НИЙСЛЭЛИЙН НЭГЭН ЭС БОЛСОН “ӨНӨӨДӨР” СОНИНД ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛЛАА

2016 оны 04 сарын 25

“Өмнө нь нэг барилга барихын тулд 246 зөвшөөрөл авдаг, бүтэн жил хөөцөлддөг байлаа. Ерэн хэдэн онд халаасандаа хахуулийн 40-50 мянган төгрөгтэй явж байж энэ ажлыг бүтээдэг байсан юм шүү. Харин өнөөдөр ийм олон зөвшөөрөл шаардлагагүй болжээ. Манай компани өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн XXIV хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж ашиглалтад оруулсан. Өнөөдөр барилгынхаа гадна ажлын зураг төлөвлөгөөг батлуулахаар ирээд 30 минутад ажлаа амжуулчихлаа.

Нэмээд бас ажил эхлэх зөвшөөрөл гаргаад өгчихлөө. Ийм юм болно гэж ер санасангүй” хэмээн “Тэд констракшн” компанийн захирал А.Эрдэнэ энэ сарын 23-нд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 200.000 дахь үйлчлүүлэгчээр тодорч, батламжаа гардан аваад хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нэг дор төвлөрүүлж, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулсан.

Энэ оны нэгдүгээр сарын 4-нд үүдээ нээсэн энэ төвөөр 200.000 хүн үйлчлүүлээд байна. Үүнд зориулан, энэ сарын 23-нд тус төв “200.000 дахь үйлчилгээ” хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 199.999 дахь үйлчлүүлэгчээр Баянгол дүүргийн XIII хорооны иргэн Д.Эрдэнэтуяа, 200.000 дахь үйлчлүүлэгчээр “Тэд констракшн” ХХК-ийн захирал А.Эрдэнэ, 200.001 дэх үйлчлүүлэгчээр Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн Л.Лхамсүрэн нар тодров.

Нээлттэй засаглал хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буйд нь талархан “Шилэн” гэх Б.Цогтгэрэлд, “Ил тод байдал сан” ТББ-д, нийслэлийн мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэн, аливаа асуудалд өөрсдийн байр сууринаас шударгаар хандаж, шийдвэрлүүлэхийн төлөө хичээн ажилладагт талархан Монголын үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонин, “Ийгл” телевиз, Gogo.mn сайтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өргөмжлөл гардуулсан юм.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд Засгийн газрын есөн агентлаг, нийслэлийн 27 байгууллага 386 нэр төрлийн үйлчилгээг даваагаас бямба гаригт үзүүлж байна. Өмнө нь нэг хүний хүсэлтийг дунджаар 16 хоног 17 цаг 43 минутад шийдвэрлэдэг байсан бол одоо 10 хоног 12 цаг 50 минут болгожээ. Тус төвөөр өдөрт дунджаар 2420 иргэн, аж ахуйн нэгж үйлчлүүлж байна.

Х.БОЛОР

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД