ДЭЛХИЙ НОМЫН ӨДӨРТ: Миний уншсан ном

2016 оны 04 сарын 23

Их Британид өнөөдөр хүүхдийн номнууд 1 фунт стерлинг буюу 2800 төгрөг болон хямдарч буй. Догь байгаа биз. Гэхдээ өрнийхөнд цагаахан атаархах сэтгэлд тань гэрэл нэмэх баяртай мэдээ бидэнд нэг бус бий шүү.

Өнөөдөр Дэлхийн номын өдөр. Дэлхийн өнцөг булан бүрт хүүхэд багачууд, залуусыг номтой нөхөрлүүлэх элдэв арга хэмжээ, хөгжөөнт хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй. Түүний нэг нь 1 фунт стерлинг арга хэмжээ юм.

Манай улсад ч өнөөдөр Дэлхийн номын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байна. “Аз хур” номын дэлгүүрт хамгийн эрэлттэй 25 номыг 25 хувь хямдруулан худалдаж, “Монсудар” хэвлэлийн газар бүх номоо 50 хүртэл хувь хямдруулж буй. Харин “Хүннү молл” дэлгүүр хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх өдөрлөг зохиож, өнөөдөр “Миний бяцхан одой морь” ном унших арга хэмжээг зохион байгууллаа.

Харин уншигч танд бид дэлгүүрээс авах номоо сонгоход тань туслахаар номонд дурладаг эрхмүүд хамгийн сүүлд ямар ном амтархан уншсан, бас тухайн номыг уншихад төрсөн сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцлаа.

 

“Хувьсал” продакшны жүжигчин Д.Ганцэцэг


Хамгийн сүүлд уншсан ном:  Ё.Отгонбаяр  “ЧИН ван ХАНДДОРЖ”

Төрсөн үрээ хөнөөлгөчихөөд  “Монхор үрээсээ хагацсан ч Монголоосоо салаагүй цагт болно оо. Манж Хятадын маалинган шаахай, марал илжигний мөр Хаалганаас нааш Халхын нутагт хэзээ ч гишгүүлэхгүй дээ” хэмээн Эзэн Чингис хааны алтан ураг Тулуйн удмын язгууртан Чин Ван Ханддорж тангараглаж байсан. Олон олон эх оронч, дайчин өвөг дээдсийн минь халуун амь, чин сэтгэл, үнэнч зүтгэлийн хүчээр өдгөө бид эх орондоо эзэн суусан юм. Монгол хүн бүр ялангуяа өнөө цагийн эрх баригч - эрхэм дээдсүүд минь үүнийг ямагт санаж яваасай даа...

Эх түүхээ маш сайн мэддэг, хүнлэг, оюунлаг хүн л улс төрд байх ёстой гэж бодогдсон шүү. Уншиж сурах нь нэг чадвар хэдий ч уншсанаа ухаж ойлгох чадварт суралцах нь хамгийн чухал гэж би хоёр хүүдээ хэлдэг юм. Эх орныхоо түүхийг хүн бүр өөрийн хэмжээнд мэддэг байж л монгол хүн байхын бахархалыг хүүхдүүдэд ойлгуулж, Монгол хүн дэлхийд ямар үнэтэйг  бүх монголчууддаа мэдрүүлэх хэрэгтэй” хэмээн ярилаа. “Төрийн хүнийг багаас нь л бэлдэх ёстой юм байна.

 

UB.life сайтын эрхлэгч У.Бямбаням


Хамгийн сүүлд уншсан ном: Г.Аюурзана “Тэнгэрийн судар”

“Тэнгэрийн судар” номын бичлэгийн арга барил нь маш их таалагдсан. Баримтат төрлөөр бичсэн хэдий ч бидний мэддэг уйтгартай нуршуугаар биш, сонирхолтойгоор, орчин үеийн антропологи, түүхэн бичлэгийн хэв маягаар бичсэн байна билээ. Эл номоос ойлгох хамгийн гол чухал зүйл нь бидний унших л ёстой гэж ойлгодог “Монголын нууц товчоо”-г хэрхэн, яаж тайлж унших вэ гэдгийг ойлгох юм. Түүхийн дурсгалууд цаг хугацааны зөрүүнээс болоод мушгигдах, буруугаар ойлгогдох тохиолдол их. Гэтэл түүнийг тайлж уншина гэдэг уншигчаас маш их мэдлэг, гярхай зан чанар, мэдрэмж шаардсан хэрэг шүү дээ. Үүнийг л уншигчдад хүргэсэн нь энэ номын үнэ цэнийг өргөж буй юм. Хэдийгээр түүхийн баримт ашигласан ч зохиолчийн өөрийн уран сэтгэмжээр тайлбарласан хэсгүүд бас бий л дээ. Г.Аюурзана зохиолчийн хувьд уншигчдын голдирол дунд бус аль хэдийнэ тэднээс түрүүлж замнадаг учраас уншигчид түүний замаар явах дуртай байдаг байх.

Богдхааны ордон музейн захирал О.Мэндсайхан


Хамгийн сүүлд уншсан ном: “Миний мэдэх Женко Баттулга”, А.Мин “Улаан сухай”

Женко Х.Баттулга бол үнэхээр бүтээлч, нөр их хөдөлмөрлөсөн хүн юм гэдгийг “Миний мэдэх Женко Баттулга” хэмээх номоос ойлгож авлаа. Монголчууд бүгд ийм хөдөлмөрч, зүтгэлтэй байвал эх орон маань илүү хурдацтай хөгжих болов уу гэж бодогдож байлаа.

Харин “Улаан сухай” бүтээлийн хувьд Хятадын соёлын хувьсгалын үеийг харуулсан зохиол. Хүний эрх чөлөөний тухай өгүүлдэг юм л даа. Төрийн толгойд гарчихаад дураар авирласан хүмүүс үндэслэл муутай шийдвэр гаргах нь нийгэмд, ард иргэдэд ямар их хохирол үзүүлдэг болохыг харуулсан ном. Ерөнхийдөө удирдахуйн ухааны тухай голчлон өгүүлж буй.

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Энхболдбаатар


Хамгийн сүүлд уншсан ном: “Монголын уран зохион товч түүх”

Өдгөө бид харийн орон, тэдний соёл, урлаг, уран зохиол, суут хүмүүс, тэдний эшлэлүүдийг сайн мэддэг болсон атал өөрсдийн үндэсний агуу их туурвил, оюун санааны их баялаг, гүнзгийрлийг огт мэдэхгүй болж байгаад харамссан даа. Монгол хүн байхад их ухаан, гүн мэдлэг хэрэгтэй юм байна л гэж бодлоо.

 

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий


Хамгийн сүүлд уншсан ном:  До.Цэнджав “Цагаагчин гахай жил”

Богд тэргүүтэй Ханд ван, Намнансүрэн нарын ноёдын улс орныхоо тусгаар тогнолын төлөө1911 онд  манжийн эсрэг улс төрийн тэмцэл өрнүүлсэн эл түүхийн тухай уншаад өнөөдөр  асар их үгүйлэгдэж байгаа эр хүний уужим ухааныг нэхмээр санагдсан” гээд “Орчин өөр болоод ч тэр үү байнга ном уншихаа больж дээ. Яг одоо бол би Б.Морхын “Оспаны дээрэмчдийн халдлагад өртсөн он, жилүүд”  гэдэг номыг уншиж байна. Дараагийн уран бүтээлтэйгээ холбогдуулж судалгааны ажил хийж байгаа болохоор уншиж байна даа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
64.134.125.195 Gereltuya DamdinHamgiin suuld unshsan nom gevel Cameron Diaz-iin ”The Longevity” dajgyi nom baina lee gehdee omno garsan ”The Body”-goo gyitsehgyi
103.57.94.147 ном уншдаг хүмүүс цаанаа л нэг ондоо шүү