БИ ЯАГААД “ӨНӨӨДӨР”-ИЙГ УНШДАГ ВЭ: “Өнөөдөр”-ийн өнөөдрийн дугаар байна уу?

2016 оны 04 сарын 25

Н.ЭНХБОЛД (УИХ-ын гишүүн)

Монгол Улсын анхны өдөр тутмын чөлөөт сонин “Өнөөдөр”-ийн 20 жилийн ой тохиож байна. “Өнөөдөр” сонин анхны дугаараасаа эхлээд л шуурхай, бодит, халуун мэдээллээрээ уншигчдын анхаарлыг татаж эхэлсэн юм. Би ч бас анхны дугаараас нь эхлэн тасралтгүй 20 жил уншиж байна. Дотнын олон нөхөр маань энэ сонины үндсийг тавилцсан, одоо ч ажиллаж буй нь нөлөөлсөн нь ойлгомжтой. Мэдээллийн шуурхай бөгөөд тэнцвэртэй байдлыг хангах гол зарчмыг анхнаасаа баримталж ирснээрээ “Өнөөдөр” бусдаасаа давуу гэж би боддог.

Ямагт ханатай, үйл явдал, бодит байдлыг үнэнээр нь илэрхийлж чаддаг болохоор байнгын олон уншигчтай болжээ. “Өнөөдөр”-ийн өнөөдрийн дугаар байна уу” хэмээн сураглаж байгаатай олонтаа тааралдаж байх юм. Хүмүүс “Өнөөдөр”-өөс уншлаа, “Өнөөдөр”-т тэгж бичсэн байна лээ гэж ярилцдаг нь энэ сонины нэр хүнд, чанар чансаа, үнэлэмжийн илэрхийлэл юм. Чанартай бараа борлогдох нь хурдан байдаг жамаар энэ сонин эрэл хайгуул дагуулсан ховор барааны жагсаалтад 20 жил дээгүүр давхиж явна.

Өчигдрийн үргэлжлэл, өнөөдрийн толь, маргаашийн лавлах болсон “Өнөөдөр” сонин Монголын түүхийн хуудсанд байр, суудлаа баттай эзэлжээ. Хүмүүс мэдээллээр цадна гэж байдаггүй, үргэлж л цангаж явдаг. Энэ цангаагаа тайлахад та бүхэн үнэтэй хувь нэмэр оруулж, оногдсон үүргээ амжилттай биелүүлж байна. Цагаа олсон зөв мэдээлэл улстөрчдийн ажлыг хөнгөвчилдгөөс гадна иргэдийн өдөр тутмын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

Хамгийн үнэт зүйл болсон уншигчдыгаа “Өнөөдөр”-гүйгээр өнөөдрийг төсөөлөхийн аргагүй болтол өөртөө татахад 20 жилээ зориулсан редакцын хамт олонд талархаж байна. “Өнөөдөр” сонины уншигчид Та бүхнийг “Өнөөдөр”-тэйгээ өдөр бүр уулзаж байхыг ерөөе. “Өнөөдөр” сонин уншигчдынхаа үнэнч андын журмаар зөв мэдээллийг өдөр тутам шуурхай илгээж байхыг хүсье.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.40.105 Ed yg unshdag u unshdag gesen nohduud ni iim tiim bulan ni taalagddag, iiim tiim bair suuritai bolohoor ni gej baritstai shaltgaan helehgui l baigaa ym daa hehe muu hogshin aav mini nasaaraa sonin unshsan ednees ih l oor todorhoi ym yrih baih daa
103.26.192.154 good