Тайз ба тоостой гутал

2016 оны 04 сарын 24

Нэгэн тоглолтын үеэр танилтайгаа таарлаа. Тэрбээр “1990- ээд онд гадаадынхан дунд бараг ганцаараа суугаад (Дуурь, бүжгийн эрдмийн театрт) тоглолт үздэг байлаа. Одоо харин монгол хүмүүс их үздэг болжээ” гэсэн юм. 1990-ээд онд Дуурь, бүжгийн эрдмийн театр үзэгчгүй болж, хоосорч байсан гэдэгтэй зүйрлэвэл харин одоо үзэгчдийн тоо огцом өссөн гэж болно.

Ер нь л энд, тэндхийн танхим бараг дүүрэн байгааг анзаарсан би “Тийм шүү” гэж бодоод өнгөрөв. Баярламаар биш гэж үү? Удалгүй тоглолт эхлэв ээ. Үзэгчид алга ташаад л... Гэтэл тоглолтын дундуур нэгэн үзэгч “Наад дуучнаа дуулуулаач ээ” гэж хашгирах нь тэр. Өмнөөс нь ичмээр. Тэр үед хөтлөгч аятайхан аргалаад өнгөрөв. Үгүй, тэгээд яаж ч бодсон хөтлөгч дуу, дуучны тухай сайхан дурсамж сөхөх нь буруу биш шүү дээ.

Нэг үеэ бодвол манайд урлагийн тоглолт үзэх хүн нэмэгдсэн нь сайн хэрэг. Гэхдээ бас “хэлээ хазаад” өнгөрмөөргүй санагдах “юм” байх. Хайртай уран бүтээлчдээ, найздаа цэцгийн баглаа тэврэн ирэх хүмүүсийг буруутгах гэсэнгүйг ойлгоорой. Алтан гэж өргөмжилдөг тайзан дээр нь, олон үзэгчийн анхаарлыг татан гарч ирээд тоостой гутал, зарим нь бүр гадуур хувцастайгаа хээв нэг туучиж өгөх юм, цэцэг өгөхдөө.

Танхимд гар утсаараа зураг авах, бичлэг хийх, бусдад саад болохыг хориглодог. Гэтэл зураг авч, бүр бичлэг хийх хүн ч байна. Тэдэн рүү зохион байгуулагчид улаан, ногоон неон гэрэл тусгахыг тоосон шинжгүй байх юм. “Утсаа болиоч ээ” гэсэн “үгийг” нь ойлгохгүй, харин ч бүр эгдүүцээд байх шиг, зарим “хэрэгтнүүд”.

УДЭТ-т жүжиг эхлээд удаагүй байхад арын эгнээнд сууж байсан хоёр хүн гарахаар боссон юм. Хажууд нь сууж байсан хүн “Бөгсөө нүүр рүү харуулдаггүй юм шүү дээ” гэх нь сонсогдсон. Жүжиг үзэж буй атлаа учиргүй инээдэг ганц, хоёр хүнтэй бас таарсан. Инээж бололгүй яах вэ. Гэхдээ бусдад саад болж байгаагаа ойлгохгүй, мэдрэхгүй хүмүүс бас байна.

Кино театруудад “Lovers” кино гарсан даа. “+18” гэж мэдсээр атал учиргүй инээх нөхдүүдтэй бас таарлаа. “Насанд хүрэгчдэд зориулсан хэсэг” дээр нь инээгээд байсан хэрэг. Юу үзэх гэж байгаагаа мэдэхгүй орж ирээгүй л байлтай, уг нь. Надад л тэгж хачирхмаар санагдав уу гэтэл найзууд маань бас үглээд авна лээ.

Ер нь аливаа жүжиг, балет, кино гээд “юуг” ч үзэхдээ өмнө нь мэдээлэл авч, уншиж хэвших нь зөв мэт. Миний эрх таныхаар хязгаарлагдана гэдэг дээ. Хажууд суугаа хүндээ түвэг удалгүй, сайн сайхан зүйл үзэж, харах гэж зорьж, хүсэж ирсэн нэгнээ хүндэлж сурцгаая. Мэдээж соёлтой, урлагийг ухаж ойлгодог, тайзыг, уран бүтээлчийг, бусдыг хүндэлдэг, цэцэгтэй хүн олон бийг үгүйсгэх гэсэнгүй. Тайзны соёл гэж байдаг шиг, үзэгчдийн соёлд анхаарцгаая.

Ц.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.56.12.33 Дуурь үзэж байгаад хуушуур гаргаж иддэг гэж байгаа
202.21.106.146 Бас цаас шажигнуулж юм идэж,уухыг нь яанаа .Ямар хоолны газар бишдээ кино бол ч дуурч.