Нохойн сүрэг

2016 оны 04 сарын 25

Ажил руугаа очих зам минь хар захыг санагдуулж, амралтын өдөр хэрнээ Урт цагааны гудамж хүнээр хахаж, хэн нэгнийг хайсан, хүлээсэн, эсвэл энд, тэнд бөөгнөрөн ямар нэгийг хэлэлцэж буй иргэд угтав. Сураг дуулах нь ээ, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаагаа хэдэн төгрөгнөөс хятадуудад борлуулчих гэсэн иргэд ийн өдөр, шөнөгүй нойр хоолоо умартан энэ гудамжийг манаж байгаа гэнэ.

Тэднийг харахад өнгөрсөн баасан гаригт үзсэн “Нохойн сүрэг” жүжиг эрхгүй санаанд орж, биднийг тэр зохиол дээрх шиг эмгэнэлт хувь тавилан отож байгааг улам бүр сануулан, сэтгэл тавгүйрхэнэ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг зохиолыг нь бичиж, ЦДБЭЧ-ын дэргэд саяхан байгуулагдсан Армийн театрын жүжигчид УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүүгийн найруулгаар тавьсан “Нохойн сүрэг” жүжгийг болдог сон бол монголчуудад бүгдэд нь үзүүлэх юм сан.

Хөөмий, хархираа эгшиглэж, үхэр тэргэн дор хэвтэх сүрлэг хөгшин нохой Баавгай “хөв, хөв” хуцна. Асар, Басар нохдын үр сад тэрбээр овчарк, спанель, пудель, эрлийз хурлийз нохойноос бүрдсэн сүргийн манлай. Энэ мэтийн гадаад нохдын өвөг дээдсийг тэнэж явахад Асар, Басар өрөвдөөд нутагтаа үлдэхийг зөвшөөрснөөр тэд Монголд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх болжээ. Сүрэгт ердөө хоёрхон монгол нохой байдгийн нэг Баавгай бол нөгөө нь түүний хайртай жингэр Банхар.


“Энэ сайхан газар нутгаа бүрэн бүтнээр нь хайрлан хамгаалж, үр хойчдоо үлдээх зөвхөн чи бид хоёрын үүрэг. Өнгөлзөх дайснаас өмөөрөх зүрх зориг надад бий” хэмээж Баавгай үзэгчдийн цусыг буцалгаж байтал яг ямар үүлдэр гэдэг нь мэдэгдэхгүй Жулик гэх дэлчгэр шар нохой үнэт чулуутай хүзүүвчээр Банхарын толгойг эргүүлчихээд “Чамаас юун хир үнэртээд байна вэ. Аан, хир гэдэг танай үндэсний үнэр шүү дээ” гээд уур хүргэчихэв. Ийн хэлснийх нь төлөө энэ дэлчгэр шарыг бариад авч болдог сон бол гэж бодтол ашгүй үгийг минь дуулсан мэт Баавгай уурлаж, түүнийг ноцлоо. Арга ч үгүй дээ, миний уурласан, Баавгайн ноцсон нь монгол араншин юм хойно.

Гэхдээ ийм бодлогогүй зан буруу гэдгийг олон үйл явдал баталсаар байдаг билээ. Ч.Ганхуяг агсан хэдий 1990-ээд онд “Нохойн сүрэг” жүжгээ бичсэн ч дээдэх нь гүйдлээ, доодох нь суудлаа олохгүй байгаа өнөө үеийг аль хэзээний ухаандаа тольдчихоод, уран бүтээлчийн шаналан болж явсан бололтой. Төрийн өөдөөс том үг хэлбэл хэрэгт ордог байсан үеийн “бүтээгдэхүүн” болоод ч тэр үү, тэрбээр нүцгэн үнэнийг хэлэхдээ нохойг хүншүүлэн ашиглажээ.

Сүр хүч ихтэй, үндэс угсаагаа гэсэн сэтгэлтэй ч гэнэн итгэмтгий, цагаан цайлган Баавгайн дүрээр нийт монголчуудыг, угаадас долоохоос залхаж гоё сайханд татагдан харийн ноходтой хормой хотоо нийлүүлсэн Банхараар эмс ариун бол төр ариун байдгийг харуулах гэв. Банхарт эх орноо гэх сэтгэл байдаг ч энэ сүрэг дунд хоёулахнаа монгол учраас айж, бас Баавгайг арчаагүй гэж голж, нүүр буруулна. Өнгөн дээрээ сайн нөхөр царайлчихаад утсан хүүхэлдэй Жуликийгээ Баавгайн туслах болгож, сүргийг удирдах санаа агуулсан Чайка овчаркаар эрх мэдэлтнүүдийн ард буй нууц ноёнтнуудыг төлөөлүүлсэн байв. Гэхдээ Ч.Ганхуягийн эх зохиолоос М.Түвшинхүүгийн тавьсан жүжиг нэлээд зөрүүтэй. Энэ талаар найруулагчаас тодруулахад “Түүний зохиолыг унших тусам янз бүрээр задалж болмоор санагдсан.


Ч.Ганхуяг гуайн эхнэрээс зөвшөөрөл авч энэ жүжгийг өөрчилж тавьсан. Жулик бол шинээр нэмсэн дүр” гэсэн. “Жуликийг туслахаараа томилчихвол хөл гарынхаа үзүүрт зарж болно шүү дээ” гэх найз Чайкагийнхаа ятгалгаар Баавгай том алдаа гаргалаа. Судсаар нь монгол цус урсаагүй бол энэ эх орны төлөө зүрх нь чин сэтгэлээсээ цохилох юу л бол. Гаднын нохойн зөвлөгөөгөөр эрлийз хурлийзад эрх мэдэл өгчихвөл юу болдгийг жүжгээс үргэлжлүүлэн үзэж болно. Гэхдээ энэ бол бидний нийгэмд одоо болж буй үйл явдал болохоор төгсгөл нь ойлгомжтой, эмгэнэлтэй.

Жулик харваас ойворгон зантай, эрх мэдэлд дуртайн дээр гарвал угсаа нь мэдэгдэхгүй байхад Баавгай ухаангүй шийдвэр гаргаж байгаа нь сонгуульд нэр дэвшигчийг ямархуу хүн бэ гэдгийг нь мэдсээр байж өгсөн гурил будаа, халтар хэдэн төгрөгт нь хууртагдан сонгочихдог ард түмнийг хэлэх шиг. Өөхөнд шүд боож нохойд өгдөгтэй адил Жулик Баавгайг гадаадад сувилуулах гэж явуулах нэрийдлээр сүргээс холдуулж, хороор цатгаж байлаа.

Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг тайзнаа дүүжлээстэй тооноор, монголчууд ёс заншлаа хайрладгийг нь Баавгайн хүндэлдэг ганц эмээлээр илэрхийлжээ. Жүжгийн дүр цөөн, тайзны хэрэглэл бага эл жүжгийг орон нутагт тоглоход тохируулан найруулсан бололтой. Баавгайг эзгүйд Жулик эмээл дээр нь сандайчин суучихаад том дуугаар “Дорнодоос гаралтай нохдоор хэл, хил хоёроо, Өрнөдөөс гаралтайгаар нь уул ус, ургамал бэлчээрээ мануулъя. Харин хоёр сагсгараар хоттой хонийг нь мануул.


Энэ газар шороон дээр алхаж буй ноход бүр дэлхийн жишигт хөл нийлүүлэхийн тулд монгол хэлээр ярихыг хатуу хориглоё” хэмээн лүндэн буулгахад тооно далийчихлаа... Эх нутаг нь харийн хөрөнгө оруулагчдаар дүүрч, зугаа цэнгэлд живж, ганц үлдсэн хамсаатан Банхар ширээний бүжигчин болсныг үзээд Баавгай “Хожимдсон ч гэсэн ухаарсан бол алдаагаа засах боломж заавал байдаг юм. Харин тэр нь хэр их үнээр олдохыг гагцхүү тэнгэр мэддэг юм” гээд жингэртэйгээ нийлэн ноходтой уралцав. Үндсэрхэг үзэлтэй үзэгч бүрийг огшоож, алдаа бүхнийг ухааруулах тэр л үгийг түмэнтэй хашгирах сан. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж “Ганхуяг надтай уулзахаараа нэг их сонин юм ярьдаг, түүнийг нь сонсоод “Ээ, бүтэхгүй дээ” гэж боддог байлаа.

“Нохойн сүрэг” жүжгийг уншаад “Энэ ч биш дээ” гээд найруулаагүй юм. Үүнийг анх удаа найруулсан тэнэг нь энэ Б.Баатар найруулагч. “Багш нь энэ жүжгээр ядаж дипломын жүжиг тавина аа” гэж хамт үзсэн шавь нартаа хэллээ. Энэ бол гоё жүжиг. Ч.Ганхуяг өөрийнхөө хөшөөг босгочихсон юм байна. Монгол нохой тэнэг, гэнэн байж болно. Гэхдээ хэзээ ч босож ирээд хэнийг ч тасдаж чадна гэдгийг ямар гоё хэлээ вэ” гэсэн. Ардын жүжигчин П.Цэрэндагва “Энэ жүжгийг үзэж өмөлзөж суухдаа миний эх орон одоо яг ямар болчихоод байна даа гэж бодсон. Мартсан зүйлийн тухай ярих тэнхэлтэй байна гэдэг бол ийм сүргээс ангид байгаагийн шинж” хэмээсэн.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагч “Ч.Ганхуягийг Төв аймгийн театрын дарга байхад энэ жүжгийг би тавих гээд бүгдийг бэлэн болгосон байтал нам солигдоод манай хүнийг суудлаас нь буулгачихсан учир бүтээгүй. Би олон чингэлэг дотроос төрөл бүрийн нохой гарч ирж буйгаар тавих гээд бэлтгэж байсан юм. Илүү дутуугүй, хэлэх гэсэн санаагаа бүгдийг гаргаад цэвэрхэн тавьжээ. Ямар сайндаа л Баавгайг уначихаар нь нулимс гарч, мангартах вэ дээ. М.Түвшинхүү ч найруулагч болох нь дээ. Баавгайг үхэхээс өмнө эротик хэсэг гарлаа. Хэдий Баавгай үхсэн ч Банхарынх нь хэвлийд монгол нохойн үр удам үлдсэн гэдгийг хэлж, мундаг тавьжээ” гэв. Жүжгийг найруулсан жүжигчин М.Түвшинхүүгээс цөөн зүйл тодрууллаа.

-Бидний өнөө цагийн байдал энэ жүжгийн аль үйл явдлын үе дээр байна вэ. Баавгай, Банхар хоёр анхнаасаа ямар байсан бол түвшин сайхан амьдрах бол?

-Гадаадын нохдод салбаруудыг хариуцуулж, бялуу хувааж байгаа үзэгдлийг бид төгсгөж явна. Өөрөөр хэлбэл эмгэнэлт тал руугаа улам л зүглээд байна. Бид хэтэрхий үндсэрхэг үзэлтэй, шийдвэрээ хурдан гаргадаг. Нүүдлийг нь харж байж нүүмээр байна.

-Эх орныхоо төлөө эцсийн мөч хүртлээ зүтгэсэн Баавгай хор хутгагчдыг дийлсэн ч үхлийн шарх авсан байдаг. Түүнийг зүгээр, энгийнээр нүд аниулалгүй яагаад хавцал руу унаж буйгаар найруулсан юм бэ?

-Жүжгийн төгсгөлийг хэрхэн тавих тухай би маш олон хоног бодсон. Дээш хөөргөх боломжгүй учир дороос хурц гэрэл тусгаж байгаад унагахаар шийдсэн юм. Энэ нь монгол банхар газар шороондоо шингэж байгаа ч дахин шинээр сэрнэ гэсэн санааг илэрхийлсэн гэв. “Нохойн сүрэг”-ийг маргааш хүртэл Офицеруудын ордонд, ирэх сарын 4, 5-нд Төв аймагт тоглох гэнэ.

Б.ДӨЛГӨӨН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.34.38 Үхэртийн хөдий манайх ...
89.163.225.143 Amjilt
114.207.134.171 Bayr hurgey. Amjilt
112.72.11.103 Үнэхээр сайн жүжиг болсон бна лээ