“Бобр”

2016 оны 04 сарын 24

МУЭ-ийн гишүүн зураач Ц.Болдбаатар “Blue moon” арт галерейд “Бобр” үзэсгэлэнгээ дэлгэжээ. Уг үзэсгэлэнд түүний сүүлийн нэг жилийн хугацаанд зурсан 60 гаруй бүтээлийг үзүүлж байна. Тэрбээр үзэсгэлэнгийнхээ нээлтийн үеэр “Өөрийн бүтээсэн шилдэг хөрөг ба цэцэгсийн зургийг сурталчлах, өнөөгийн бухимдалтай нийгэмд дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд гоо зүйн боловсрол олгох, хүмүүсийн гоо сайхны таашаалыг нэмэгдүүлэн, уран бүтээлчид болон урлагт хайртай хүмүүсийг холбох зорилготойгоо энэхүү үзэсгэлэнгээ гаргалаа. Нийгмийн үнэт баялаг хүн болоод байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлийг хүмүүсийн ухамсарт суулгахад зургуудаараа нөлөөлөхийг хүсэж байна” гэсэн юм. Ц.Болдбаатар зураач 2006 онд “Өсөн дэвжихүй”, 2009 онд “Попури”, авч  2010 онд “Алга дарам газар”, 2014 онд “Галбир” зэрэг үзэсгэлэнгээ гаргаж байсан юм.

“Бобр” үзэсгэлэн дэх бүтээлүүд дүр дүрслэл, өнгийн уламжлалт техникийг орчин үеийн арга барилтай хослуулсан бөгөөд тухайн агшны мэдрэмж, сэтгэгдэл бодлуудыг шингээсэн хувь уран бүтээлчийн өвөрмөц өнгө аяс, амьд хүн, амьгүй биетийн бодит илэрхийллийг харуулжээ. Хүний хөргөөс тухайн нийгэм, цаг үеийн онцлог, амьдрал ахуйг тольдон харах боломжийг бидэнд олгодог. Тус үзэсгэлэнгээс урлаг соёлын алдартнууд, өхөөрдөм бяцхан үрс, ачлалт эмээ өвөөгийн харцны хүүрнэлийг харах боломжтой юм. Үзэсгэлэн энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД