрийг дэвшүүлэхийг Парламентын бусад фракцад санал болгоход Гройсман өөрөө “энэ хариуцлагыг хүлээж авахад бэлэн” гэж хэлсэн байна. Түүгээр ч барахгүй шинэ албанд очоод хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулсан аж. Тэрбээр хуучин эвслийн хийж байсныг бага зэрэг өөрчлөлт нэмэн хэрэгжүүлэх гэж буй юм байна. Түүнийг нь Парламент харин тийм ч таатай биш хүлээн авчээ.

Гройсманыг Ерөнхий сайдаар томилсныг улсынхаа нийгэм, эдийн засгийн байдалд үзүүлэх нөлөөний хөшүүргийг Ерөнхийлөгч Порошенко гартаа төвлөрүүлж буйн илрэл гэж Өрнөдийн зарим шинжээч үзэж байна. Тэгвэл Украины зарим сэтгүүлч Гройсманыг өөрийгөө аваад явчих улстөрч биш, Порошенкогийн амыг харж, түүний дохио зангаараар хөдөлнө гэсэн байр суурьтай байна. Ерөнхийлөгчид “үгүй” гэж хэлж чадах уу хэмээн түүнээс асууж ч байна. Гэвч улс төр судлаач Владимир Фесенко “Ингэж бодох нь буруу. Гройсман олон хүний бодож буйгаас хавьгүй илүү ухаалаг хүн. Порошенкогийн гарт ердийн утсан хүүхэлдэй болохгүй. Өөрийн гэсэн бодолтой хүн” хэмээн “өмөөрсөн” байх юм...

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД